Ардчилсан нам энэ АМЛАЛТЫГ өгч 2012 онд сонгогдсон

Д.Тулга / Улстөр

tawantolgoiАрдчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Тавантолгойн 51 хувийг төр эзэмших ёстой гэсэн шийдвэр гаргасан. Учир нь Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд ард түмэндээ энэ амлалтыг өгсөн юм. Тиймдээ ч амлалтаа биелүүлж ийм шийдвэр гаргажээ.

Ардчилсан нам 2012 оны сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөртөө “Улсын төсвийн мөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51 хувиас доошгүй хувийг төр эзэмшдэг байна” гэж тусгасан байдаг. Энэ заалтыг үндэслэж Тавантолгойн ордыг ашиглах УИХ-ын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэртэйгээр Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаад байгаа аж.

Гэтэл Ардчилсан намын гишүүн сайд нараар олонхийг бүрдүүлж байгаа Засгийн Газар Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрынхаа үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчин Тавантолгойн ордыг ашиглах төслийн компанийн 51 хувийг 100 хувийн Люксембургийн хөрөнгө оруулалттай “Энержи Ресурс Корпораци” компанид, 49 хувийг БНХАУ-ын төрийн өмчит “Шинхуа Энержи” компанид эзэмшүүлэхээр хэлэлцээр хийж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байгаа.

Засгийн Газрын энэхүү үйл ажиллагаа нь Ардчилсан намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр болон Засгийн Газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн дээр дурдсан заалтуудыг зөрчиж байгаа аж. Тиймээс УИХ-ын дарга болон дэд дарга нар энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт анхааруулга өгч байжээ.

Мөн Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг шийдвэрлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдний эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжтэй байхаар шийдвэрлэх ёстой гэдэг зарчим баримтлаж байгаа аж.

Харин УИХ-д Засгийн газраас өргөн барьсан хувилбараар Монголын төр ямар нэгэн хувь эзэмшихгүй байгаа. Холбогдох хуулийн дагуу буюу Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын 1-ийн “ж”-д “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагч компанийн 51 хувиас багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагааг 5-аас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн 5 жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консерциум өмчилдөг байх”-аар заасан.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төр биш "Энержи Ресурс" компани 51 хувийг эзэмших нөхцөлтэй гэрээний төсөл өргөн баригдаад байсан билээ. Тэгэхээр Засгийн газраас өргөн баригдсан хувилбарыг Ардчилсан нам дэмжих боломжгүй болж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ нь УИХ-ын шийдвэр биш. Ямартай ч АН Тавантолгойн асуудал дээр ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэхээр байр сууриа илэрхийллээ. Энэ талаар АН-ын бүлгийн хурал дээр ч ярилцана гэдгээ хэлж байсан юм. УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэрхэн хэлэлцэж, шийдвэрлэхийг хүлээх л үлдэж байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.