Бөөд биш эмчид ханд

Д.Тулга / Эрүүл мэнд

Жил бүрийн хоёрдугаар сарын 9-ний өдрийг эпилепси өвчинтэй тэмцэх дэлхий нийтийн өдөр болгон, энэ жилээс эхлэн тэмдэглэж буй. Манай улсын хувьд энэ өдрийг өчигдөр Япон Монголын төвд “Эмч, өвчтөн, гэр бүл” нэрийн дор тэмдэглэн өнгөрүүллээ. Уулзалтыг ДЭМБ, “Альфа-долгион” мэдрэлийн эмнэлэг, Монголын неврологийн нийгэмлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, “Ээгмон” эмнэлэг хамтран зохион байгуулав.

Эпилепси өвчний талаархи зарим нэгний дутуу мэдлэг, буруу хандлага, алдаатай шийдвэрээс болоод тэдгээр хүмүүс нийгэмд чөлөөтэй сурч, хөдөлмөрлөж чадахгүй гадуурхагдаж “сүүдэрт орох” явдал цөөнгүй аж.

Эпилепси өвчин нь халдварт бус, тархинд нөлөөлдөг мэдрэлийн архаг өвчин юм. Өөрөөр хэлбэл, тархины эсүүдийн хэт цэнэгжилтийн улмаас уналтын голомт үүсч улмаар ухаан алдах, татах хэлбэрээр илэрдэг эмгэг. Эпилепси үүсэх гол шалтгаан нь тархины эд эсийн гэмтэл байдаг. Энэ гэмтэл нь ахуйн гэмтлээс гадна төрөлтийн үеийн гэмтэл, тархины бүтцийн хэвийн бус хөгжил, бодисын солилцооны удмын гажиг, ургийн ба нярайн бүтэлт, хүчил төрөгчийн хомсдолд зонхилдог байна.

Өнөөдөр дэлхийн 1000 хүн тутмын 4-10 хүн энэ өвчнөөр шаналж байдаг гэсэн судалгаа бий.

Эртний Грект эпилепсиг ид шидтэй зүйрлэн үздэг байсан ба “Ариун өвчин” гэж нэрлэдэг байжээ. Харин манайд энэ өвчин нэлээд дээр үеэс эхлэн тархсан байдаг. Анагаах ухааны дөрвөн үндсийн нэмсэн арга “Лхантав” гэдэг номонд хүртэл эпилепси өвчний уналтын шинж чанарын талаар нэлээд тодорхой бичсэн байдаг аж. Харин XXI зуун гарсаар ийм өвчтэй хүмүүсийг бөө, удган болгосоор байгаа нь одоо ч элбэг тохиолдож буй юм.

-ЭПИЛЕПСИ ӨВЧНИЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?-

Энэ өвчнийг илааршуулах хамгийн чухал зүйл бол цаг алдалгүй эмчилгээ хийлгэх гэж мэргэжилтнүүд хэлж байлаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг тухайд нь авч, эмчилгээг бүрэн төгс хийлгэсэн үед эдгэрэх магадлал 70-75 хувь байдаг байна. Гэтэл манайхан эмээ хэсэг уугаад “зүгээр болчихлоо” гээд хаядагаас болж өвчин ужгирах тохиолдол элбэг гардаг аж. Эпилепсиг эмийн жороор эмчлэхээр болсон бол эмчийн хяналтад доод тал нь тасралтгүй таван жил ууж байж сая эдгэрэх магадлал 80 хувьтай байдаг гэж мэргэжилтнүүд хэлж байв.

“Epimon” эмнэлгийн их эмч, анагаах ухааны доктор, профессор М.Үүрийнтуяатай цөөн хором ярилцлаа.

-Эпилепси өвчнийг эрт оношлох тоног төхөөрөмж манайд хангалттай бий юу?

-Эпилепси өвчний оношлогооны хувьд хаана ч гэсэн аман асуумжийг голлодог. Харин дараа нь тархины цахилгаан бичлэг хийдэг. Манайд бол үүнийг түлхүү хийдэг. Мэс заслын эмчилгээ хийх нарийн тоног төхөөрөмж одоогоор байхгүй байна.

-Манайхан унаж, татахаар лам бөө дээр очих хандлага их ажиглагддаг. Ингэх нь хэр хор уршигтай вэ?

-Унадаг татдаг өвчтэй хүмүүсийн гэр бүл их цочролд орсон байдаг. Тайван бус байдалтай байгаа үедээ эмчээс гадна өөр арга зам хайх нь их. Манай нийгэмд нийгмийн ажилтан дутмаг байдаг учраас сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тал дээрээ муу. Дээрээс нь ташаа ойлголт өгснөөс болж өвчтөн болон түүний ар гэрийнхэн бөө, лам дээр очдог. Тэрнээс болж удаж, өвчнөө их архагшуулах нь бий. Унадаг татдаг өвчин гэдэг бол мэдрэлийн архаг өвчин болохоос биш сэтгэлзүйн өвчин биш учраас цаг алдалгүй эмчид хандаж тохирсон эмчилгээгээ хийлгэх шаардлагатай юм.

-Фенобарбитал эм эпилепси өвчтэй хүмүүст хэр чухал вэ?

-Эпилепси өвчний үед уудаг долоон төрлийн эм бий. Нойрсуулах, тайвшруулах үйлчилгээтэй “Фенобарбитал” эм бага насны хүүхдийн таталтад их чухал эм. Хор багатай үр дүн сайтай гэж үздэг. Өнгөрсөн хавар хүүхдүүдэд буруу тунгаар олгосноос болоод одоогоор манай улсад түр хугацаагаар хориглочихоод байгаа.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:55

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:54


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.