Б.Баясгалан: Монголын математикчид хэзээ ч Монголынхоо нэр төрийг унагаж явсангүй

Д.Тулга / Боловсрол

bayasgalan

Зураг: Ж.Гангаа агсаны хамт. Сан Франциско хотноо 2004 он

Математикийн гоо сайхны соён гэгээрүүлэх Олонлог сэтгүүлийн эрхлэгч, Олонлог төв сургуулийг үүсгэн байгуулагч, доктор Б.Баясгалантай уулзаж ярилцлаа.

-Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны ойд зориулсан Математикийн улсын уралдаан анх зохион байгуулагдаж эхэлсэн үүсгэл санаачлагын тухай яриагаа эхэлбэл та их сонин түүх өгүүлэх байх гэж бодлоо ?

-Уралдаан 2010 оноос эхтэй л дээ. Миний дотнын анд Ж.Гангаа агсан бид анх Өдрийн сонины бүрэн дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд математикийн эчнээ уралдааныг 2 үе шаттайгаар тэр онд зохион байгуулсан юм. Гангаа маань бичгийн хүн гэлтгүй, тооны урлагт дуртай, цаг зав нь олдвол математикийн танин мэдэх далд хүч чадлын тухай байнга шохоорхон асуудаг нэгэн байв. Тэгэхээр тооны ухаан бол гайхамшиг гэдгийн үнэн худлыг чин сэтгэлээсээ мэдэрч ухаарах гэсэн ил боловч гярхай хандлагаар тандаж яриа, хууч өрнүүлдэг байсан он жилүүдийн минь үр дүн энэ уралдаан байсан юм. Хоёр жил тутамд эчнээ, бусад жилд нь 1911 оны 12-р сарын 29-ний түүхэн үйл явдалд зориулсан улсын хэмжээний том уралдаан явуулж байх санаа ингэж л төрсөн байдаг. Анхны болон дараа дараагийнх нь уралдааныг Өдрийн сонин ивээн тэтгэж нүүр дамжуулан бодлого болон бодолт, сурталчилгааг хийж өгснөөр энэ уралдаан өнөөдрийн өнгө төрх, нэр нүүрээ олж авсан юм. Өнөөдөр анд маань байхгүй ч Өдрийн сонин мөн л бидний санаачлага, үйл ажиллагааг дэмжин сурталчилсаар байгаад бид туйлаас талархаж байна. Энэ жилийн хувьд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны ойд зориулсан Математикийн улсын III уралдааныг энэ 12-р сарын 8-13-ны өдрүүдэд Олонлог сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

-Энэ жилийн уралдааны зохион байгуулалтын онцлог, шинж чанар, ач холбогдлын талаар тодруулахгүй юу?

-Ухаантай хүмүүс сайн үйлийг тун донжтой дэмждэг учраас уралдааны маань эрч хүчтэй дэмжлэг авсаар л байна. Завхан нутгийн нэртэй улстөчдийн нэг, УИХ-ын гишүүн Я.Санжмятав манай уралдааныг эхнээс нь л дэмжиж, ивээн тэтгэх боломжтой үедээ тусалсаар ирснийг хэлэх учиртай. Монголын Математикийн Олимпиадын хөдөлгөөнийг олон жил гайхамшигтай удирдсан математикч Ц.Дашдорж 2011, 2013 онд зохиогдсон уралдааныг ивээлдээ авч байсан бол энэ жилийнхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, бас л манай “тоочин шавь нар”-ын маань нэг Л.Гантөмөр дэмжиж уралдааныг албан ёсоор явуулах боломжийг нээж өглөө. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны газрын дарга Б.Насанбаяр нарын төрийн албаныхан ухаалаг хандлага гаргаснаар бид Тусгаар тогтнолоо хүндэтгэн хайрласан үзэл санаагаар чимсэн тоон ухааны том баярыг шинэ оны босгон дээр тэмдэглэж чадлаа.

Энэ жилийн хувьд онцгой дэмжлэгтэй уралдаан байлаа. Учир нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Тусгаар тогтнолын ойд зориулсан III уралдааныг ивээн тэтгэх болсноор уралдаан маань агуулга, цар хүрээ, зохион байгуулалтын хувьд дээд төвшинд хүрч чадлаа. Монголчууд тусгаар тогтнолоо толгойныхоо сайнаар авч явахыг үгээр биш, үйл хэргээр харуулсан энэ эрхмийн дэмэнд энэ жилийн уралдаанд 1800 шахуу оролцогч Улаанбаатар төдийгүй орон нутгаас ирж оролцлоо. Уралдаанд Архангай, Баянхонгор, Увс, Хөвсгөл, Дархан, Орхон Уул, Сүхбаатар, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь болон Төв аймгийн Заамар, Жаргалан, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумдаас нийтдээ 130 гаруй тоочид ирж уралдсан нь гайхамшигтай байлаа.

Уралдаан амжилттай явагдсан бөгөөд дүнгийн хурлаа 12-р сарын 2О-ны өдрийн 12 цагт хийх юм. Дүнгийн хурлыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын хамт олон зохион байгуулж өөрсдийн тусгайлан захиалж хийлгэсэн гоё медаль, шагналыг гардуулах юм.

bayasgalan

-Энэхүү уралдааны бодлого дэвшүүлэлт, шагнал урамшууллын хэлбэр зэрэг нь их сонирхол татдаг шиг ?

-Магадгүй л юм. Математикийн уралдаан, математикийн соёл, мэдлэг гэхээр гараа сунгадаг цөөнгүй хүмүүс, байгууллага байдаг л даа. Ялангуяа Олонлог сургууль, Олонлог сэтгүүлийг дэмжиж ажилладаг Космо компани, захирал математикч-бизнесмэн Б.Батбаасан, Таван Богд, Их Модун, Янгир Хайрхан, Эх нутгийн буян, Интер актив, Скайтел, АПУ трейдинг компани нарын байнга хандив өргөж туслалцаа үзүүлдэг хувь хүн, байгууллагуудад талархаж, сайныг ерөөн ажилд нь амжилт хүсье. Энэ удаагийн уралдаанд хандив өгч тус үзүүлсэн Олонлог сургуулийн сурагчдын маань гэрийн бүлийн Б.Цогтсэргэлэн, Ц.Чинзоригт, Б.Ууганбаяр, П.Отгонбаатар, Ц.Оюунцэцэг, Д.Баттүвшин, С.Алтанцэцэг, Ц.Саранцэцэг, М.Отгонхишиг нарт баярласнаа илэрхийлэе. Ийм дэмжлэг, туслалцаагүйгээр энэ том уралдааныг зохион явуулах ямар ч боломжгүй билээ.

Бодлого дэвшүүлэлтийн хувьд Олонлог сургуулийн баг, хамт олон асар арвин туршлага, гоо сайхны гүн мэдрэмжтэй л дээ. Энэ сургуульд Монголын математикийн дархан аварга Б.Баяржаргал, Б.Ганбилэг, П.Чимэг, Б.Намжилмаа нар ажиллаж хөдөлмөрлөдөг. Манай сургуулийг төгссөн Олон улсын Математикийн олимпиадын аварга оролцогч Б.Сумъяа, Э.Энхзаяа, О.Өлзийбаяр, Б.Бат-Од, Б.Мөнх-Эрдэнэ, А.Сүхбат нарын шавь нар маань ч байна. Миний шавь математикч Б.Сандагдорж, Б.Хоролдагва, Ш.Уранчимэг нар маань ийм уралдаанд барьц алдахааргүй өндөр боловсролтой, мэдрэмжтэй улс л даа. Энэ жилийн хувьд математикч Ч.Гантөмөрөөр дамжуулан Румынийн математикчид бодлого дэвшүүлсэн нь тун сайшаалтай явдал болсон юм. Олонлог сэтгүүл болон Олонлог сургууль дээр явагддаг математикийн Баасан гаригийн семинар, Улаанбаатарын Математикийн нээлттэй семинарийн үйл ажиллагаа нь математикийн шинэ үзэл санаа, үйл хэргээс хоцрохгүй байх боломжийг бид бүхэнд бас олгодог.

-Математик боловсролын төвшингөөр манай улс ямар байна гэж боддог вэ. Ер нь тоо бодохын ач тусыг практик амьдралд юунаас хамгийн энгийнээр харж болох вэ?

-Монголын математикчид хэзээ ч Монголынхоо нэр төрийг унагаж явсангүй. Тиймдээ ч бид дэлхийд данстай, эрдэмтэд нь улс орон болон өөрсдөөрөө нэрлэгдэх том үр дүнг баталсаар байдаг. Үгүй ядаж шавь нар нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс жил бүр шагнал, медаль авчирсаар байна.

Математикийн онолын судалгаагаар Монголчууд өндөр түвшинд хүрсэн л дээ. Математикчдад хийх ажил их, тэдэнд цаас, үзэг л байхад хангалттай байдаг улс л даа. Нийгэм үүнийг хүлээн зөвшөөрч, тэдэнд математикаар оролдох эрх чөлөөг л өгөх хэрэгтэй гэж Английн нэрт математикч Тимоти Гауэрс хэлсэн нь ч бий. Онолын судалгааны зэрэгцээ математикийн сонгодог салбаруудад ч амжилт олсоор л байна.

Математикийн нийлбэр ач холбогдол, түүний таагдашгүй үр ашигт байдал, практик хэрэглээний талаар ямар ч маргаан, эргэлзээ байхгүй сэдэв л дээ. Харин тухайн үр дүн, тодорхой судалгааны хувьд ийм тийм ач тустай гээд хэлээд байх боломж байхгүй. Учир нь тухайн үр дүнгийн цаад ач холбогдол, хэрэглээг урьдчилж хэлэх ямар ч боломжгүй юм. Математикийн аливаа үр дүн энэ ертөнцөд байж болох бүтэц, тогтоц, зүй тогтлыг илэрхийлж байдаг. Эдгээртэй хэн хэзээ таарч учрахыг урьдчилж таах боломжгүй л дээ.

-Математикийн гоо сайхны соён гэгээрүүлэх Олонлог сэтгүүлийг анх яагаад гаргах болсон бэ. Мөн Улаанбаатарын математикийн нээлттэй семинар зохион явуулдаг болсон тухайгаа ярина уу?

-Аливаа үндэстэн өөрийнхөө үндэсний хэл дээр математикийн ололт, бодох урлагийн амжилтуудыг уншиж, судалж, ярьж хэлэлцдэг боломж, талбартай байх учиртай л даа.

-Олонлог сургуулийн сурагчид тоогоор хэр сайн уралдаж байна вэ?

-Манайхан сайн байгаа. Олон улсын математикийн олимпиадаас байгуулагдсан 13 жилийн түүхэндээ 2 мөнгөн медаль, 9 хүрэл медаль, 6 тусгай шагналыг авчирч Монгол сурагчийн авъяас чадварыг дэлхийд нотолж харуулсныг дурдахад хангалттай.

-Тоо бодох нь тусгай онцгой оюун ухаантай хүний ажил мэтээр ойлгодог хандлагыг та юу гэж үздэг вэ?

-Би энэ тухай олон удаа нэг л зүйлийг хэлдэг. Математикт толгой хүрэхгүй гэсэн байр суурь хамгийн бурангуй, бас худал зүйл мөн. Олонлог сургуулиар жишээлж болно л доо. Энэ сургууль элсэгчдийг ангилж, шалгаруулж шилж авдаггүй цөөн сургуулиудын нэг. Орон тоо байвал элсэн сурч болно. Суралцагчдад Олонлогийн багш нарын тэвчээртэй, хүлээцтэй, хүндэтгэлтэй ханддаг байдал амжилт авчирдаг. Бүр багаас нь хөтлөн алхам алхмаар, шат шатаар ахиулсаар ердийн нэг сурагчийг олон улсын түвшинд хүртэл сургадаг нь энд бий болсон уур амьсгал, уламжлал, нөр их хөдөлмөрийн л үр дүн юм. Дийлэнх суралцагчид стандартаас давсан мэдлэг, чадвартай болоод төгсдөгийг бидний 13 жилийн түүх нотолдог. Багш маш чухал. Математикийг гоё, хялбар, уран заахад л анхаарах шаардлагатай. Маш энгийн зүй тогтолтой зүйл болохыг суралцагчдад мэдрүүлэх учиртай. Багш сурагчийн хамтын хөдөлмөр, харилцан ойлголцол хамгаас чухал. Өөр юу ч байхгүй.

-Математикийн гоо сайхан, яруу чанар гэж юу вэ?

-Гоо сайхан, яруу чанарыг хүн мэдэрдэг эрхтэнүүдтэй л дээ. Тэдний нэг нь уураг тархи. Сэтгэн бодож гоо сайхан, яруу чанарыг мэдрэх тухай л юм.

-Олонлог сэтгүүл, Олонлог сургуулийн хамт олны математикийн амьдралд зориулж байгаа үйлс, зорилго хэр биелэгдэж байна гэж боддог вэ?

-Бид их том зорилгогүй л дээ. Бидэнд итгэж ирсэн хэнийг ч дэмжиж тэтгэж санасан хэмжээнд нь хүртэл математикийн суурь боловсрол олгох, математикийн гоо сайхан, бодох урлагийн оргил үр дүнгүүдээс хүртээхийг чармайж байгаа. Эх хэл, соёлоо мэдэрдэг, мэддэг, сэтгэлгээ нь хурц, үнэн байдаг иргэд олон байгаасай хэмээн зүтгэдэг улс.

-Тоо бодож тоогоор амьсгалж, математикт зүрх сэтгэлээ зориулж хэзээ үр дүн нь гарах нь мэдэгдэхгүй зүйл рүү зарим хэсэг нь айж бэрхшээж буцдаг шиг?

-Ертөнц ерөөсөө математик зүй тогтолтой гэсэн үзэл баримтлал үнэмшилтэй сонсогдох болсон л доо. Би ч тэгж боддог. Хүүхэд бүр математикт амжилттай суралцах албагүй юм. Гэхдээ хүүхэд бүр математикийг ухаарах, зүй тогтлыг нь анзаарах чадвартай гэж би үздэг. Энэ бол уралдах, түрүүлэхтэй огт хамаагүй асуудал юм. Математикт суралцах арга энгийн шүү дээ. Эхнээс нь эхэл, оролд, оролд, асууж мэд, тэвчээртэй бай, хэзээ ч битгий бууж өг, дахиад оролд.

Бидний эргэн тойронд шийдэх эзнээ хүлээсэн түг түмэн асуудал, шинэ нээлт хийх боломж чөлөөтэй байж байдаг. Түүнийг тусгай тархи толгойнууд хийгээд байдаггүй, бидний адил л хүмүүн хийдэгийг санах хэрэгтэй. Би өөрийн багш нартайгаа нийлж математикийн маш ганган, гоёмсог үр дүнг саяхан баталсан нь үүнийг нотолно. Монголоор овоглогдох нэгэн гайхамшигтай үр дүнг бид баталж чадснаараа бахархдаг.

-Та математикийн амьдралд болж байгаа үйл явдлын талаар ярихгүй юу. Монголчууд бидний математикт хандах хандлагыг та юу гэж боддог вэ?

-Математикийн амьдрал гаднаа чимээгүй ч дотроо буцалж доргиж байдаг л даа. Нээлт, судалгаанууд нь тэр бүр анзаарагддаггүй, үнэлэгддэггүй учраас чимээгүй гэсэн юм. Аливаа нээлт, шинэ үр дүнг батлахад тухайн хүнээс оюун дүгнэлтийн хүчтэй дайчилгаа, маш нарийн мэдрэмжийг шаарддагийг бусад хүн огт мэдэрдэггүй юм.

Монголын математикийг авч явах залуу шинэ үе төрөн гарч түрүүчээсээ монголдоо ирцгээн ажиллаж байгаа цаг үеийг, математикийн үе солигдож байгаа үйл явцыг бид харж байна. Математикийн олимпиадын шилдэгүүдийн төлөөлөл болох Б.Батцэнгэл, Б.Баярмагнай, Б.Баяржаргал, Ү.Отгонбаяр нарын докторууд математикийн бүхий л салбарт эрч хүчтэй ажиллаж эхэлсэн нь миний хувьд сайхан зүйлийн үргэлжлэл, математикийн хөгжлийн бас нэгэн давалгаа гэж бодож дэмжиж явдаг. Монголчууд математикт онцгой хүндэтгэлтэй ханддаг л даа. Хэлний лут эрдэмтэн Лодонгийн Түдэв гуай үүнийг маш тод илэрхийлсэн байдаг. Хүнд дуун ухаан- эх хэл, тоон ухаан- тоо бодлого л чухал, үүнийг ухаарсан, мэдсэн, эзэмшсэн хэн ч аливаад хүрч чадах тухай хэлж байсныг би тод санаж явдаг.

Л.МОЛОМЖАМЦ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.