“Монцемент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Халиун: Аж үйлдвэрлэлийн сэргэлтэд манай улс бэлэн биш

Aдмин / Нийгэм

“Монцемент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Халиунтай ярилцлаа.


-Монполимет групп “Монцемент” төслийг хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас авсан зээл өнөөдөр ч асуудал дагуулсаар байна. Ер нь яагаад уг зээлийг авсан юм бэ. Монцементээс өөр цементийн төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан аж ахуйн нэгж байдаггүй юм уу?

Олон улсын туршлагаас судлахад хөгжиж буй орон хамгийн түрүүнд цементийн үйлдвэрээ барьж дэд бүтцээ хөгжүүлдэг. Учир нь дэд бүтцийн хүртээмжтэй байдал хөгжлийн суурь бөгөөд үүний гол түүхий эд нь мэдээж цемент. 2015 оныг хүртэл манай улс цементийн хувьд импортоос 90 хувь хүртэлх хэмжээнд хараат байсан. Энэ үед цементийн үйлдвэр барих Монцемент, МАК, Хөтөлийн төслүүд хэрэгжих гэж байсан. Монцемент төслийн хувьд Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран төслийн судалгаа дууссан, бас эрчим хүч, ус хангамж, төмөр зам гээд суурь дэд бүтцүүдийн ажлаа дуусгах шатанд орсон байсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк ганцхан Монцементэд зээл олгосон биш, МАК, Хөтөлийн үйлдвэрүүдэд ч ижил цаг хугацаанд зэрэг олгосон. ҮАБЗ-ийн Хөгжлийн банкнаас санхүүжих төслүүдийн зээлийн хэмжээ нийт төслийн хөрөнгө оруулалтын 1/3 хэмжээнд байх гэсэн 2012 оны зөвлөмж, Засгийн газрын 2014 оны тавдугаар сарын 26-ны өдрийн тогтоолд үндэслэн санхүүжилтийг олгосон. Гэхдээ Засгийн газрын тогтоолд төгрөгөөр олгох гэж байсан ч эсрэгээрээ валютаар уг зээл олгогдсон. Ингээд тухайн үеийн ханшаар нийт хөрөнгө оруулалтын 20 хувьд 126.6 тэрбум төгрөгийн зээл авснаас манай хамт олон 260.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийж, харин 100 гаруй тэрбум төгрөгийн ханшийн алдагдлыг үйлдвэрлэгч бид дангаар үүрч энэ зээлийн харилцаа дуусгавар болсон.

Уг нь төгрөгийн ханшийг тогтвортой барих үүрэг нь Төв банкинд байгаа. Гэтэл манай төсөл хэрэгжих цаг хугацаанд валютын ханш 70 гаруй хувиар өссөн, ингэж огцом өсөхийг төсөл хэрэгжүүлэгч урьдчилан таамаглах боломжгүй. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл санхүүжилтэд үе үеийн Засгийн газар, Их хурал хянан шалгалт хийж, нээлттэй сонсгол ч хэд хэдэн удаа зохион байгуулж байсан. Ингэхдээ Монполимет группийн хэрэгжүүлсэн Монцемент төсөл хөтөлбөр Хөгжлийн банкны шаардлагад нийцсэн, цаг хугацаандаа хэрэгжсэн, хамгийн үлгэр жишээ төслөөр үргэлж нэрлэгдэж ирсэн.

Бусад улс оронд стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлбэл цахилгаан, ус, зам зэрэг дэд бүтцийг улсаас нь хангаж өгөхөөр тохиролцдог юм билээ.Төсөл хэрэгжүүлэгч компани зөвхөн үйлдвэрээ л барьдаг. Харин Монголд хэрэгжүүлэгч компани нь эрчим хүч, ус, төмөр зам харилцаа зэргээс эхлээд шаардлагатай бүх дэд бүтцээ өөрсдөө татдаг, энэ нь маш их цаг хугацаа, хөдөлмөр орох төдийгүй төслийн хөрөнгө оруулалт ч нэмэгддэг.

Монцемент үйлдвэр ийн ашиглалтад орж 2016 оноос бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхлэн Монгол Улс цементээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой болж,тэр хэмжээгээрээ гадагш гарах валютын урсгалыг дотооддоо авч үлдэж, улмаар төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахад өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна. Сүүлийн жилүүдэд манай улсын төлбөрийн тэнцэл эерэг үр дүнтэй гарч эхэлсэнд үндэсний үйлдвэрүүдийн хувь нэмэр бас их бий.

-Монцемент үйлдвэрийн нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа вэ. Монполиметээс гадна танай дансыг хаасан гэж ойлгосон?

-Тийм. Манай компанийн бүх дансыг хаасан. Мөн тавдугаар сарын 28,29-ний өдөр АТГ-аас 40-50 хүний бүрэлдэхүүнтэйгээр оффисууд болон зарим удирдлагуудын гэрт гэнэтийн нэгжлэг хүч түрэн хийсэн тухай та бүхэн мэдээлэлтэй байгаа байх. Тус нэгжлэгийн үеэр манай кассанд байсан бэлэн мөнгийг хүртэл аваад явсан. Уг нь бид хувийн хэвшлийн байгууллага. Гэтэл тус бэлэн мөнгөний эх үүсвэрийг шалгана гэх нэрийдлээр хураан авсан нь үнэхээр утгагүй. Ямар нэгэн төрийн албан тушаалтны гэрт нэгжлэг хийгээд их хэмжээний мөнгө гарч ирсэн бол яахав гэхсэн. Монголын бүх аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгөний хэрэгцээнд зориулсан касс бий.

Энэ үйл явдлыг харсан манай гол хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болох EBRD (Европын сэргээн босголт хөгжлийн банк) маш их цочирдож хүлээж авсан. Гадаадын хөрөнгө оруулалттай компанийг яагаад ингэв, манай үүсгэн байгуулагчийг хэрхэн саатуулсан, байцаалт авахдаа хуулиас давсан байдлаар эрүү шүүлт тулгасан, манай ажилтнуудын биед халдсан гэх мэтийг сонсоод энд хүний эрх асар ихээр зөрчигдсөнд гайхаж байсан.

Монполимет группийн хувьд ЕСХБ-тай хамтарч ажиллаад 15 жил болж байна, энэ хугацаанд бид найдвартай итгэлт түнш нь байсаар ирсэн. Олон улсын банк санхүүгийн байгууллага шаардлага өндөр бас хариуцлагатай байхыг шаарддаг. Манай удирдлагууд, хамт олон 32 жилийн турш хариуцлагатай үйл ажиллагаа явуулсан, мөн нийгэм эдийн засагтаа бодит хувь нэмрээ оруулаад явж буйг хөрөнгө оруулагч ч батална. Үүсгэн байгуулагчид маань ЕСХБ-ны шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээр ч шалгарч байсан удаатай.Харин EBRD-н зүгээс НЕП рүү “Монцемент төсөл нь EBRD-н хувьд Монголд хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг мөн. Үйл ажиллагааг зогсоож болохгүй” гэх албан шаардлага захидал явуулсан байсан.

-Саяхан АТГ-аас танай дансыг нээсэн гэх мэдээлэл өгч байсан. Тэр ямар учиртай юм бэ?

-Үйл ажиллагаа явуулдаг дансуудыг тодорхой хэмжээнд нээсэн байгаа ч үйлдвэрүүдэд гэнэтийн зүйл тохиолдоход хэрэглэх зориулалттай маш чухал үүрэгтэй данснуудыг нээгээгүй байгаа. Нээх хүсэлтээ холбогдох газруудад удаа дараа илгээсэн ч хариу өгөөгүй. Мөн манай бусад компаниудын үйл ажиллагаа, зээл төлөхөөр хуримтлал үүсгэсэн байсан хадгаламжийн дансыг нээгээгүй байна. Нэг зүйлийг гайхаад байгаа нь данс нээлттэй байдлаар шалгахад хуульд уг нь харшлах зүйлгүй баймаар. Гэтэл данс ажиллагаагүй байснаас үүдэн гуравдагч этгээдэд төлөх төлбөрүүдээ төлж чадахгүй байдалд орж, энэ нь манай компанийг давхар давхар торгуульд унагаж хүнд байдалд оруулж байгаа энэ үр дагаврыг ойлгохгүй байгаад гайхаж байна. Бид Хөгжлийн банкнаас зээл авснаар хэнийг ч хохироогоогүй. 100 тэрбумын ханшийн хохирлыг өөрсдөө хүлээснээр хамгийн том хохирогчид нь болсон гэхэд буруудахгүй. Гэтэл Прокурорын тогтоолд Хөгжлийн банкнаас авсан зээлээс учирсан хохирлыг арилгуулах, нөхөн төлүүлэх зорилгоор уг зээлийн харилцаанд ямар ч хамааралгүй Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох гэсэн агуулга бүхий үндэслэл дурдсан байсан нь үнэхээр үндэслэлгүй. Олон нийт ч илт хууль бус акц хийж байна гэж шүүмжилж байсан. Тосон үйлдвэр маань лацдуулаад бүтэн хоёр сар гаруй болж байна. Ид ажлынхаа улирлыг алдчихлаа. 400 гаруй ажилтан, тэдгээрийн гэр бүл нийт 1000 гаруй хүний үндсэн хуулиар олгогдсон эрх шууд зөрчигдөж байна.Энэ мэт хохирлыг дараа нь хэн хариуцах вэ гэдэг бас тодорхойгүй. Үнэхээр гомдолтой байна.

-Хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгө танай Монцемент компанид хэзээ шилжиж орсон юм бэ. Ингэж асууж байгаа учир нь мөнгө угаасан гэх хэрэг үүсгээд байгаа шүү дээ?

-Монполимет ХХК Хөгжлийн банкнаас зээлийн гүйлгээ орсон даруйдаа манай дансанд тухайн өдөртөө шилжиж орж байсан. Энэ зээл зөвхөн Монцемент төсөлд 100 хувь зарцуулагдсан. Хөгжлийн банкнаас зээлсэн 65 сая ам.доллар бидний төслийн санхүүжилтийн 20 хувь. Энэ төслийг ЕСХБ болон Монполимет групп хамтран санхүүжүүлсэн. Мөнгө угаах гэдэг term хуульдаа эх үүсвэр нь хууль бус байгаад түүнийг цэвэршүүлэх арга замаар зарцуулахыг хэлдэг, гэтэл Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэр нь хууль бус биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

-Засгийн газар өнгөрөгч хавар импортын татварыг таван хувь болгосон. Энэ шийдвэр танай салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Энэ жилийн хувьд зах зээл “ороо бусгаа” байна. Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр импортын татварыг таван хувь болгож бууруулсан шалтгаанаа тайлбарлахдаа үйлдвэрүүд бэлтгэл ажил муу байна гэсэн. Энэ бол үнэхээр үндэслэлгүй тайлбар. Монцементийн хувьд бүх түүхий эдийн нөөцөө бүрдүүлсэн, Улаанбаатар үйлдвэр рүү клинкерийн тээвэрлэлтээ зохих хэмжээнд хийчихсэн, яг л төлөвлөгөөний дагуу явж байсан. Гаалийн мэдээнээс харахад II улирлын байдлаар 120 орчим мянган тонн цемент импортоор орж ирсэн байна лээ. Өнгөрөгч оноос хоёр дахин их хэмжээний цемент орж ирсэн гэсэн үг. Хэдхэн жилийн өмнө МХЕГ-аас Эрээнд байдаг “Тунхуй” гэх цементийн үйлдвэрийг чанарын шаардлага хангахгүй, хагаралт цууралт өгч байна гэж мэдээлж байсан. МХЕГ татан буугдсан учир импортын цементийн чанарт аль байгууллага нь хяналт хийж байгааг сайн мэдэхгүй байна. Хил дээр ч гэсэн 28 хоногийн бат бэхийг нь үзээд чанарыг нь шалгах бус гарал үүслийн гэрчилгээ дээр л тулгуурлан оруулж байгаа болов уу.

Импортын цементийг дагаад манай улсад байдаг 100 хувь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай үйлдвэр price dump хийж эхэлсэн. Тэдний хувьд үнэ чухал биш, аль болох их хэмжээгээр зарах гэх стратегийг баримталж байна гэсэн. Алсуураа дотоодын үндэсний тодотголтой үйлдвэрүүдээ үйл ажиллагаа явуулах боломжгүй болгоод цаашлаад өөрсдөө энэ салбарт ноёлох, дараа нь үнээ хэд л бол хэд болгож өсгөх бодлого байх вий гэсэн хардлага байна.

-Ингэхэд танай үйлдвэр одоогоор цементээ хэвийн үйлдвэрлэж байгаа юу?

-Үйл ажиллагаа явуулдаг гол данснуудыг хаах үед бид зогсолт хийсэн. Харин одоо ямар ч байсан манай хамт олон үйлдвэрлэлээ явуулж, шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэх ажлаа зогсоолгүй бодит ажил хэрэг болгоод явж байна.

-Монцемент үйлдвэрийн үйл ажиллагаа зогсвол хэдэн хүн ажлын байргүй болох вэ?

-Монполимет групп 1300 гаруй ажилтантай. Үүний 80 орчим хувь нь Монцемент үйлдвэрт ажилладаг. Тэдгээрийн ард гэр бүл гээд 3000 гаруй хүний аж амьдрал яригдана. Цаашлаад үйлдвэр дагаж хөгжсөн жижиг дунд үйлдвэрлэлүүд байна. Тэдгээр мөн хүнд байдалд орно шүү дээ.

-Аливаа нийгмийг хувийн хэвшлийнхэн чирж явдаг шүү дээ. Улс орны эдийн засаг ч хувийн хэвшлийн нуруун дээр тогтож байдаг гэж би хувьдаа боддог?

-Тийм ээ. Манай улсын эдийн засгийг хувийн хэвшлийн компаниуд, үйлдвэрүүд нуруун дээрээ авч явдаг шүү дээ. Манайх шиг жижиг эдийн засагтай улсад нэг хувийн хэвшил хүнд байдалд ороход тухайн хэмжээгээр татвар, орлого буурна л гэсэн үг. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажлын байрыг бий болгох гэсэн үндсэн зорилт төлөвлөгөөнүүд тавьдаг. Монполимет группийн хувьд манай хамт олон эх орондоо сайхан амьдарч болдгийг л уг нь харуулах, хөгжлийн төлөө хамтдаа л зүтгэе гэж тууштай ажил хөдөлмөрөө эрхэлсээр ирсэн. Гэтэл нэг хэсгийн маань ажлын байрыг хааж боогоод нөгөө ажлын байр бий болгоё гэсэн амлалтаа төр засаг нь зөрчөөд байхаар цаашид итгэх итгэл алдарч байна.

-Гадаадын хөрөнгө оруулагчдаас гадна Монголд өөрийн гэсэн үйлдвэр нээе гэж бодож байгаа хүмүүст ч нөлөө үзүүлж байна?

-Монгол Улсад үйлдвэр барихад хууль эрх зүйн орчин маш тодорхойгүй байдаг. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11. 2.1 заалтад стратегийн ач холбогдол бүхий барилгын материал үйлдвэрлэлийн зорилгоор үйлдвэр барьвал импортоор орж ирсэн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж, НӨАТ-ыг 0 хувь болтол ногдуулж болно гэсэн заалт бий. Энэ заалт одоог хүртэл хувийн хэвшлийнхэнд хэрэгжээгүй, харин төрийн хэрэгжүүлж буй төсөлд хэрэгждэг. Бид энэ асуудлаар долоо дахь жилдээ бүх хууль хяналт, төр засгийн байгууллагад хандаад явж байна. Одоог хүртэл шийдгүй байсаар.

Гурван жилийн өмнө гадаадын судалгааны байгууллагаас Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар ирж судлахдаа бидэнтэй уулзсан. Дээрх хуулийн асуудлаар туулж байгаа зүйлээ бид дэлгэрэнгүй ярьж өгөхөд тэгвэл Монголд хэн хөрөнгө оруулах юм бэ гэж асууж байсан л даа.

Эцэст нь дүгнэхэд, манай улс үйлдвэр байгуулъя, хөгжье гэж бүх шатандаа ярьж, УИХ, ЗГ-аас олон хууль, тогтоомж, бодлогын баримтууд, гоё гоё нэртэй хэлэлцүүлэгүүд, зохион байгуулдаг. Үйлдвэрлэгчид бид бодит тулгамдсан асуудлаа танилцуулсаар ирсэн ч өнөөдрийг хүртэл шийдэл, шийдвэргүй, нэг цэг дээрээ л зогсож эргэлдсээр байна. Манай улс өнөөдөр үйлдвэр байгуулж, ажиллуулахад бэлэн биш. Ялангуяа хувийн хэвшлүүд цахиур хагалж анхны стратегийн үйлдвэрүүдийг барьж ашиглалтад оруулахад дээр дурдсан хууль хоорондын уялдаа холбоогүй байдал, ханшийн алдагдал, төрийн хүнд суртал, тээвэр ложистикийн хүрэлцээгүй байдал гэх мэт дандаа төрөөс шалтгаалах асуудлууд дээр үйлдвэрлэгчид ирээд гацдаг. Бидний туулж буй олон бэрхшээлүүдийг хараад дотооддоо үйлдвэр байгуулах олон зорилготой олон залуусын хүсэл мохоход хүрч байна. Бид анхдагч нь байсан эдгээр асуудлуудыг биеэр туулаад, жимийг нь гаргаад явсан учир цаашид засаж, залруулахгүйгээр аж үйлдвэржсэн улс болох боломжгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

Эсэргүү [103.212.162.147] 2024-08-06 20:18:57

Хятад эзэдтэй хулгайч луйварчин улстөрчид эздийнхээ заавраар монголчуудыг ядуу дорой байлгах стратеги хэрэгжүүлж байгаа юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.