Ц.Дэмбэрэл: Онцгой чанарыг нь сэрээхгүй бол Монгол үндэстэн нэг мөсөн унтаж магад...

Aдмин / Нийгэм

Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.

Билэг авьяасын боловсрол

Билиг авьяасын тухайд товчхон?

Билиг авьяас бол олон хэмжээст, олон талт маш нарийн, динамик өөрчлөлттэй, цогц шинжтэй, нийлмэл үйл явц бөгөөд хүний нөөцийн торгон үзүүр, оргил нь юм. Билиг авьястай хүн бол аль ч улс орны хөгжлийн амин сүнс нь, тархи нь байдаг.

Монголчууд билиг авьяасыг гойд өндөр үнэлдэг онцгой чанартай ард түмэн байсан. Би энд байсан гэлээ. Байгаа, байх ч болно гэсэнгүй. Яагаад гэхээр, учир иймд Монголын ард түмний тэр онцгой сайн чанар сүүлийн 300 жил унтаа байдалд орж, тэр ч бүү хэл, бүр эсрэг төлөвтөө шилжиж 100 гаруй жил болов. Монголын төр, бас монголчууд өөрсдөө үүнийгээ төдий л сайн ухаарахгүй, ойлгохгүй байх шиг санагддаг. Одоо яаралтай энэ ЧАНАР-ыг нь сэрээж, өдөөхгүй бол монгол гэх үндэстэн нэг мөсөн унтаж магад болоод байна.

Аль ч орныг үндэстний хувьд үхүүлж, унтуулах арга нь тэдний билиг авьяасыг дээдэлдэг өвөрмөц чанарыг нь алга болгож, зүүрмэглүүлэн нойрсуулах явдал бөгөөд үүндээ төрийг нь ашиглаж, дотроос нь аажмаар ялзруулан мөхөөж болно гэдэг нь колоничлон дарангуйлагч том гүрнүүдийн геополитикоор шалгагдаж, нотлогджээ. Билиг авьястай хүн бол аль ч улс орны хөгжлийн амин сүнс нь, тархи нь байдаг.

“Билиг авьяастай хүмүүний боловсрол” гэж төрмөл билигтэй, гоц авьяастай хувь хүний онцлог, чадварт тохирсон утга, агуулга ба аргачлалыг багтаасан тусгай боловсролыг хэлнэ. XXI зууныг ОЮУН УХААН, БИЛИГ АВЬЯАС-ынх гэдэгтэй хэн ч маргахгүй болсон байх тул билиг авьяасыг өөртөө татахаар улс орнууд өрсөлдөж байна. Энэ хүчтэй өрсөлдөөнд ялах гол хүчин зүйл нь боловсролоо улам сайжруулж, зүй ёсны болгон чанаржуулах явдал юм. Хаана оюун ухааныг үнэлнэв, тийшээ оюун урсана. Хамгийн чухал нь тухайн орны боловсрол нь оюун ухааныг үнэлдэг, тэтгэдэг байх ёстой.

Монголын боловсрол оюун ухаан, билиг авьяасыг хэрэгсэхгүй байгааг жишээгээр тайлбарлаж болох уу?

А гэх төрөлхийн билиг оюун төгөлдөр хүүхдээр жишээлье. А-г 4 настайд нь ЕБС-д аваад, 8 настайд нь дэлхийн хамгийн алдартай их сургуульд шилжүүлээд, 12 насанд нь Билл Гейтс, Элон Маск мэтийн оюуны аваргуудын дэргэдэх баруун гарын хүн болгож (Хүүхдийг 3 насанд нь ЕБС-д элсүүлж, 9 насанд нь их сургуульд шилжүүлээд 12 настайд нь ажлын байранд оруулж болох туршилтыг Шинэ Зеландад хийсэн нь амжилттай болсон) хамтран шинэ СТАРТ-АП бизнес эхлүүлээд, хэдхэн жилийн дараа тэр сод ухаантан А маань Монголын боловсролд баярлалаа гэж хэлээд жил бүр 10 тэрбум доллар бэлэглэдэг, тэгээд тэр их мөнгийг ямар ч авилгалгүйгээр монгол хүүхдүүдийн төрөлхийн өндөр IQ-г улам идэвхжүүлэхэд хэрэглээд, ингээд 15 жилийн дотор л Монгол улс сугаран цойлох,.. ийм оньс механизм манай одоогийн боловсролд байна уу? Байхгүй, харин ч тэр хүүхдийг нухчин дардаг. Тэгэхлээр, манай боловсрол бага, дунд, дээд шатандаа ЖАМ ЁСНЫ жинхэнэ боловсрол биш төдийгүй АНТИ БОЛОВСРОЛ гэдэг нь харагдаж байгаа биз. Гэтэл тийм өндөр IQ-тэй хүүхэд Монгол даяар жигд тархмал байдаг. Жам нь тийм юм.

200 жилийн өмнө соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаа:

•Эгшин бүрийд цэгнүүштэй нь бие, хэл, сэтгэл гурав

•Эгнэгт тордож явууштай нь билиг, ухаан, чадал гурав

гэжээ. Манай БШУЯ-аас билиг авьяас, оюун ухаан, сэтгэлгээ чадал гэсэн үгс сонсогдоосой гэж хүлээсээр олон жил боллоо. БШУЯ цагийн аясаар эрхбиш наашаа харж байгаа. Угаасаа билиг оюун, эрдэм чадлыг үзэн яддаг боловсролд өнөө цагт орших орон зай байхгүй л дээ.

Энэ талаар илүү дэлгэрүүлье

Орчин үеийн боловсролын чанарын шинэчлэлийн оргил нь БИЛИГ АВЬЯАС-ын боловсрол болчихоод байна. Суралцагч нэг бүрийнхээ билиг, авьяасыг нээж хөгжүүлдэг боловсролыг л эдүгээ чанартай боловсрол гэж үзэх нь. Өнөөдөр ЕБС төдийгүй их сургуулиуд, ХХК-ууд, мөдхөн төр, бүр цаашлаад бүх эцэг эхчүүд “билиг авьяас” гэх хоёр үгийг л давтдаг болох нь. Өмнө хэлсэн, хүмүүн капиталын гол цөм нь билиг авьяастай хүн гэж. Эрдэмтэд “Дэлхий хүнээ даахгүй боллоо, Долоон тэрбум биш ээ, түүний оронд нэг л АЛТАН ТЭРБУМ хүн” (сүйрлийн онолчид орчин үеийн дэлхийн экологийн төлөв байдлаас үүдэн дэлхий дээр нэг тэрбум хүнийг авч үлдэх арга чарга хайж байна) гэхчлэн яриад, үндэслээд байх боллоо. Үүнийг ухаарч бодууштай.

Хүүхдийн билиг авьяасыг яаж илрүүлэх вэ, тэрээр тийм ч ил тод байдаггүй байх аа?

Намайг билиг авьяас гэнэ,.. Тэгж, ингэж хөгжүүлээрэй гээд ил тод байдагсан бол бид юунд ингэтлээ мунгинах билээ. Шууд тэр билиг авьяас гэх этгээдийг барьж аваад л хөгжүүлчихнэ биз дээ. Ийм учраас билиг авьяасыг илрүүлэх гэдэг ихэд нарийн технологи-аргачлал буй болсон. Сурагчийнхаа билиг авьяасыг илрүүлж чадахгүй байгаа багш бол багш биш, тэрээр зүгээр л цаг өнгөрөөж, цалин авч буй ажилтан. Билиг авьяасын асуудлыг хаа очиж, сайд Л.Гантөмөр дэмжиж, БСШУСЯ-аас “Авьяасын тэмдэглэл” хурлыг зохион байгуулсан. Тэгээд л цааш ахидаггүй ээ. Яагаад гэвэл, АН-ын сайд санаачилсан тул гэнэ ээ. Энэ янзаараа бол, нэг нам нь Монголыг хөгжүүлнэ гэвэл дараагийн нам нь Монголыг хөгжүүлэхгүй ээ гэх юм байна л даа. Бидний байж байгаа царай энэ. УИХ-аар хэлэлцэх боловсролын ерөнхий хуульд энэ талаар маш тодорхой бүлэг заалт оруулмаар байгаа юм.

Багш нар билиг-авьяастай хүүхэд өөр гэж хэлдэг дээ?

Тийм, тийм. Бусдын хүрээгүй оргилд гарахыг авьяас гэх бол бусдад харагдах боломжгүй оргилд хүрэхийг билиг гэнэ. Билиг авьяасыг судалсан эрдэмтэд хоёр зүйлийг тэмдэглэдэг.

1.Билиг авьяастай хүүхэд заавал оюуны өндөр чадвартай буюу өндөр IQ-тэй байдаг уу? гэх асуултад ТИЙМ гэж хариул, хэмээнэ. Үүнийг тодруулбал, тэнэгдүү билиг авьяастан гэж байхгүй ээ гэсэн үг. Үүний цаана их чухал асуудал бий.

2.Өндөр IQ-тэй хүүхэд бүр заавал билиг авьяастай байх уу? гэх асуултад АЛБАГҮЙ гэж хариул,.. хэмээнэ. Учир гэвэл, билиг авьяасын илрэл нь тодорхой байдаг. Би билиг авьяастай гэж хичнээн орилоод ч түүнийгээ тодорхой нэг хэлбэрээр нь илрүүлээгүй, баталгаажуулаагүй бол тэгээд л дуусна. Энэ их хатуу зөв шаардлага.

Билиг авьяасыг илрүүлдэг мэргэжлийн сорилууд бий. Тэр нь тун нарийн, олон хувилбартай юм билээ. Манай боловсрол олон улсын жишиг рүү ойртох тусам тэдгээр сорилыг заавал ашигладаг болох байх. Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн билиг авьяасын талаарх ерөнхий зарчим, холбогдох журмуудыг дагах учиртай. Өөр зам байхгүйд л хамаг учир оршино.

Манайхан АВЬЯАС-ЧАДВАР гэх юм, харин та БИЛИГ гэж урд нь нэмж тодотголоо. Эдгээр нь ялгаатай юу?

Билиг, авьяас, чадвар гэх чинь ялгаатай ойлголтууд. Эдгээрийг ялгахын тулд оюуны чадварын IQ сорил хэрэглэнэ. IQ нь 141-өөс дээш бол БИЛИГТЭЙ, IQ нь 131-140 завсарт байвал АВЬЯАСЛАГ, харин IQ нь 121-130 завсарт бол ЧАДВАРЛАГ болно. Ингэхээр, гол ялгаа нь IQ илтгэцүүрт суурилсан байна даа. Монголд энэ талын судалгаа, сурталчилгаа огтоос байхгүй болохоор иргэдийн ойлголт тун бүдүүлэг, хэт ерөнхийдүү байдаг. БИЛИГ нь суур буюу төрмөл чанар, авьяас нь завсрын буюу таримал чанар юм.БШУЯ сүүлийн үед билиг, авьяас, чадвар гэх гурван үгийн сүүлчийн хоёрыг нь (авьяас, чадвар) дуугарч эхэлсэн. Одоо БИЛИГ гэх үгийг энэ хоёрынхоо өмнө оруулах ёстой. Ингэхдээ ЧАДВАР гэх үгээ орхиод, БИЛИГ АВЬЯАС гэвэл илүү онох нигууртай. Дэлхийн жишигт билиг авьяас гэсэн хос үгийг хэрэглэж байна. Учир нь, авьяас нь билигтэй гарцаагүй холбогдох бөгөөд БИЛИГ нь суурь буюу төрмөл чанар, авьяас нь завсрын буюу таримал чанар юм. Хүүхдийн билиг авьяасыг нээж хөгжүүлэхдээ түүний төрмөл талыг нь эхэлж анхаарах нь зүйтэй. Төрмөл чанар үгүй бол хэчнээн их хичээж зүтгээд ч үр дүн бага юм. Үр үгүй бол цэцэг яаж ургах, үндэс үгүй бол мод яаж ургах гэсэн ардын үгийг бодууштай.

“Чадвар” гэх үгийг орхи гэв үү? Боловсролд тэгээд чадвар ярихгүй юм уу?

Чадвар гэхээр олон түмний боловсролд голчлон хамаарна. Бүх хүүхэд ямар нэг хэмжээгээр чадвартай байдаг. Билиг авьяасын боловсролд чадварыг бус, билиг авьяасыг хамруулна. Би Билиг Авьяасын боловсролтой холбон дээрх үгийг хэлсэн. Хэрвээ чадвар (IQ нь 121-130 завсарт)-ыг авьяас руу оруулна гэвэл билиг авьяасын боловсрол нь бүр томроод, бараг олон түмнийх шигээ задгай том болно. Юу ч биш болно гэсэн үг. Ингэж болохгүй. Я.Цэвэлийн тайлбар тольд “Оюун ухаан төрөлхийн гарамгай бол билиг хэмээнэ” гэжээ. Энд төрөлхийн гарамгай гэсэн байгаа биз, зүгээр нэг гарамгай гээгүй байна. Билиг, авьяас, чадварыг ялгаж зааглах хэмжүүр нь IQ илтгэцүүр болохыг дахин хэлье.

Тэгвэл билиг авьяасын боловсрол гэхээр өөр болох уу?

Боловсрол нь бүрэлдэхүүний гурван хэсэгтэй. Толгой нь билиг авьяасын, их бие нь олон түмний боловсрол юм. Бас хажуу дор нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай хэрэгцээт боловсрол байдаг. Бид олон түмний боловсролоор дагнаж өдий хүрлээ. Толгойгоо мартсан болой. Мартсан ч биш юм аа, мартуулсан юм. Толгойгүй боловсролоос хэн гарах нь ойлгомжтой. Ийм нийгэмд СААРАЛ ДУНДЧУУД ноёлж, билиг авьяастай цөөнхөө гадуурхаж хажигладаг. Болхи материализм, бурангуй марксизм бидний монголчуудыг ийм болгосон. Дүр эсгэсэн ардчилал бүрчиг завхрууллаа. Би манай одоогийн их сургуулиуд, хүрээлэнгүүдийн байдлыг ажиглаад ингэж дүгнэж байна. Тэнд байдал тун хүнд болсон. Одоо Монголын боловсролд ТОЛГОЙ суулгах ажил хүлээгдэж байна. Тэр толгой ямархуу байдаг, яаж ТАРХИ-тай болгодог, гэх мэт асуудлуудын шийдэл үндсэндээ тодорхой байгаа.

Илүү тодруулж тайлбарлавал?

АНУ, Өмнөд Солонгос, Европын холбооны 21 орны 18нь, Сингапур гэх зэрэг дэлхийн 80 гаруй улсад “Билиг авьяастай сурагчийг дэмжих хууль”, “Тусгай боловсролын хууль” зэрэг хууль эрх зүйн баримт бичгүүдээр зохицуулалт хийж байна. Хууль эрх зүйн орчин бүрдсэнээр билиг авьяасын хөгжлийн асуудал цэгцэрнэ. Монгол улсад “Билиг авьяастай суралцагчийн хууль”-ийг баталж, мөрдөх цаг нь болсон гэж үзнэ. Тусгай хууль хэрэггүй гэж үзвэл “Боловсролын ерөнхий хууль”-д нэмэлтээр оруулж болно. Хууль эрх зүйн орчин бүрдсэнээр билиг авьяасын ойлголт нэг мөр болдог. Учир нь хуульд билиг авьяас гэдэгт юуг ойлгох талаар маш тодорхой зааж өгнө. Ийм боломж байна. Билиг авьяастай суралцагчийн тухай хуулийн заалт нь тухайн улс орны хэмжээнд мөрдөх эцсийн тодорхойлолт мөн.

Энэ чинь Монголчууд БИЛИГ ТӨГӨЛДӨР ард түмэн гэдэг үгийг хуулиар тодруулна гэсэн үг үү?

Монголын онцлог хэмээх тусгай хүчин зүйлс бий,.. Монгол хүний билиг авьяас хүн төрөлхтнийхөөс өөр гэхчлэн сагсуурч, олон түмний сэтгэлийн хөөрлийг дагаж, хамаагүй хадуурах осолтой. Дэлхийн тогтсон жишгээс гажих нь дэмий. Монголын нийгмийн ухааны эрдэмтэд “Монголчууд их авьяастай ард түмэн, дандаа дуулж шүлэглэж байдаг, зарим ястан, тухайлбал дархад ястан бусдыгаа байнга шоглон дууддаг, гэтэл өндөр хөгжилтэй орнууд тийм биш” гэхчлэн ярьж бичдэг нь шинжлэх ухааны үндэстэй гэхээсээ сэтгэлийн хөөрөлд автаж, халамцуу үедээ шүлэглэж, донгоссон үгс юм. Үүнийг би орчин үед билиг авьяасыг бүтээлч сэтгэлгээ, бодит үр дүнгийн талаас нь түрүүлж хардаг, үнэлдэг болсонтой холбогдуулан анхааруулав.

Бидний одоогийн ойлголтоор, дэлхийн тэргүүний баян Билл Гейтс, Элон Маск нар ямар ч авьяасгүй, мөнгө хөөсөн хөөрхий нэгэн бол ээрэм талд дуу исгэрэн давхиж яваа малчин, эх орон, эх орон гэж хашхирч суугаа шүлэгч хоёр авьяас нь оргилсон хүмүүс болчихоод байна. Энэ бол авьяасын талаарх бидний ойлголт хоцорсных. Монголчууд бид БИЛИГ АВЬЯАС-ыг шүлэг найраг, дуу хөгжим, уран зохиол төдийхнөөр өнгөцхөн ухаарч, хийсвэрлэн хадуурч, тэгээд бүтээлч бус байх тусмаа САЙН гэж ТӨР-өөс хөөрөгдөн урамшуулдаг болсон. Энэ ёстой буруу. Хүний хөгжил нь хоцрохоор ингэдэг бололтой. Ийм байдал Европт 300 жилийн өмнө тохиожээ.

Н.Отгончимэг


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.103] 2023-09-10 09:30:02

Та Монгол хүндээ л таарсан зөв IQ санал болговол зүгээрсэн, одоогийнх тань зөв трдорхойлолт IQ биш гэдэгтэй санал нийлнэ үү.

Зочин [124.158.90.3] 2023-09-09 23:15:12

mongld uhaantai ni muhdug daa

Зочин [66.181.160.116] 2023-09-09 23:01:23

За бараг л

Зочин [103.57.94.15] 2023-09-09 14:13:27

ХАЛУУН ДУЛААН СЭНТИЙД ҮХШИРТЭЛ НОГООРОХЫН ТУЛД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН, ЕРӨНХИЙ САЙДЫН ГЭХ НЭРИЙН ДОР ӨӨРИЙН КОММУНИСТ УЛААН ФЕНҮҮДИЙНХНИЙ БҮЛГЭЭС НЭГ НЭГ ХҮҮХЭД СОНГОЖ БАЙНА ГЭЭД ГАДААДАД АРЫН ХААЛГА ЗУСАР БЯЛДУУЧЛАЛААР СУРГАХААР ЯВУУЛЖБУЙ ХАЧИН ҮЙЛДЛЭЭ ХРЭЛСҮХ ОЮУНЭРДЭНЭ НАР ТА НАР БОЛИООРОЙ. ҮҮХДҮҮД ӨӨРИЙН ЧАДАЛ БИЛЭГ АВЪЯАСААРАА Л ШАЛГАРААД ХААНА ХҮРЭХЭЭ МЭДЭГ Л ДЭЭ МАЛУУДАА

Зочин [202.126.90.19] 2023-09-08 16:05:46

Дэмбэрэл гуай ер мухар сүсэг бас массын саарал сэтгэхүй бол хүн төрлөхтний хөгжил дэвшилийн чөдөр тушаа гэдгийг жинхэнэ ухаарч эрүүл саруул сэтгэлгээ ухааныг ард түмэндээ ойлгуулах гэж зүдэж яваа хүн Монголд төдийгүй Дэлхийд хэрэгтэй хүн

Хишгээ [202.126.90.65] 2023-09-08 14:47:34

Монголд билиг авъястай хүүхэд олон бий .Түүнийгээ одоо шалгаж цэнэглэх хэрэгтэй.Спорт бөхийг дэмждэг шигээ анхаарах цаг болжээ.

Зочин [103.212.117.113] 2023-09-08 10:13:15

Барууны Кэмбридж гэж солиороод бүүр комбийнууд болж бна оо

Зочин [103.212.117.113] 2023-09-08 10:12:14

Аль л 2000 онд хэлж бсан. Олигтой программ боловсруулаад дэмжүүлээд одоо нутагшчихсан бх хугацаа боллоо штэ.

UNEMLEHUI DEEDLEH BOLNO [202.126.89.194] 2023-09-08 09:36:15

BILIG AVIYASIIIG

Manduulya [202.126.89.194] 2023-09-08 09:35:03

MONGOLOOROO BAIY

SERGEEY [202.126.89.194] 2023-09-08 09:34:26

Untuulahguin TULD

Ажаач [66.181.160.2] 2023-09-08 09:27:21

Хуулийн заалтад оруулах хэрэгтэй маш зөв.

Зочин [202.9.46.187] 2023-09-08 07:17:22

Маш үнэнийг бичсэн байна аа. Боловсролын хуулийг шинэчлэх цаг нь болсон. Манай боловсрол дэндүү урсгалаар мөн бас л арын хаалга, хээл хахуул , баян хоосны ялгаварлаар орсон шүү дээ. Жинхэнэ хүүхдийн билиг авьяас, эрүүл оюун ухаан руу өнгийсөн хуульчлал хэрэгтэй юм шиг харагддаг.

Зочин [66.181.188.9] 2023-09-07 22:00:01

Үнэн

Зочин [103.212.117.59] 2023-09-08 14:15:53

Зөв зүйтэй бичсэн бна

Gantumur [203.91.115.53] 2023-09-07 21:08:00

Mongoliig iim doroi burai bolj baihad erhem dootor ali haid yavaj baiv hudaĺch dootor sonotuge chi tiim aitar dookor uim bol uls eh ornoo udirdaad hugjuulehgui yasan uimshal hudalch hulgaichii n orooson dugui

iQ [45.117.35.17] 2023-09-07 20:55:23

Та өөрөө тийм мундаг ухаантай айкүүтэй юм бол, таны хувийн дээд сургууль тань яагаал хамгийн түрүүнд даампуураваа, таны тэнэгээр нь гайхаад байгаа хүмүүсийн сургуулиуд мянга мянган оюутантай улам том сургуулиуд болчихсон байгаа нь юуных юм болоо!!! Дэмбээ гуай!???

Зочин [66.181.160.2] 2023-09-08 09:20:33

Энд бичигдсэн зүйл ийг уншаад ойлгохгүй байна уу. Ийм болхоор билээ ухаан хэрэгтэй байгаа юм.

Зочин [202.126.90.137] 2023-09-07 19:54:37

ЧИ ӨӨРӨӨ МОНГОЛЧУУДЫГ ГУТААН ДОРОМЖЛООД БАЙГАА БИЗДЭЭ МИНИЙ АХ ДҮҮГЭЭС,НАДААС БУСАД НЬ цус нь ойртсон ТЭНЭГҮҮД, iQ минийй садан төрлөөс бусад таг гээд байгаа биздээ .Олон нүүртэй өвгөн

Зочин [66.181.160.2] 2023-09-08 09:25:15

Үүнд бухимдах хэрэггүй . Биднийг сэрээж ухаантай байж бодолтой үйлдлээ хийж бай гэсэн үг юм шүү.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.