Гүрэн давсан горьдлого Монголыг өнчрүүлэв

Д.Тулга / Эдийн засаг

gadaad

Өнгөрөгч долоо хоногт болсон Ялалтын парадын үеэр БНХАУ-ын төрийн тэргүүн Си Зиньпин болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хоёрын нөхөрсөг, дотно байдал дэлхий дахины анхаарлыг өөрийн эрхгүй татсан. Дэлхийн нөлөө бүхий хоёр улсын төрийн тэргүүнүүд өнгөрөгч оноос эхлэн хэд хэдэн том төслүүдэд хамтрахаар төлөвлөж байсан нь биеллээ олж өчигдөр талууд гэрээгээ үзэглэсэн юм.

-БУХЫН ДООДОХЫГ ХАРЖ ҮНЭГ ТУРЖ ҮХЭХИЙН ҮЛГЭР БОЛОВ-

Ардчиллаас хойш манай улс хөрш зэргэлдээ ОХУ-аас багагүй хөндийрч Америк, Австрали, Канад зэрэг улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэх онцын сонирхолтой болж эхлэв. Удаан хугацаанд ахан дүүсийн харилцаатай явсан ч монголчуудын алсын хараа АНУ-ын зүг чиглэсэн. Хятад улстай бид түүхээ сөхөн харсан ч хэдийнээс нааштай харилцаатай байгаагүй. Гэхдээ дэлхий нийтийн бодлого бол “Хүчирхэг дайсантайгаа гар барих”. Харин манай улсын дотоодын уур амьсгал эсрэгээрээ байсан.

ОХУ бол түүхий эд нийлүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордог. Харин Хятад улс бол том худалдан авагч төдийгүй том зах зээл юм. Өнгөрөгч онд хоёр орны төрийн тэргүүн манайд айлчлах үеэр аль аль нь манай улсаас мах нийлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ бол хүнээсээ 16 дахин их малтай манай улсын хувьд асар том боломж гэж харж болохоор. Гэсэн ч оны өмнөхөн ОХУ-ын зүгээс манайхаас нийлүүлж буй махны экспортыг түр түдгэлзүүлж “Дэлхийн стандартад нийцсэн шаардлага” тавьсан.

Нөгөөтэйгүүр хоёр гүрэн хоорондоо “Шинэ цагийн Торгоны зам” төсөл, “Байгалийн хийн хоолой”-н төсөл, “Усан дээгүүрх төмөр замын” төсөл гээд гурван ч том төслийг эхлүүлэхээр болоод байна. Ази, Европыг холбосон өндөр хурдны галт тэрэгний зам бол дэлхий нийтийн анхаарлыг татаж буй томоохон бүтээн байгуулалт юм.

Хоёр улсын эдийн засагчдын үзэж буйгаар газын хоолой болоод өндөр хурдны галт тэрэгний замыг манай улсаар дайруулах нь хамгийн боломжийн бөгөөд ашигтай хувилбар байсныг ч онцолж байсан билээ.

Орос улс ийнхүү хатуурхаж байгааг УИХ-ын дарга З.Энхболд нэгэнтээ “Украины асуудлаас үүдэн В.Путин ийм хатуу байр суурьтай байгааг үгүйсгэх аргагүй. Нөгөөтэйгүүр манай улсын төр засгийн болоод эдийн засгийн тогтворгүй байдлаас ч үүдэлтэй” хэмээн хэлж байсан нь үнэн юм. АНУ-ын хувьд эдийн засгийн гэхээсээ илүүтэй өөрийн улсын байр суурийг хадгалж авч үлдэх бодлого харагдах нь элбэг. Тухайлбал Украинд тусламж үзүүлэх, Өмнөд Солонгост НҮБ-ын салбар нээх зэргээс харж болно.

Харин АНУ манайхыг хэрхэн харж байгааг Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайд Пайпэр Кэмбэллийн тавьсан илтгэлээс олж харж болно. Хэдийгээр АНУ-ын бодлого, чиглэлийг төлөөлөхгүй ч Монгол улс олон улсад хэрхэн харагдаж байгааг гашуун боловч үнэнээр өчсөн юм. Тэрээр “Энд байгаа хүмүүсийн хэнээс ч илүү мэдэж байгаачлан Монгол Улс эрдэс баялгийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн нэгд тооцогддог.

Гэвч зүрх муутай, эсвэл мэдээлэл муутай хүн монголд хөрөнгө оруулаад хэрэггүй болов уу. Ядаж л УИХ-ын 2016 оны сонгууль дуустал ийм хүнд төвөгтэй байдал үргэлжлэх нь ойлгомжтой байна. Мөн Монголын Засгийн газар Шүүх засаглалдаа хөндлөнгөөс нөлөөлдөг” хэмээн хэлсэн. Бид гүрэн дамнаж Сэм авгатай ахан дүүс болох гэсэн боловч ёстой л “Бухын доодохыг харж үнэг турж үхэх”-ийн үлгэр болох бололтой.

-ТОМ ГҮРНҮҮД ЖИЖИГ УЛС ОРНУУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ-

Хятад улс бодлогын хүрээнд ОХУ-аас гадна том гүрнүүдтэй гэхээсээ илүү жижиг улс орнуудтай хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлж эхлэх болов. Тухайлбал, Хятад улс Пакистан улстай харилцаагаа сэргээж эдийн засгийн корридор бүс байгуулах гэрээнд гарын үсэг зурсан юм. Түүгээр ч зогсохгүй 46 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн. Энэ нь Хятад улс АНУ болон Энэтхэгээс урьтаж төв болон өмнөд Азийн хэсгээр худалдаа арилжаа хийх, тээвэрлэлт явуулах боломжийг олж авна гэсэн үг юм.

Манай улсын хувьд өнгөрөгч саруудад Польш, Унгар улсын төрийн тэргүүнүүд айлчилсан бөгөөд Польш улсын Элчин сайдын яамыг эргүүлэн сэргээхээр болсон билээ. Өчигдөр Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт манай улсад айлчилж Монгол, Болгарын бизнес форум зохион байгуулахаар болсон. Энэхүү бизнес форумаар хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх олон талт хэлэлцээ хийгдэх юм.

Хөдөө аж ахуй болон мэдээллийн технологийн салбар Болгар улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг нь. Уулзалтын үеэр дээрх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн хоёр орны газар зүйн байршлын давуу талыг ашиглах талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Болгар улсын төрийн тэргүүн Росен Плевнелиевт нар санал солилцсон байна. Тиймээс манай улсын хувьд дипломат харилцаатай улс орнуудтайгаа харилцаа холбоогоо улам сайжруулж, хамтын ажиллагаагаа урагшлуулах нь нэн чухал бөгөөд эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед зөв гарцуудын нэг ч болох боломжтой. Хөрш гүрнүүдээ давж холын улсуудаас хонжоо горьдож өнчирснөөс төрийн бодлогынхоо харааг өөр тийш чиглүүлэх нь зөв биз ээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.