XIV Далай лам: Түвд орноо чин сэтгэлээсээ үгүйлдэг

Д.Тулга / Гадаад мэдээ

dalai lam

Дээрхий гэгээн XIV Далай ламд өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрээс олон асуулт бүхий захидлууд ирдэг байна. Түүнд хаягласан мянга мянган захидал дотроос Далай лам зарим нэгд нь хэрхэн хариулсан талаар "TIME" сэтгүүл онцолсныг уншигчиддаа орчуулан хүргэж байна.

-Танд уурлаж бухимдах үе байдаг уу? /Kantesh Guttal, PUNE, INDIA/

-Хүн юм чинь байлгүй яахав ээ. Миний бодлоор хэзээ ч уурладаггүй хүний ямар нэг зүйл нь буруу л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тархиндаа асуудалтай (инээв).

-Дэлхий ертөнц тэр чигтээ үзэн ядалтаар дүүрсэн байхад та яаж ийм өөдрөг бас итгэлтэй байдаг юм бэ? /Joana Cotar, FRANKFURT/

-Би бүх л зүйлийг үргэлжид уужим, сайхнаар хардаг. Өдөр бүр л хаа сайгүй ямар нэгэн асуудал, аллага, гэмт хэрэг, террорист үйлдлүүд болж байна. Гэхдээ бүх ертөнцийг ийм гэж төсөөлж байвал таны буруу. Энэ дэлхийд 6 тэрбум хүн амьдарч байна, тэдний цөөхөн нь л хэрэг тарьдаг шүү дээ.

-Далай лам болсноос хойш таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ? /CARMARTHEN, WALES/

-Би сайн дураараа Далай лам болоогүй ээ. Миний хүсэх хүсэхгүйгээс үл хамааран би бурханы шашин, буддын философид энгийн нэг сурагч болон суралцах хэрэгтэй болсон. Эцэст нь би үүрэг хариуцлагаа ухамсарласан. Заримдаа надад маш хэцүү байдаг ч бэрхшээлийн хажуугаар чин сэтгэлээсээ бусдад үйлчлэх боломж олдсонд маш их баяртай байдаг.

-Та БНХАУ-ын засгийн газартай эвлэрэх боломж байгаа гэж боддог уу? /Joseph K.H. Cheng, MELBOURNE/

-Тийм ээ, боломжтой. Гэхдээ болж өнгөрсөн зүйлсийг харахад энэ тийм ч хялбар зүйл биш ээ. Тэд маш хатуу чиг баримтлалтай, ахархан бодолтой, алсын хараагүй. Тэд хэзээ ч аливааг энэрэн нигүүлсэж, ариун дагшнаар хардаггүй. Гэхдээ БНХАУ-д байгаа болохоор бид дэлхий ертөнцтэй харилцахад арай хялбар байдаг. Тэндэхийн хүмүүс, ялангуяа сэхээтнүүдийн дунд илүү их эсэргүүцэл байдаг. Бүх л зүйлс өөрчлөгддөг юм – энэ бол зайлшгүй болох ёстой зүйл.

-Бид хүүхдүүдээ хэрхэн уур уцааргүй болгож хүмүүжүүлэх вэ? /Robyn Rice, GRAND JUNCTION, COLO/

-Хүүхдүүд эцэг эхээсээ үргэлж суралцаж байдаг. Эцэг эхчүүд өөрсдөө маш тайван, амар амгалан байх хэрэгтэй. Хүмүүс үргэлж л тэвчихийн аргагүй хүнд хэцүү асуудалтай нүүр тулдаг ч түүнийг ухаанаараа, ухамсартайгаар хэрхэн даван туулдаг болохыг заагаарай. Өнөөгийн боловсролын систем хүүхдүүдийн тархийг хөгжүүлэхийг бодохоос биш нинжин сэтгэл, сайн үйлс, сайхан сэтгэлийн тухай огт заадаггүй нь учир дутагдалтай юм шиг санагддаг. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой.

-Танд Далай лам биш энгийн хүн байсан болоосой гэж бодогдох үе бий юу? /Grego Franco, MANILA/

-Тийм ээ, маш залуухан байхдаа л. Заримдаа би “Өө, энэ дэндүү хэцүү юм. Би хэн ч намайг таньдаггүй энгийн нэг түвд хүн байхыг хүсч байна. Хэрвээ тиймсэн бол би илүү их эрх чөлөөтэй байх байсан даа” гэж боддог. Гэхдээ хожим нь миний хийж байгаа зүйлс бусдад маш их хэрэгтэй болохыг ойлгосон. Харин би өнөөдөр бол Далай лам байгаадаа маш их баяртай байна. Энэ нь би өөрийгөө бусдаас онцгой хүн гэж боддог гэсэн үг биш шүү. Бид бүгд адилхан л хүн.

-Та Түвд орноо санагалздаг уу? /Pamela Delgado Córdoba, AGUASCALIENTES, MEXICO/

-Тийм ээ, Түвд орныг зөвхөн эртний соёлоор нь төсөөлж болохгүй. Энэ их хүчирхийллийг харсаныхаа дараа Түвд орныхоо амгалан тайван байдал, энэрэн нигүүлсэхүйн сэтгэлтэй, аливааг хүчирхийлэлгүйгээр шийддэг уужим сэтгэлт ард түмнээ санадаг. Бас цаг агаар их нөлөөлдөг. Энэтхэгт борооны улирал эхлэх үед маш их чийглэг болдог. Тэр үед л Түвд орноо чин сэтгэлээсээ үгүйлдэг.

-Шашнаар шалтаглан хүчирхийлэл үйлдэж, хүн амь хороодог хүмүүст хандаж юу хэлэх вэ?/QUEZON CITY, PHILIPPINES/

-Хууран мэхлэгчдийн залинд автаж байгаа гэм зэмгүй, үнэнч хүмүүс олон байгаа нь харамсалтай. Шашнаар шалтаглагчдын жинхэнэ хүсэл шашин биш харин, улс төрийн хүч, эрх мэдэл, хөрөнгө мөнгө байдаг. Шашинд итгэж, найдаж байгаа хүмүүсийн итгэл сүсгийг буруугаар ашиглаж байгаа хүмүүсийг ялгаж таниарай гэж сүсэгтэн олондоо хэлэх байна.

-Та өмд өмсөж үзэж байсан уу? /Ju Huang, STAMFORD, CONN/

-Үнэхээр, бүр үнэхээр хүйтэн үед. Бас 1959 онд зугтаж явахдаа яг л энгийн хүмүүс шиг хувцаслаж, өмд өмсөж байсан тохиолдол бий. Тэгэхээр өмсөж байсан болж таарах нь.

-Энэ дэлхийд амьдарсан он жилүүдээ та “сайн” байлаа гэж дүгнэдэг үү? /Les Lucas, KELOWNA, B.C./

-Хмм. Энэ бол харьцангуй ойлголт, хэлэхэд хэцүү л юм. Хүмүүний амьдралд алдаа оноо ээлжилж байдаг шүү дээ.

Б.ГЭРЭЛМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.