Монгол Улс, ОХУ-ын төсвөө хэрхэн хэмнэж буй ХАРЬЦУУЛАЛТ

Д.Тулга / Эдийн засаг

putin

Эдийн засгийн хямрал ганцхан Монголыг дайрсан уу гэвэл үгүй. Хөрш ОХУ-ыг мөн дайрч байна. Манай улсад төгрөгийн ханш суларч, ОХУ-д рублийн ханш навс унасан энэ цаг үед улс төрийн зөв шийдвэрүүд энэхүү хямралыг давах гарц нь байх болно. Өдгөө 145 сая гаруй хүн амтай ОХУ нь дэлхийн нефтийн илэрсэн нөөцийн 13%, байгалийн хийн 34%, дэлхийн анхдагч эрчим хүчний 10 орчим хувийг үйлдвэрлэдэг томоохон эдийн засагтай улс. Гэсэн ч эдийн засгийн хямрал нүүрлээд буй тус улсын хувьд төсвөө хэмнэх асуудалтай мөн тулгараад буй. Манай улс болон ОХУ хэрхэн төсвөө хэмнэж байгааг харьцуулан үзье.

МОНГОЛ УЛСЫН 2015 ОНЫ ХЭМНЭЛТИЙН ГОРИМ ба ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

1. Шинээр ашиглалтад орсон төсөвт байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах зардлыг 20.0 хувиар бууруулах буюу төрийн албаны бүхий л зардлуудыг танах

2. Гадаад зээлийн ашиглалтыг 30.7 тэрбум төгрөгөөр, шинээр гаргах бондын хүүгийн зардлыг 11.1 тэрбум төгрөгөөр тус тус бууруулах.

3. Хөрөнгийн татварын тухай хуулийг оруулж ирсэн. Тухайлбал, авто тээврийн татварыг орон нутагт нь татварын хууль тогтоомжид заасан эрхийг нь өгөөд, дээд хязгаарыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан,

4. Орон нутгийн иргэдийн хурал өөрсдөө шийдвэрлэн 1000 хүртэлх төгрөгийг нэг малаас тооцон авах тухай асуудал хуулинд оруулж ирсэн,

5. Шинээр Нийслэлийн татвар гэж нэмэгдэж орж ирсэн. Энэ нь борлуулалтын үнийн дүнгээс 1 хувь хүртэл татвар ногдуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үр тариа боловсруулаад худалдахад 1 хувь, гурилын үйлдвэрт худалдахад 1 хувь, гурилаа талх болгоод борлуулахад нэг хувь гэх мэтээр ойролцоогоор 3-4 хувийн татвар ногдуулна.

Мөн Төсвийн тодотголоор хэмнэлтийн горимыг нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа бөгөөд Үүнд:

- Алдарт эхийн одонтой эхчүүдийн хүүхэд 18 нас хүрсэн тохиолдолд олгохгүй байх

- Оюутнуудад дүнгийн голч 3.0 болон түүнээс дээш байвал тэтгэлгийг олгох зэрэг асуудлуудыг ярьж эхлээд байгаа билээ.

ОХУ-ЫН 2015 ОНЫ ХЭМНЭЛТИЙН ГОРИМ ба ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

1. Оросын Засгийн газар чанаргүй архийг хязгаарлах зорилгоор нэг шил архины доод үнийг 220 рубль буюу дөрвөн ам.доллар байхаар тогтоож байв. Рублийн ханшийн уналттай зэрэгцэн шил архины үнэ 30 орчим хувиар өссөн. Тиймээс архины үнийн өсөлтийг хязгаарлах бодлого барьж эхлэв. Архины үйлдвэрлэл, экспортоороо дэлхийд тэргүүлэгч улсын хувьд энэ нь оновчтой сонголт. Хэрэв рублийн ханш үргэлжлэн унасаар байвал хууль бусаар архи наймаалагчдын тоо улам нэмэгдэх болно хэмээн үзэж ийм шийдвэр гаргажээ.

2. Улаан буудайн үнийг бууруулах зорилгоор гадагшаа экспортлож буй үр тарианы татварыг нэмэгдүүлэхээр болжээ. Тэрээр барууны орнуудын тавьсан эдийн засгийн хоригийг улс орондоо ашигтайгаар эргүүлж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого баримталж байгаа юм.

3. Оффшор дансны эсрэг хууль. Оросын гадагш чиглэсэн мөнгөний урсгал сүүлийн жилүүдэд хоёр их наяд ам.долларт хүрсэн учир үүнийг хязгаарлах зорилгоор “Оффшор дансны эсрэг хууль”-ийг өнгөрөгч онд баталсан. Ингэснээр Оросын Засгийн газарт жил бүр 3-4.5 тэрбум ам.доллар төвлөрөх юм.

4. В.Путин өнгөрсөн долоо хоногт гадаадын иргэд Оросын армид алба хаахыг зөвшөөрсөн зарлиг бичигт гарын үсэг зурсан байна. Уг шийдвэр хэрэгжиж эхэлснээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Дагестан, Чечень, Гүрж, Молдав зэрэг улсууд, түүнчлэн төв Азийн орнуудаас олон тооны хөлсний цэрэг бүрдэх боломж бий болж байгаа юм. Кремль батлан хамгаалахын салбар дахь төсөв мөнгөө хэмнэхийн тулд ийм шийдвэр гаргасан аж.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:03

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:03


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.