Нэр өөрчилснөөр юу өөрчлөгдөв

Д.Тулга / Эрүүл мэнд

emneleg

Сүүлийн үед манайд нэр хаяг сольдог мода ихэд дэлгэрлээ. Албан газар, гудамж, талбайгаас эхэлсэн нэр солих давалгаа төрөх эмнэлгээр үргэлжлэв. Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Нийслэлийн эрүүл мэндийн газраас нийслэлийн төрөх эмнэлгүүдийн нэршлийг өөрчилсөн. Тодруулбал, нэгдүгээр амаржих газрыг "Нийслэлийн Өргөө амаржих газар", хоёрдугаар төрөх эмнэлгийг "Нийслэлийн Хүрээ амаржих газар", гуравдугаар амаржих газрыг "Нийслэлийн Амгалан амаржих газар" хэмээн нэрийдэх болсон билээ.

Нэгдүгээр төрөх гэвэл хүн бүр андахгүй сайн мэднэ. Харин Өргөө амаржих газар гэхээр иргэд гайхаж төөрөгдөх ажээ. Ингэж төрөх эмнэлгүүдийн нэрийг өөрчилсөнөөр юу өөрчлөгдөв. Нэрээ солиод нэлээд хэдэн сар өнгөрсөн ч эхийн эндэгдэл, орны хүрэлцээний асуудал шийдэгдсэнгүй. Бахь байдгаараа л байна. Шинэ нэртэй боллоо гээд бүгд шинэ болно гэж андуураагүй байлтай. Өнөөг хэр амаржих газрууд ачааллаа дийлэхгүй, төрөх дөхсөн жирэмсэн эхчүүд коридорт, хүйтэн шалан дээр хэвтсэн хэвээр.

Магадгүй нэр солих нь хэн нэгэн албан тушаалтны ашиг хонжоо хайсан үйлдэл байсан байж мэднэ. Нэр хаяганд ач холбогдол өгч, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа “гялалзаж” байна гэж харуулах гэсэн биз. Гэвч хөндлөнгөөс харахад хэлбэр талаас нь хэт анзаарч, дотоод агуулга руу нь өнгийж харсангүй өнгөцхөн өөрчлөлт болжээ. Эмнэлгийн нэр хаягийг өөчилснөөр хаяг, шошго, тамга, тэмдэг, албан бланкийг шинээр хийлгэх гээд тоймгүй их үрэлгэн зардал гарах нь тодорхой. Иймэрхүү зүйл сэдэж ядарсан төсөвт дарамт учруулахын оронд хэдэн төрөх эмнэлгүүддээ орчин үеийн оношлогооны аппарат аваад нэмэрлэчихсэн бол тун тустай ажил болох байлаа.

-ИРГЭДИЙГ ДУГААРЛАХ СЭТГЭЛГЭЭГ ӨӨРЧЛӨХИЙН ТУЛД СОЛЬСОН ГЭВ ҮҮ-

Хэдийнээс уламжлал болон тогтсон нэршлийг өөрчлөх болсон шалтгаан нь иргэдийн дунд байдаг нэг, хоёр, гурав гэж дугаарладгаас үүдэлтэй гэж албаны хүн хэллээ. Иргэдийн энэ ойлголтыг өөрчилж чанарын хувьд адилхан гэдгийг мэдрүүлэх зорилгоор дээрх нэрүүдийг солчихсон нь энэ. Өөрөөр хэлбэл дээрх асуудалд эмнэлгийн “нэр” буруутай гэж үзжээ.

Уг нь их бага чанарын ялгаа бий бол нэр биш үйлчилгээндээ анхаарал хандуулж сайжруулмаар сан. Нэр солигдсоноор иргэдийн сэтгэхүй өөрчлөгдөнө гэвэл эндүүрэл болох биз. Өнөөдрийг хүртэл иргэдийн хандлага өөрчлөгдөх нь битгий хэл эмнэлгүүдийнхээ нэрийг ч тогтоож чадалгүй зургаан сар өнгөрсөн байна. Эрүүл мэндийн салбарын өмнө тулгарсан түмэн асуудал байхад нэр хаяг төдийхөнд хамаг анхаарлаа хандуулах хэрэг байв уу. Өргөө, Хүрээ, Амгалан нэртэй болсон ч эхчүүд нялх үрээ тэвэрсээр эмнэлгийн хүйтэн шалан дээр нойргүй хоносоор л байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:50

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:50


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.