Г.Баянсан: ГССҮТ-ийн эмч нарт үнэхээр гомдолтой

Д.Тулга / Эрүүл мэнд

Эрүүл саруул биетэй нэгэн сайхан хөдөлмөрч залуу тэр нэгэн өдөр тохиолдсон золгүй ослын улмаас өдгөө тахир дутуу болж, өөрийгөө гэр бүлийнхэндээ дараа болж явна даа хэмээн ярьж сууна. Эмч нарын хайнга, хариуцлагагүй, сэтгэлгүй, чадваргүй байдлаас болж ийм байдалд хүрсэн гэх Баянзүрх дүүргийн 17-р хорооны иргэн Г.Баянсангийн яриаг та бүхэнд хүргэе.

-Таньд юу тохиолдсон талаар манай уншигчдад ярихгүй юу?

-Би 2011 онд Цайз захын хавьцаа нийтийн байранд нэгэн таньдаг айлындаа байсан. Ингээд наадмын үеэр шөнийн 22.00 цагийн үед тухайн байрнаасаа гарч яваад машинд дайруулж нилээн хол шидэгдсэн байдаг. Ер нь хаа газрын нийтийн байр замтай маш ойрхон, бараг хаалгаар гарангуут замтайгаа "золгосон" байдалтай байдаг л даа. Ингээд машинд мөргүүлчихээд 15 минутын дараа сэргээд арай гэж босоод нөгөө айлдаа эргэж орсон. Тэр үед миний нүүр ам цус болчихсон маш хэцүү байдалтай байсныг санаж байна. Харамсалтай нь яг ямархуу машин намайг мөргөчихөөд зугтсаныг харж чадаагүй. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан. Гэвч цагдаагийн байгууллага яг ямар машин байсныг санаад ир гээд буцаасан. Үнэхээр санах боломжгүй байсан учир эргэж цагдаад очоогүй. Тухайн өдрөө энд, тэндээ шалбарсан бие бага зэргийг зовиуртай байсан ч маргаашнаас нь цавьнаас юм татаж байгаа юм шиг өвдөх болсон. Тиймээс ГССҮТ-ийн эмнэлэгт очиж аарцагны зураг авахуулсан. Гэтэл ГССҮТ-ийн эмч зөөлөн эдийн гэмтэлтэй гэж гарч ирж байна, дахиад зураг авахуул гэсэн.

-Эмчийн хэлсний дагуу дахин зураг авахуулсан уу?

-Авахуулсан. Гэвч зөөлөн эдийн гэмтэл гэснээс өөр онош хэлээгүй. Би ч итгээд хэсэг хугацааг өнгөрөөсөн. Гэхдээ өвдөлт намдахгүй, хөл дээрээ сайн явж ч чадахаа больсон. Ингээд гуравдахь удаагаа ГССҮТ-ийн эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч М.Шагдарсүрэнд үзүүлээд, аарцагны зураг авахуулсан. М.Шагдарсүрэн эмч мөн л зөөлөн эдийн гэмтэл, гайгүй гэж хэлсэн. Ингээд би гэртээ ирээд 10 гаруй хоноход баруун хөлний гуя маань эрс томроод байсан. Би арга бараад таньдаг эгчийгээ дуудаад эмийн сангаас тарианы зүү авахуулж хатгуулж үзтэл цус олгойдож эхэлсэн. Бид ч түргэн дуудаж Шинэ Гэмтлийн эмнэлэгт очсон. Гэтэл хуучин эмнэлэг рүү оч гээд буцаасан. Улмаар хуучин Гэмтлийн эмч нар үзээд "Сонгдо" орж зураг авахуулаад ир гэж хэлсэн. Ингээд "Сонгдо" дээр очиж зураг авахуулахад бүдүүн чөмөгний цууралт гэж онош тавьсан.

Энэ онош, зурагаа аваад буцаад ГССҮТ-д очиход энэ чин цагаан зураас л байна. Ямар ч цууралт биш гээд бас хүлээж аваагүй. Ингээд "Сонгдо" дээр эргээд очиход "Бид нар худал дүгнэлт гаргаагүй. Итгэхгүй бол "Нэгдүгээр эмнэлэг"-т ороод оношлуул" гэсэн. Нэгдүгээр эмнэлэгт очиход "цагаан зураас" л байна гэж хэлсэн. Ингэж явсаар байгаад эргээд ГССҮТ-д ирээд гуяндаа хоёр зүсэлт хийлгэсэн. Гэтэл гуянаас маань шингэн ялгарч, тухайн үед 500гр хиртэй шингэн авахуулж байсан. Тэгсэн эмч нар нь чөмөгний чин доторхи гадагшилж байна, одоо энэ шингэнийг чин авчихсан учир зүгээр болчихно. Дасгал хөдөлгөөн сайн хий гэж зөвлөөд эмнэлгээс гаргасан. Гэтэл өнөөдөр ийм л байдалтай болчихоод сууж байна.

-ГССҮТ-өөс буруу онош тавьж, цаг хугацаа алдсан гэж та үзэж байна уу?

-ГССҮТ-ийн эмч М.Шагдарсан "Би эмчийн хувьд хэлж байна. Яс чинь төлжинө. Физик эмчилгээ хий л гэж" хэлсэн. Эмчид итгээд гэртээ маш эрчимтэй эмчилгээ хийлгэж, дасгал хөдөлгөөн ч сайн хийсний эцэст хөлийн эрхий хуруу хөдөлж эхэлсэн. Ингээд уламжлалт эмчилгээ хийлгээд бүрмөсөн эдгэчих санаатай хувийн эмнэлэгт үзүүлэхэд "Чөмөг чинь эрхий хүртлээ хайлчихсан байна" гэх зүйлийг хэлсэн. Маргааш нь би ГССҮТ-д очиж уйлж, хашгичиж багагүй асуудал үүсгэсэн. Гэтэл эмч нар нэгэнт ийм болсон юм чин хагалгаанд орж, хиймэл эрхтэн суулга. Эсвэл хөлөө тайруул гэдэг зүйл л хэлж байсан.

-ГУЯНААС ЯСНЫ ХЭЛТЭРХИЙНҮҮД ГАРЧ ИРДЭГ-

-Тэгээд ямар арга хэмжээ авсан юм бэ?

-Ингээд 2012 онд 1-р эмнэлэгт хагалгаа хийлгэж чөмөгний толгой авахуулж, ясны анхан шатны үрэвсэлтэй учир антибиотикитэй цемент чөмгөнд суулгасан. Хагалгаанд орсноос хойш өдий хүртэл яс идээлэн идээт үрэвсэл байнга гардаг болсон. Үүнээс үүдэн гуяны энэ тэрүүгээр буглаа гарч ирдэг болоод байгаа. Идээ бээрээс гадна ясны хэлтэрхийнүүд гарч ирж, 40 хэм хүртэл халуурдаг болсон. Халуурч, тарчлах болгондоо гэрийнхнээ их зовоож байна даа.

-Та өмнө нь ямар ажил хийж байсан бэ?

-2004 онд "Альфа моторс буюу 4x4" компанид засварчнаар ороод, 2011 онд бэртэх хүртлээ ажилласан. Зун, намар нь ажиллаад өвөл, хавар нь хөдөө эмээ, өвөөдөө тусалдаг байлаа.

-Таны хөл эдгэрэх магадлал бий юу. Чөмөгний цууралт гэсэн онош нь зөв байсан байх нь ээ?

-"Сонгдо"-гийн гаргасан чөмөгний цууралттай гэх онош зөв байсан. Чөмөгний цууралтаар чөмгөн дэх тос нь гадагшилж гуяндаа буглаа үүсгээд байсан юм билээ. Онош нь тодорхой болсон. Тухайн үед гэмтлийн эмч нар буруу онош тавьж, хугацаа алдсанаас болж өдийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй явлаа. Уг нь тэр даруйд нь зөв онош тавьсан бол би уламжлалт аргаар ч юм уу гуяныхаа цууралтыг эдгээх боломжтой байсан гэж боддог юм. Монголд дараалсан хоёр удаагийн хагалгаанд орох шаардлагатай байгаа. Энэ нь цаг хугацааны хувьд их хол зайтай. Магадгүй үрэвсэл нь дарагдахгүй бол хөлөө тайруулж ч магадгүй гэсэн. Харин БНСУ-ын эмнэлэгт би өвчнийхөө түүхийг явуулахад "Намайг эмчлэх бүрэн боломжтой. 100 хувь хөл дээр чинь босгоод өгнө" гэх хариу ирүүлсэн. Эмчилгээний зардалд 39 сая төгрөг хэрэгтэй. Ирж, очих зардал, физик эмчилгээтэйгээ нийлээд 50 гаруй сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Монголын ард түмнээсээ ихийг хийж бүтээх эрмэлзэлтэй, монгол залуу гэр бүлийг дэмжиж, тусламжийн гараа сунгахыг гуйж байна.

-ХҮҮГИЙНХЭЭ ИРЭЭДҮЙД САНАА ЗОВЖ БАЙНА-

-Та группэд байдаг уу?

-Одоогоор грүппэд байдаг. Зүгээр сууж чадахгүй Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл гэгчийг санаачилж байгуулаад, үүнийхээ гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа. Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асар олон төрийн бус байгууллага, холбоод байдаг ч манайх төртэй уялдаа холбоотой ажиллаж, төрөөс цалинждаг гэдгээрээ анхдагч. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авдаг. Баянзүрх дүүрэгт маань 8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэднийхээ эрх ашгийг хамгаалж, тэдэнд бага ч гэсэн итгэл найдвар хайрлахын төлөө ажиллаж байна.

-Гэр бүлийн чинь хүн, бас хүүхэд чин хөгжлийн бэрхшээлтэй юм байна. Юунаас шалтгаалж ийм өвчтэй болсон юм?

-Гэр бүлийн хүний маань өвчний онош Монголд тогтоогддоггүй. Арьс өнгөний өвчин л гэж явдаг. Гар, хөлийнх нь хумс их сонин, эвэр шиг. Нарийн мэргэжлийн эмч нар байдаггүй учир оношийг нь гаргаж чаддаггүй. Хүүхэд маань 6 сар хүртэл мэдэгдэхгүй байж байгаад хөдөлгөөнд орсноос хойш гар, хөлөөр нь өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн. Одоохондоо хүүхэд болохоор юу ч мэдэхгүй л байна. Ухаан ороод ирэхээрээ эндээсээ айн, ичнэ. Хүүгийнхээ ирээдүйд маш их санаа зовж байна. Солонгос явж эмчлүүлвэл эхнэр, хүү хоёроо авч яваад, тэндэхийн сайн эмч нарт үзүүлье гэж бодож байгаа. Тиймээс сайхан сэтгэлт ард түмнээсээ хандив хүсч байгаа юм. МУГЖ Ж.Алтанцэцэг эгч маань миний зовлонг сонсоод надад туслахаар шийдсэн. Ингээд манай хороо хорины удирдлагуудтай хамтран, олон хамтлаг дуучид оролцсон хандивын тоглолт зохион байгуулахаар болсон. Тоглолт энэ сарын 11-нд буюу баасан гаригт Бөхийн өргөөнд болно. Надад итгэл найдвар хайрлаж буй энэ хүмүүсийнхээ ачаар удахгүй хөлтэй болох байх аа. Найдаж байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.