Хүүхдүүд сонгууль өгдөг бол...

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч асан Х.Баттулга сүүлийн өдрүүдэд “Хүүхэд хөгжлийн карт” гаргах агуулгыг хөндөх болов. Орон нутгийн сонгуулиар санал өгөх хэсэгтээ буюу насанд хүрэгчдэд л анхаармаар юм, уг нь. Гэтэл АН-ынхан санал өгдөггүй хэсэг буюу хүүхдийн агуулгыг барьж авлаа. Яг ингэж барьж барих нийгмийн шаардлага нь юу байв.

Нийслэл хотын гудамжид зам дагуу өнөө өглөө /2024.09.25/ нөхөөстэй бөмбөгүүд байршуулжээ. Тодруулбал, хүүхэд осолд орж, нас барсан газар бүр амь хохирогчийн тоогоор хагархай бөмбөг тавьсан байна. 2024 оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо 3000 хүрчээ. 3.5 сая хүн амтай улсад энэ бол маш өндөр тоо юм. Хүүхэд эрсдэж, эрх нь зөрчигдсөн тоо баримт ингээд зогсохгүй.

Хатгаа уушгины үрэвслээс болж нас барсан хүүхдүүдийн 50 хувь нь утаанаас болж өвчилсөн гэдгийг ДЭМБ онцолсон. Тэдний дийлэнх нь тав хүртэлх насныхан. Утаатай тэмцэж тэрбус, тэрбумаар төгрөг төсөвлөдөг ч бяцхан амь утааг тэсэлгүй одсоор.

Улаанбаатарт 1553 тоглоомын талбайтай гэж хотын дарга бардам дуугардаг. Сонсоход сайхан тоо ч 30 хувь нь засах шаардлагатай, 60 хувь нь стандартад нийцдэггүй. Ямар ч тоглоомгүй 100 гаруй, 1-3 тоглоомтой 600 гаруй талбай байгаа нь үнэн дүр төрх. Болоо ч үгүй тэр талбайдаа тоглож байхад нь тоомжиргүй жолооч дайрч ороод дөрвөн хүүхэд мөргөж гэмтээх нь жишээний.

Хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн тоо баримтаас дурьдахад 2024 оны нэгдүгээр улиралд 1582 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хулгайлах 368, эрүүл мэндэд хохирол учруулсан 289, хүчиндэх 360, залилах 112, зам тээврийн ослын хохирогч 1660 хүүхэд болж.

Хичээлийн байрны хүртээмжгүй асуудалд мөнгө төсөвлөж, түрээсийн байр олныг гаргасан гэх ч өнөөдөр 36 сургуулийн 20 гаруй мянган хүүхэд гурван ээлжээр хичээллэж, харанхуй шөнө гэрэлтүүлэггүй гудамжаар айдас халаасалж алхаж байна.

Нүдэнд ил, мэргэжлийн байгууллагууд тайлагнаж буй тоо баримтуудаас дурьдахад л энэ. Үүний цаана хөрсний бохирдол, хүнс хоол тэжээлийн дутагдал, үл хайхрах хүчирхийлэл гээд хүүхдийн эрх боогдож, боомилогдож буй асуудлууд үй олон.

Энэ их асуудлаас яагаад нэг ч гэсэн цэгцэрдэггүй вэ? Ололттой, зоригтой, зорилготой шийдэл яагаад гардаггүй вэ? Тэгвэл хохирсон амь болгоны тоогоор хагарсан бөмбөг байршуулсан залуус "Хүүхэд улс төрийн сонгууль өгдөггүй, улс төрчдөд хамаагүй бүлэг учраас" хэмээн тайлбарлалаа.

Нээрээ л хүүхэд санал өгдөггүй учраас асуудал нь орхигдсоор ирсэн. Малчдаас малын хөлийн татвар тооцож авахаас айхдаа улс төрчид сонгуулийн үеийн “гал”-аа л тооцдог. Гэвчиг малын сэдэв ингэж чухлаар хөндөгддөг байхад хүүхдийн агуулга орхигдсоор ирлээ. Үүнийг харин олон нийт хэр ойлгож, таньж чадах бол гэдэг л сонгогчдын боловсролын асуудал юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.