Сайдууд өөрсдийгөө ӨМӨӨРӨВ

Д.Тулга / Улстөр

said


-ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ АЖЛААС ХАЛСАН АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНӨЖ БАЙНА-

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулж буй Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах тухай хэлэлцүүлэг Төрийн ордоны Нээлттэй сонсголын танхимд болж байна. Тус байнгын хороонд 2014-2015 оны хооронд ажлаас үндэслэлгүй халсан гэх ний 179 өргөдөл ирсэн байна. Үүний 64 нь Хөдөлмөрийн яам болон салбарын хэмжээнд, 66 нь, БОНХАЖЯ болон салбарын хэмжээнд, 11 нь Эрүүл мэнд, спортын яам, 14 нь ХХААЯ болон салбарын хэмжээнд, 5 нь Барилга, хот байгуулалтын яамны салбар, 8 нь БСШУЯ-ны салбарын ажилтан ажиллагсад байсан байна. Өргөдлийн агуулгаар нь авч үзвэл яамдын Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нар үндэслэлгүйгээр албан хаагчдыг чөлөөлөх шийдвэр гаргаж байна, тухайн албан тушаалтны чиг үүрэг хэвээр байхад албан тушаалын нэр, газар, хэлтсийн нэрийг бага зэрэг өөрчлөн бүтцийн өөрчлөлтөд оруулж байна гэх зэргээр өргөдөлдөө дурдсан аж.

Сангийн яамнаас гаргасан мэдээгээр ажлаас халагдсан албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох зардалд 5 тэрбум 378 сая 313 мянган төгрөг тусгасан хэмээн мэдээлж байгаа. Тэгэхээр төрийн албаны халаа сэлгээний асуудал нь тухайн ажилтнаас гадна төсөвт ч сайн үр дагавар авчрахгүй байгаа хэрэг гэсэн үг. Зарим албан эх сурвалжаас харвал, нийт төрийн байгууллагуудын хэмжээнд 1500-2000 орчим төрийн албан хаагч ажлаас чөлөөлөгдсөн гэсэн статистик гарчээ. Энэхүү хэлэлцүүлгийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү ахалж, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нар, бие даагч гишүүд, ажлаас үндэслэлгүй халагдсан гэх албан хаагчдыг оролцуулан явуулж байна. Энэ хүрээнд яамдын сайд нар хэлэлцэж буй асуудлаар тайлбар хийж, тодруулсан асуултад хариулт өгсөн юм.

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаа халсан шалтгаанаар төр долоон найман тэрбум төгрөг төлөх шаардлагатай болсон уу. Хэрвээ тийм бол энэ буцаан төлөгдөх боломжтой юу?

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Төрийн албаны бүтцийн өөрчлөлтийн хүрээнд төсөвт таван тэрбум орчим төгрөг тусгаад явж байгаа. Сангийн яам ямар ч асуудал дээр зөвхөн УИХ-аас батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Бидний өнөөдрийн энэ ярьж байгаа асуудал мөнхийн сэдэв. О.Баасанхүү гишүүний яриад байгаа 2.5 тэрбум төгрөгийг ажлаас үндэслэлгүй халсан иргэдэд төр төлөхөөр болсон. Угаасаа Төрийн албаны хуулиндаа төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг төр харицдаг. 2012, 2013 онд гаргасан буруутай шийдвэрийн хохирол 2.5 тэрбум. Өнөөдрийн гаргаад байгаа шийдвэр биш. Цаашдаа 5.3 тэрбум төгрөгийн зардлаг гаргана.


-ХАЛАА СЭЛГЭЭ ХИЙЖ БАЙГАА ЧИНЬ БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ БИШ-

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол: “2014 оны нэгдүгээр сарын 1 ний өдрөөс 2015 оны 4-р сарын 1-ны өдөр хүртэлх хугацаанд сайд төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр салбарын хэмжээнд өөрийн хүсэлтээр-8, суралцахаар-4, тэтгэвэрт гарсан-3, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр 29, өөр байгууллагад шилжсэн-7 гэрээт ажилтны гэрээ дуусгавар болсон-9, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоон дээр түр ажиллуулж байсан-5хүн чөлөөлөгдсөн. Эдгээрийн 20 нь өмнөх удирдлагуудын үед гаргасан шийдвэрээр чөлөөлөгдсөн болно. Энэ бужигнаан өмнө нь байсан” гэв.

2015 оны Төсвийн тухай хуулиар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Усны сав газруудын бүтэц орон тоог 23-аар цөөрүүлж, 208 албан хаагчтай байхаар цалингийн санг баталсан. Тиймээс орон нутагт ажиллаж байгаа сав газруудын ажлын нягтрал, ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс 29 сав газрыг 26 сав газар болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Энэ өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн 14 албан хаагчдаас 8 хүнийг өөрсдийнх нь хүсэлтээр тухайн орон нутагт нь асуудал хариуцсан мэргэжилтнээр эргүүлэн томилж ажиллуулж байгааг хэллээ.

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Д.Оюунхорол сайд Багануурт байсан усны сав газрыг шилжүүлж Хэнтий аймагт байгуулсан. Даргаар нь Жадамбаа гэдэг хүнийг томилсон байгаа. Жадамбаа гэдэг хүн өмнө нь 8-10 жил сумын Засаг дарга хийж байсан МАН-ын гишүүн. Улс төрийн албан тушаал хашиж байсан. Энэ хүн төрийн албан хаагч мөн үү. Яагаад энэ хүнийг томилсон бэ?

-Д.Оюунхорол: Өргөдлийн байнгын хороог илүү ухаалаг тогтолцоог ярих байх гэж бодсон чинь өөр улстөр хийж байгаа юм байна. ТАЗ тайлангаа өнгөрсөн долоо хоногт хэлэлцүүлсэн. 2012 оны сонгуулиас хойш Монголын улс төрд бий болсон шинэ үзэгдлийн талаар бид дүгнэлт хийн ярих шаардлагатай байсан байж магадгүй. Өөрөөр хэлбэл 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын оролцоогүйгээр Монгол Улсын бүтэц, зохион байгуулалт, төрийн ажил явсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Халаа сэлгээ хийсэн асуудал чинь биднээс эхлэлтэй биш. Бид хууль зөрчсөн ямар ч асуудал хийгээгүй. Хэнтий аймгийн иргэд Хэрлэн голын сав газрыг аймагтаа байгуулж өгөхийг хүссэн. Өмнөх сайдын үед улс төрийн шийдвэрээр Багануур дүүрэгт байгуулагдсан юм билээ. Хэнтий аймгийн засаг дарга АН-ын хүн. Хэрлэн голын сав газрыг орон нутагт нь байгуулж өгөх хүсэлт тавьсан. Тиймээс л энэ асуудлыг шийдсэн. Засаг дарга гэдэг нэг талаас улс төрийн албан тушаалтан нөгөө талаас төрийн албан хаагч мөн. Тиймээс ажлын дадлага туршлагатай, энэ ажлыг хийж чадах чадвартай гэж үзэн Багануур сумын даргыг томилсон. Үүнд хууль зөрчсөн ямар ч зүйл байхгүй.


-НЭГ Ч ХҮНИЙГ ТӨРИЙН АЛБАНААС ХУУЛЬ БУСААР ХАЛААГҮЙ-

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг: Хөдөлмөрийн сайдаар томилогдон ирэхэд Хөдөлмөрийн яамны 12 газар, хэлтсийн дарга, Нийслэлийи Хөдөлмөрийн газар аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн 31 дарга зарим мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн 29 захирлууд бүгд 100 хувь "түр орлон гүйцэтгэгч''-ээр ажиллаж байсан. Учир нь Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж албан ёсоор томилогдоогүйтэй уялдан Төрийн албаны салбар зөвлөл байгуулагдаагүйгээс дээрх албан тушаалтнууд “түр орлон гүйцэтгэгч"-ээр ажиллаж байсан.

Хөдөлмөрийн сайдаар томилогдсоноос хойшхи гурван сарын хугацаанд бүтэц, зохион байгуулалтын ажил хийсэн. Хөдөлмөрийн яамны бүтцийг Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолын дагуу 100 орон тоотой, 6 газар, 4 хэлтэстэй байхаар зохион байгуулсан. Мөн Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Засгийн газрын 2015 оны 60 дугаар тогтоолоор Төрийн нарийн бичгийн дарга албажиж томилогдсон. Яамны газар, хэлтсийн даргыг 100 хувь төрийн жинхэнэ албан хаагчаас сонгон шалгаруулж бүрдүүлсэн гэв. Түүнчлэн өмнөх түр орлон гүйцэтгэгч нарыг чөлөөлсөн байна. Хөдөлмөрийн сайдын хувьд нэг ч хүнийг төрийн албанаас хууль бусаар ажлаас халаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэв.

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: С.Чинзориг сайд та гудамжнаас хүмүүс авч ирж хоёр жил ажиллуулсан гэж хэлсэн. Үүнийгээ баталж чадах уу. Түр орлон гүйцэтгэгчийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол дараагийн түр орлон гүйцэтгэгч хууль ёсных болж чадах уу?

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг: Гишүүд асуудалд битгий улс төрийн өнцгөөс хандаач ээ гэдгийг хэлмээр байна. Ер нь бидэнд асуудал байна уу гэвэл байна. Төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал байна. Харин үүнийгээ зөв оношлох талд анхаарал хандуулах ёстой. Б.Гарамгайбаатар гишүүний асуултад хариулахад би гудамжны гэдэг үг ерөөсөө хэлээгүй. Үг мушгиж байгаа нь харамсалтай байна. Засгийн газар 2012 оны есдүгээр сард түр орлон гүйцэтгэгчийг томилох журамд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ иргэнийг томилж болно гэсэн өөрчлөлт оруулсан. Үүний үндэслэлээр томилсон байдаг. Харин 2013 онд үүнийгээ хүчингүй болгосон байгаа юм. Тиймээс түр орлон гүйцэтгэгч чинь хууль бус болчихоод байгаа юм. Тэгэхээр надад ямар боломж үлдсэн гэхээр 2011 онд баталсан 62 дугаар тогтоолын дагуу шийдвэрээ гаргасан. Мөн түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо улстөржөөгүй. Хэлтэс дотроо хамгийн олон жил ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчыг томилсон. Тэгэхээр би ямар ч хууль зөрчөөгүй.

Гомдол гаргасан хүмүүсийн буруу биш. МСҮТ-ийн захирлыг сонгон шалгаруулалтын дагуу томилох ёстой. Тиймээс холбогдох хуулийн дагуу чөлөөлөөд сургуулийн захирлуудыг томилж ажилласан. Есөн захирал нь түр томилгоотой биш байсан учраас үлдээсэн, одоо ажлаа хийж байгаа. 14 хүн МСҮТ-д ажиллах хүсэлт гаргасны дагуу ажлын байраар хангах чиглэл өгөөд явж байна” гэв.


-ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН АСУУДАЛ-

Эрүүл мэнд, спортын сайд С.Шийлэгдамба: УИХ хууль гаргаж ЗГ-ын бүтцийг өөрчилсөн. Хуучин нэрээр байсан яам өөрчлөгдөж нийтийн биеийн тамирын бодлогыг хамт хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Сайдын чиг үүргийн хүрээнд 16 эмнэлэг, таван аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төв зэрэгт нийтдээ 6137 алба хаагч ажиллаж байна. Үүнээс өөр албанд шилжсэн 14, чөлөөгдсөн 19, өөрийн хүсэлтээр 39 хүн байна. Өнөөдрийн байдлаар хууль бусаар халагдсан гэсэн шүүхийн шийдвэр ирээгүй байна. Өргөдлийн байнгын хороонд ирсэн 11 өргөдөл бол төрийн албан хаагч хууль бусаар чөлөөлөгдсөнтэй холбоотой өргөдөл биш. Эмчилгээний чанар, тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй хагалгааг гадаад улсад хийлгэх тухай өргөдлүүд байгаа. Яам одоо таван газар, дөрвөн хэлтэстэй ажиллаж байна. Энэ асуудал үүсгээд байгаа зүйл бол Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудал. Өмнө нь хоёр Төрийн нарийн бичгийн даргатай байсан. Хатанбаатар гурван шатны шүүхээр яваад үндэслэлгүйгээр халагдсан гэсэн шийдвэртэй. Эрдэнэтуяагийн хувьд өмнө нь хашиж байгаагүй албан тушаалд эргүүлэн томилох шийдвэрийг шүүхээс гаргасан. Өөрөөр хэлбэл, нэг ажлын байранд хоёр хүнийг томилох шийдвэрийг шүүхээс гаргасан. Төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгэх албыг 26 жил тасралтгүй ажилласан хүнийг ажиллуулж байгаа. Одоо сонгон шалгаруулалт төлөвлөгдсөн байтал шүүхийн асуудал сөхөгдөж асуудал хойшлоод байна. Би ажлаа аваад нэг ч эмнэлгийн даргыг өөрчлөөгүй. Шүүхэд хандсан нэг хоёр хүний асуудлын хариуцагч нь Засгийн газар. Төрийн ажилд улстөрийн өнцгөөс биш мэргэжлийн баг, уламжлалыг хэвээр үргэлжлүүлэх, удирдах ажлын туршлагатай хүмүүсийн тусламжтайгаар энэ салбарын ажлыг авч явж байгаа.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Төрийн албан хаагчдын тоо 2011 онд 148 мянга байсан бол 2013 онд 183 мянга болж нэмэгдсэн. 2012-2013 онд 80 мянган хүн шинээр төрийн албанд ажилд орсон. Энэ үед байнгын хороо, ТАЗ юу хийж байсан юм. 1996 оноос төрийн албаны халаа сэлгээ эхлэлтэй гэв.

“Шударга ёс” эвсэлийн бүлгийн дарга Н.Батцэрэг: “Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн явдал их зовлонтой. Гол хэдэн намуудын өрсөлдөөн, зарим тохиолдолд тэрсэлдээн дунд төрөө үгүй хийчих шахаж байна. Аль нэг намыг нь чичлээд байх асуудал биш. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг сүүлийн хэдэн сонгуулиар ийм л зүйл болж байгаа. Төрийн албаны зөвлөлийн гаргаж байгаа дүгнэлтээр төрийн албаны халаа сэлгээ үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрсэн” гэв.

Тус сонсголын үр дүнд төрийн албан хаагчийн буруутай шийдвэрээс учирсан хохирлыг төр хариуцдаг хуулийн төслийг өөрчлөх нь зүйтэй гэж гишүүд үзэж буйгаа илэрхийллээ. Учир нь шинээр томилогдсон сайд, дарга ямар ч хариуцлага хүлээдэггүй учраас хариуцсан байгууллагынхаа албан тушаалтныг халж, өөрийн хүнээ томилдог байдал нь хэрээс хэтэрч байгаа юм. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.