Я.Содбаатар: Тавантолгойн ордыг сорчлохгүйгээр ашиглах нь чухал
Тавантолгойн асуудлаар УИХ-ын гишүүн Я.Содбаатараас дараахь тодруулгыг авлаа.
-УИХ дахь МАН-ын бүлгээс гарсан Тавантолгойн ажлын хэсгийн ахлагчаар та ажилласан. Ажлын хэсгээс Тавантолгойн асуудлаар ямар санал дүгнэлт гаргасан бэ?
-УИХ дахь МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Бид Тавантолгойн хэлэлцээрийн явц болон болж байгаа үйл явдлуудыг анхааралтай ажиглаж байна. Өнөөдөр УИХ дээр Тавантолгойн асуудал орж ирсэн боловч асуудал хэлэлцэхээс өмнө ажлын хэсэг байгуулагдаад хэлэлцэх эсэхийг нь шийднэ гэсэн анх удаа горимын өөрчлөлттэй зүйл болж байна. Тэгэхээр УИХ дахь МАН-ын ажлын хэсэг бол эхнээсээ Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд бид Засгийн газарт хамтарч ажиллахдаа гэрээ байгуулсан, тэр гэрээний дагуу Тавантолгой болон Оуютолгойн орд газрын асуудлаар гэрээнд өөрчлөлт оруулахдаа хамгийн гол нь өнөөгийн хүрсэн байгаа хууль эрх зүйн болон эдийн засгийн түвшинг буулгахгүй гэсэн. Өөрөөр хэлбэл одоо байгаагаас давуулсан боломжийг Монгол Улсад авчрах ёстой. Үүнээс гадна Тавантолгойн орд газарт хувьцаа эзэмшигчдийн асуудал байгаа. Манай улсын иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Харин энэ 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, амилуулах, мөнгөжүүлэх асуудал бол Тавантолгойн түгжээг тайлах асуудалтай хамт шийдэгдэх асуудал гэж харж байгаа. Нөгөө талаас Тавантолгойн хэлэлцээрт орж байгаа консерциумд нэг хүсэлт тавьж байгаа. Тэр нь юу гэхээр Монголын аж ахуй нэгжүүдийн оролцоог хангах чиглэлээр нэмэлт хувьцаа гаргах зэрэг үйл ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн Тавантолгойн орд газрыг сорчлохгүйгээр иж бүрнээр нь ашиглах нь манай улсын хувьд хамгийн чухал асуудал болоод байгаа. Ингэж байж энэ орд газрын эдийн засгийн үр өгөөжийг хүн бүр хүртэх боломжтой болох юм.
-УИХ дээр байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтээс шалтгаалаад Тавантолгойн асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдэх болж байна. Хэрэв энэ асуудал гацвал МАН-ын бүлэгт өөр шийдлийн хувилбар байгаа юу?
-Энд монголчуудын нийтлэг эрх ашгийн асуудал л яригдана. Бид өнөөдөр эдийн засгийн бодит хямралд орчихсон байна. Азийн хөгжлийн банкнаас ойрын 3-4 жилд Монголын эдийн засаг сэхэх боломжгүй гэсэн судалгаа гаргасан. Валютын сан ч гэсэн манай улсын эдийн засгийг хүнд нөхцөлд орсон байна гэдгийг хэлсэн. Энэ үед Монголын эдийн засгийг сэргээх, бодитойгоор валютын урсгалыг нэмэгдүүлэхэд хамгийн чухал зүйл бол томоохон төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулах. Тэгэхээр энэ ажлыг л цаг алдалгүй хийх хэрэгтэй.
Ж.ГАНАА
Сэтгэгдэл