МАН 2012 оны сонгуулийн АМЛАЛТАА мартжээ

Д.Тулга / Улстөр

Тавантолгойн орд ашиглахтай холбоотой Засгийн газрын саналыг УИХ-аар хэлэлцэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Иргэний зориг ногоон намаас парламентад суудалтай улс төрийн намуудад хандаж ил захидал хүргүүлжээ. Тус намын дарга Ц.Ганхуяг АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дарга нарт 2012 оны сонгуулийн амлалтыг нь сануулсан байна.

УИХ-ын 2012 оны сонгуулиар “Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож хэрэгжүүлнэ” гэж Ардчилсан нам, “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул, судалгаа хийгдсэн ордуудыг ашиглахдаа төрийн оролцоог 51-ээс доошгүй хувиар тогтооно” гэж Монгол Ардын нам, “Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд байлгаж, төрийн хамгаалалтад авна. Тавантолгойн ордыг ард түмний мэдэлд байлгаж, монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдрах нэгэн чухал үндэс суурийг бүрдүүлнэ” гэж МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл тус, тус мөрийн хөтөлбөртөө тусгажээ.


Ардчилсан намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл ИЗНН-ын ил захидал очихоос өмнө хуралдаж, Тавантолгойн 51 хувийг төр эзэмших ёстой гэсэн шийдвэр гаргасан билээ. Тэд 2012 оны УИХ-ын сонгуульд ард түмэндээ энэ амлалтыг өгсөн. Үүнийгээ мартаагүй гэдгээ харуулж, энэ амлалтаа биелүүлэхийн төлөө ийм шийдвэр гаргасан.

Түүнчлэн мөрийн хөтөлбөртөө тусгасан “Улсын төсвийн мөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордууд дээр байгуулагдах компанийн 51 хувиас доошгүй хувийг төр эзэмшдэг байна” гэсэн заалтыг үндэслэж Тавантолгойн ордыг ашиглах УИХ-ын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэртэйгээр Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаад байгаа юм.


МАХН-МҮАН "ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ийн 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хувьд мөн л Тавантолгойн орд газрыг бүхэлд нь ард түмний мэдэлд шилжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Одоогийн яригдаж байгаа энэ гэрээ нь Тавантолгойн орд газарт хэн нь эзэн суух вэ гэдэг тэмцэл өрнөж байгаагаас биш ард түмэнд ашигтай зүйл огт байхгүй байгааг шүүмжилж буй юм. Тиймээс “Шударга ёс” эвсэл мөрийн хөтөлбөртөө тусгасан зарчмуудаа баримтлана гэдгээ илэрхийлээд байна. Тухайлбал, Тавантолгойн орд газар бүх ард түмний мэдэлд байж, хувьцааг Монгол Улсын бүх иргэн эзэмших ёстой. Тиймээс төрийн мэдэлд байгаа бүх хувьцааг иргэдийн нэр дээр шилжүүлж баталгаажуулах ёстой гэв.


МАН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

МАН-ын хувьд өнөөдрийн байдлаар албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна. Тус нам 2012 оны сонгуульд орохдоо мөн л мөрийн хөтөлбөртөө Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул, судалгаа хийгдсэн ордуудыг ашиглахдаа төрийн оролцоог 51-ээс доошгүй хувиар тогтооно. Тавантолгойн ордыг 100 хувь ард түмний өмчлөлд байлгаж, үр ашгийг монголчууд хүртэх бодлогыг хэрэгжүүлнэ” хэмээн амласан. Түүнчлэн Өмнөговь аймгийн Тавантолгойн нүүрсний ордыг түшиглүүлэн уул уурхай, эрчим хүч, кокс, химийн цогцолбор, мөн аймгийн Нарийн сухайт, Ховд аймгийн Хөшөөт, Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглүүлэн уул, уурхай эрчим хүчний цогцолборыг тус тус барьж байгуулна хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Гэтэл МАН өнөөдрийн байдлаар амлалтаа хэрэгжүүлэх талаар нэг ч үг дуугарахгүй байгаа. Мөрийн хөтөлбөрөө мартсан уу, эсвэл ашиг сонирхолын зөрчилтэй гишүүдээс болсон уу ямартай ч албан ёсны байр суурь гэж алга. Бүлгийн хуралдаан дээр ч Тавантолгойн асуудлыг голчлон ярилцаагүй байгааг МАН-ын зарим гишүүд хэлж байгаа юм. Тухайлбал, Бүлгийн дарга С.Бямбацогт “Хэлэлцэх эсэхийг нь бид дэмжээд явна. Хэлэлцээрийн шатанд гэрээг сайжруулах, улс орны эрх ашигт нийцүүлэх, 1072 хувьцааг амилуулах шаардлага тавьж Тавантолгойн төслийг явуулна. Энэ дээр Бүлгийн нэгдсэн байр суурь гараагүй байгаа. УИХ дахь ажлын хэсэг болон бүлгийн ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлтийг нухацтай хэлэлцэж байж, бүлэг цаашид яаж ажиллахаа тодорхой болгоно” гэдэг зүйл хэлж байсан.

МАН-ын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим хаалттай хуралдаж, Тавантолгойн асуудлыг хэлэлцсэн байна. Тэд МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүддээ хандаж нууцлалын зэрэгтэй зөвлөмж хүргүүлэхээр болсон аж. Тус зөвлөмжид “Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг яаравчлан шийдвэрлэж болохгүй. Монгол Улсад тус гэрээ ашиг өгөх нь чухал. Анхаарах ёстой ноцтой хэд, хэдэн зүйл заалтууд байна” гэх утга илэрхийлжээ.

МАН-ын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн танхимд МАН-аас сонгогдож байсан үе үеийн Ерөнхий сайд, УИХ-ын даргын алба хашиж байсан эрхмүүд багтдаг билээ. Ямартай ч УИХ-д суудалтай намууд эхнээсээ 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө санацгааж, тус тусдаа Тавантолгойн ордыг хэрхэн ард түмэнд ашигтайгаар ажиллуулах талаар хэлэлцэж эхлээд байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.