Ч.Ганхуяг: Харцага Г.Ганхуяг буруу үед буруу үг хэрэглэсэн

Д.Тулга / Хууль

ganhuyag-”Хас” банкинд ажиллаж байсан, ажиллаж байгаа нэг ч хүнтэй зүй бус харьцаж байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна-

“Хас”-ын Ч.Ганхуяг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст гомдол гаргажээ. Улсын харцага Г.Ганхуяг түүнийг олон нийтийн цахим сүлжээгээр доромжилсон учраас тэрбээр нэр төрөө сэргээлгэх гэж цагдаад гомдол гаргасан аж. Энэ талаар Сангийн дэд сайд асан, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.

-Та амидаатайгаа заргалдаад байгаа сурагтай. Юунаас маргаан эхэлсэн юм бэ?

-Маргалдаад байх юмгүй. Би тэр нөхрийг таних ч үгүй. Гадаадын иргэнийг Бурханхалдун дээр гарлаа гэж сөгдүүлж байгаад дарсан зураг олон нийтийн сүлжээгээр тарсан шүү дээ. Тwitter-т Билгүүннович нэртэй жиргээч тэр зургийг жиргэсэн байхаар нь retweet хийсэн юм. Мөн fасеboок хуудастаа тавьж “Ийм явдлыг таслан зогсоогооч. Учрыг нь олооч. Ийм байж болохгүй” гэсэн тайлбар тавьсан. Ингэхдээ Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар энэ асуудалд анхаарлаа хандуулж, учрыг нь олооч гэж бичсэн. Даяаршсан нийгэмд хэн нэгнийг өөрөөсөө дорд үзэж сөхрүүлж, элдэвлэн байж боломгүй үйлдэл гаргасан байхад зарим залуус бахархаад магтаж сайшаагаад байхаар нь дургүй хүрсэн. Үүний маргааш нь Э.Бат-Үүл дарга “Өмнөдмонгол иргэдийн холбоо”-ны тэргүүнээс уучлал хүссэн шүү дээ. Тэгтэл миний Fасеbоок хуудас дээр тавьсан зурагны дор нэг нөхөр “Талх” Хуягаа гэж ирээд л намайг элдвээр зүхээд байсан. Маш олон удаа сэтгэгдэл бичиж, элдэвлэсэн. Анзаараад харахад нэг бөхийн зурагтай хаяг байсан юм. Хаяг руу нь хандаж харахад олон дагагчтай “од" бололтой нөхөр байна лээ. Тэр нөхөр сүүлдээ над руу дайрч давшлахыг хүмүүст уриалж, турхирч эхэлсэн.

-Олон нийтийн сүлжээгээр та хариу бичсэн юм уу?

-Үгүй. Хариу бичих шаардлага ч байгаагүй. Тэгтэл дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Fасеbооk хуудсаар дахин над руу эрээ цээргүй давшилж, “Хас” банкны бүх эмэгтэйчүүдтэй эр эмийн харилцаанд орсон гэж гэр бүлийн минь болон надтай ажил төрлийн холбоотой бүх хүний нэр хүндэд ноцтойгоор халдсан. Над руу дайрч, давшлахыг тэвчиж болох юм. Харин миний гэр бүл, үр хүүхэд, үнэт зүйл рүү дайрч, доромжлохыг тэвчихгүй. Хэн нэг нь аль дуртайгаараа өөр нэгнийг доромжлох эрх байхгүй. Нэг нөхөр амандаа орсноо олон нийтийн сүлжээгээр цацаж, гэр бүл рүү минь дайрч давшлахыг тэвчихгүй учраас цагдаагийн байгууллагад хандсан.

-Харцага Г.Ганхуягийн бичсэн сэтгэгдлийг танай гэр бүлийнхэн эмзэглэн хүлээж авсан уу?

-Эхнэр маань бол дөжрөх талдаа орсон. Намайг ямар хүн бэ гэдгийг мэддэг учраас эмзэглээд байх шаардлагагүй. Харин би том болсон хүүхэдтэй. Тэр хүн ч гэсэн хүүхэдтэй байх. Хүүхдүүдэд энэ мэдээлэл яаж тусах вэ гэдгийг бодох ёстой байсан. Анги, хамт олон дунд нь таагүй яриа сонсогдвол хүүхдүүд нэгийгээ шоолж, шоглодог биз дээ. Би ийм утгагүй хов жив, элдэв ярианаас гэр бүлээ хамгаалах үүрэгтэй.

“Хас” банкинд ажиллаж байсан, ажиллаж байгаа нэг ч хүнтэй зүй бус харьцаж байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна.

-Таны Fасеbоок хуудаст хүмүүсийн үлдээсэн сэтгэгдлийг уншихад эмэгтэй хүмүүс шиг хов хөөцөлдлөө гэх нь олон байна.

-Үнэт зүйл, гэр бүлийнхээ нэр хүндийг хамгааллаа гээд эм болдог бол болог. Гүндүүгүй эр хүн шиг байна гээд доромжлуулж, давшлуулаад байж болохгүй. Нөгөө талаар эх оронч гэх нэрийдлээр бусдыг өөрөөсөө дорд үзэж болохгүй гэдгийг ойлгуулахыг зорьсон. БНХАУ-ын Элчин сайдын яамнаас тэр нөхдүүдийг Хятад руу орох эрхийг хаагаач гэж уриалмаар байна. Аялаад явж байсан гадаадын иргэнийг дарамталж, сөхрүүлээд гэрэл зургийг нь дарж түүгээрээ бахархах эрх хэнд ч байхгүй. Тэр зургийг гитарчин Өөжгий гэдэг нөхөр анх олон нийтэд цацаж, эх оронч гээд байгаа нөхдүүдээрээ бахархсан байна лээ. Тэр нөхөрт ч гэсэн арга хэмжээ авахуулна.

-Ямар үндэслэлээр тэр билээ?

-Нацист үзэлтэнгүүд эх орноороо бахархах нэрийдлээр хэн нэгнийг өөрөөсөө дор гэж үздэг. Энэ үзлийг Монголд эрээ цээргүй дэлгэрүүлэх нь улсад маань хортой. Залуус дэлхий нийттэй хөл нийлүүлж алхаж байгаа эрин үе. Бид дэлхийн иргэн байх ёстой. Гэтэл өнөөдөр гудамжинд гадаадын иргэнийг зүгээр явуулахгүй болчихож Монгол Улсад амьдардаг гадаадын иргэн тэмцээнд ороход л манай залуус орилж хашгираад сүйд болж байна гэсэн яриаг өчигдөр сонслоо. Гадаадын иргэн гудамжинд явахад хөгшин, залуугүй элдвээр харааж зүхдэг болж. Тэдний энэ үйлдлийн хариуд Монгол Улсын нэр хүнд унаж байгаа. Эх оронч үзэл гэж гадныхныг дорд үзсэн, ялгаварласан, бүдүүлэг, дээрэнгүй байдлыг хэлдэггүй. Би ч монгол хүн. Эх орондоо хайртай. Монгол Улсын иргэн гэдгээрээ бахархдаг. Гэхдээ бусад үндэстэн ямар нэгэн байдлаар биднээс сул, дорой төрөлхийн гажиг гэх зэрэг байдлаар хандахыг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм үзэлтэй нөхдүүдийг нацистууд гэдэг.

-Та “Босоо хөх Монгол хөдөлгөөнийхнийг бүгдийг нь цагдаад өгөх юм уу?

-Харцага буруу үед буруу үг хэрэглэсэн. Тэр нөхөр намайг доромжлохоос гадна миний гэр бүл рүү дайрч давшлах эрхгүй. Тийм учраас би уучлал гуйхыг шаардсан. Цагдаад гомдол гаргасан. Арга хэмжээ авахуулна. Ингэлээ гээд тэр хөдөлгөөнийхөн над руу дайрч давшилж, заналхийлж байгаа. Олон нийтийн сүлжээгээр нэр хоч өгч, алдар хүнд, нэр төрд минь халдаж байна. “Ална “, “Хүйс тэмтэрнэ" гэх мэт заналхийлж байгаа. Тэднийг нэг, нэгээр нь цагдаад өгөх болно. Үүгээрээ бусдын нэр төр эрхэм, хүн бүр тэгш эрхтэй гэдэг сануулгыг өгөхийг зорьж байна.

-”Хас” банкны лого өөрчилсөн нь хас тэмдэг хэрэглэхгүй гэсэнтэй холбоотой юу?

-Огт хамаагүй. “Хас” банк 1998 оноос хойш нэг логотой явсан. Шинэ дүр төрх, шинэ имижийг бүрдүүлэх, дараагийн хөгжлийн үе шатаа тодорхойлох үүднээс ТУЗ хуралдаад шийдвэр гаргасан.

Ц.ӨРНӨХ

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.