Нам, эвслийн дарга нар “нээлтийн үг”-ндээ юуг онцолсон бэ?

Aдмин / Улстөр

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ сарын 10-нд эхэлсэн. Дөрөв хонож байна. Тэгвэл тэрхүү сурталчилгааны нээлт дээр энэ сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвслүүдийн дарга, тэргүүнүүд ямар үг хэлж, юуг онцолсон талаар доор хураангуйлав.

Өнгөрснийг хэрхэн дүгнэсэн бэ?

МАН-ын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

...Өнгөрсөн хугацаанд авлигатай хийх тэмцэл, цар тахалтай тэмцэхээс хүнд байсныг хэлэх нь зүйтэй. Бидэнд чадсан, чадаагүй, нийгэмд ойлгуулж чадсан бас бүрэн чадаагүй зүйл олон бий. Гэхдээ! Иргэдийн мэдэх эрх хангагдаж, авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэлзүй тогтож, түмэн олны ойлголт хэрсүүжиж, ард түмний ёс зүйн өндөрлөгт шударга ёсны туг өндрөөс өндөрт мандсан. Энэ бол ард түмний ялалт, шинэ 30 жилийн эхлэл байсан.

АН-ын даргаЛу.ГАНТӨМӨР:

...Өнгөрсөн найман жилийн амьдралыг монголчууд янз бүрээр дүгнэж буй. “Алдагдсан найман жил”, “Дарангуйлал тогтсон найман жил”, “Там шиг найман жил байлаа”, “Байлдаж байгаа юм шиг найман жил” гэж байна. Монголчуудад тулгарч буй асуудлуудыг шийдээгүйг хүн бүр хэлж байгаа. Ажилгүйдэл, ядуурал, авлига, хулгай шийдэгдсэнгүй. Үнийн өсөлт улам галзуурлаа. Тог тасардаг, шатахуун авахаар дугаарладаг боллоо. Боловсрол, эрүүл мэндийн салбар доройтсон.

ХҮН намын дарга Д.ДОРЖХАНД:

...Монголын түүхэнд хоёр намын тогтолцоотой байсан бол сүүлийн 10 жилийн хугацаанд нэг намын тогтолцоотой болсон байна. Хэрэв ХҮН нам УИХ-д, НИТХ-д бүлэггүй байсан бол эдгээр хулгайнууд хэзээ ч ил болохгүй байлаа.

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.НОМТОЙБАЯР:

...“Үндэсний эвсэл”-ийнхэн элэг нэгт монголчуудынхаа адил намчдаас Монгол төрөө эрх зүйн болон эдийн засгийн зөв аргаар салгаж хүчирхэг Монголоо сэргээн цогцлоох улс төрийн хувьсгалыг эхлүүлж байна. Тиймийн тулд бид хүсэл зориг нэгт Монголчуудаа төлөөлж, цөхөрч ядарсныг өмөөрөн хамгаалж, дуугарч чадахгүйн өмнөөс дуугарч, тэмцэж чадахгүйн өмнөөс тэмцэж, улиг болсон улс төрийн намуудын чадахгүйг чадна.

Өнөөдрийг ингэж харж байна

МАН-ын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

...Дэлхий олон туйлт ертөнцөд хуваагдсан нэн эрсдэлтэй нөхцөл байдалтай нүүр тулах гэж байна. Цар тахлын эдийн засгийн хүндрэлийн ард, дайны сорилт давхацсан нь нөхцөл байдлыг бүр ч ээдрээтэй болгож байна. Олон улсын хүчний харьцаа, нөхцөл байдлаас хамаарч дэлхийн газрын зураг өөрчлөгдөх хэмжээний ч томоохон үйл явдлууд өрнөж болзошгүй гэдгийг эрдэмтэн судлаачид анхааруулж байна.

АН-ын даргаЛу.ГАНТӨМӨР:

...Бид утаа, түгжрэлийг хэрхэн шийдэх вэ, боловсролын салбарыг хэрхэн босгож ирэх вэ, залуус нь эх орондоо амьдардаг улсыг хэрхэн бий болгох вэ гэдэгт гол анхаарлаа хандуулах ёстой болоод байна. Монголын эдийн засаг “хорт хавдар” туссан. Үүнийг эмчлэх ганц арга нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Түүхий эдийн экспортлогч байхаа больж, үндэсний үйлдвэрлэлээ Төв Азид гайхуулсан орон болгох дөрвөн жилийн төлөвлөгөө бидэнд байна.

ХҮН намын дарга Д.ДОРЖХАНД:

...Харин одоо эхлүүлсэн ажлаа дуусгаж авлига авсан дарга нарт хариуцлага тооцох цаг нь иржээ, ХҮН-чүүдээ.

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.НОМТОЙБАЯР:

...“Иргэн баян бол улс баян” байхын төлөө иргэд эвсэж, хүчээ нэгтгэж асах, унтрахын зааг дээр байгаа цучил дээр хэт цахиур цохиж, хөгжлийн галыг бадраах цаг нь болсон. Итгэлийг зүтгэлээр хариулна. Тэмцэж чаддаггүй түмэн мөхдөгийг бүү март. Одоо л тэмцэж өөрчлөхгүй бол дэндүү оройтно.

Ирээдүйд юу хэрэгтэй вэ?

МАН-ын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

...Улс орны хөгжил цогц ойлголт бөгөөд шинж тэмдэгтэй зууралдах биш амьд организмийг доголдуулж буй шалтгааныг зөв оношилж, суурь реформ хийх ёстой. Бидэнд ардчиллын хоёр дахь давалгаа болсон реформ шаардлагатай. Шинэ сэргэлтийн реформ бол ардчилсан үнэт зүйлийг гажуудуулсан авлигатай нам харгалзалгүй тэмцэх та бидний хамтын эр зориг байх ёстой.

АН-ын дарга Лу.ГАНТӨМӨР:

...Монголын төр өнөөдөр дүлий болсон. Дарга нар эрх ямбанд умбасан. Ирэх дөрвөн жил бол дарга нарын эрх ямбыг халсан жил байх болно. Хорих ял авсан хүн ч УИХ-д кноп дараад сууж байна. Иймээс ирэх дөрвөн жилд УИХ-ын гишүүдийн дархан эрхийг халах хэрэгтэй. Ингэж бид монгол төрийг Монголын ард түмний төр болгоно.

ХҮН намын дарга Д.ДОРЖХАНД:

...ХҮН нам энэ сонгуулиар монголчуудыг эв нэгдлийг эрхэмлэсэн төрийн бодлогыг цэгцлэх чадвартай, ард иргэдийн итгэл хүлээсэн эвслийн Засгийн газрын тогтолцоо байгуулаасай гэж хүсэж байгаа.

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.НОМТОЙБАЯР:

...“Үндэсний эвсэл” төрөө намчдаас салгаж, улсын төсөв, төрийн алба, хууль эрх зүйн орчноо чөлөөлж, иргэдээ хөл хөсөр гар газар, хувийн хэвшлээ хөрөнгөтэй, орлоготой болгон хөгжүүлнэ.

Сонгуульд ингэж өрсөлдөнө

МАН-ын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

...Энэ удаагийн сонгууль Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа дэлхийн геополитикийн давалгаанд хамгаалан авч үлдэх хариуцлагатай сонголт байх болно. Шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлж, ардчилсан хувьсгалын гажуудсан үнэт зүйлээ сэргээх Реформыг хийж, Үндэсний баялгийн сангаа хамгаалах эсэхийг шийдвэрлэх, “Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу” гэдэг түүхэн сонголт байх болно. Жагсаалтад мэргэжлийн экспертүүд, салбар салбарын төлөөлөл орох нь зөв үү. Эсвэл улстөрчид нь өөрсдөө жагсаалтад өрсөлдөх хуучин жишиг хэвээр үргэлжлэх үү гэдгийг шийдвэрлэх улс төрийн шинэ соёл тогтох сонголт байх болно.

АН-ын дарга Лу.ГАНТӨМӨР:

...Бид мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа 300 мянган хүний хүсэл, зорилгыг сонссон. Энэ олон хүний хүсэл, зорилгыг нэгтгэн бид “Эрчимт хөгжлийн төлөвлөгөө”-гөө боловсруулсан. Үүнийгээ хэрэгжүүлэх дөрвөн жилийг бидэнд олгохыг монголчуудаасаа хүсэж байна. АН-ын төлөвлөгөө ажил болно гэдгийг амлаж байна. Хоосон амлалт биш, ажил хийсэн он жилүүдийг та бүхэн харах болно.

ХҮН намын дарга Д.ДОРЖХАНД:

...Энэ удаа сонголттой сонгуулийг ХҮН нам авчирч байгаа. Бид Монгол Улсын ардчиллыг хамгаалахын тулд, тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн тулд парламентын ардчиллыг хөгжүүлэхийн тулд өнөөдөр ХҮН нам нэрээ дэвшүүлж иргэдийнхээ итгэлийг сэргээж, нүдний гал нь унтарсан ирээдүйдээ итгэлгүй болсон залуучууд, үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж буй ахмадуудынхаа асуудлыг шийдэхийн тулд өнөөдөр бид нээлтээ хийгээд сонгуульд оролцож байна. Сонгуульд оролцохдоо бид хэн нэгнийг харлуулахгүй. Харин стресс бухимдалтай нийгэмд гэрэл гэгээ авчирна, бодлогоор өрсөлдөнө.

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.НОМТОЙБАЯР:

...Төрөө хулгайчдаас цэвэрлэж,

Төсвөө иргэдийн хөгжилд зарцуулъя

Төрийн дарамтыг устгаж,

Төрийг хувийн хэвшлийн төлөө болгоё

Төгрөгийн үнэгүйдэлт, үнийн өсөлтийг татан буулгаж,

Төлбөр нэхэгдэх, өргүй, үндэстнээрээ баяжих ирээдүйг хамтдаа бүтээе.

Түмний шаардлагаар,

Төрийн ёст, тэгш журамт үүргийг хамтдаа сэргээе.

Би дахин хэлье. Тэмцэж чаддаггүй түмэн мөхдөгийг бүү март.

Бид туг нь болж тэмцье.

Өөрчлөлтийг хүсэгч сонгогч та салхи нь болж “Үндэсний эвсэл”-ийг сонго.

Монголын хувь заяа агуу.

Монгол орон мандаг бадраг.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье

Үндэстнээрээ баяжья.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-06-14 13:45:25

хэлний матд унаж тамын орчлнгоос гарахгүй ээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.