Н.Цогбадрах: Нэг л хүн үстэй шар амьтанд хазуулсан гэж хэлсэн

Д.Тулга / Эрүүл мэнд

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд дөрвөн хүн шавьжинд хазуулснаас нэг нь амиа алдсан талаарх мэдээллийг бид хүргэсэн. Бид энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогтбадрахтай ярилцлаа.

-Танайд шавьжинд хазуулсан хүмүүсийн талаарх мэдээлэл хэзээ ирсэн бэ?

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд дөрвөн хүн шавьжинд хазуулсан, үүнээс нэг нь нас барлаа гэсэн мэдээллийг өнгөрсөн сарын 28-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хүлээж авсан. Талийгаач хүзүүн дээрээ хагалгааны шархтай эмнэлэгт ирээд нас барсан байсан. Нас барсан шалтгааныг нь тодруулах шинжилгээний хариу нь одоогоор гараагүй байгаа. 14 хоногийн дараа гарна.

-Шавьжинд хатгуулж нас барсан нь яг тогтоогдоогүй байгаа юм уу?

-Шавьжинд хатгуулаад хүн нас барсан гэх мэдээлэл учир дутагдалтай юм. Шавьжнаасаа болсон уу, өөр ямар нэгэн тохиолдол байсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Нас барсан хүний хувьд шавьжинд хатгуулснаас болж амиа алдсан бол бусад хүмүүс нь зүгээр байгаа. Тэгэхээр энэ хүн маш өвөрмөц харшилтай ч юм уу, янз бүрийн өвчлөлтэй байсан байхыг үгүйсгэхгүй.

-Эрдэнэцагаан суманд шавьжинд хазуулсан хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн. Биеийн байдал нь ямар байгаа бол?

-Шавьжинд хазуулсан гэх хоёр хүн эмнэлэгт хэвтээд эмчлэгдээд гарсан байна билээ. Шумуулд хазуулахаар товойгоод хавддаг шүү дээ. Тэрэн шиг тэд загатнасан газраа маажсанаас халдвар оруулаад эмчилгээнд орсон байсан. Бид аймгийн Эрүүл мэндийн газар, Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төвийн эмч нарыг мэргэжил аргазүйгээр хангаад шавьжинд хатгуулахаас яаж урьдчилан сэргийлэх, хазуулсан бол яах вэ гэх мэтчилэн зөвлөмж зөвлөгөө хүргүүлж байна.


-ШИНЖИЛГЭЭНД ЯВУУЛСАН ШАВЬЖ ҮХЭР ХЭДГЭНЭ БАЙСАН-

-Хазсан шавьж нь ямар шавьж байсныг тогтоосон уу?

-Хазуулсан хүмүүсээс цусны сорьц аваад явуулсан. Тухайн орон нутгийн байгаль орчны байцаагч, аймгийн Эрүүл мэндийн газрын халдвар судлалын эмч нарыг оролцуулсан тандалт судалгааны баг тэнд ажилласан. Тухайн орон нутагт бөөнөөрөө хүн хатгаад байгаа шавьж одоогоор илрээгүй байна. Хүмүүсээс санал асуулга авахад хатгуулсан гэх хүмүүс юунд хатгуулснаа сайн мэдэхгүй гээд байгаа. Унтаж байхдаа хатгуулсан, мотоциклтой, морьтой явж байхад хатгасан гэх мэтчилэн тодорхой бус зүйл ярьж байгаа. Нэг хүн шар өнгөтэй, үстэй амьтан байсан гэж хэлсэн. Энэ мэдээллийн дагуу манай хүмүүс тэр шавьжийг барьж, наашаа шинжилгээнд явуулсан. Ингээд бид биологийн зүйлийг нь тодорхойлоход энэ нь үхэр хэдгэнэ гэх манай монгол орны газар нутагт байж байдаг хэдгэнэ болох нь тогтоогдсон. Ер нь ямар ч тохиолдолд шавьжинд нэгхэн удаа хатгуулаад шууд нас бардаг тохиолдол маш ховор. Бөөнөөрөө сүрэглэн дайрч хатгасан тохиолдолд хордлогод орох, үүнээс үүдэлтэй амиа алдах магадлал арай өндөр.

-Танайхаас Эрдэнэцагаанд ажиллах баг явсан уу?

-Ямар ч байсан эндээс тандалт судалгааны мэргэжлийн баг гаргаад, газар дээр нь очиж ажиллуулахаар явуулах гэж байна. Эрдэнэцагаан суманд ямар ямар төрлийн шавж байдаг, тэдэнд судалгаа хийнэ. Мөн хазуулсан хүмүүсээс шинжилгээ авч, урьдчилан байдлаар ямар өвчнөөр өвдсөн болохыг нь тогтооно.


-ХАЗУУЛСАН ИРГЭДИЙН НЭГ НЬ ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮХЭД БАЙСАН-

-Амиа алдсан болоод хазуулсан хүмүүст яг ямар шинж тэмдэг илэрсэн бэ?

-Нас барсан хүний хувьд хазуулсан газар нь хавдаад улайчихсан ирсэн гэсэн. Байнга загатнаж маажсанаас болоод халдвар орсон байдалтай байсныг хагалгааны аргаар зүсэлт хийж нээн хазсан амьтны хошууг гаргасан юм билээ. Ингээд Улаанбаатарт ирээд эмчилгээ авч байгаад хоёр цагийн дотор нас барсан байсан. Эрдэнэцагаан суманд эмнэлэгт эмчлүүлээд гарсан хоёр хүний нэг нь дөрвөн настай хүүхэд. Мөн л хазуулсан газар нь улайж хавдсан байсан. Ойр зуурын эмчилгээ хийгээд, хазуулсан хэсгийг нь оролдохгүй, маажуулахгүй байхад эдгээд гарсан байгаа.

-Суманд тандалт судалгаа хийсэн гэсэн. Эмнэлэгт хэвтээгүй ч шавьжинд хазуулсан хүмүүс байсан уу?

-7-8 хүн шавьжинд хазуулсан. Ердийн л шумуулд хазуулахаар илэрдэг зовиур мэдрэгдсэн байгаа юм. Бүгдээс нь цусны сорьц авсан. Шинжилгээ нь хийгдэж байна.

-Шавьж, зөгийнд хатгуулснаас амиа алдсан тохиолдол манай улсад бий юү?

-Байхгүй. АНУ-д алуурчин зөгий гэх шавьж хүнийг хатгаж хордуулж аминд нь хүрч байсан. Мөн 2013 онд БНХАУ-д ийм төрлийн зөгийнд 1600-гаад хүн хатгуулсан гэсэн мэдээлэл бий. Тэднээс 40 хүн нас барсан байдаг. Харин манай улсын хувьд тийм баримт байхгүй.


-ҮНЭРТЭНЭЭС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ-

-Шавьжинд хазуулахгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Нийт иргэдэд анхааруулж хэлэхэд шумуул, шавьж олноор гарч ирдэг зун, намрын улиралд хөдөө гадаа явахдаа аль болох биеэ ил гарахааргүй хувцастай явж байх, үнэртэн, гоо сайхны зүйл хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Элдэв хурц үнэрээр шавьж цуглардаг тал бий. Үүний оронд шумуул, шавьж үргээдэг зориулалтын тосоор биеийнхээ ил хэсгийг тосолж, хээр гадаа явж байхдаа болон гэр орондоо байхдаа ч хоолны үлдэгдэл, шавхруугаа гэрийнхээ ойролцоо асгахгүй байвал шавьж хорхой цуглахгүй байх, цаашлаад таныг хатгахгүй байх боломжтой.

-Хэрвээ хатгуулчихвал ямар арга хэмжээ авах вэ?

-Хатгуулсан тохиолдолд аль болох оролдохгүй, харшилтай бол харшлын эсрэг эмээ хэрэглээд, яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Тэгэхгүй бол маажсаар байгаад шарх үүсгээд, шарх нь бохир гарын нянгаар халдварлаж идээлдэг, үрэвсдэг. Эндээсээ цаашлаад хүндэрч амь насаа алдах ч эрсдэлтэй. Тиймээс энэ бүхнээс урьдчилан сэргийлж, хүүхдүүддээ анхаарал тавихыг зөвлөж байна.


-ХАЧИГТ ХАЗУУЛСАН ГЭХ 480-ААД ДУУДЛАГА ИРЖЭЭ-

-Сүхбатаараас өөр аймгаас шавьжинд хазуулсан гэх мэдээлэл ирсэн үү?

-Ирээгүй байна.

-Зоонозын өвчин судлалын төвд сүүлийн үед ямар төрлийн судалгаа шинжилгээ түлхүү хийгдэж байна вэ?

-Хачигт халдваруудын асуудлыг илүү судалж байна. Хачигт хазуулж өвчилсөн тохиолдлууд нэлээд байна. Он гарсаар 480 гаруй дуудлага хүлээн авч үйлчилсэн. Хатгуулсан хүмүүсээс цусыг нь авч оношийг тогтоосон. Хачигт инцобалиут гэх өвчнөөр нас барсан тохиолдол байгаа. Ер нь мал амьтнаас хүнд халдаж болдог бүхий л өвчлөлийг манайх судлан шинжилж, хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Дэлхий дээр 200-гаад өвчин байдгаас манай оронд бруцеллёз, шүлхий, тарваган тахал, шувууны томуу гэх мэтчилэн 30-аад өвчлөл бүртгэгдсэн байдаг.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.