“Говь хангай мебель”-ээс авсан тавилга хүүхдийн дээрээс нурж унажээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Сүүлийн жилүүдэд үндэсний хэмжээний томоохон баяр ёслолын үеэр “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” гэсэн уриалгыг чихэнд хангинаж, сэтгэлд хоногштол давтдаг. Түүний хүчээр үү ард түмэн үндэсний үйлдвэрлэлээ харьцангуй сайн дэмждэг болжээ. Нөгөө талаар эх орондоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний тоо олширсон гэхэд болно. Гэхдээ дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний чанар, үнэ хэрэглэгчдийн сэтгэлд 100 хувь хүрэхгүйн улмаас импортын барааг зах зээлээсээ арчиж чадахгүй байгаа.

Өрсөлдөөн хэдий чинээ их байх тусам чанар дээшилдэг уламжлал олон улсад мөрдөгддөг. Харин манай улсад зарим үед эсрэгээр байх тохиолдол элбэг. Мөн хэрэглэгчийн гомдлыг юман чинээ боддоггүй нь бас нөлөөлдөг байж болох талтай.

Өнгөрсөн сарын 30-нд иргэн А “Говь хангай мебель” ХХК-ийн дэлгүүрээс хүүхдийн ширээ шүүгээ, тавиуртай нь худалдан авч, тус компанийн ажилчид угсарч өгөөд явсан аж. Гэтэл шинэхэн авсан тавилгууд хүүгийнх нь дээрээс нуран унаж, гэмтээсэн байна. Энэ тухай “Говь хангай мебель” ХХК-д мэдэгдэхэд “Шалгаж үзлээ. Бид олон улсын стандартын гэрчилгээтэй үйлдвэрийн тавилгыг үйлдвэрийн өгсөн заавраар угсарч үйлчилсэн. Бид эвдэрсэн хэсгийг үйлдвэрийн үнээр, ямар нэг замын зардал бусад нэмэгдэлгүйгээр нийлүүлж өгөх боломжтой” гэсэн мессэж ирүүлжээ. Бид энэ мэдээллийн мөрөөр тус компанийн маркетингийн менежер Э.Ганбаатартай холбогдлоо.

Тэрээр ярихдаа “Олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслээр гомдол гаргаад яваад байгаа хүн манайхаас компьютерийн ширээ худалдан авсан юм. Манай компани угсралтыг олон улсын стандартын дагуу бүрэн хийж өгсөн. Гэтэл гомдол гаргаад байгаа айлын хүүхэд тавиур дээрээсээ юм авах гэж байгаад ширээнийхээ булан дээр гишгэчихсэн юм билээ. Тэгээд тэнцвэрээ алдан доош унахдаа тавиурын аль нэг хэсгээс татчихсан бололтой. Компьютер тавьдаг ширээн дээр том хүүхэд гарахаар яах нь ойлгомжтой биз дээ. Хүүхдийн дээрээс унасан зүйл байхгүй. Манай компанийн захирал албан ёсоор уучлалт гуйгаад, компьютерийн ширээг нь сольж өгөхөөр болсон. Харин сольж өгөх хугацаа нь жаахан урт байгаа. Уг нь бид ойлголцоод зөвшилцөд хүрсэн” гэсэн тайлбар өглөө.

Бэхэлгээ муутай тавиур хүүгийн дээрээс унахдаа эрүүл мэндэд нь хохирол учруулаад зогсохгүй амь насанд нь хүрэхийг үгүйсгэхгүй. Гэтэл хэрэглэгчийн гаргасан гомдлыг дөрөв хоногийн дотор шийдээд өгч чадахгүй бидэнд дээрх үгсийг хэлээд сууж буй “Говь хангай мебель” ХХК-ийнхан нэгийг бодох нь зөв биз ээ.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:58

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:58


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.