Доктор О.Балдангомбо: Ардчилсан орны иргэн сонгох эрхээ эдэлнэ гэдэг нь төрөө барьж буй хэлбэр

Aдмин / Улстөр

Улаанбаатар эрдэм их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор О.Балдангомботой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. Монголчууд бид ес дэх удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиа өгөх гэж байна. Ер нь сонгуульд оролцох, саналаа өгөх нь ардчилсан орны иргэдэд ямар ач холбогдолтой юм бэ. Эрдэмтэн, багш хүний хувьд энэ асуудалд та юу гэж зөвлөх вэ?

-Тэртээ 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд ард түмэн төлөөллөөрөө дамжуулан төрийн эрхийг шууд барина гэсэн заалттай. Энэ бол ардчилсан Монгол Улсын иргэдийн эрх. Нөгөө талаасаа иргэд сонгох, сонгогдох гэсэн үндсэн эрхтэй. Тэгэхээр үүнээс сонгох эрх гэдэг бол саналаа өгсөн улстөрчөөрөө дамжуулан төрийн эрх, төрийн бодлого тодорхойлоход шууд оролцож байгаа хэлбэр гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс сонгуульд саналаа өгнө, сонгох эрхээ эдэлнэ гэдэг бол улс орон, ард түмэнд хамгийн чухал үйл хэрэг

Зөвхөн УИХ-ын сонгууль төдийгүй орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа заавал өгөх ёстой. Ардчилсан тогтолцоо руу бид шилжээд 30 гаруй жил өнгөрлөө. Энэ хугацаанд бид найман удаагийн сонгууль явууллаа. Одоо энэ сонгууль ес дэх удаагийнх. Ээлжит сонгууль явагдах хугацаа дөрвөн жил. Ингээд найман удаа явуулсан гэхээр бага хугацаа биш. Энэ бол монголчууд алдсан бол алдаагаа засах хугацаа. Сонгуулийн тогтолцоо гэдгийг нийтээрээ мэдчих, мэдэрчих хугацаа өнгөрснийг харуулж байна. Гэтэл бид нэгэнт сонголтоо хийгээд, саналаа өгөөд төр засгаа төлөөллөөрөө дамжуулан байгуулчихаад эргээд гаргаж ирсэн нам, улстөрчдөө үзэн яддаг дутагдалтай. Нөгөө ниргэсэн хойно нь хашхирах гэдэг шиг дээр, дооргүй шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, сонголтоо буруу хийснээ сүүлд ухаардаг сонин дадалтай болчихсон байна гэсэн үг. Ерөөсөө монголчууд бид сонголтоо сайн, зөв хийж чадахгүй байгааг л харуулж байна.

-Гэхдээ сонгоод гаргаад ирсэн бол шүүмжлэх эрх нь ч ард түмэнд байна биз дээ…?

-Мэдээж ардчилсан орон учраас бид хэн нэгнийг тэр тусмаа төр засгаа шүүмжлэх, нийгэмд өөрийн үзэл бодол, үгээ илэрхийлэх эрх байлгүй яахав ээ. Би юу хэлэх гээд байна гэхээр сонгочихсоныхоо дараа янз бүрээр гоочилж, бухимдаж байхын оронд сонголт хийхээсээ өмнө тухайн нэр дэвшигч, нам, эвслээ сайн таних, мэдэх шаардлагатай байхгүй юу. Мэдсэнийхээ дараа сонголтоо голчтой хийх учиртай. Гэтэл манайхан сонгуульд саналаа өгөхдөө яаж оролцдог билээ. Зарим нь хэн нэгнээс мөнгө харж сонгох эрхээ эдэлдэг бол зарим нь нам дагаж саналаа өгдөг. Өнөөдөр л надад ашигтай байвал энэ хүн, энэ нам гараад төр засгийн бодлогыг зөв явуулах уу, буруу явуулах уу гэдэг нь хамаагүй гэж боддог. Ийм нэг сонин хандлагатай. Нэг талдаа хариуцлагагүй сонгогчид олон байна гэсэн үг.

-Тэгвэл иргэдийн хувьд сонголтоо хийхдээ голчилж юуг нь илүү харах, анзаарах шаардлагатай юм бэ. Ямар шалгуураар сонгох эрхээ эдлэх нь зөв юм бэ?

-Эхлээд бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Нэг өдөр дуртай дургүй очоод хэнийг ч хамаагүй сонгочихдог ийм хэвшмэл ойлголтоосоо салах хэрэгтэй. Эсвэл манай аав, ээж, миний ойр дотнынхон тэр намын төлөө саналаа өгөөрэй гэж хэлсэн, тиймээс түүнд л өгчихье гэдэг жижиг сэтгэхүйгээ болих хэрэгтэй. Төрөө төвхнүүлэх, байгуулах, эрх барьсан намд дүн тавих, дараагийн эрх баригчаар аль нам, эвслийг гаргаж ирвэл Монгол Улсын хөгжил, бидний, миний амьдрал сайжрах вэ гэдэг талаас нь бодож байж саналаа заавал өгөх ёстой. Ядаж энэ нам өнгөрсөн хугацаанд ингэж ажилласан шүү гэж бодож үздэг хандлагатай байх шаардлагатай. Мэдээж хэнд, ямар намд саналаа өгөх вэ гэдгээ хувь хүн бүр өөрсдөө шийдэх эрхтэй. Ингэхдээ мэдээж намын болоод тухайн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг нь сайн үзэх хэрэгтэй. Ингэж үзэхдээ өрсөлдөж байгаа нам, эвслийн мөрийн хөтөлбөрүүдийг харьцуулж харах нь хамгийн үр дүнтэй шалгуур. Гэвч манайханд мөрийн хөтөлбөрийг нь сайн харж дүгнэх нь ховор л доо. Тиймээс яах вэ гэхээр тухайн нам, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөөс нэг л зүйлийг нь олоод харчих.

-Юуг тэр вэ?

-Тэр бол ядуурлын түвшинг энэ нам, эвсэл, нэр дэвшигч хэдэн хувиар яаж бууруулахаар мөрийн хөтөлбөртөө тусгаж вэ гэдгийг л олж хар. Олон юм харахаар өчнөөн зүйл унших болж таарна. Түүнээсээ болоод залхуу нь хүрэх, гүйцэд дүгнэлт гаргаж чаддаггүй хандлагууд практик дээр олон бий шүү дээ. Тэгэхээр ерөөсөө аль нам, эвсэл, нэр дэвшигч ядуурлын түвшинг хэдэн хувиар буулгахаар мөрийн хөтөлбөртөө тусган өгч вэ гэдгийг нь харьцуулж харах хэрэгтэй. Тэгээд л болоо.

-Яагаад зөвхөн ядуурлын түвшинг бууруулах эсэхийг л онцлон харж гэж…Өөр чухал олон зүйл байхгүй гэж үү?

-Ядуурлын түвшинг яаж бууруулахаар байна вэ гэдгээс нь төрийн бодлогыг зөв тодорхойлох эсэх нь шууд харагддаг. Өнөөдөр Монгол Улсын ядуурлын түвшин бараг 40 хувь давсан гэж хэлж болно. Угтаа 25 орчим хувь байсан бол өнөөдөр энэ хувь бараг л хоёр дахин нэмэгдчихсэн байна. Тэгэхээр энэ бол маш өндөр хувь. Үүнийг нэн яаралтай буулгах хэрэгтэй. Ядуурлын түвшин өндөр байх нь нийгэм, эдийн засаг, цаашлаад улс орны хөгжилд асар том сөрөг нөлөөлөл бий болгодог. Ядуурлын түвшин багасах тусам улс орны хөгжил хурдсаж, нийгэм, эдийн засгийн бүхий л салбар эрүүлждэг онцлогтой. Том зургаараа энэ түвшинг яаж багасгаж байна вэ гэдэг бол төрийн цөм бодлого гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс л нам, эвсэл, нэр дэвшигч сонгохоосоо өмнө мөрийн хөтөлбөрт нь байгаа ядуурлын түвшинг багасгах заалтуудыг нь сайн харчих. Түүнийгээ бусад нам, эвслийн мөрийн хөтөлбөртэй харьцуулаад бас харчих. Ингээд хэний төлөө саналаа өгөх үү, аль нам, эвслийг гаргаж ирэх вэ гэдгээ шийдчих. Тэгвэл өнгөрсөн найман удаагийн сонгуулийн алдаагаа энэ удаад бид давтахгүй байх боломжтой.

-Нөгөөтэйгүүр улс орны хөгжилд хэрэгтэй мөрийн хөтөлбөр үү, эсвэл хоосон амлалт уу гэдгийг сонгогчид ялгаж салгах нь чухал байх, тийм үү?

-Юуны өмнө Монгол Улсын хөгжил юугаар илэрхийлэгддэг вэ гэдгийг би хэлье. Улсын хөгжил нь ард түмний амьжиргааны түвшнээс нь илэрч байдаг. Иргэдийн амьдралын чанар, орчин, боломж ямар хэмжээнд сайжирч байна түүгээр нь улс орны хөгжил тодорхойлогддог. Амьжиргааны түвшинг сайжруулахын тулд ажлын байрыг бий болгох хэрэгтэй. Үйлдвэр барих шаардлагатай. Ажлын байр нэмэгдэх тусам ажилгүйдэл буурна. Ажилгүйдэл буурах тусам ядуурал буурна. Тэгэхээр энэ схемийг ямар байдлаар хэрхэн зөв менежмент хийж мөрийн хөтөлбөртөө тусгаж байна вэ гэдгийг л харчих гэж байгаа юм. Худлаа хоосон амлалтууд шууд л танигддаг. Тухайлбал, өнөөдөр ядуурлын түвшин 40 хувь давсан гэж байна шүү дээ. Тэгвэл үүнийг сонгуулиар ялж гарч ирчихээд 10 хувь болгож эрс багасгана гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байвал энэ бол хоосон амлалт. Худлаа мөрийн хөтөлбөр гэсэн үг. Харин 40 хувийг яаж багасгах вэ, юу хийвэл багасах вэ, багасгах чиглэлд явуулж байгаа бодлогынх нь үр дүн яг хэзээ бодитой илрэх вэ гэдгээ тодорхой зааж өгсөн буюу судалгаатай, судалгаа нь бодитой мөрийн хөтөлбөр нэг уншигдаад л танигддаг.

-Таныхаар бол ядуурлын түвшинг бууруулсан төр засгийг сайн ажилласан гэж дүгнэж болох хэрэг үү?

-Болно. Төр засгийг олон зүйлээр сайн, муу ажилласан гэж дүгнэдэг. Хамгийн шалгарсан дүгнэлтийг ядуурлын түвшин буурсан, эсвэл нэмэгдсэн эсэхээр нь үнэлэх хэрэгтэй. Учир нь ядуурлын түвшинг үнэхээр бууруулж чадсан бол тухайн төр засаг үйлдвэрлэл, ажлын байр, амьдрах орчинг сайжруулсан байна гэсэн үг. Хэрэв ядуурлын түвшин өссөн бол тухайн төр, засаг ажлын байр бий болгоогүй. Ажлын байр бий болгоогүй гэхээр үйлдвэр, бүтээн байгуулалт хийгээгүй гэсэн үг. Цаашлаад иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулах чиглэлд бодитой ажил хийгээгүй гэж ойлгох хэрэгтэй. Энэ л төр засгийг сайн, муу ажилласныг тодорхойлох бодит хэмжүүр шүү. Түүнээс биш олон хууль, олон тогтоол баталж гаргаснаараа төр засаг сайн ажилчихдаг юм огт биш. Түүгээр нь ч дүгнэж болохгүй. Хэдэн ч хууль баталж болно. Тэглээ гээд иргэдийн амьжиргаа дээшлэх үү, ажлын байр нэмэгдчих үү. Тиймээс бодитой шалгуур үзүүлэлтээр бодитой дүгнэхийн тулд ядуурлын түвшин л хамгийн чухал.

-Залуучуудыг саналаа өгөхийг уриалдаг. Учир нь сонгууль бүрээр л залуучуудын ирц тааруу байдаг шүү дээ. Харин энэ удаагийн сонгуулиар залуучууд саналаа өгөх нь эрс нэмэгдэнэ гэсэн судалгаа гарсан байна лээ. Таны хувьд багш хүн. Өдөр болгон залуучуудын дунд тэдний хандлагыг ажиглаж байгаа хүн. Тэр утгаараа залуучуудын оролцоо энэ удаагийн сонгуулиар ямар байх бол?

-Өнөөгийн залуучуудын хандлага эрс өөрчлөгдсөн. Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулшгүйгээр өөрчлөгдсөн нь олон зүйл дээр надад танигддаг, анзаарагддаг. Тэр утгаараа энэ удаагийн сонгуульд залуучуудын ирц түүхэнд байгаагүйгээр өндөр гарах болов уу. Таны хэлдгээр би олон жил хүүхэд, залуучуудын дунд явж байна. Залуучуудын үзэл бодол, хандлага, харилцааг нь өдөр болгон мэдэрдэг. Тэр утгаараа энэ удаагийн сонгуульд 18-30 насны залуучуудын ирц хамгийн өндөр буюу 80, 90 хувьд хүрч мэдэхээр байгаа шүү. Монгол Улс бол залуучуудын эх орон. Залуучууд сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгснөөр өнөөгийн Монгол төрд эрс өөрчлөлт, шинэчлэлтийг бий болгоно. Тэгэхээр энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдах 126 гишүүнтэй парламентад итгэл их төрж байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.198] 2024-06-17 00:34:58

Сайхан. Хүмүүн, хэн хэндээ тус болдоггүй юм гэхэд баярлуулах сэтгэлтэй байлтай. Гэтэл сүүлийн 35 жилд юу болов. Ардчилсан хувьсгалын удирдагчаа алдаж, дүр эсгэгч нэгэн жаал хэсэг жижиглэв. Үнэндээ Баттул гээд нүүрсний хулгайн загалмайлсан эцэг гээд хүнийг хичнээнч магтав. Бид хууртаж ханахгүй. Одоо бид наймыг дугуйл гэж срнгогч бидэнд хэлж байна. Ядахдаа сонгуулвд орохын утга нь сонгох шүү дээ гэмээр. Хулгайч бид нарыг сонгоорой гэж буй юм шиг. Яая даа. Гайхаш тасрах юм. Яван явж Монголыг дутуу сэхээтнүүд баллаж байна. Батсулгыг дэмжих хүн байгаа. Тэр жил Батсул иргэдийн зээлийн 10 сая төгрөгийг чөлөөлж, татвар төлөгчдтийг мөнгөнөөс цохисон. Бид бурууг дэмжиж, сонгуульд орох уу. Ядахдаа Боловсролын Яамыг Гэгээрлийн яам болгох хүниг сонгох юм сан. Харин МАН-ын хөтөлбөр, нэр дэвшигч зүгээрээ. Том цолтой Бгомбо хэлж болохгүй буй юм уу. Ингэвэл ирэх жилд хулгай байсаар байна. АН-д санал өгчихөе гэхэд Гантөмөрийн намбайхгүй. Хэцүү еэ.

зочин [66.181.183.129] 2024-06-16 12:44:27

Уг нь захирал, доктор хүн байх нь. Яриа нь даан ч тулга тойрсон, даржин юм.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.