Д.Төмөрбаатар Япон улсын Эзэн хааны зарлигаар “Мандах нар” одон хүртлээ

Д.Тулга / Боловсрол

tumurbaatar

Өнөөдөр Япон улсын Элчин сайдын өргөөнд Монгол улсын иргэн Дэлэгийн Төмөрбаатарт Япон улсын Эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардууллаа.

Ёслолын ажиллагааны үеэр Япон улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхэт Элчин сайд Шимизү Такэнори Д.Төмөрбаатарын тухай “Д.Төмөрбаатар социализмын үед олж авсан япон хэл болон утга зохиолын гүнзгий мэдлэгээ ашиглан ардчиллын хөдөлгөөн ид өрнөсөн 1989 оноос Монголын радиогоор анх япон хэлээр Монголын тухайн үеийн байдлыг Японд түгээж япон хүмүүсийн Монголын тухай ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ мэт өргөн хүрээний үйл ажиллагаагаар дамжуулан Япон, Монголын найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Төмөрбаатарын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж энэхүү одонг олгож байна” гэв.

Д.Төмөрбаатар:

tumurbaatarД.ТӨМӨРБААТАР: МОНГОЛ ОРОНДОО ИЛҮҮ ИХ ХАЙРТАЙ

-Эзэн хааны зарлигаар одон медаль хүртлээ. Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Миний сэтгэл хөдлөөд хэлэх гэж байсан үгүүдээ мартчих шиг боллоо. Өчүүхэн хөдөлмөрийг минь өндрөөр үнэлж, энэ хүндтэй одон хүртээж байгаа Японы ард түмэн, Япон улсын Засгийн газарт баярласан талархсанаа илэрхийлье. 1972 онд Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосон байдгийг та бүхэн мэднэ. Гэхдээ сүүлийн 20 жил энэ хоёр улс хоорондоо маш өндөр хурдтайгаар илүү их хамтран ажиллах болсон. Харин миний хийдэг ажил бол жирийн иргэд хоорондын харилцаа, монгол япон хүмүүс хоорондоо бие биеэ зөвөөр ойлгох, зөвөөр ойлгосны үндсэн дээр найз нөхөд болж, харилцан ашигтай үйл ажиллагаа явуулахад оршино.

-Япон улстай анх хэрхэн холбогдож байсан бэ?

-Би өөрийгөө маш азтай хүн гэж боддог. Яагаад гэвэл би япон хэлтэй учирсан. Би 1975 онд арван жилийн сургуулиа төгсөх үе, хүн болгон Япон хэлийг сонгох боломжгүй байх үед азаар япон хэл намайг олоод ирсэн. Хэн ч тухайн үед япон хэлээр сурах тухай төсөөлдөггүй байлаа. Энэ л үед цөөн хэдэн онц сурлагатан хүүхдийг сонгож аваад, Япон хэл сургаж байсан юм. Өнөөдөр хамгийн их бодогдож байгаа зүйл бол би ганцаараа энэ амжилтыг гаргаагүй. Орчуулсан номууд, телевизийн нэвтрүүлгүүд, зохион байгуулсан тэмцээн уралдаан гээд бүх ажилд минь цаана нь заавал хэн нэгэн үргэлж туслаж дэмжиж явдаг. Иймд энэ хүмүүсийн ч бас шагнал гэж ойлгож байна.

-Япон орон таны зүрх сэтгэлд ямар байр суурь эзэлдэг вэ?

-Би Монгол хүн. Монгол орон, Япон орон миний хувьд ялгаагүй ч Монгол орондоо би илүү хайтай. Япончуудын ажиллаж амьдрах арга барил, зан заншлаас бид суралцах ёстой гэж Япон орны мэргэжилтэн хүний хувьд боддог. Тийм ч учраас энэ улс үндэстэн, энэ хүмүүсээс бид авч болох, амьдралдаа тусгаж болох зүйлсэд төвлөрч ажилладаг.

-Япон орныг зөвхөн монголчуудад сурталчлаад зогсохгүй, Монгол улсыг Японд хэрхэн сурталчилдаг вэ?

-Харилцан бид бие биенээсээ суралцдаг. Япончууд айхтар улсууд шүү дээ. Монголчуудаас сурах юм их байна гэж ярьдаг юм. Тухайлбал, монголчуудаас тэвчээртэй зан чанарыг нь суралцана, биднээс илүү тэвчээртэй гэдэг. Гэтэл би япончуудын тэвчээртэй зан чанар монголчуудынхаас илүү гэж бодож байх жишээтэй. Япончуудын ярьж байгааг сонсоод байхаар нээрээ бидэнд авах юм их байдаг юм байна. Харамсалтай нь бид үүнийгээ үнэлдэггүй, ажил болгож чаддаггүй. Тийм учраас миний хийж байгаа ажлын чухал зүйлсийн нэг бол Япончуудтай харилцахын хажуугаар тэднээс өөрсдийгөө харъя. Бид маш том өв уламжлал, өндөр соёлтой ард түмэн. Үүнийгээ анзааралгүй, юм л бол гадныхныг дуурайчих гээд л байдаг.

tumurbaatar

-Та орчуулж байсан анхныхаа номын дурсамжаа хуваалцахгүй юу?

-Анх удаа “Сүүлчийн шёогүн” нэртэй номоо 1996 онд гаргасан. Гэтэл тухайн үед өнөөдрийн Монгол шиг бүх зүйлийг хэвлэж чаддаггүй байлаа шүү дээ. Бид бүх юмыг нь Японд бэлдэж авч ирээд, манай эхнэр, одоо том болсон хоёр охин минь гээд бид дөрвүүл шөнөжин сууж нааж хийж байлаа. Номын хувьд би 1993 онд, нилээд хүнд хэцүү үед энэ хэцүү номыг орчуулж байсан. Тухайн үедээ цаасан дээр орчуулж бичдэг байсан болохоор хаях, гээх, ахиж орчуулах явдал бишгүй байлаа. 2012 оноос хойш Япон улсын талаар мэдлэгтэй монголчууд их болсон. Тэр үед л “Төмөрбаатартай цуг Япон орноор” нэртэй нэвтрүүлгээ хийж эхэлсэн түүхтэй.

-Одонгоор таныг шагнана гэдэг мэдээж цаашид илүү их ажил хийгээрэй гэж хэлж, урамшуулж байгаа явдал болов уу?

-Тийм ээ. Саяхан би Элчин сайдад хэлж байлаа. Миний хийсэн ажил нэг л дутуу санагдаад байна. Тиймээс цаашдаа би өнөөдрөөс илүү их хичээж ажиллах болно. Над шиг зөрүүд хүнд туслаж дэмжиж байсан та бүхэндээ баярлалаа.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

tumurbaatar

tumurbaatar

tumurbaatar


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.