Г.Хишигсайхан: Хүүхэд өөрөө олж авсан мэдлэг нь өөрт нь гүн үлддэг

Д.Тулга / Боловсрол

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн л нэгэн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үр дүнтэй байна уу, үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэдэг билээ. Энэ удаа БГД-ийн 28 дугаар сургуулийн биологийн багш Г.Хишигсайхантай ирэх есдүгээр сарын 1-нээс үндэсний хэмжээнд хэрэгжих суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн талаар ярилцлаа.

-Шинэчилсэн хөтөлбөрөөр багш нарт хүүхэдтэйгээ ажиллах тусгай цаг гаргаж өгсөн гэсэн энэ ямар учиртай юм бэ?

-Өмнө нь ангийн багшийн хувьд хүүхэдтэйгээ ажиллах цаг нэлээд хомс байсан. Шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон амьдрах чадварт суурилсан үйл ажиллагааны хичээл гэж ордог болсноор их өөрчлөлт гарч байна. Энэ цагийг тусгайлан хичээлийн хуваарь дээр тавьж өгснөөрөө ангитайгаа ажиллаж, хүүхдүүдтэйгээ улам ойр дотно танилцах, судлах боломж олгож байгаа юм. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон амьдрах чадварт суурилсан үйл ажиллагааны цагаар өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах арга барилд суралцаж байна. Урьд нь ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахад ангидаа сайн гэсэн, чаддаг хүүхдийг л түлхээд гаргачихдаг байсан. Харин одоо хүүхэд бүр оролцоотой болсон. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа, амьдрах чадварт суурилсан үйл ажиллагааны хичээл ордог болсноор хүүхэд бүр зорилгоо гаргаж тэрэндээ хүрэх төлөвлөгөө боловсруулаад ажилладаг болсон нь олзуурхууштай. Ангийн багшид энэ цагийг тусгайлан гаргаж өгсөн нь их зөв бодлого болсон.

-Өмнөх хөтөлбөрөөс юугаараа онцлог байв?

-Шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэснээр хүүхдүүдэд маш их өөрчлөлт ахиц гарч байгаа. Өмнөх хөтөлбөртэй харьцуулахад хүүхдүүд өөрсдөө мэдлэгийг бүтээж, эрэл хайгуул хийж, багаар хамтарч ажилладаг болсон. Өмнө нь багшийн үйл ажиллагаа давамгайлдаг байсан бол одоо багш зөвхөн чиглүүлэх үүрэг гүйцэтгээд сурагчид өөрсдөө мэдлэгийг бүтээж байна. Өөрөөр хэлбэл багшийн хэлсэн тухайн зүйлийг сонсоод өнгөрдөг байсан бол одоо өөрсдөө гараар барьж, нүдээр харж туршилт хийж хичээллэдэг болсноороо үр дүнтэй. Хүүхэд өөрөө олж авсан мэдлэг нь өөрт нь гүн үлддэг юм байна.

-Багш л зөв чиглүүлэх юм бол муу сурдаг хүүхэд гэж байдаггүй байх. Таны бодлоор... ?

-Энэ муу хүүхэд гэж шууд буруутгаж болохгүй. Тэр хүүхэд тухайн хичээлд тааруу байлаа ч өөр ямар нэгэн чаддаг зүйл заавал байгаа. Чаддаг сонирхдог зүйлийг нь багш олж харах хэрэгтэй. Гоё зурдаг хүүхэд байвал тэрийг нь урамшуулж багаар ажиллаж байгаа тохиолдолд нөгөө хүүхдээр зургийн ажил хариуцуулах ч юм уу, ингэж бага багаар хүүхдийг өөртөө итгэх итгэлийг нь нээж өгөх хэрэгтэй. Би өөрийнхөө ангиас нэг жишээ татаж ярья л даа. Манай ангид нэг дуугүй, хэнтэй ч нийлдэггүй ганцаардмал охин байсан. Ангийнхантайгаа, багш нартай ч ярихгүй. Юм асуухаар дуугүй л суугаад байдаг. Тэгээд би сургуулийнхаа нийгмийн ажилтантай ярилцаад нөгөө охинтой уулзаад өөрөөр нь өөрийнх нь сайн муу талыг цаасан дээр бичүүлж авсан. Муу талаа бичсэн цаасыг нь ураад сайн зүйл бичсэн цаасыг цэцэгний хөрсөн хийж цэцэг тариулсан. Өөрийнх нь цэцгийг арчлуулахын зэрэгцээ ангийнхаа бүх цэцгийг усалж арчлах ажлыг түүнд даалгасан. Бас тэр охин гоё дуулдаг гэдгийг мэдээд дуу хөгжмийн багштай ярьж байгаад найрал дуунд оруулсан. Бид ингэж ажиллаад жил болж байна. Охины цэцэг гоё ургасан. Одоо охин багштайгаа чөлөөтэй ярилцдаг болсон. Саяхан ангидаа номын сангаа янзалж байхад хэн ч хэлээгүй байхад өөрөө сайн дураар надад тусласан. Эгч нь ирж уулзаад дүүгээ их өөр болсон, та яаж өөрчлөв, баярлалаа гэсэн. Тэгэхээр хүүхдийг муу гэж хаяад түлхэх биш. Яагаад энэ хүүхэд бусадтай нийлэхгүй байна гэдэг шалтгааныг олж туслах хэрэгтэй. Чаддаг зүйлийг дэмжиж урамшуулаад явах юм бол баг хамт олондоо аяндаа уусаад өөртөө итгэлтэй болж ирдэг.

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.