Б.Арго: Надад ус уух хувийг монгол эмч нар маань өглөө

Д.Тулга / Боловсрол

argoХамгийн олон хэл мэддэг монгол хүн хэмээн олон түмний танил болсон Ардын боловсролын тэргүүний ажилтан, ард түмний гавьяат багш Батсүхийн Арготой уулзаж хөөрөлдлөө.

-Таны бие тэнхээ тааруу байгаа гэж сонслоо. Өвчин зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг зүйл дээ. Таны бие одоо ямаршуухан байна даа?

-Хүн нэг л зүйлийн тухай байнга бодож явах хэрэгтэй байдаг юм байна. Бурхан багшийн сургаальд “Төрөх, өвдөх, өтлөх, үхэх дөрөв хорвоогийн дөрвөн үнэн” гэж сургасан байдаг. Би сахарын диабит буюу чихрийн шижин өвчин хүндэрсний улмаас идээлж баруун хөлөө тайруулсан. Энэ аюулт өвчнөөс миний амь насыг аварсан Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын хамт олон болон Эрдэнэсүрэн эмчдээ баярласан талархсанаа илэрхийлье. Манайхан Монголынхоо эмч на­рыг тоохгүй гадаад руу яваад байдаг. Манай эмч нар үнэхээр чадалтай гэдгийг өөрийн биеэр үзэж мэдэрлээ. Герман улсад мэргэжил, боловсрол эзэмшсэн маш мундаг эмч нар байдаг юм байна. Энэ л сайхан алтан гартай ачтай монгол эмч нарынхаа буянаар амь аврагдлаа. Эмнэлгийн ачаалал их байдаг болохоос эмч нар нь гадаадын том том эмнэлгүүдэд хийдэг судас залгах зэрэг нарийн мэс ажилбаруудыг амжилттай хийсэн. Намайг дэмжиж, үр хүүхдүүддээ надаар хичээл заалгаж байсан Монголынхоо гэгээн сэтгэлт ард түмэнд энэ дашрамд маш их баярласнаа илэрхийлье. Хөлөө тайруулж долоо найман сархэвтэрт байхад их л олон зүйл бодогддог юм байна. Энэ хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мэдэгдэхийг хүсээгүй. Ажилдаа хэт улайрч, эрүүл мэнддээ анхаараагүй маань хувийн хариуцлагагүй алдаа байж. Тэнгэр бурхан, сайн хань, сайн багшийн буянаар ямар ч байсан ус уух хувьтай л хүн байж, би.

-Удаан хугацаанд хэвтэрт байж байгаад суга таягтай ч гэсэн өрөөсөн хөл дээр босохоор ямар санагдаж байна. Хамгийн гол нь ухаан санаа саруул байна гэдэг тан шиг оюунлаг хүнд их зол завшаан юм даа?

-Хөлтэй эрүүл саруул явах үедээ хүн юу ч боддоггүй юм байна. Яг ингээд хөл мөчгүй болоод ирэхээр орж буй байгууллага маань хэдэн шаттай билээ, хэдэн давхарт билээ гээд янз бүрийн зүйл их боддог юм байна. Долоо найман сар хэвтэрт байсан ч намайг номын цагаан буян л босголоо. Эмнэлэгт өвчнөө яаж давж туулах вэ гэж бодож олон жил сэтгэлдээ бодож явсан итали, испани хэлний гэрийн багшийн хоёр номоо суугаагаараа бичлээ. Би чинь залуудаа ард түмэндээ “Хорин таван хэл мэддэг” гэж ам гарсан тал бий. Номын нэхэл гэдэг хатуу. Тиймээс би хорин тавыг биш юм аа гэхэд найман хэлний ном биччих юм сан гэсэн мөрөөдөл тээж явснаа сая гүйцэлдүүллээ. Хүнд наркозны дараа болохоор хоёр гурван цаг бичиж бай­гаад унтчихна. Тэгсээр байж хоногийн олноор дуусгаад сая эхнийхийг нь аваад байж байна. Сүүлийн хоёр жилд 21 аймгаар явж бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдэд англи хэлийг төслөөр заасан. Найман хоногийн дотор англиар уншиж бичүүлж сургах түргэн сургалтаа явуулж байхдаа эмчийн хяналттайгаа эс хайхран эрүүл мэндээ даанч нэг анзаарсангүй дээ. Би бас ч азтай. Жаахан удсан бол хоёр хөлөө алдах төдийгүй амь насаа ч алдах байж.

-Чихрийн шижин өвчин эмчийн хараа хяналтад байх ёстой байхад та хайр гамгүй, хөдөө гадаагүй баахан явчихсан юм биш үү?

-Хөдөө ч явсан, хятад хүүхдүүдэд ч хичээл заасан. Аль ч газрын хүүхдүүд адилхан. Аливаа хүүхдийг олон хичээлээр нүдсэнээр мундаг хүн болчихгүй, харин сонирхолтой зүйлийг нь өдөөгөөд, бие дааж сурах аргыг эзэмшүүлээд өгчихвөл эрдмийн зам мөр шуудраад явчихдаг.

-Оюуны мундаг хүмүүс бие махбодийн зовлон шаналангаа сэтгэлийн их хатаар ялан гарсан байдаг. Таны сэтгэлийн таяг, итгэлийн эм юу байв?

-Миний сэтгэлийн таяг маань “Итали хэлний гэрийн багш”, “Испани хэлний гэрийн багш” гэсэн энэ хоёр ном маань л байлаа. Октябрийн хувьсгалаас өмнө Оросын том язгууртнууд франц, германаар чөлөөтэй ярьдаг байсан. Гадаад хэл гэдэг бол тухайн хүний соёлын хэмжүүр. Дэлхийн мундаг том зураачдын олонхи франц, голланд, итали, испанид мэндэлсэн. Техникийн том ололтууд голдуу англи, германых байх жишээтэй. Европын хөгжлийг оройлон толгойлдог таван улс бол франц, англи, герман, испани, итали шүү дээ. Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг Азийн өндөр хөгжилтэй улсууд Европын хэл, соёлын нөлөөгөөр асар хурдтай хөгжиж байна. Монголчууд маань ч Европын соёлоос хоцрогдож хаалттай орчин болчихвол хэзээ ч хөгжихгүй. Тиймээс Европын өндөр соёлтой улсын хэл хэзээд хэрэгтэй байх болно. Дээр нь өмнөд, хойт хоёр хөршийнхөө хэлийг маш сайн сурах хэрэгтэй.

-Монголчууд зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг дээ. Шавь нар, найз нөхөд чинь аль хэр эргэж тойрч байна?

-Мөнгө төгрөгний төлөө гэсэн ухвар мөчид бодол хүнд хэрэггүй байдаг юм байна. Эцсийн эцэст хүн яг үхэх гээд ирэхээр дотнын анд нөхөд, аав ээж, амьтан ах дүүсээ их хүсч санадаг юм байна. Дэлгүүрт ч орж чадахгүй хүн чинь өөр яалтай билээ. Манай монголчууд чинь эртнээс их сайхан нинжин уламжлалтай байж. Чингэс хааныг тэнгэрт дэвшихэд Лигницийг эзлэхээ шахаад байхдаа, Өгөдэй хааныг өөд болоход Мисирийг авчихаа алдаад буцан ирж хөдөөлөгт оролцохоор Монголын их цэрэг буцсан байдаг чинь үхэл хагацал, өвчин зовлон тохиоход нэгнээ гээхгүй, шаналан гунигийг нь хуваалцах гэсэн сэтгэлийн илрэл байж. Уг нь ашиг сонирхлоо бодсон бол европ тивийг бүтнээр нь эзлэх боломж байсан шүү дээ. Дашбалбар багшийн “Амьддаа бие биеэ хайрла” гэдэг чинь ямар ч ид шидтэй үнэн үг юм бэ дээ. Миний энэ ном бичиж байгаа чинь билгүүн номч Б.Ринчен, Чой.Лувсанжав, олноо “орос хэлний” хэмээн алдаршсан Сэрээнэнгийн Галсан багш нарын маань номын гэгээн өглөг буяны хишиг юм даа. С.Галсан багш маань сэтгэлийн дэм өгч байлаа.

-Та гадаад хэлний хэдэн удаагийн төгсөлтийг удирдан багшилсан байх юм?

-Би итали хэлийг хоёр удаа, орос, франц, хятад, англи зэрэг бусад хэлүүдийг 573 удаа зааж, 575 удаагийн төгсөлтөөр нийт 13 мянган хүнд эрдэм түгээсэн.

-Гадаад хэлний нийгэмлигээс таныг олон хэл мэддэг хүнээр шалгаруулж байсан даа?

-Ерэн есөн онд Гадаад хэлний нийгэмлигээс намайг хорин таван хэл сурсныг үнэлж, Монголын хамгийн олон хэл мэддэг хүнээр шалгаруулсан. 2011 онд нэг хүн хамгийн олон гадаад хэлний сурах бичиг бичсэн номинацид нэр дэв­шүүлж, Гиннесийн дээд амжилтыг эвдсэнийг баталсан. Харамсалтай нь Гиннесийн номд бүртгүүлэхэд мөнгө төг­рөг их хэрэгтэй юм билээ. Тэр их мөнгийг нь ганц би яаж дийлэхэв. Ямар ч байсан амжилтаа явуулчихсан. Хэзээ нэг сайхан өдөр Монголын компаниуд маань хөл дээрээ босоод бидэн шиг сэхээтнүүдээ дэмжээд бүртгүүлчихвэл Монголд л хэрэгтэй юм даа. Бурхан надад нас хайрлавал хорин таван хэлнийхээ номыг бичнэ л гэж боддог. Уг нь хөлтэй байхдаа жилд хоёр ном бичих боломж байсан байна, даанч практик талаа бодоод талхны мөнгөнийхөө төлөө явжээ.

-Хошин шогийнхон таныг тоглолтынхоо гол баатар болгож нэлээд ашигласан. Өвчин зовлонтой үед чинь хүний ёсоор очоо байлгүй?

-Намайг тахир дутуу болчихсон байхад “Мөрөөдлийн театр”-ынхан “хар сүлдэнд мөргөсөн хүн харь гаригийн хэл сурна” энэ тэр гээд тоглоом шоглоом хийгээд байсан. Би залуу улс байна, алдаагаа засах байх гэсэн үүднээс утасдаж “Багш нь хөлгүй болчихлоо” гэж хэлсэн л дээ. Шог чинь давс нь жаахан ихэдчихээрдоромжлол болчихдог байхгүй юу. Хүний шашин шүтэх эрх, өвчин зовлонгоор наадах чинь “Үндсэн хууль” зөрчиж байгаа асуудал шүү дээ.

-Шүүхэд гомдол гаргаж болдоггүй юм уу?

-Залуу улс алдаагаа засаад сайхан бүтээл гаргах байлгүй дээ. Мөнгө олох гэж л аргаа ядаж байгаа нь тэр шүү дээ. Ганц “Мөрөөдлийн театр”-ынхны ч буруу биш. Анхандаа “Шинэ үе”-ийн Бооёо, Ганбаа эд нар “Хар сүлдээ тахиарай, номоо аваарай” гээд эхэлсэн. Гурван үгтэй онигой гээд л зөндөө юм бий. "Нэг үгтэй Арго. Хоёр үгтэй нь Арго багш. Гурван үгтэй нь Арго багшийн номнууд" гээд хувь хүн, мэргэжил, оюуны бүтээлийг маань доромжилж эхэлсэн. Хойд Солонгост зенитийн пуужингаар хүн бууддаг шиг юм хийсэн нэгнээ ингэж бөөнөөрөө галлаж хэрэггүй л дээ. Ер юм хийсэн хүнд доод түвшнээсээ дээд шатаа хүртэл “гүйх нохойд гүйхгүй нохой саад болдог” муухай монгол зан байна. Гүйхгүй нохойнууд аж төрлөө авч яваа жирийн нэгнээс өгсүүлээд төрийн бодлогод хүртэл нөлөөлж чадах тийм хорон бачтай. Тавантолгой, Оюутолгойн ажил хөдлөх гэхээр л гадаадын хөрөнгө оруулагчид муухай гээд тээгээд тэгнээд хэвтчихнэ. Гадаадын хөрөнгө оруулагчид ч яахав гараад явдаг байж. Сүүлдээ дотоодын мундаг сэхээтнүүд дүрвэнэ шүү. Тэгвэл оюун санааны дүрвэлт дэгдэж улс оронд жинхэнэ сүйрэл болно. Тиймээс гүйхгүй нохойнуудыг л аль ч шатнаас шавхуурдан зайлуулмаар байгаа юм. Хүн намайг муулж, “Мөрөөдлийн театр” болгож болно. Би бол мөрөөдөлдөө хүрчихсэн хүн шүү. Атаа жөтөөнд тийм ч амар өвдөг сөгдөхгүй. Юмны түрүүнд монгол үндэсний үнэт зүйлсээ муулна. Монгол эмч нарын буянаар л би амьд үлдлээ. (нулимсаа нуулгүй уйлав. сур)

-Нэг нь гэхэд 600 гаруй хуудастай энэ том номуудаа яаж хэвлүүлэв?

-Төрөөс, группт орсны сарын 200 мянган төгрөг авч байгаа. Үнэгүй эмчилж, группт оруулж өгсөн төрөө би хэзээ ч муулахгүй. Ямар ч байсан манай төр ажиллаж байна. Хоёр зуун мянгаар сүрхий амьдрахгүй ч нэмэртэй юм. Хөгжлийн бэрхшээлтэй улсдаа жаахан ч болтугай туслах нь нинжин сэтгэлийн илрэл юм байна. Би хөлтэй байхдаа тийм ч адгийн амьтан байгаагүй л дээ. Аль болох л хүнд тус дэм болчих юм сан л гэж боддог байсан. Тэрний минь хариу юм байлгүй гудамжинд таягтай явж байхад “Хөөрхий зайлуул ийм болчих гэж, хайран хүн” гээд хүрээд ирж байна. Ямар сайндаа намайг хагалгаанд ороод гараад ирэхэд хажуугийн тасгийн эмэгтэйчүүд “Хэлтэй хүн хөлгүй болдог юм байж. Хэлгүй бид хоёр хөлгүй болбол яана аа” гэсэн гэж байгаа. Энэ хэдий гашуун үнэн ч наддаа том урам. Халамжийн мөнгөө жилээр нь зээлээд, сайн ханийнхаа буянаар, “Бемби сан”-гийнхныхаа ивээн тэтгэлгээр номоо хэвлүүллээ. Өмнө нь миний ном олонтаа бестселлэр болж байсан ч мөнгө төгрөг цуглуулж явсангүй. Урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөж л амьдарч явсан юм байна.

Л.БАТЦЭНГЭЛ

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.