Элэгний B, C вирусийн асуудал улс төрчдийн PR-ын хэрэгсэл болоод байна гэв

Д.Тулга / Эрүүл мэнд

“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд “Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд”-аар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийн эхэнд тархины мэс заслаар Монголд тэргүүлэгч, Ардын эмч Ж.Хайрулла “Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад баярлаж байна. Өнөөдөр эрх баригчид эрүүл мэндийн салбарыг нүд үзүүрлэж байна. Эрүүлийг хамгаалах салбар өнчин болсон. Хэдэн өвчтөнтэй зууралдахаас өөрийг хийх боломж алга. Нам хүчнүүдээс эрүүл мэндийн яаманд ажиллах хүн алга. 2015 оны төсөв хэлэлцэхэд ганц өргөтгөл, засварын мөнгө төлөвлөгдөөгүй” гэв. Өнөөдрийн хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг хөндөн ярилцсан юм.

-Элэгний B,C вирусийн эсрэг эм, эмчилгээ

-Хүүхдийн эмнэлэг

-Мэдрэлийн мэс засал

-Хорт хавдар зэрэг асуудлуудаар салбар салбарын төлөөллүүд өөрийн байр сууриа илэрхийллээ.

-Засгийн Газар үнэнээ хэлээд элэгний B, C вирустэй тэмцэх ёстой

Хэлэлцүүлэгт ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр, ардын эмч Ж.Хайрулла, Д.Малчинхүү, АШУИС-ийн тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнэтуяа, ХСҮТ-ийн элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн, III эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Х.Костя нарын хүмүүс оролцсон. Хэлэлцүүлэгийн үеэр хүн амын дунд элбэгших хандлагатай байгаа элэгний С вирусын эсрэг гаргасан Софосбувер эмийг нэн яаралтай эмийн жагсаалтад бүртгэх асуудлыг онцлон ярилцсан.

ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр:

-ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭМИЙГ 30 ХОНОГИЙН ДОТОР ЭМИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭХ АСУУДАЛ ЯРИГДАЖ ЭХЭЛСЭН-

Тэрээр ярихдаа “Шинээр байгуулагдсан ЭМСЯ маань нийгэмд тулгараад байгаа энэ асуудлыг анхааралдаа авч, шуурхай ажиллаж байна. Ингэснээр тодорхой шийдвэр гаргасан. Тухайлбал, эмийн асуудалд маш хатуу бодлого баримталдаг 45 орон үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар судаллаа. Энэ 45 орон хүртэл элэгний С вирусийн Софосбувер эмийг жагсаалтандаа оруулсан байна. Тиймээс манай улс ч гэсэн энэ асуудалд цаг алдаад байх шаардлагагүй гэж үзсэн. Өмнө нь элэгний вирусын эсрэг хэрэглэж байсан эмтэй харьцуулахад гаж нөлөө гэх зүйл илрээгүй. Тиймээс энэ эмийг манай улс 30 хоногийн дотор эмийн жагсаалтандаа бүртгэх асуудал яригдаж эхэлсэн. Софосбувер эмийг оруулж ирдэг албан ёсны байгууллагаас өнгөрсөн долоо хоногт бүртгэлд оруулах эмийн дээжээ явуулсан. Энэ хүрээнд Монгол Улсын хэмжээнд дагаж мөрдөх эмийн журманд ч шинэчлэл оруулсан байгаа. Элэгний C вирус бол зөвхөн Монгол Улсад биш дэлхий нийтээр тулгамдсан асуудал. Архагшсан тохиолдолд дунджаар 20 жилийн дараа элэгний хавдар, хатуурал үүсгэдэг. C вирусээс урьдчилан сэргийлэх вакцин байхгүй учир эмчилгээ нь их чухал байдаг. Өмнө нь C вирусийн эсрэг хэрэглэж байсан “Интер-фрон” маш их гаж нөлөөтэй арга байсан. Харин 2012 онд АНУ-ын эрдэмтэд “Софосбувер” /Sovaldi/ гэдэг эмийг бүтээсэн. Энэхүү эм нь сөрөг нөлөө багатай бөгөөд үр дүн сайтай. Энэ эмийг сая шинээр бүрэлдсэн ЭМСЯ анхааралдаа авсан. Үнийн хувьд гадны орнуудад гурван сарын эмчилгээ нь 90 мянган ам.доллар байдаг. Гэхдээ C вирусийн түвшин өндөр, хөгжиж байгаа Египет, Монгол зэрэг орнуудад эм үйлдвэрлэгчдийн зүгээс “Access” буюу хүртээмжийг нь нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлснээр энэ эмийн гурван сарын хэрэглээ нь 900 ам.доллар, зургаан сарын хэрэглээ нь 1800 ам.долларын үнээр зарагдах боломжтой байгаа юм. Хэл ам дагуулаад буй үнийн асуудал хугацаандаа л байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.

ХСҮТ-ийн Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн:

-С ВИРУСЭЭР ӨВЧИЛСӨН ХҮМҮҮСИЙН ИХЭНХ НЬ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД БАЙДАГ-

“Элэгний B, C вирусийн асуудал улс төрчдийн аманд орсон яриа, PR-ын хэрэгсэл болоод байна. Яг эмч болон өвчтөн хүнд энэ маш чухал асуудал бөгөөд нэг мөр шийдвэл маш сайн байна. Шийдэхийн тулд зөв гарц байх ёстой. О.Баяр даргын хэлснээр энэ эмийн үнэ бол цаг хугацааны асуудал буюу хоёр хүний маргаан л байсан. Тийм учраас энэ асуудлыг онцгой анхаарч, яаралтай шийдэхгүй бол Монголын хүн амын дунд С вирус “тахал” болчихсон. Энэ вирусийн гарал үүсэл нь эрүүл мэндийн тогтолцооны алдаатай холбоотой. Тийм учраас манай улс өөрөө анхаарал тавих ёстой. С вирусээр өвчилсөн хүмүүсийг ажиглаж байхад эмч, эмнэлгийн ажилтнууд их өртсөн байдаг. Энэ вирусийн гарал үүсэл нь эрүүл мэндийн тогтолцооны алдаатай холбоотой. Энд сууж байгаа манай багш нар хагалгаа хийхдээ нүцгэн гараараа, цустай зууралдаж ажилладаг байсан. Мөн эрүүл мэндийн салбарын ариутгалын тогтолцоо буруу байсан учраас өөр өвчнөөр өвдөөд эмнэлгийн туслалцаа авч байсан хүмүүс С вирусийг асар ихээр авсан. Одоо 20 жилийн дараа энэ нь бидний тулгамдсан асуудал боллоо. Тиймээс Засгийн Газраас ард иргэддээ үнэнээ хэлээд энэ өвчнийг эмчлэхийн тулд бүхий л бололцоогоо дайчилж ажиллана гэдгээ мэдэгдэх ёстой” гэлээ.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:01

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:01


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.