ХОРИГДОЛ ЭРХЭЭ ЭДЭЛЖ, АР ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ УРТЫН УУЛЗАЛТ ХИЙХЭД НЭГБҮРЧЛЭН ХЯНАХ БОЛОМЖГҮЙ ГЭВ

Aдмин / Нийгэм

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь жирийн дэглэмтэй 425 дугаар ангид ял эдэлж байсан М эргэлтийн байранд эхнэрээ хөнөөж, дараа нь өөрийгөө боомилсон онц ноцтой хэрэг энэ сарын 22-23-нд шилжих шөнө гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Хүмүүжигч М нь малын хулгайн хэргээр тус хорих ангид ял эдэлж байжээ. Уг хэрэг гэр бүлийн маргааны улмаас үүссэн байх магадлалтай гэдгийг хуулийн байгууллага урьдчилан тогтоогоод байгаа аж. Түүнийг ял эдэлж байх хугацаанд эхнэр нь хэд хэдэн удаа уртын эргэлтээр ирж байжээ.

Хорих ангид хоёр хүний амь нас эрсэдсэн асуудалд олон нийт ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. Энэ тухай ШШГЕГ-аас тайлбар хийхдээ “Удаан хугацааны уулзалтын хувьд гэр бүлийн гишүүдтэйгээ 72 цаг хүртэлх хугацаанд хамт байгаа нь нэг талдаа тухайн хүмүүжигчийн эрхийг хангах, нөгөө талдаа иргэний буюу гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа бөгөөд тухайн тохиолдолд удаан хугацааны эргэлтийн байранд харуул хамгаалалтын биечилсэн болон телекамерын хяналтыг тогтмол тавьдаг ч хүмүүжигч болон тэдний ар гэрийнхний уулзалт хийж буй тусгайлсан өрөөнд телекамер суурилуулах, мөн биечилсэн хяналтыг байнга тавих боломжгүй юм. Учир нь “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн 4.1.12 болон 9.1 дүгээр зүйлд хүний эмзэг мэдээлэл гэдэгт ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна гэж заасан байдаг” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Монгол Улсын хорих байгууллагад бусад улс оронд байдаггүй, хүний эрхийг хангасан хоёр зохицуулалт байдаг аж. Энэ бол шагналын хоног болон хоногийн уулзалт. Хоногийн уулзалт гэдэг уртын эргэлт гэсэн үг юм. Уртын эргэлт гэдэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 213 дугаар зүйлийн 213.2-т хорих ангийн дарга түр хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа гурван цаг хүртэл, удаан хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 72 цаг хүртэл байхаар тогтоох бөгөөд холбогдох зардлыг хоригдол, эсхүл удаан хугацааны уулзалт хүссэн этгээд хариуцна гэж заасан байдаг.

Хорих ангийн дэргэд эргэлт уулзалтын тусгай байрыг гэрийн зориулалттайгаар бэлтгэсэн байх бөгөөд тэнд хүмүүжигчид ар гэрийнхэнтэйгээ 72 цаг хүртэл хугацаанд уулздаг гэсэн үг. Нэг ёсондоо тэнд амьдрал өрнөдөг. Ар гэрийнхэн нь хоол хүнс, хүмүүжигчид шаардлагатай эд зүйлс бэлтгэж ирнэ. Гэр болгон тохижуулсан байранд хоол ундаа бэлтгэж яг л гэртээ байгаа юм шиг амьдрал өрнүүлэх эрхийг олгодог юм байна. Энэ нь хоригдлын сэтгэл зүйг өргөх, нийгэмшүүлэх, ар гэрийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зэргээр хүний эрхийг хангахыг зорьдог юм байна. Уртын эргэлтээр уулзаж буй хоригдол, түүний ар гэрийн харилцаанд хорих байгууллагын зүгээс нэгбүрчлэн хяналт тавих нь зохимжгүй гэж үздэг аж. Тиймээс эргэлтийн байрны заал талбайд хяналтын камер, харуул хамгаалалт ажилладаг бол гэр болон тохижуулсан өрөөг хянах боломжгүй ажээ.

Хэрэгтэн уг хэргийг урьдаас төлөвлөсөн байж болзошгүй гэж албаныхан үзэж буй бололтой. Талийгаач эмэгтэй нөхөртэйгөө гурав хоногийн хугацаанд уулзана гэж зөвшөөрөл авчээ. Гэвч хэрэг эргэлтийн эхний хоногт гарсан байна. Уулзалтын үеэр бусдын анхаарал татахуйц маргаан дуу чимээ өрнөөгүй гэдгийг хорих ангийнхан цагдаад мэдүүлж байгаа гэнэ. Хүмүүжигч эр эхнэрээ дэрээр дарж, хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа бололтой. Нэг ёсондоо хорих ангийн харуул хамгаалалтын анхаарлыг татахгүйгээр хэргийг урьдаас төлөвлөсөн байсан гэх мэдээлэл яригдаж байгаа аж.

Уг хэрэг гэр бүлийн маргаан, хардалтын улмаас үүссэн байх магадлалтайг эх сурвалж хэлж буй. Хохирогч эмэгтэй өмнө нь амьдрал зохиож байсан бөгөөд бага насны хоёр хүүхэдтэй байжээ. Гэвч нөхрөөсөө салаад багагүй хугацаа өнгөрсөн. Харин өөрийнх нь аминд хүрсэн М-тэй гэр бүлээ батлуулснаа хэлээгүй гэдгийг ар гэрийнхэн нь мэдээлж байна.

Хуулийнхан энэ тухай тайлбарлахдаа “Энэ ноцтой хэрэгт нийгэм ч буруутай. Тэр гэмт хэрэгтэн бол нийгмийн л нэг гишүүн. Эцэг эхээсээ гэмт хэрэгтэн болж төрөөгүй нь лавтай. Нийгмийн дунд өсч бойжиж төлөвшихдөө гэмт хэрэг үйлдсэн. Ийм хүмүүст ял шийтгэл оноохдоо нийгмээс таслахгүй, ар гэрийн амьд харилцааг нь алдуулахгүй гэсэндээ хүний эрхийг дээдэлж хуулиар зохицуулж өгсөн байдаг. Гэвч тэр эрхээ эдлэх явцдаа дахин ноцтой гэмт хэрэг үйлдэнэ гэдэг бид ийм л нийгэм бүтээж байгаа гэсэн үг. Нийгмийн сэтгэл зүйд анхаарах шаардлагатай болсны илэрхийлэл” гэж тайлбарлах нэгэн ч байгаа юм. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.139] 2023-05-26 08:54:38

Шоронгийн хоригдлуудыг аль болох бүх насаар нь шоронд хор. Тэд нийгэмшиж чадахгүй. Нийгэмд гай тарина.

Зочин [150.129.140.4] 2023-05-26 17:19:11

Чи санамсар болгоомжгүйгээсээ болоод хэрэгт ороод ял эдэллээ гэж бодоё. Тэгүүл чамаг бүх насаар чинь хорих ёстой юу.

Irgen [192.82.71.222] 2023-05-25 18:09:03

өмнө алдсан байж ялтантай гэрлээд бх даа яахав дээ 2 хүүхдээ бодохгүй юу бодож явдаг эмэгтэй вэ

Зочин [202.9.46.85] 2023-05-25 17:57:47

ТӨР АРД ТҮМНЭЭ ЯДУУ АМЬДРУУЛСНААС БОЛЖ ИРГЭД ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦӨЛД НЬ ТӨРД БАЙГАА ХУЛГАЙЧ НАРААС БОЛЖ БАЙНА.

Зочин [202.9.46.85] 2023-05-25 17:54:46

ТЭР БУМ ТӨГРӨГНИЙ ХУЛГАЙГ ХӨНГӨН ШИЙРГЭДЭГ ХӨНГӨН ХУЛГАЙН ХЭРЭГТ ОЛОН ЖИЛИЙН ЯЛ ӨГЧ БАЙГАА НЬ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЖ БАЙГААГ ШҮҮХ ОЙЛГО МӨН ХУЛГАЙ ХЭРЭГ ЧИНЬ АРД ИРГЭД ЯДУУГААСАА БОЛЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ЮМАА ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД ХУЛГАЙ ХИЙСНЭЭС ИРГЭД ЯДУУРЧ БАЫГААГ ОЙЛГО ТӨР БУРУУТАЙ БАЙНА.

Зочин [202.55.191.194] 2023-05-27 11:08:19

хулгай хиих нь зөв үү, мөрөөрөө ажиллаал блдж л байна


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.