Оюутолгойн 1.4 тэрбум ам.долларт ямар ч баримт алга гэв

Д.Тулга / Улстөр

oyutolgoi

УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Оюутолгойн Эвлэрлийн гэрээний талаар тодруулахаар асуулга хүргүүлсэн билээ. Өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ нар дээрх асуулгынхаа талаар мэдээлэл хийв.

-ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ЧАДСАН УУ ГЭДГИЙГ ТОДРУУЛАХЫГ ХҮССЭН-

УИХ-ын гишүүн Г.Уянга: -Бид Оюутолгой үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хичнээн хэмжээний ашиг олж хөрөнгө оруулалт хийсэн, тэр нь гэрээн дээрх үүргээ биелүүлж чадсан уу гэдгийг тодруулахыг хүссэн. Мөн Засгийн газраас “Рио Тинто” компанитай Эвлэрлийн гэрээ байгуулж 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэтрэлт, татварын 30 сая ам.долларын өр зэргийг цайруулах санал тавьсан гэдэг мэдээлэл олон нийтэд тараад байгаа. Үнэхээр харилцан бие биедээ буулт хийхээр болсон юм уу гэдэг талаар Ерөнхий сайдаас тодруулга авахыг хүссэн юм. Үүнээс гадна баялгийн нөөц ашигласны татвар буюу рояалти татварыг Оюутолгой компани Эрдэнэт үйлдвэрээс гурав дахин бага төлдөг. Энэ татварыг ижил болгох талаар өмнөх Засгийн газраас эхлүүлсэн ажлыг Шийдлийн Засгийн газар үргэлжлүүлж байна уу гэдгийг асуумаар байна. Олон нийтийн эрх ашгийн төлөө тавьж байгаа энэ асуулгыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлт бас тавьсан. Бидний амьжиргааг дээшүүлнэ гэж итгэж найдаж байсан Оюутолгой гэх мэт гэрээний асуудлыг олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэж байж цөөн хэдэн хүмүүсийн эрх ашгийн төлөө бусдыг хохироох асуудал бага гарна.

-ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ГЭРЭЭ-

УИХ-ын гишүүн Л.Цог: -Тавантолгой болон Оюутолгой бол Монголын эдийн засагт том нөлөө үзүүлж байгаа гэдгээрээ болон луйвардаж байгаа аргаараа яг ижилхэн. Оюутолгойн гэрээ бол хууль зүйн утгаараа хүчин төгөлдөр бус гэрээ. За энэ нь дүүрч гэж бодохоор одоо явж байгаа гэрээнд баримтын шалгалт хийсэн чинь гурван том багц зөрчил илэрсэн. Нэгдүгээрт хөрөнгөө илүү оруулсан, баримт байхгүй хэрнээ нэг миллиард 500 сая төгрөг илүү оруулсан. Хоёрдугаарт хайгуул хийсэн баахан зардлаа ийш нь оруулчихсан байгаа юм. ТЭЗҮ батлахаас өмнө хайгуул хийхэд гарсан зардал бол тэр компанийн эрсдэл болж явдаг. Гэтэл 700 сая доллар хийчихсэн байгаа. Гуравдугаарт ТЭЗҮ баталснаас хойш хайгуул хийсэн гэсэн баахан мөнгө байгаа. Борлуулалтын бүх мөнгө дандаа гадагшаа явж байна. Тэгээд энэ баримтын шалгалт хийсэн материалаа хоёр жил гаруй нуусан. Бид нуусан чигээр нь олоод Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд өгөөд гурван сар болж байгаа ч одоог болтол хэлэлцээгүй байна. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд энэ гэрээг нууж байгаагийнхаа цаана тэр орд, газар, гэрээгээ барьцаалж магадгүй байдал үүссэн. Яагаад гэхээр ийм санал тавьсан юм байна лээ. Тэгэхээр энэ бүхэнд үнэхээр болгоомжтой хандах хэрэгтэй болж байна.

-1.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЯМАР Ч БАРИМТГҮЙ-

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -2013 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсэг Оюутолгой компанийн зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгасан. Энэ бол тухайн ажлын хэсэгт амаргүй байсан нь ойлгомжтой. Энэ шалгалтаар хоёр тэрбум ам.долларын хэтрэлттэй нь тогтоогдсон. Үүнээс 1.4 тэрбум ам.доллар нь ямар ч баримт байхгүй. Наашаа Монголоор орж ирээгүй, хаашаа хэний дансанд хийсэн нь ч тодорхойгүй. Энэ мэт зөрчлүүд гарсан байтал үүнийг хэлэлцүүлэхгүй ингээд хав дараад байгаа юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анхнаас нь зөв хийж, зөв голдрилд нь оруулах ёстой гэсэн байр суурьтай байсан гишүүд одоо энд сууж байна. Тиймээс ард түмний эрх ашгийн төлөө энэ гэрээний асуудлыг яаралтай шийдэж ил болгох ёстой гэж үзэж байна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.