Хошууч Б.Адьяахүү: Эрүүлжүүлнэ гэдэг эрүүл мэндийн байгууллагын ажил

Д.Тулга / Нийгэм

Улсын Их Хурлаас 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, 2014 оны 01 дүгээр сарын 01 -ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд” нэмэлт өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор эрүүлжүүлэх байр нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяалалд ажиллаж, эрүүлжүүлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллага бие даан хэрэгжүүлэхээр заасан билээ.

Гэвч энэ хууль өдийг хүртэл тодорхой шалтгааны улмаас албан ёсоор хэрэгжиж эхлээгүй л байна. Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хамтарсан тушаалаар “Ажлын хэсэг" байгуулагдан ажилласан боловч өнөөдрийг хүртэл нэгдсэн шийдэлд хүрээгүй байсаар байна.

Энэ хууль батлагдсанаар эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгууд эмнэлэг үү, эрүүлжүүлэх үү гэдэг нь ялгагдахаа больж, ачааллаа дийлэхээ больсон гэх гомдол мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд удаан яригдаж бичигдэв.

Энэ удаа бид маргаантай байгаа дээрх асуудлын талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Түр саатуулах байрны эмчилгээ хариуцсан ахлах офицер, цагдаагийн хошууч Б.Адьяахүүтэй ярилцаж, нөгөө талын байр суурь ямар байгааг сонслоо.

-Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин эрүүлжүүлэх байрыг Эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар халсан. Эмчилгээ, үйлчилгээ явуулахад маш их хүндрэлтэй байна гэж эмч нар гомдоллох боллоо?

-Дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрыг Албадан саатуулах байрны зориулалтаар өөрчлөн, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчил үйлдсэн иргэдийг саатуулах байранд хүлээн авч, саатуулах зорилгоор ашиглаж байна. Нийслэлийн хэмжээнд төвийн зургаа, алслагдсан гурав, төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн нэг, нийт 10 хэлтэс, тасгийн саатуулах байр үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийн 5.1 дэх хэсэгт заасан “Өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаасаа болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эмнэлгийн байгууллага / “эрүүлжүүлэх байр”/-д хүлээлгэн өгнө” гэж заасан.

-Үнэхээр эмнэлгийн байгууллага эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлэх ёстой юу?

-Шинэ хуулиар “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн Зургадугаар зүйлийн 6.1-д зааснаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тусгай байр нь аймаг, нийслэлд эрүүлжүүлэх байр нэртэйгээр байж, эрүүлжүүлэх байр нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяалалд ажиллана гэж заасан. Гэтэл дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, орон тоо дутуу, орны хүрэлцээ муу, өөрийн харъяа дүүргийн өвчтөнүүдээ хүлээн авах бололцоогүй, эмнэлгийн коридорт шалан дээр иргэдээ хүлээн авч байгаа. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг цагдаа авчирч өгсөн тохиолдлуудад согтуу хүмүүсээс эмч сувилагч нарыг айлган сүрдүүлэх, амь нас, эрүүл мэндэд заналхийлэх, цохиж зодох, өвчтөнүүдийг айлган сүрдүүлэх, эмнэлгийн оронд шээх, өвдсөн зовсон болж жүжиглэх, эмч эмнэлгийн ажилчдыг гүтгэж доромжлох зэрэг зохисгүй үйлдэл удаа дараа гаргаж байна гэсэн шалтгаанаар хуулийн хэрэгжилт туйлын хангалгүй байна.

-Өнгөрсөн жил эрүүл мэндийн байгууллагууд энэ хуулийг огт хэрэгжүүлээгүй гэж үнэн үү?

-Өнгөрсөн онд буюу 2014 оны 11-р сар хүртэл эрүүлжүүлэх байр байхгүй гэсэн шалтгаанаар эрүүл мэндийн байгууллагууд энэ хуулийг хэрэгжүүлээгүй. Манай цагдаагийн алба хаагчид гудамж талбайд ухаанаа алдаж, өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон иргэдийг эмнэлгийн байгууллагуудад хүргэхэд дандаа буцаагаад явуулчихдаг байсан. Бид тухайн иргэдийг саатуулах байрандаа аваачиж эрүүлжүүлдэг байсан. Тиймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат болон Яаралтай түргэн тусламжийн төвд албан бичгээр хэд хэдэн мэдэгдэл, хүсэлт явуулж, хуулиа хэрэгжүүлээч ээ гэж шаардсаны үр дүнд сая он гаргаад хуулиа биелүүлж ажиллаж эхэлж байна. Цаашид эрүүл мэндийн байгууллагууд энэ хуулиа хэрэгжүүлж ажиллахад санаачлага гаргах хэрэгтэй. Хуучны үзэл бодлоороо цагдаагийн байгууллагын хийх ёстой ажил гэж ойлгох нь маш буруу.

-Эрүүлжүүлэх байруудыг татан буулгаагүй, саатуулах байр болгон, чиг үүргийг нь өөрчилсөн гэсэн үг үү?

-Хуулиараа архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс зөрчил гаргасан бол захиргааны арга хэмжээ авахуулаад, саатуулах байранд хүргэгдэж байгаа гэсэн үг. Гэтэл архи ууж, гудамж талбайд өөрийгөө удирдах чадваргүй болж согтож унасан иргэдийг бид ямар ч зөрчил гаргаагүй, гэмт хэрэг үйлдээгүй байхад нь саатуулах байранд аваачиж, торны цаана гэмт хэрэгтнүүдтэй хамт саатуулах нь хүний эрхэд халдсан, ноцтой асуудал. Тиймээс энэ хуулийн шинэчлэл үнэхээр цагаа олсон зүйл болсон.

-Эмч нарын хэлж буйгаар цагдаагийн байгууллагынхан байнга архи ууж, “өвгөнт” болчихсон архаг архичдыг авчирдаг. Тэр хүмүүс эрүүлжүүлэгдээд гардаг, буцаад хүрч ирдэг гээд байгаа. Тиймээс л гомдол тасрахгүй байгаа болов уу?

-Хуулиа баримталж ажиллах л хэрэгтэй байна. Эмнэлгийн байгууллага тэр хүмүүсийг өвгөнтийнх хэмээн тодотгон ярьж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж байгаа бол эмч хүн өргөсөн тангаргаасаа няцаж байна гэсэн үг. Үнэхээр ёс зүйгүй хэрэг. Адилхан л хүн шүү дээ. Эрүүлжүүлэх гэдэг үгийнхээ утгыг харсан ч тэр эрүүлжүүлнэ гэдэг бол эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа. Цагдаагийн байгууллага архинд донтох өвчтэй болсон хүнийг эрүүлжүүлэх, эмчлэх ёсгүй. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллага цагдаагийн байгууллага руу нялзаагаад байлгүй, өөрсдийгөө хамгаалах харуул хамгаалалттай, тусдаа эрүүлжүүлэх байртай болох гэх мэтчилэн хуулиа хэрэгжүүлэх бүхий л арга замыг эрэлхийлэх хэрэгтэй.

-Хууль хэрэгжсэнээс хойш хэчнээн хүнийг эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн бэ?

-2014 онд нийслэлийн хэмжээнд 64943 хүн саатуулагдсанаас эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн хүний тоо ердөө 2436 байгаа юм. Энэ бол бүтэн жилийн тоо баримт. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагынхны яриад байгаа шиг хоногтоо 240-250 согтуу хүн ирж, ачааллаа дийлэхээ байчихсан зүйл байхгүй.

-Эмнэлгийн байгууллага хүлээж аваагүйгээс Налайх дүүрэгт нэг иргэн амиа алдсан гэх мэдээлэл байсан. Үнэн үү?

-Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд, эмнэлгийн байгууллага хүлээж авахаас татгалзсаны улмаас нэг хүн амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, 2014 оны 11-р сард Багануур дүүрэгт 103-ын эмч гудамж талбайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүний дуудлагаар очоод, эмнэлгийн анхан шатны үйлчилгээ ч үзүүлэхгүй шууд Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн саатуулах байрны эмчид хүлээлгэн өгөөд явсан байдаг. Саатуулах байрны эмч эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлээд, буцаагаад 103 дуудах хооронд нөгөө хүн нас барсан хэрэг гарсан. Энэ мэтчилэн гудамж талбайд байнга согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс цагдаагийн байгууллагын саатуулах байранд байх хугацаандаа амиа алдах, нас барах тохиолдол маш их гардаг. Саатуулах байранд эмч байдаг боловч яаралтай тусламж үзүүлж, сэхээн амьдруулах хэмжээний тоног төхөөрөмж, эм, багаж хэрэгсэл байхгүй шүү дээ. Ойр зуурын анхан шатны үйлчилгээ үзүүлээд л эмнэлгийн байгууллагад шилжүүлдэг.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.