Жим Керри: Би алиа салбадай

Д.Тулга / Гадаад мэдээ

-БИ ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУНЫ АРААС ЖҮЖИГЧНИЙ ГАРААГАА ЭХЭЛСЭН-

“Алтан бөмбөрцөг” наадмын хоёр удаагийн шагналт, канад гаралтай, америк жүжигчин Жим Керри бол Холливудын томоохон кино оддын нэг хэмээн үнэлэгддэг. Дахин давтагдашгүй жүжиглэлт, бусдыг хөгжөөх гайхалтай чадвараараа инээдмийн кино сонирхогчдын хайртай жүжигчин болсон тэрээр хүнд хэцүү амьдралаас өөрийнхөө авьяас чадварынхаа хүчээр алдар нэрд хүрсэн нэгэн юм. Энэ талаараа тэрээр “Манай аав энгийн ажил хийж, хүүхдүүдээ тэжээдэг хөгжимчин байлаа. Гэвч аав маань ажлаа алдсанаар бид дундаж ангиас ядуусын эгнээнд элсэн орсон юм. Ингээд нүүдлийн тэргэнд амьдарч, би 15 насандаа гэр бүлдээ туслах зорилгоор сургуулиа орхиж, ажил хийх болсон” хэмээн ярьсан байдаг.

Жим Керри уран бүтээлийн гараагаа Канадын Торонто хотод тайзны бүтээлээр эхэлжээ. Ингээд инээдмийн жүжигчин Родни Дэнжерфилдын хараанд өртсөнөөр Лас Вегаст тоглох болж, улмаар Холливудад хөл тавьжээ. Тайзны бүтээлүүдийн араас телевизийн шоу нэвтрүүлэгт хүч сорих болж олны танил болж эхэлсэн байдаг. Тэрээр 21 настайдаа анх хямд зардлаар бүтсэн кинонуудад тоглох болж, авьяаслаг дахин давтагдашгүй жүжиглэлтээрээ кино үзэгчдэд инээд хөөр бэлэглэх болжээ. Ингээд 1994 оныг хүртэл жижиг, том олон дүр бүтээж эхэлжээ. 1994 онд Жим Керригийн нэр хүнд дэлхий нийтэд түгэв. Учир нь тэрээр тухайн онд алдарт Эйс Вентура, “Баг” кинонд тоглож, өөрийгөө жинхэнэ инээдмийн киноны мастер гэдгээ батлан харуулсан түүхтэй. Ингээд гижиг хүргэм инээдмийн жүжигчин Жим Керри “Action” шоунд оролцохдоо өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Юу байна Жим. Амьдрал сайн биз дээ?

-Сайнаас сайн. Бүр дэндүү сайн. Харин чиний амьдрал сайн биз дээ, Жон.

-Чамтай яг адилхан. Дэндүү сайн байна. Чамайг харахаар өөрийн эрхгүй инээд хүрээд байх юм. Ямар нэгэн нууц байна уу?

-Өө бурхан минь энэ үгийг би маш олон хүнээс сонсдог шүү. Гадуур гудамжаар явж байхад хүмүүс намайг хараад инээдэг. Гэхдээ, Жон хүмүүст инээд бэлэглэж байна гэдэг чинь сайхан хэрэг биз дээ. Би амьдрал дээрээ ч, кинон дээрээ өөрийнхөөрөө л байхыг чухалчилдаг. Нууц уу /хэсэг бодов/. Ямар ч хүнийг инээлгэж чаддаг нь миний авьяастай л холбоотой байх. Түүнээс биш өөр нууц юу байх вэ дээ, Жон. Харин чамайг харахаар өөрийн эрхгүй уйлмаар санагддаг. Энд ямар нэгэн нууц байна уу /инээв/.

-Би дэндүү аз жаргалтай байгаа болохоор чи аатархсандаа уйлах гэж байгаа байх?

-Жим, худал ярихыг юу гэж боддог вэ. Хэн нэгэнд худлаа ярьж үзсэн үү?

-Энэ яваа насандаа би хүнд атаархаж үзээгүй. Энэ бол миний амьдралын гол шугам.

-Худлаа ярьж байгаагүй гэж худлаа ярихгүй ээ /инээв/. Хүн амьдралдаа нэг ч удаа худлаа ярихгүй байна гэж байхгүй. Энэ бол ерөөсөө боломжгүй зүйл. Гэхдээ алхам тутамдаа худлаа ярьж болохгүй биз дээ. Би энэ дэлхий дээр нэг л хүнийг хамгийн худалч хүн гэж боддог.

-Хэнийг?

-Чамайг...

-Бурхан минь яагаад тэр вэ?

-Чи долоон хоног надад худлаа ярьсан. Жон, чи над руу залгаад “Жим, өнөөдөр бичлэгтэй шүү. Бэлэн байгаарай” гэж хэлдэг. Бурхны сургаалд 72 цаг худлаа яривал тамд очно гэсэн байдаг.

-Бурхны сургаал гэснээс чамайг буддист гэх хүн олон байх юм. Ямар шашин шүтдэг вэ?

-Гэгээн Есүс минь. Би будда, лал, католик шашинд сүжиглэдэг. Хүмүүс намайг ямар шашин шүтээсэй гэж хүснэ, би тэр шашинг дагахад бэлэн. Би бол хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх ёстой алиа салбадай шүү дээ /инээв/. Үнэндээ би энэ шашин буруу тэр шашин зөв энэ тэр гэх дургүй. Шашин бол шашин бүгд ижил. Тэнд бурхан гэж бий, түүнийг Есүс, Будда, Аллах гэж бид өөрсдөө хувааж нэрлээд байгаад л гол учир нь байгаа гэж боддог хүн.

-“Бурхан бид хоёр ихэр төрсөн” гэж ярьж байхыг чинь сонссон юм байна. Энэ үгийг ямар нэг зорилготой хэлсэн үү?

-Үгүй. Намайг ингэж хэлсний дараа хэвлэлээр янз бүрээр бичсэн байна билээ. “Жим өөрийгөө бурхантай зүйрлэв”, “Тэр бурхан болжээ”, “Хэн ч Жимийг бурхан гэхгүй” гэх мэтээр. Гэхдээ ингэж бичсэн нь надад сөргөөр нөлөөлөөгүй. Би тэр үгийг хэлэхдээ хүн бүр бурхан заяатай байдаг шүү гэсэн утгаар хэлсэн. Харин зарим нэг хүн дэндүү ташаагаар ойлгосон юм шиг байна билээ.

-ХҮМҮҮСИЙГ ИНЭЭЛГЭХИЙН ТУЛД ТОЛИНЫ ӨМНӨ ӨЧ ТӨЧНӨӨН ЯНЗААР НҮҮР АМАА МУРИЙЛГАЖ, САРИЙЛГАНА-

-Чиний бүтээсэн дүрийн 80 гаруй хувийг инээдмийн дүр эзэлдэг. Үүнийг инээдмийн төрөлд илүү дуртай гэж ойлгож болох уу?

-Мэдээж хүнийг инээлгэж, зовлонг нь түр ч гэсэн мартуулна гэдэг агуу үйл. Хүн инээлгэх дургүй хүн гэж байдаггүй болов уу. Найз нөхөд, гэр бүлтэйгээ байхдаа ч хошигнож, инээд хөөр бэлэглэх дуртай. Харин жүжигчин хүнийхээ хувьд бол инээдмийн төрлөөс илүүтэй уянгын буюу сэтгэлийн утас хөндсөн талдаа сонирхолтой шүү. Би уран бүтээлч хүн учраас бүтээлч байхыг хичээдэг. Хамгийн бүтээлч жүжиглэлт инээдмийн киноны төрлөөс шаарддаг юм. Ганц удаа инээлгэхийн тулд олон зүйл бодож, толины өмнө өч төчнөөн янзаар нүүр амаа мурийлгаж, сарийлгана шүү дээ /нүүрээ мурийлгав/.

-Би өөрийн тань “үгүй” гэж хэлж байхыг сонсч байсангүй. Үргэлж “за” гэж хэлэх осолтой шүү дээ?

-Ямар нэгэн тусламж хэрэгтэй болсон хүнд “за” гэж хэлээд нүүр рүү нь хараарай. Тэр хүний “яах бол доо” гэсэн бодол сарниж нар гартал инээмсэглэх болно. Энэ бол аз жаргалын өчүүхэн хэсэг. Гэхдээ би үргэлж “за” гэж хэлээд байдаг хүн биш. Өөрийнхөө чадахгүй юмыг “чадна”, мэдэхгүй зүйлийг “мэднэ” гэж хэлдэг хүнийг би ер ойлгодоггүй.

-Алдар нэрд хүрэхээсээ өмнө нь ч гэсэн “за” гэж хэлдэг байсан уу?

-/Хэсэг бодлогошров/. Би “за” гэж хэлдэг хүн байсан юм байна. Заримдаа “үгүй” гэж хэлсэн ч зөвшөөрөх тохиолдол байдаг шүү дээ. Тэр бүхнийг тооцвол би ч бүр гараад өгөх юм байна л даа.

-Яагаад. Чадахгүй зүйлээ чадахын төлөө, мэдэхгүйгээ мэдэхийн төлөө тэгж хэлэх ёстойг би сайн ойлгохгүй байна?

-Чиний ойлголт зөв ч байж болох юм. Гэхдээ иймэрхүү үйлдэл гаргаснаараа нэг хүний, эсвэл нэг хэсэг хүний амьдралыг баллана гэдгээ тэр хүмүүс ухамсарладаггүй. Миний бодол буруу ч байж магадгүй. Жон, та авах, гээхийн ухаанаар хандана биз дээ.

-Жим, хэн нэгэнд “за” гэж хэлснийхээ төлөө харамсаж байв уу?

-Одоо хүртэл харамсдаг зүйл байхгүй. Харин харамсаж байсан уу гэвэл тийм гэж хариулна. Маш ихээр шүү.

-Яагаад?

-11 настайд минь усан цэргийн дугуйланд явах уу гэж асуухад нь “за” гэж хэлсэндээ маш их харамсдаг. Энэ дугуйлан нь цэрэгжүүлсэн байдалтай скаут л гэсэн үг. Тэнд миний үсийг хусч, хүн бүр над руу дайрч, надаар даажигнадаг байсан. Яагаад харамсахаа больсон бэ гэхээр хэрэв би тэр дугуйланд яваагүй бол өдийд ганц ч шүүмжилсэн үг сонсч чадахгүй нялзрай амьтан болох байсан болов уу гэж боддог. Тэгэхээр “за” гэж хэлэх үргэлж сайн, сайхан зүйл рүү хөтөлдөг байгаа биз дээ.

-Таныг дэлхийн хамгийн сонирхолтой, хөгжилтэй хүн гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?

-Би хөгжилтэй хүн гэдэгтэй санал нийлнэ. Харин сонирхолтой гэдэг бол харьцангуй ойлголт. Жишээ нь, би 2000 хүний дундаас хамгийн сонирхолтой хүн байж болно. Харин дэлхий дээр хоёрхон мянган хүн амьдардаггүй долоон тэрбум хүн амьдарч байна.

-ЭЭ, БУРХАН МИНЬ НАМАЙГ АМЬД ҮЛДЭЭГЭЭРЭЙ-

-“Yes Man” кинонд тоглоход тань хүндрэл тулгарч байв уу? Ер нь тэр кинон дээрх Жим Керри амьдрал дээрх Жимтэй хэр адилхан бэ?

-Би бусдаас илүү эрч хүчтэй, бүтээлч амьдрахыг хүсдэг. Үргэлж шинэ санаа сэдэж, түүнийгээ биелүүлж, үр дүнг нь харж байж санаа минь амардаг хүн. Кинонд тоглоход хүндрэл гарсан удаагүй. Тэр киног чинь нэг шөнийн дотор хийчихсэн юм шүү дээ /инээв/. Тоглосон юм шүү. Миний бодлоор “Yes Man” надаас тэс ондоо хүн биш, би тэр дүрдээ өөрийн зан чанарын өчүүхэн хэсгийг шингээсэн. Жүжигчин болохоороо олон янзын ааш зантай шүү дээ, бид чинь.

-Тэр кинонд та чөлөөт уналт хийдэг. Анхны удаа биз?

-Ээ бурхан минь, битгий тэр тухай ярь, гуйя. Одоо хүртэл нүдэнд харагдаж байна. Үсэрч байхад надад юу бодогдсон гээч үхэл, үхэл бас дахин үхэл. Ингээд л үхдэг юм байж дээ гэж бодож байсан. Золтой л өмдөндөө дусаачихаагүй шүү. За жоохон дусаачихсан ч бил үү /инээв/. Би үсрэхээсээ өмнө “Хүмүүс үсрээд л байдаг шүү дээ. Юу нь хэцүү байв гэж. Асуудал байхгүй” гэх мэтээр бодож байсан. Яг унаж байхдаа ёстой “за” гэж хэлсэндээ харамсч байлаа шүү дээ. “Ээ бурхан минь, намайг амьд л үлдээгээрэй. Би ер нь юугаа бодож, ийм зүйл хийж явдаг байна аа” гээд л үй түмэн бодол толгой дотор эргэлдсэн.

-Та дахиж ийм үсрэлт хийх үү?

-Хэзээ ч, хэзээ ч үгүй. Наад асуултад чинь “үгүй” гээд хариулчихъя /инээв/. Би амьдралдаа нэг удаа үсэрсэн. Амьддаа амжиж хийх ёстой зүйлийн нэг гэдэг зүйлийг хийж үзлээ. Дахиж шаардлага гарсан ч үсрэхгүй байх бүх арга хэмжээг авах болно. Миний “банжи” үсрэлт хийснийг дэлхий даяар мэднэ. Тэд цэнхэр дэлгэцээр харсан. Энэ л байхад хангалттай. Харин хойд төрөлдөө үсэрч болох юм.

-Жим гэдэг хувь хүний амьдралыг үзэх үзлийн тухай асуулгүй өнгөрч болохгүй нь?

-Амьдрал бол хайрцаг дүүрэн эрдэнэс л гэсэн үг. Хүн хичээвэл амьдралыг яаж ч эргүүлж болдог юм. Зарим хүн мэдэхгүй байж магадгүй. Би дэлгүүрийн лангууны ардаас л жүжигчний гараагаа эхэлсэн. Тухайн үед миний амьдрал хүндхэн байлаа. Түрээсийн байранд амьдардаг. Сар бүр түрээсийнхээ мөнгийг олох гэж ямар их хичээдэг байснаа эргээд бодоход хар дарсан зүүд шиг л санагддаг юм. Харин өнөөдөр, яг одоо амьдралыг би дэндүү гэгээн тунгалгаар харж байна. Надтай ярилцаж суугаа хүн, энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдээс аз жаргал мэдрэгдэж байна.

-Хамгийн сүүлийн асуулт. Холливудынхан өөрийг тань “солиот” гэж хочилдог. Танд эвгүй сэтгэгдэл төрдөг үү?

-Харин ч Холливудын хамгийн эрүүл хүн нь би юм биш үү /инээв/. Бусад жүжигчид зургийн талбайд ямар авир гаргадгийг үзэгчид мэдэхгүй болохоор л намайг “жинхэнэ солиотой амьтан” гэж боддог байх. Намайг “солиот” гэж хочилдог жүжигчид өөрсдөө “жинхэнэ солиот”-нууд байхгүй юу.

-Жимдээ баярлалаа...

-Жон, уучлаарай. Хамгийн сүүлийн өгүүлбэр /инээв/. Надад энэ амьдралыг бэлэглэсэн бурханд юун түрүүнд талархах ёстой байх. Хоёрт, урлагийн замд хөтөлж оруулсан найруулагч, жүжигчдэд баярлалаа. Гуравт, намайг ганцаардаж явахад үргэлж хамт байдаг үзэгчдэдээ баярлалаа. Та бүхэндээ хайртай шүү.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:20

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:20


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.