Олны үг ортой эсэхийг шалгалаа

Д.Тулга / Хууль

Том хар машинтай, маяак дуугарган, хөгжим чангаар тавиад тамхи татан явдаг нэг залуу байгаа талаар хэд хоногийн өмнө фэйсбүүк, твиттер хуудсаар жиргэлдэв. Тухайлбал, жиргээч В.И.Саруул уг маяктай хар машиныг улсын дугаартай юутай хээтэй зургийг нь тавиад “Энэ машиныг нэг пацаан барьцан, тамхи татаал, чанга хөгжим, маякаараа охидыг эзэмдээл явдын. Хэний хүүхэд юм болоо” хэмээн твиттер хуудастаа жиргэж, нэлээд олон хүн санал бодлоо солилцсон байх юм. Тэдний дотор “Дарга нэгний хүүхэд биз. Монголд хэвийн л үзэгдэл шүү дээ” гэх жиргээ ч харагдсан. Бид уг машин юуны учир маяктай байгаа, ямар хүний машин болох талаар “Олны үг ортой эсэхийг шалгалаа”.

8050УНҮ улсын дугаартай хар өнгийн уг машин нь infiniti QX56 гэх нэртэй машин бөгөөд нэлээд үнэтэй люкс зэрэглэлийн жип юм байна. Үнэ нь ойролцоогоор 100 гаруй сая төгрөг гэх. Харин эзэмшигч нь Батчулууны Батчимэг гэх эмэгтэй байх юм. Бид тухайн машины эзэмшигч Б.Батчимэгээс өөрийнх нь нэр дээрх энэ машины талаарх таагүй мэдээлэл хэр үнэн бодит, ямар учраас маяктай байгааг нь асуухаар 9900…. утсаар холбогдох гэсэн боловч дугаарыг нь саяхан худалдаж авсан гэх өөр нэгэн эмэгтэй утас авсан юм.

Н.БАЯРЖАРГАЛ: МАЯКЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ

Тиймээс тус маяктай машины талаар Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ямар нэгэн мэдээлэл ирсэн эсэх, маяк ажиллуулах зөвшөөрөлтэй үгүйг тодруулахад “Тийм мэдээлэл манайд ирээгүй. Маякын зөвшөөрлийг ЦЕГ-ын харъяа Лицензийн төв олгодог. Тэндээс асуу” гэх хариулт өгсөн. Үүний дагуу Лицензийн төвийн Зөвшөөрөл хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Баяржаргалаас тодруулахад “Энэ машин манайхаас ямар ч маякын зөвшөөрөл аваагүй. Тэгэхээр хууль бусаар маяк ажиллуулан замын хөдөлгөөнд оролцсон байна. Бид шалгана” гэв. www.torguuli.mn сайт ажиллаж эхлээд нэлээд хугацаа өнгөрсөн. Машиных нь номер дугаарыг оруулаад хаана, хэзээ ямар зөрчил гаргаж хэдэн төгрөгөөр торгуулсан гэдэг нь бүгд гарч ирдэг. Тэгвэл дээрх машин өнгөрсөн 2014 онд нэгдүгээр эгнээгээр зорчсон, хурд хэтрүүлсэн, улаан гэрлээр гарсан гэх мэтчилэн арваад зөрчил гаргаж торгуулсан талаар тус сайтад тэмдэглэгдсэн байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.