Л.Алтантуяа: Төлөвлөж сурснаар хүүхдүүд маань математикт сайжирсан

Д.Тулга / Боловсрол

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн л нэгэн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үр дүнтэй байна уу, үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэдэг билээ. Энэ удаа СХД дүүргийн 12 дугаар сургуулийн биологийн багш Л.Алтантуяатай ярилцлаа. Бидний яриа ирэх есдүгээр сарын 1-нээс үндэсний хэмжээнд хэрэгжих суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай асуултаар эхэлсэн юм.

-Танай сургууль суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр нэг жил хичээллээ. Энэ хугацаанд сурагчид болоод багш нарт ямар өөрчлөлт, үр дүн гарав?

-Манай сургууль дээр өмнө бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Тиймээс шинэчилсэн хөтөлбөрийн талаар нэлээд ойлголттой болсон байсан. Шинэчилсэн хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд бүрийг хөгжүүлэх, бие дааж шийдвэр гаргах чадвартай, амьдрах чадварт суралцсан “Зөв монгол” иргэнийг бэлтгэхэд оршиж байгаа. Би чадахгүй гээд хойш суудаг хүүхэд одоо алга болсон. Мэдчих юмсан, энэ ингэж хийсэн бол би ингэж хийнэ гэж эрмэлздэг, өөр өөрийн дүгнэлтийг гаргаж чаддаг болсон. Хүүхэд бүрийн түвшинд тохируулж хичээллэдгээрээ энэ хөтөлбөр давуу талтай. Би биологийн багш. Өөрийнхөө хичээлээр жишээ аваад ярихад манай ангийн бүх хүүхэд цэцэг тарьж сурсан. Хүүхэд бүр өөрийнхөө гараар цэцэг тариад эхлэхээр эргээд биологийн хичээл, ургамал судлалыг сонирхоод юмны цаад учрыг олох гээд хичээдэг болсон. Өөрийнхөө хүссэн зүйлээ судлаад суралцаад ирэхээр шантрах нь бага болдог юм байна. Шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд багшаас чадвар шаардаж байгаа. Жишээ нь хүүхдэд хэцүү гэж санагдсан юмыг багш яаж энгийн аргаар ойлгуулах чадварт суралцах шаардлага тулгарч байна. Яг үнэндээ эхэн үедээ төвөгтэй хэцүү юм шиг байсан боловч хагас жилээс хойш энэ хөтөлбөрийн давуу талыг нь ухаарсан. Лаборатори сургуулийн багш нар бие биеээсээ туршлага солилцож ажилладаг.

-Ангид хүүхдэд яг ямар өөрчлөлт авчирсан нь сонин байна л даа. Тодорхой жишээ байна уу?

-Хуучин бид мэдлэг түгээдэг байсан бол одоо мэддэг зүйлээ чаддаг болгоход чиглүүлж байна. Хүүхэд бүрээ ямар чадвартайг нь тус бүр оношилж байна. Манай 8а анги 40 хүүхэдтэй. 40 сурагч тус бүр дээр ажиглалт хийгээд үзэхэд эхлээд багшийн амыг хараад, багш юу гэж хэлнэ тэрийг тэмдэглэж аваад, багш юу хэлнэ тэрийг л хийдэг байсан. Харин одоо хүүхдүүд өөрөө эрэлхийлж мэдэхийг чухалчилдаг болсон. Жишээ нь цэцэг тарихдаа энэ цэцэг ийм бүтэцтэй байдаг учраас ийм үрийг ингэж хэрэглэдэг юм байна. Энэ үг ийм утгатай юм байна гэж өөрөө илэрхийлж, хайж ирээд багштайгаа хамтарч учир шалтгааныг ойлгодог болсон. Шинжлэх ухаанч арга барилыг эзэмшүүлэх нь энэ хөтөлбөрийн гол зорилго. Энэ бол маш зөв. Жишээ нь манай ангийнхан хичээлээс гадуурх үйл ажиллагааг нэлээд сайн явуулдаг. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа маань ангийн багшийн нэг цаг болоод ороод ирчихсэн. Хичээлээс гадуурх үйл ажиллагааг хуучин анги удирдсан багш ангидаа хийдэг л байсан ажил. Үүнийг шинэчилсэн хөтөлбөрөөр үндсэн цагаар тавиад өгчихсөн нь маш зөв болсон. Жишээ нь ангидаа сагсны тэмцээн зохион байгуулахад л хүүхдүүд маань эхлээд удирдамжаа гаргана. Удирдамжийн дагуу төлөвлөгөө гаргана. Төлөвлөгөөний дагуу хэн, хэн хариуцаж юу хийхээ гаргадаг. Ийм төлөвлөгөөг өмнө нь манай хүүхдүүд хийж чаддаггүй байсан. Гэтэл одоо ямар нэгэн ажил явуулахдаа энэ дагуу ажилладаг болсон. Сая 8-р ангиа төгсөхдөө томоохон үйл ажиллагааг төлөвлөдөг болоод төгссөн. Энэ бол маш чухал чадвар. Ийм л чадварыг л шинэчилсэн хөтөлбөрөөр олгох гээд байгаа юм. Хичээл тус бүр дээр ийм чадвар сууж байгаа. Судалдаг, мэдээлэл цуглуулдаг, ярилцаад дүгнэдэг зэрэг нь багаар ажиллах чадварт бас суралцуулж байгаа юм.

-Хичээлээс гадуурх үйл ажиллагааг ангийн багшийн үндсэн цагаар тавьж өгсөн нь давуу талтай гэлээ. Энэ цагуудаар хүүхэд юу сурах вэ?

-Хичээлээс гадуурх үйл ажиллагаа, амьдрах чадварын хичээл гэж хоёр хичээл ангийн багшийн үндсэн цаг болж орж ирсэн. Энэ хичээлүүдээ бид эцэг, эхтэй хамтарч явуулдаг. Манай ангийнхан баяр ёслолоор янз бүрийн ажил зохион байгуулдаг байсан л даа. Жишээ нь “Мартын-8”-аар эрэгтэй, эмэгтэй хүүхэд бэлэг солилцоод л өнгөрдөг байсан. Харин хичээлээс гадуурх үйл ажиллагаа маань албан ёсны цаг болж ирснээр энэ жил бид “ээжүүдээ баярлуулья” гэж ярилцаад “Миний хайртай ээж” арга хэмжээ зохион байгуулж бүх ээжүүдээ урьж баяраа тэмдэглэсэн. Өөрсдийн зохиосон шүлгээ уншиж, мэндчилгээ болгон бэлэглэсэн. Амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны цагаар хүүхдүүд ямар нэгэн судалгааны ажил хийдэг. Судалгаа хийгээд түүнийнхээ үр дүнг амьдралд хэрэгжүүлдэг. Сэдэв ээ бас л өөрсдөө сонгодог. Манай ангийнхан ярилцаад бид гурил, гурилан бүтээгдэхүүн өдөр бүр хүнсэндээ хэрэглэдэг учраас энэ талаар судалгаа хийе гэж тохиролцсон. Тэгээд гурилын үйлдвэр, талх, нарийн боов хийдэг үйлдвэрээр явж танилцаад, гурилан бүтээгдэхүүн хийх аргачлалыг нүдээр харж, тэр дагуу гэр гэртээ талх, нарийн боов хийж сурцгаасан. Хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж эцэг, эхдээ тайлан тавьсан. Эцэг эхчүүд үүнийг ихэд олзуурхсан. Гэртээ өөрийн гараар амт чанартай бүтээгдэхүүн хийхээс гадна эдийн засгийн хувьд хэмнэлтэй юм байна гэдгийг ухаарсан.

-Боов боорцог хийх яах вэ, математик, англи хэлний хичээлээ сайн хий гэх эцэг, эхчүүд бас бий. Тэгэхээр амьдрах ухааны хичээл бусад хичээлтэй хэрхэн уялдаж өгч байгаа вэ?

-Манай эцэг, эхчүүд “Танай ангийнхан их завгүй байх юм” гэж хэлдэг. Үнэхээр завгүй байдаг. Чөлөөт цагаараа амьдрах ухааны хичээлийн судалгаа хийж ийш, тийшээ их явна. Хичээлийнхээ хажуугаар судалгааны ажил хийхийн тулд тухайн хүүхэд маш нарийн төлөвлөгөө гаргах ёстой. Төлөвлөгөөтэй ажиллаж байж л бүгдийг амжуулана шүү дээ. Ингэж төлөвлөх аргад энэ шинэчилсэн хөтөлбөр сургаж байгаа юм. Жишээ нь англи хэлний хичээлийн даалгаварт өнөөдөр 10 үг цээжилнэ гэдэг төлөвлөгөө тэр хувийн төлөвлөгөөнд орчихсон явж байдаг. 18 хичээл ордог байхад бүгдийг төлөвлөх чадвартай болсон. Ингэж төлөвлөснөөр ачаалал даах чадвартай цагийн хуваарийн дагуу ажиллаж сурдаг. Энэ чадвар ирээдүйд маш чухал.

-Анги удирдсан багш дааж авсан ангийнхаа хүүхдүүдтэй ажиллах цаг нэмэгдснээр сурлагын чанарт нөлөөлж чадаж байна уу?

-Манай ангийнхан 7-р ангидаа нэлээд хэсэг нь математикийн хичээлд тааруухан гэгдэж байсан. Өөрийгөө илэрхийлэх чадвар ч сул байсан. Одоо бол бүгд жигд сайжирсан, ачаалал даах чадвартай ч болсон. Өөртөө итгэх итгэлтэй болж байна. Яагаад гэхээр төлөвлөж сурсны ачаар математикт сайжирсан. Математикийн хичээлийг сурахад ч өөр өөрийн арга барил хэрэгтэй гэдгийг ухаарсан. Чадна гэсэн итгэл хамгаас чухал. Манай ангийн нэг хүү бий л дээ. Ээж нь орцны жижүүр хийдэг, амьдралын боломж жаахан тааруу болохоор аливаа арга хэмжээ болоход ангийнхан нь өмнөөс нь мөнгө төлдөг байсанд үргэлж сэтгэл дундуур явдаг байсан юм билээ. “Надад мөнгө байхгүй юм чинь би юм хийж чадахгүй. Би хичээлдээ угаасаа муу юм чинь тоо бодож чадахгүй” гэж өөртөө итгэдэггүй хүүхэд байсан. Гэтэл “Миний хайртай ээж” арга хэмжээ зохион байгуулах үеэрээ түүнийг гайхалтай шүлэг зохиодог авьяастай, бас уран унших чадвартай гэдгийг бид нээж чадсан. Хүү зохиосон шүлгээ ээждээ зориулж чин сэтгэлээсээ уншиж хоолой нь зангиран уйлсан. “Чи мундаг байлаа” гээд баяр хүргэхэд “Би өмнө нь ерөөсөө ингэж уншиж үзээгүй” гэж байсан. Тэр өдрөөс эхлээд ангидаа шүлэг зохиодог болоод ангийнхан нь гуйж шүлэг зохиолгодог, багш нарын баяраар надад болон хичээл ордог бүх багш нартаа шүлэг зохиож өгсөн. Одоо хүү өөртөө итгэлтэй харц дээгүүр болсон. Итгэл үнэмшилтэй болоод ирэхээрээ би математик чадахгүй гээд хойш суухгүй, чадахыг эрмэлздэг болсон. Би урам өгөх үүднээс “Чи мундаг яруу найраг ч болох юм билүү. Алдаагүй зөв бичээд сурчих” гэсэн. Магадгүй энэ үг нөлөөлсөн байх. Хүү зохиолч болохоор шийдснээ ангийнхандаа ярьсан байна лээ. Ингээд зогсохгүй нөгөө хүү маань нэг өдөр “Багшаа, би 48 хуудастай дэвтэр дуустал хуулан бичлэг хийсэн. Та надаас цээж бичиг авах юм бол би нэгийг ч алдахгүй” гээд ирсэн. Тухайн үед би шалгалт шүүлэг гээд завгүй байсан болохоор хавар хичээл тарахаар багш нь цээж бичиг хийлгэнэ. Сайн бэлдээрэй гэсэн. Бид 2 маргааш уулзана. Алдаагүй бичнэ гэдэгт итгэж байна. Ингэж хүүхэд зорилготой болж байгаа нь шинэчилсэн хөтөлбөрийн арга барил. Ийм жишээ манай ангид олон бий.

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.