Boeing компанийн хөлөг анх удаа NASA-гийн сансрын нисгэгчдийг дэлхийн тойрог замд хүргэхээр хөөрлөө

Aдмин / Шинжлэх Ухаан

Лхагва гарагт Boeing компанийн бүтээсэн Starliner хөлөг анх удаагаа NASA-гийн сансрын нисгэгчдийг дэлхийн тойрог замд хүргэхээр хөөрчээ. Ингэснээр NASA өөрийн сансрын аялалд ашиглах хоёр дахь хөлөгтэй болох гэж байна. SpaceX компанийн хөлөг 2020 оноос хойш энэ үүргийг гүйцэтгэдэг болоод байгаа.

Сансрын нисгэгч Бач Уилмор, Сани Уилльямс нар 25 цаг ниссэний дараа өнөөдөр орой Олон Улсын Сансрын Станцад хүрэх юм. Тэд тойрог замын станцад долоо хоног гаруй хугацаанд ажилласны дараа дахин Starliner хөлгийн бүхээгт сууж, зургаадугаар сарын 14-ний өдөр АНУ-ын баруун бүсийн цөлд газардахаар төлөвлөжээ.

Starliner хөлгийг сансрын нисгэгчгүй хөөргөх эхний оролдлого 2019 онд программ хангамжийн алдааны улмаас бүтэлгүйтэж байв. 2022 онд дахин давтахад өмнөхөөсөө дээрдсэн ч мөн л зарим алдаанууд илэрсэн юм.

Энэ оны гуравдугаар сарын эхнээс хойш сансрын нисгэгчтэй хөөргөх гурван оролдлого гүйцэтгэсний сүүлчийнх нь ийнхүү амжилттай болж байна. 2014 онд NASA өөрийн сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэх хөлгийг бүтээх захиалгыг Илон Маскийн SpaceX болон АНУ-ын агаарын тээврийн тэргүүлэгч Boeing компаниудад өгсөн юм.

Ингэхдээ Boeing компанид $4.2 тэрбумыг, SpaceX компанид үүний талаас арай илүү мөнгийг хуваарилж байжээ. SpaceX 2020 онд төслөө амжилттай хэрэгжүүлснээр дэлхийн улс орнуудаас зөвхөн ОХУ, АНУ, Хятадын хийж чаддаг зүйлийг хийсэн анхны хувийн компани болсон юм. Өнгөрсөн хугацаанд тус компанийн хөлөг тойрог замд NASA-гийн сансрын нисгэгчдийн есөн багийг хүргэж, хувийн компанийн гурван захиалгат нислэгийг гүйцэтгэжээ.

United Launch Alliance компанийн Atlas V пуужин өчигдөр 100 дахь удаагаа Канавералын хошуунаас хөөрөхдөө Boeing компанийн Starliner хөлгийг тээвэрлэсэн байна.

Boeing компанийн Starliner, SpaceX-ийн Dragon хөлгүүдийн аль аль нь бүрэн автомат жолоодлоготой юм. Гэхдээ анхны нислэг тул Уилмор, Уилльямс нар энэ удаа системийн найдвартай ажиллагааг шалгах зорилгоор зарим тохиолдолд Starliner хөлгийн удирдлагыг гартаа авах гэнэ. Хэрвээ энэ удаагийн аялал амжилттай болбол NASA ирэх оноос эхлэн ээлжилж ашиглах хос хөлөгтэй болох ажээ.

Эх сурвалж: Associated Press


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.