НИЙСЛЭЛИЙН ХОРИГЛОСОН БҮСЭЭС 4557 ТОЛГОЙ МАЛ ГАРГАЛАА

Aдмин / Нийгэм

Нийтийн эзэмшлийн зам талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гаргах, халдварт, гоц халдварт өвчих тархах зэрэг эрсдэлээс сэргийлэн нийслэлийн ихэнх хэсэгт мал аж ахуй эрхлэхийг хориглодог. Энэ жил нийт нутгаар өвөлжилт хүндэрснээс нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал олноор орж ирэх тохиолдлууд гарчээ. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, нэгдүгээр сарын 21-23-ны хугацаанд 396 албан хаагч, 53 тээврийн хэрэгсэлтэй ажиллан, нийт 4,557 толгой малыг хориглосон бүсээс гаргав.

Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагын албан хаагчид мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 4,545 толгой адуу, 12 толгой үхрийг гаргаад байна.

Мөн цагдаагийн байгууллагаас нэг иргэнд торгуулийн арга хэмжээ авч, шаардлага хүргүүлэн, адуучдын төлөөлөлтэй уулзан, санал хүсэлтийг нь сонсож, албан мэдэгдэл өгч ажиллажээ. Халдварт, гоц халдварт өвчин тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор хориглосон бүс дэх малтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг нийслэлээс 2017, 2018 онд авч байв.

Тухайлбал, 2018 онд нийслэлийн хориглосон бүсэд хамаарах 38 хорооноос 602 өрхийн 16,784 малыг зөвшөөрсөн бүс буюу Сонгинохайрхан дүүргийн Нарийны хэсэг, мөн дүүргийн 335 дугаар гарам буюу Ногоон толгой, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Арцатын ам руу нүүлгэн шилжүүлсэн юм. Ингэхдээ иргэдийн нийгмийн баталгааг хангахад анхааран цахилгаан, худаг, нүүх зардал зэргийг гаргаж, зөвшөөрсөн гурван бүсэд нийт 4.8 км урттай 10 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тавьж байжээ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, нэгдүгээр сарын 21-23-ны хугацаанд нийт 2,758 толгой мал нийслэлийн бүсэд орж ирснийг холбогдох албаныхан тууж гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар бог малын мялзан өвчин Булган аймгийн Баян-Агт суманд 18 хурга, найман хонь, 26 ишиг, 12 ямаа нийт 64 толгой мал, Сайхан суманд хоёр ямаа, нэмж өвчилсөн. Мөн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд нэг ишиг, таван ямаа нийт зургаан толгой мал, нэмж өвчилсөн. Хэрэв Монгол Улсын хүн амын тал нь оршин сууж байгаа Улаанбаатар хотод зооноз өвчин бүртгэгдвэл хөл хорио тогтоох, нүүлгэн шилжүүлэлт хийх шаардлага үүснэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.