Векселийн сургаар Сангийн яаман дээр жинхэнэ будлиан хутгажээ

Д.Тулга / Эдийн засаг

yam

12 САЯ ТӨГРӨГИЙН АВЛАГАТАЙ БАЙГУУЛЛАГАД БҮР НЭГ ТЭРБУМ 950 САЯ ТӨГРӨГ ОЛГОХООР БОЛСОН НЬ ГАЙХМААР

Өмнөх онуудын улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаж ашиглалтад орсон ч гэрээний үлдэгдэл төлбөрөө төрөөс авч чадаагүй олон компани бий. Тэдгээр асуудлыг шийдэж, барилгын гүйцэтгэгч компаниудыг хохиролгүй болгох зорилгоор УИХ энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр 07 тоот тогтоол баталсан билээ. Уг тогтоол ёсоор компаниудыг векселиэр санхүүжүүлэхээр болсон. Тодруулбал, 07 тооттогтоолын нэг дэх заалтаар 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган бүрэн хэрэгжүүлждууссан, гэрээний үлдэгдэл төлбөр бүхий 96 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг нэг бүрчлэн жагсаалтаар баталж, тэдгээрт нийт 32.6 тэрбум төгрөгийг векселийн санхүүжилтээр олгохыг Засгийн газарт даалгажээ.

Харин хоёр дахь заалтаар “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд заасан, бодит гүйцэтгэл нь 2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг векселиэр санхүүжүүлэх арга хэмжээ авах”-ыг Засгийн газарт даалгасан байдаг. Сангийн яам дээрх тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдаас векселиэр санхүүжих төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд оруулсан билээ. Улмаар Засгийн газрын 2015 оны "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байсан зарим төсөл, арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулах тухай” 282 тоот тогтоолыг боловсруулж батлуулсан юм.

Ингэхдээ 286 аж ахуйн нэгжийн 176 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий 235 төслийг хянаж, санхүүжилт олгохоор болсон. Арилжааны банкуудад өнгөрсөн сарын эхээр вексель бичиж эхэлсэн атлаа гацчихсан. Учир нь бизнес эрхлэгчдийн мэдээллийн дагуу УИХ-ын Төсвийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг векселиэр санхүүжүүлэх аж ахуйн нэгжүүдийн жагсаал-тыг хянахаар болсон. Энэ шалгалттай холбоотой векселиэр санхүүжилт олгох ажил зогсчихоод байгаа билээ.

Шалгалтын явцад Сангийн яаман дээр жинхэнэ “бантан” хутгасан нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл, Сангийн яамнаас УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх нэрээр Засгийн газрын 2015 оны “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байсан зарим төсөл, арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулах тухай” 282 тоот тогтоолыг боловсруулж батлуулахдаа Төсвийн тухай хууль, УИХ-ын 07 тоот тогтоолыг ноцтой зөрчсөн болох нь ил болжээ.

Тодруулбал, 2014 оны төсөвт огт тусгагдаагүй, ажлын гүйцэтгэл нь 80 хувьд хүрэхгүй цөөнгүй төсөл, арга хэмжээ, барилгыг жагсаалтад шууд оруулж, векселиэр санхүүжүүлэх шийдвэрийг Засгийн газраар гаргуулжээ. Бүр 2014 онд санхүүжүүлтээ бүрэн авчихсан төсөл, арга хэмжээнд нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байсан нь дээрх шалгалтаар илэрчээ. Заримд нь төсөвт өртгөөс хэтэрсэн дүнгээр векселийн санхүүжилт олгохоор болсон зэрэг итгэмээргүй шийдвэрийг гаргасан байна. Хууль зөрчин байж, ямар компаниудыг векселиэр санхүүжүүлэхээр шийдвэрлэснийг эх сурвалжийн мэдээллийн мөрөер хүргэж байна.

ТӨСВИЙГ НЭМЭГДҮҮЛЖ ТАВАН ТӨСӨЛД 2.9 ТЭРБУМЫГ “БЭЛЭГЛЭХ” ВЕКСЕЛЬ

Сангийн яамнаас боловсруулсан жагсаалтад төсөвт өртгийг нэмэгдүүлсэн дүнгээр таван төслийг санхүүжүүлэхээр болсон хачирхалтай баримт байна. Тодруулбал, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 850 сая төгрөгөөр хүүхдиин номын сан барихаар Төсвийн тухай хуульд тусгажээ. 2011, 2012 оны төсвийн гүйцэтгэлээр 826.4 сая төгрөгийн санхүүжилт олгосон аж. Ингээд төр гүйцэтгэгч компанид 23.6 сая төгрөгийн өртэй байжээ. Гэтэл векселиэр 142 сая төгрөг олгохоор тогтож, Засгийн газрын шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, 118.4 сая төгрөгийг зүгээр өгөх шийдвэр гаргачихжээ. Уг ажлын гүйцэтгэгч нь “Донж хацу” компани аж.

Булган аймгийн Гурванбулаг суманд сургуулийн барилга, спорт заал барих ажил 2010 оноос эхэлсэн. Уг барилгын төсөвт өртөг 1.6 тэрбум төгрөг. Үүнээс 2010, 2011 онд 810.3 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Гэтэл Засгийн газрын 2015 оны 282 тоот тогтоолоор УИХ-аар баталсан төсөвт өртгийг дур мэдэн нэмэгдүүлж 2.225 тэрбум төгрөг болгосон байна. 2011 оноос хойш уг барилгын төсөвт өртгийг өөрчлөх шийдвэрийг УИХ гаргаагүй байхад өртгийг нэмэгдүүлж 1.212 тэрбум төгрөгийн вексель олгохоор болжээ. Ингэснээр 422.4 сая төгрөгийн илүү санхүүжилт олгохоор болж буй юм.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Их залуу багт 640 суудалтай сургууль, спорт заал барих ажлыг өнгөрсөн онд “Урагшлах" компани гүйцэтгэжээ. Угажлын төсөвт өртгийг УИХ нэг тэрбум 720 сая төгрөгөөр баталсан байдаг. Гэтэл Засгийн газрын 282 тоот тогтоол, Сангийн яамны албан тоотод төсөвт өртгийг хоёр тэрбум 339.5 сая төгрөг болгож оруулжээ. УИХ-аар батлагдсан төсөвтэй харьцуулахад төрөөс 425.9 сая төгрөг олгох ёстой байж. Гэтэл төсвийн гүйцэтгэлийг зохиомлоор нэмэгдүүлж 564.9 сая төгрөгийн вексель олгохоор Засгийн газрын тогтоол гаргуулжээ. Үүний зөрүү нь 140 сая төгрөг юм.

2013 оны төсвийн тухай хуульд тусгаснаар Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөвт өртгийг 550 сая төгрөг байхаар баталжээ. Улмаар тэр ондоо 538 сая төгрөгийг гүйцэтгэгч болох “Контракс” компанид олгосон байна. Үлдэгдэл нь 12 сая төгрөг гэсэн үг. Гэтэл Сангийн яамнаас уг ажлын төсөвт өртгийг зургаан тэрбум нэг сая төгрөг гэж Засгийн газарт оруулаад нэг тэрбум 950 сая төгрөгийн вексель олгохоор төлөвлөж батлуулжээ. Өөрөөр хэлбэл, 12 сая төгрөгийн авлагатай байгууллагад бүр нэг тэрбум 950 сая төгрөг олгохоор болсон нь гайхмаар.

Аймаг, нийслэлийн бүсийн тулгуур төвүүдэд барилгын материалын жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, барилгын материалын иж бүрэн лаборатори байгуулах ажил 2012 онд эхэлсэн. Уг ажлыг Хөвсгөл аймгийн Мөрөн хотод “Идэр чандмань” компани хийхээр 2014 оны төсөвт 472.9 сая төгрөгийн өртөг тусгуулжээ. Төсөвт өртгийн үлдэгдэл 600 мянган төгрөг байсан аж. Гэтэл төсөвт өртгийг 816.9 сая төгрөг хэмээн Засгийн газарт оруулж 344.6 сая төгрөгийн вексель олгох шийдвэрийг гаргуулсан байна. Энэ мэтээр нийт 2.962 сая төгрөгийг төсөвт өртгийг нэмэгдүүлэх замаар гүйцэтгэгчдэд бэлэглэх шийдвэрийг Сангийн яамны саналаар Засгийн газар баталжээ.

"Вексель" гэж төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлнэ. Вексель нь төлбөр тооцооны үнэт цаас мөн.

МӨНГӨӨ БҮГДИЙГ НЬ АВЧИХСАН КОМПАНИУДАД 3.3 ТЭРБУМ
ШАХАМ ТӨГРӨГ ӨГӨХ ШИЙДВЭР

Төсөвт өртгийг нэмэгдүүлэх замаар компаниудад их хэмжээний вексель олгосон талаарх баримтыг дээр өгүүлсэн. Тэгвэл гүйцэтгэсэн ажлынхаа өртгийг бүрэн авчихсан гурван компанид нийтдээ 3.261 тэрбум төгрөг өгөх шийдвэрийг гаргасан байна.

Хөдөөгийн хүн ам, мал аж ахуй, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах тендерт “Энержи-Импиар", “Тайширын хүрээ", "Мэнхэн тахилга", “ЖОББЭ”, “Нар Маржан”, “Идэрчандмань”, “Алтайн хар сувд", “Чандмань Дундговь”, “Хөвсгөл геологи”, Ус-Инержинг“, “Хан булгийн эх”, “Сэлэнгэ Баянбүрд”, “Эвлэрэл", “Орхонгидрогео” зэрэг компаниуд ялжээ. Бүх аймагт уг ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн бөгөөд 2014 оны Төсвийн тухай хуулиар 10 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх байжээ. Ингээд өнгөрсөн онд төлбөрийг бүрэн төлж тооцоо дуусчээ. Гэтэл дээрх компаниудад нэмж 2.033 тэрбум төгрөгийн вексель олгохоор болсон байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тариалангийн талбайн услалтын системийг сэргээн засварлах, шинээр барих, ус хуримтлуулах сан бүхий боомтын барилгыг тариалангийн бүс нутагт барих ажил мөн өнгөрсөн онд эхэлсэн. Энэ ажлыг “Монгол менежмент төв”, “Усны барилга”, “Ус-Эрдэнэ”, “Аригшан”, “Шимт газар”, “Цаст алтанцөгц” компаниуд гүйцэтгэсэн. Энэ ажлын төсөвт өртгийг гурван тэрбум төгрөг байхаар УИХ баталж, бүрэн төлжээ. Гэтэл Засгийн газрын 282 тоот тогтоолоор нэмж 924.4 сая төгрөгийн вексель бичих шийдвэр гарчээ. Улсын ерөнхий прокурорын газрын албаны орон сууцыг 2.5 тэрбум төгрөгөөр барихаар 2013, 2014 оны Төсвийн хуулиар батлагджээ.

Улмаар 2013 онд 1.198 тэрбум, 2014 онд 1.296 тэрбум нийтдээ 2.496 тэрбум төгрөг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, хуулиар батлагдсан төсөвт өртгийнхөө санхүүжилтийг бүрэн өгчээ. Гэтэл дээрх компаниудад 250 сая төгрөгийн вексель олгохоор болжээ.

Энэ мэтээр 3.261 тэрбум төгрөгийг хууль бусаар векселиэр олгох хачирхалтай шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.