Сар шинийн баяраар шинэ ногооны салат идэхийг ЭМСЯ зөвлөж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

ganzorig

“Цаг цагаар нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг” хэмээн монголчууд ярьдаг. Гэхдээ энэ үг суурьшсан нийгмийн амьдралд шилжсэн иргэдэд нийцэхгүй болсон гэдгийг Эрүүл мэнд, спортын яамнаас анхааруулж байна. Зохисгүй хооллох нь амь насанд маш халгаатай. Мөн хоорондоо зохицохгүй олон төрлийн идээ ундыг хэрэглэснээр илүүдэл жин, цөс, нойр булчирхайн өвчний сэдрэлт, халдвар, хордлого зэрэг өвчлөл эрс нэмэгдэж эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг байна. Тиймээс уншигч та бүхэн бууз, мах, нийслэл салат, хиам идсэнийхээ дараа шинэ ногооны салат, ялангуяа ногоон навчит ногоонууд /бууцай, шанцай, яншуй, брокколи байцаа, ногоон сонгино, бүх төрлийн байцаа, салатны навч, ногоон чинжүү/ давамгайлсан салат түлхүү идэх хэрэгтэй.

Учир нь ногоон өнгийн навчит ногоонд хлорофилл хэмээгч хар ногоон өнгийн пигмент агуулагддаг ба энэ нь цусны илүүдэл өөх тосыг багасгах, биеэс хэрэгцээгүй үлдэгдлийг хөөх, бүтэн биеийг хоргүйжүүлж, хордлого тайлах, цус төлжүүлэх зэрэг ач холбогдолтой байдаг аж.

-МАХ, ӨӨХ ДАГНАСАН НЭГ ШИРХЭГ БУУЗАНД ОЙРОЛЦООГООР 185-215 /~200/ АГУУЛДАГ-

ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Анагаах ухааны доктор Д.ГАНЗОРИГ: -Монголчууд золголт хийж явахдаа өдөрт хамгийн багадаа гурван айлаар орж, айл болгонд 3-5 бууз, нэг таваг салат /260 ккал/ идэн, гурван хундага архи /50 грамм цагаан архи 115 ккал/ тогтоолоо гэж үзэхэд тэр өдөртөө хамгийн багадаа 4000 ккалори илчлэгийг хоол хүнсээрээ дамжуулан авч байна гэсэн үг. Гэтэл эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр эрүүл чийрэг дундаж насны эрэгтэй хүний хоногт дунджаар авах илчлэгийн хэмжээ 2500 ккал, эмэгтэй хүнийх 2000 ккал байдаг. Тэгэхээр дээр тооцсон илчлэгийн хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй харьцуулбал хоёр дахин их хэмжээ гарч байна. Мэдээж, дээрхи тооцооллоос олон айлд орж, олон бууз, амттан идэх хүн бишгүй бий. Өнөөдөр манай улсын нийт хүн амын 54 хувь нь жингийн илүүдэлтэй байна. 3500 ккал илчлэг 420 грамм өөх болж биед үлддэг. Үүнээс сэргийлж аль болох ногоон навчит ногоо, өөх тос багатай хоол хүнс сонгохыг зөвлөж байна.

Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Мэс заслын эмч Д.ЭРДЭНЭБОЛД: -Цагаан сарын үеэр нойр булчирхайн өвчтэй хүмүүс өөх тос багатай, ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх нь чухал. Хамгийн гол нь архи хэрэглэхгүй байх. Зайлшгүй шаардлага гарвал бага тунгаар тохируулж хэрэглээрэй.

-ЭМСЯ-НААС ӨГЧ БУЙ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗӨВЛӨМЖ-

-Ил задгай борлуулж буй газар, гар дээрээс хүнсний бүтээгдэхүүнийг хэзээ ч бүү худалдан ав. Эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан дэлгүүр, супермаркетаас гарал үүслийн баталгаажилттай, шинжилгээний бичигтэй, хадгалах хугацаа нь хэтрээгүй, сав баглаа боодол нь хонхойж, эвдрээгүй, хаяг шошготой, цэвэр, шинэ хүнсний бүтээгдэхүүн худалдан авах. Тухайлбал, он гарснаас хойш 15 аймгийн 41 суманд 52 голомтод 70 гаруй мал, амьтан галзуу өвчнөөр өвчилжээ. Иймд хоол хүнсэндээ хэрэглэх махны гарал үүслийг сайн судалж худалдан аваарай.

Худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ гэртээ авчирч ангилан түргэн гэмтдэг хүнсийг хөргөгчид, эмх цэгцтэй хадгалах, нөөшилсөн хүнс, хиам г.м зарим хүнсийг бөөнөөр нь авч, хөлдөөж хэрэглэхгүй байх.

-Салат, зууш бэлтгэхдээ ариун цэвэр, эрүүл ахуйн болон дулааны боловсруулалтын горимыг зөв баримтлан бага, багаар бэлтгэж хэрэглэх. Тухайлбал өндөг, тахианы махыг чанахдаа чаналтыг гүйцэд хийж, тухайн хэрэглэх хэмжээгээр бэлтгэж хэрэглээрэй. Яагаад гэвэл эдгээр нь сальмонелл, кампилобактер, стрептококк зэрэг нян, шувууны томууны вирусээр бохирлогдсон байх магадлалтай.

Бэлтгэсэн салат, зуушаа тасалгааны хэмд биш хөргөгчид, тагтай саванд хийж хадгалах.

-Хоносон хоол хэрэглэхгүй байх. Учир нь хоносон хоол нь хордлого, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян үржиж, хороо ялгаруулан улмаар уг хүнсийг хэрэглэсэн хүн өвчилнө. Нянгийн үржих таатай хэм 4С-62С ба чийгшил ихтэй, хоол, хүнсний тэжээлт орчны нөхцөл хангагдсан нөхцөлд нэг нян 20 минутын дараа хос болж улмаар 10 цагийн дараа нэг тэрбум болж үрждэг. Перфингенс, ботулин г.м зарим спортой нянгууд чаналт, халууны боловсруулалтын үед хуяг үүсгэн амьд үлдэн хороо ялгаруулах чадвартай.

-Хоол хүнс бэлтгэх үеийн ариун цэвэр, эрүүл ахуйн дүрмийг сайтар сахих, ялангуяа түүхий хүнс бэлтгэдэг хутга, модыг бэлэн болсон хоол хүнстэй хольж хэрэглэхгүй байх. Өөрөөр хэлбэл мах, түүхий сүү зэрэг мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд нян үржих таатай нөхцөл болдог тул болгосон, болгоогүй хүнсийг хооронд нь холихгүй байх.

-Цэвэр байх дүрмийг сайтар баримтлах. Сав суулга, аяга тавгийг хоёр удаагийн угаалтаар (угаагч бодисоор тосыг нь угаасны дараа заавал цэвэр усаар зайлах) угаах.

-Гарын ариун цэврийг сайтар сахих. Ялангуяа хоол, хүнстэй харьцахын өмнө, бие зассаны дараа, цэвэрлэгээ хийсний дараа гараа сайтар савандаж угаах, гар угаах тохиромжгүй бол нойтон салфетка, ариутгагч шингэнийг хэрэглэж занших.

Түүхийгээр идэж хэрэглэх жимс, ногоо нь газар тариаланд хэрэглэдэг химийн бодис, бордоогоор бохирлогдсон байх магадлалтай учраас болж өгвөл хүйтэн усанд сойх эсвэл сайтар угааж, хальсалж хэрэглэх.

Найдвартай ундны усыг хэрэглэх. Усаа буцалгаж, шүүж хэрэглээрэй.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:49


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.