Ц.Элбэгдорж: Үйлдвэрлэгчид ээ, ажлаа сайн хий, ашгаа сайн ол

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр үндэсний бизнес эрхлэгчидтэй уулзлаа. “Импортыг орлох үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, эцсийн болон нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүн экспортлохыг дэмжих” зорилтын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа юм. Уулзалтад Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Түүнчлэн Ноос, ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, мод, хэвлэл, сав баглаа боодол, цемент, бетон, төмөр, барилгын материал, мал аж ахуй, газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүний мэргэжлийн холбоод, Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Сүү ХК, Дархан нэхий, Мон-Сүү ХХК, Монголшевро, Говь ХК, Гоёо ХХК, Гацуурт ХХК, Газар шим ХХК, MCS, Тесо зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцлоо. Ерөнхийлөгч үйлдвэрлэгчдэд хандан төслөө танилцуулсан бөгөөд "Үйлдвэрлэгчдээ, ажлаа сайн хий, ашгаа сайн ол, татвараа сайн төл. Ийм орчныг бүрдүүлэхийн төлөө зүтгэхэд би бэлэн байна" гэсэн юм. Мөн "Энэ Засгийн газар Аж үйлдвэрийн яамыг шинээр байгуулсан нь сайн шийдвэр болсон. Үйлдвэрлэлийг яагаад дэмжих гээд байгаа вэ гэхээр нэгдүгээрт улст төртэй холбоотой шалтгаан байна. Манай үйлдвэрлэгчдийг харж байхад бодлого нь салангид, тусдаа өөр өөр яаманд байдаг учраас нэг газар очиж асуудлаа шийдүүлэх боломжгүй. Улс төрчдийг дагасан, савласан ийм хандлага харагдаад байна. Албан тушаалтнуудын ааш аягийг дагасан, үүдийг нь сахьсан албан тушаалтнуудыг лобиддог. Хоёрдахь шалтгаан нь улсын нэр хүндтэй холбоотой. Монголд үсний хавчаар, шүдний чигчлүүр хийж байгаа л байх. Социализмын үед хадаасаа ч хийж чаддаггүй байсан гэж шүүмжилдэг байсан. Энэ өнөөдөр үргэлжилсэн ийм хэлбэртэй байна. Монголчууд хийж бүтээж байсан нэртэй, төртэй явсан гүрэн. Юм хийнэ гэдэг улс орны нэр хүндэд маш чухал юм.

Монгол далайд гарах гарцгүй орон гэж ярьдаг. Далайд гарах гарц гэдэг нь зах зээлд гарах гарцыг хэлж байгаа юм. Түүнээс биш усанд шумбаад, сэлээд явж байна гэсэн үг биш. Дэлхийн хамгийн том зах зээл БНХАУ манай улстай хамгийн урт хилээр хиллэдэг, хамгийн том далай манай улсын эргийг угаагаад байж байна. Ийм том боломж бидэнд байна. Нөгөө нэг нь манай хойд хөрш бас том зах зээл. Бид том улсуудтай харьцдаг учраас том л юм боддог" гэлээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:56

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:55


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.