Барилгачид нь буруу барьчихжээ

Д.Тулга / Нийгэм

barilgaНийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хууль зөрчиж барьсан л бол тухайн барилгыг нурааж буулгана, иргэдийн хохирлыг 100 хувь барагдуулна хэмээн мэдээлж байсан билээ. Энэ шийдвэр амжилттай хэрэгжиж, өнгөрсөн гуравдугаар сард Хан-Уул дүүрэгт байрлах, айлын цонх хааж барьсан барилгыг буулгасан. Тун удахгүй хууль бусаар баригдсан нэгэн барилгыг буулгах ажил эхлэх нь. “Өдрийн сонин”-ы байрны бүх цонхыг хааж "Астра интернэшнл" компанийн "Астра бьюлдинг" үйлчилгээ, орон сууцны барилга баригдаад дууссан. Үзэгдэх орчинг хааж боогдуулж, иргэдийн амгалан тайван амьдрах эрхийг зөрчиж буй энэ мэт хууль бус үйл ажиллагаатай тэмцэх зорилгоор тус сонины хамт олон “Цонхоо нээе” ТББ байгуулан ажилдаа ороод байгаа билээ.


Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Жавхлантөгсийн захиалгаар “Хүчит цамхаг” ХХК-ийн гүйцэтгэж буй 15 давхар барилгын суурийн нүх ухсанаас баруун талд нь орших орон сууцны 50 дугаар байрны зам талбай хагарч, цөмөрчээ. Тиймээс оршин суугчид нь жил гаруйн өмнөөс гомдол мэдүүлж эхэлжээ. 50 дугаар байрны оршин суугчдын өгүүлж байгаагаар тус байрны хойд талын 12 цонх шинээр баригдаж байгаа 15 давхар барилгаас болж хаагдаж байгаа аж. Давхар нь ахих тусам цонхоо хаалгуулах айлын тоо нэмэгдэх юм байна. Тус барилгын нэг давхар 5-7 хоногт цутгагдаж байгаа аж. Албаныхнаас цонх хаасан энэ хууль бус барилгын ажиллагааг зогсоож өгөх хүсэлт тавихаар “Барилгачид нь буруу барьчихжээ гэдэг бол барилга барьж байгаа хүмүүс “Одоо нэгэнт барьчихсан юм чинь буулгана гэж юу байхав дээ” хэмээн амыг нь тагладаг ажээ.

barilgaИргэн Г.Жавхлантөгсийн бариулж байгаа 15 давхар барилга 30 дугаар байртай бараг бөөрөөрөө нийлсэн байна. Зай хэмжээний зөрчилтэй. Иргэдийн нар харах эрхийг зөрчиж, алсыг харах боломжийг нь хаажээ. Энэ барилга асар хурдан баригдаж байгааг ойр орчмынх нь оршин суугчид хэлж байна. Эх сурвалжийн хэлснээр, иргэн Г.Жавхлантөгсөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас барилга барих зөвшөөрөл олгожээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар энэ барилгыг зогсоох шийдвэрийг өнгөрсөн жил гаргасан аж. Гэсэн ч барилгын ажил нь зогсдоггүй байна.

Тав дахь давхар руугаа орж баригдаж байгаа ч зогсоолгүй, төлөвлөгдсөн газар дээрээ багтахгүй хоёр тийшээ халиад гарчихсан байдалтай байгаа аж. Хууль бусаар, барилгын стандарт шаардлагад нийцээгүй барилга баригдаж байгаа учраас хөрсний нуралт үүсч, ойр орчмын байрны оршин суугчид өөрсдөө шороо агсгаж дүүргэн, баригдаж байгаа барилгынханд шаардлага тавьсан байна. Түүгээр ч зогсохгүй хэдхэн хоногийн өмнө нэгэн оршин суугчийн машины ойролцоо том төмөр унажээ. Азаар хүн амьтан бэртэж гэмтээгүй байна. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар, мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтнууд “Зогсоо гээд байхад зогсоохгүй юмыг бид нар яах юм” гэдэг байна.

МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал “Хүний төлөө зөв тус” сарын аяны хүрээнд хийсэн ажлаа тайлагнахдаа “...иргэн Г.Жавхлантөгсийн барьж буй барилга чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй, эрсдэл ихтэй үнэлэгдсэн” хэмээн дурджээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа иргэн Г.Жавхлантөгсийн үйлчилгээтэй орон сууцны, барилга, газрын захирамжийг хүчингүй болгох, үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох үүрэг өгчээ. Гэсэн ч дээрх 15 давхар барилгын тавдугаар давхрын цутгалтын ажил эхлэх гэж байгаа тул оршин суугчид эсэргүүцсээр байна. Тун удахгүй тус барилгыг зогсоож, нураах ажил эхлэх мэдээлэл байгаа юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭbarilga


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.