Т.БАТЦОГТ Л БУТ ЦОХИНО

Д.Тулга / Улстөр

Ирэх 4 жилд нийслэлийн хөгжлийн жолоог хэнд атгуулах вэ гэдэг сонголтоо хийхэд арваадхан хоног үлдлээ.

​Энэ сонгуулийн үр дүнгээс дараагийн хотын дарга хэн болох вэ гэдэг шууд хамаарна.

​Харин энэ сонголтоо хийхийн өмнө нийслэлчүүд өнгөрсөн 8 жилд хотод МАН засаглахдаа юу хийсэн билээ гэдгийг эргэцүүлээд үзэхэд илүүдэхгүй байх.

​Үүнийг таны амьдралтай холбоотой хэдхэн гол хэмжүүрээр л дүгнэчихэд болно. Улаанбаатарын утаа арилсан уу. Замын түгжрэл байхгүй болсон уу. Сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн үү. Гээгдсээр ирсэн гэр хорооллын асуудал шийдэгдсэн үү. Энэ хэдхэн асуултад Та хариулт хайгаад үзээрэй.

​Энэ хариултаас дараагийн хотын дарга хэн байвал дээр вэ гэдэг Таны дараагийн дүгнэлт урган гарч таарна.

​Найман жил нам жим байсан эрх баригчид орон нутгийн сонгуулийн өмнө гэнэт хөдөлгөөнд оров. Бидний төлөө нойр хоолгүй зүтгэж байгаагаа гайхуулж, бурхны дүрд тодров. Гэвч тэдний бурхны дүрийн цаана буг чөтгөрийн зальт шунал улалзаж байгаа нь захаасаа ил болж эхлэв.

​Юун түрүүнд хотын дарга нар бидний нэрийг барьж байгаад 500 тэрбум төгрөгийн өр зээл тавьчихсан нь нэгэнт тодорхой болов. Харин тэр хагас их наяд төгрөгөөр ажил хийж байгаа дүр эсгэн баахан боржуур урдаас машин машинаар нь оруулж ирэв. Ингэхдээ Эрээний хятадуудын үйлдвэрлэсэн хулхи боржуурыг 5-аас 6 дахин нугалсан үнээр хотод шахаж энэ дэлхийд байхгүй ашиг хувьдаа хусацгаав. Мөн өнөөх зээлийнхээ талыг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц барьж байгаа гэх Бодийн Баясгаланд ямар ч хүүгүй өгч орхисон байна.

​Удахгүй орон нутгийн сонгууль дуусна. Сонгуулийн саналыг худалдан авах замаар улирч үлдэнэ гэж тооцоолсон нөхөд ирэх өвлөөс өмнө эрчим хүчний үнийг 30% болгож нэмэгдүүлэх нь бүр ч тодорхой болсон. Цахилгааны үнэ 30% нэмэгдэхээр хотоос хүүгүй мөнгө авч станц барьсан Бодийнхон тог цахилгаанаас цулайтал ашиг хийх нь мэдээж. Харин хотын иргэд нэмэгдсэн цахилгааны төлбөрийн золионд талх, сүү, өндөг гээд наад захын хүнсээ багадаа 30%ийн нэмэгдэлтэй үнээр худалдан авч, авдаг цалин нь аманд ч үгүй хамарт ч үгүй болж амьдрал нь шалан дээр унана.

​Боржуураар хөлжсөн нөхөд хотод дахиад улирвал хотын иргэдийн зовлон дээр зоолж хөлждөг гаршсан хулгайгаа дахиад л хийцгээнэ.

​Тэд яг л утаагаар далимдуулж 2 их наядыг хуссан шигээ байж ядан түхэлзэж байна.

​Тэгвэл нийслэлд бугшсан энэ идээ бээрийг хэн шахах вэ. сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэж их л нэр цэвэр царайлж байсан ХҮН-ий нөхөд монголчууддаа хүнийрхүү сэтгэл гаргаж МАН-ын хөнжил рүү гүйж орж цээжин доор нь эрх муужгай шиг гиншин хэвтэж байгаа. Тэгээд одоо өөр хэн нийслэлийг өөрчлөнө гэж.

​АН-аас өөр аврал хотынхонд харагдахгүй байна. АН-ын үед л хот хот шиг болж, иргэд хотын иргэн гэдгээ мэдэрч явсан түүх итгэл найдвар төрүүлж байна. Ж.Наранцацралт, Э.Бат-Үүл гээд АН-аас төрсөн хотын дарга нар л Улаанбаатарын хөгжлийг өөд нь татаж байв.

​Харин энэ удаад хувь заяаны тохиолоор энэ үүрэг Түмэндэлгэрийн Батцогтод оногджээ. Тэр улс төрд орсон цагаасаа хойш дандаа анхан шатнаас нь шатлан дэвших зарчмаар л явж өдий зэрэгт хүрсэн.

​АН эрх барьж байх үед намынхаа ах нарыг дагаж далдаганасангүй. Үнэндээ бол түүнд алба тушаалд очих, үгүйдээ агентлагийн дарга, дэд сайд, төрийн өмчит компанийн захирлын зөөлөн суудалд тухлах боломж зөндөө л байсан. Харин тэр тэгээгүй.

​НИТХ-д нийслэлийн иргэдийн дуу хоолой болж өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн 4 жилд Нямбаатараа гэж зааж байгаад эрх баригчдын буруутай булхайтай үйлдлийг хурцаар шүүмжилж, олон нийтэд дэлгэх шийртэй эр өөр хэн байсан гэж.

​Сонгууль тулангуут МАН өнгөрсөн 8 жилд шийдээгүйгээ ирэх 4 жилд шийдчих юм шиг “муур багш”-ийн дүр эсгэн хайр зарлаж байна. Хүнээр бол чиний нэрийг барьж гэр орныг чинь сайхан болгож өгнө гэж өрөөл бусдаас баахан зээл авчихаад тэр мөнгөөрөө ууж идэж, наргиж дургиж байна. Харин маргааш тэр зээлсэн мөнгөө өгөх болоход чиний халааснаас аваад л төлнө. Угаасаа өөр гарц байхгүй.

​Зангиатай дээрэмчдийн энэ зальт хулгайн системийг Т.Батцогт тэргүүтэй АН-ынхан л бут цохиж, нурааж чадна. Харин тэдэнд энэ боломжийг нь олгохын тулд бид одоо зөв сонголт хийх л хамгаас чухал байна.

​Ногоон автобусны хулгайч, боржуурын хулгайч, тендерийн хулгайч нараас бүрдсэн Нямбаатарын багийг иргэдийн боломжийг хулгайлсан индэрээс нь буулгая гэвэл Т.Батцогтыг, бас түүний багийг дэмж. Яагаад гэвэл түүний багт асуудлыг хоосон шүүмжлэх сүржигнэл биш харин эрэмбэлж эхнээс нь шийдэл шийдлүүд нь байна.

​Хэрэв Хүүхдийн төлөө хотын төлөө Та сонголт хийж чадахгүй бол дараад нь мянга бухимдаад оройтсон л байх болно. Сар шинийн хэвийн боов, салхинд гаргадаг бэсрэг зугаалганы төлөө саналаа худалддаггүй иргэдтэй болсон цагт их хотын ирээдүй гэрэлтэй болно. Тэр гэрэлд гэгээ нэмэх нэг бамбар нь чухамдаа бол Та өөрөө юм шүү дээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.