Мөнгөний үнэ сүүлийн 12 жилийн дээд түвшинд хүрчээ
Пүрэв гарагт мөнгөний үнэ 2012 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрч өсжээ. Тодруулбал, Нью-Йоркийн "Comex" биржийн арилжааны явцад 12 дугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс үнэ 3.1 хувиар өсөж, унц нь 33.02 ам.долларт хүрсэн байна.
Уг үнэт металл хамгийн сүүлд 2012 оны 12 дугаар сард ийм үнээр арилжаалагдаж байв. Он гарснаас хойш мөнгөний үнэ 37 орчим хувиар өсжээ.
Хөрөнгө оруулагчдын дунд мөнгөний эрэлт ерөнхийдөө нэмэгдсэн нь үнэ олон жилийн дээд түвшинд хүрч өсөхөд нөлөөлжээ. Мөн пүрэв гарагт алтны үнэ дээд үзүүлэлтэд хүрч, түүхэнд анх удаа унц нь 2700 ам.доллароос давсан байна. АНУ-ын Холбооны нөөцийн сан /Төв банк/ бодлогын хүүгээ цаашид бууруулна гэсэн таамаглал, мөн эрэлт нэмэгдсэн нь үнэт металлуудын үнэ ийнхүү өсөхөд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэжээ.
Холбооны нөөцийн сан есдүгээр сарын хурлаараа бодлогын хүүг 50 суурь нэгжээр бууруулсан. Тус сан бодлогын хүүгээ 2023 оны долоодугаар сараас хойш 5.25-5.5 хувийн түвшинд барьсаар ирсэн бөгөөд энэ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаан дах хамгийн өндөр түвшин юм.
Өнгөрсөн долоо хоногт ХНС мөнгөний бодлогоо сулруулж, бодлогын хүүг цаашид бууруулах төлөвтэй байгаа нь хүүгийн орлого авчирдаггүй үнэт металлуудын ханшид эергээр нөлөөлж байгаа тул мөнгө нь энэ оны хамгийн сайн үзүүлэлттэй гол түүхий эдүүдийн нэг байлаа.
Мөн Хятад улс эдийн засгаа тэлэх арга хэмжээ авснаар аж үйлдвэрийн салбарт мөнгөний эрэлт нэмэгдэх боломж бүрдэж, үнэ өсөхөд нөлөөлжээ. Үүнээс гадна, уг үнэт металлаар баталгаажсан биржийн арилжааны сангуудад орох хөрөнгийн урсгал нэмэгдсэн нь үнийг өсгөсөн гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл