Олны үг ортой эсэхийг шалгалаа

Д.Тулга / Орон нутаг

-МАЛЧНЫ ХОТОНД АЛСЫН ЗАЙН ХҮЛЭЭН АВАГЧ СУУРИЛУУЛЖ
МАЛЧИД ОНЛАЙНААР ШУУД ХОЛБОГДДОГ БОЛЛОО-

Монголын хөдөө, монгол малчдад зориулсан радио станцыг монгол хүмүүс зохион бүтээж, амьдралд хэрэгжүүлээд эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Техникийн ухааны доктор Н.Тогтохын санаачлагаар Дундговь аймгийн нийт 15 сумыг газар зүйн байрлалаар нь төв, баруун, зүүн хэсэгт хувааж, нийт 371 ширхэг алсын зайн хүлээн авагчийг малчны хотонд байрлуулсан байна.

Энэ ажилд УИХ-ын гишүүн Б.Наранхүү хөрөнгө оруулалт хийжээ. Алсын зайн хүлээн авагчийг суурилуулах ажил сүүлийн 10-аад жил хийгдэж байгаа аж. Өмнө нь Орон нутгийн хөгжлийн сан болон хандивын тусламжаар 2000 гаруй жижиг хүлээн авагч тараажээ.

Өртөгийн хувьд өндөр учраас малчид эхэндээ хэрэглэж мэдэхгүй, ойлгохгүй байх хүндрэл гарсан байна. Одоо харин ач холбогдлыг нь ойлгож, ашиг тусыг нь хүртсэн учраас алсын зайн хүлээн авагч шиг хэрэгтэй зүйл үгүй болжээ. Бид энэхүү алсын зайн хүлээн авагчийн талаархи мэдээллийг “Олны үг ортой эсэхийг шалгалаа” булангаараа бэлтгэн хүргэж байна.

Энэхүү алсын зайн хүлээн авагчийг малчны хотонд байрлуулснаар малчид цаг агаарын мэдээ, мэдээллийг шуурхай авах, УИХ-ын гишүүд болон аймаг, сумын удирдлагууд малчидтайгаа шууд холбогдож онлайнаар ярилцлага хийх, аймгийн төвд зохион байгуулагдсан олон нийтийн уулзалт, хурал, зөвлөгөөнийг шууд дамжуулан сонсох зэрэг олон ач холбогдолтой ажээ.

-НЭГ УСТАЙ, НИЙЛЭХ БЭЛЧЭЭРТЭЙ АЙЛ ГЭДЭГ ЖУРМААР
ХҮЛЭЭН АВАГЧИЙГ БАЙРШУУЛСАН-

Энэхүү ажлыг санаачилсан Н.Тогтохын хэлснээр “Нэг устай, нийлэх бэлчээртэй айл” гэж байдаг. Өөрөөр хэлбэл нэг худагтай гурав, дөрвөн өвөлжөө байдаг. Тэр айлуудын дунд нэг хүлээн авагч тавих журмаар байршуулсан. Айл бүрт байршуулах боломжгүй. Тиймээс нэг айл нь мэдээлэл хүлээж аваад, бусаддаа утсаар дамжуулах юм. Шууд ярилцлагын үеэр нэг айлдаа цуглаад харилцан ярилцаж болно. Энэ нь нэг ёсондоо орон нутгийн мэдээлэл түгээгч юм.

Нэгдэл тарснаас хойш Монголын хөдөөгийн малчид орон нутгийн төр захиргааны байгууллагаас үндсэндээ холбоо тасарсан. Орон нутгийн мэдээлэл байхгүй болсон. Нэгдлийн үед нэг сум дөрөв, таван бригадтай байлаа. Нэг бригадад 10-аад орон тоо байсан. Сонин зөөгчөөс эхлээд бригадын дарга хүртэл. Айлуудаараа долоо хоног бүр ороод мал, аж ахуй, сум нэгдлээс юугаар туслах вэ гэдгийг нь асуугаад тусалдаг байсан. Гэтэл өнөөдөр тийм зүйл байхгүй.

Малчид дэлхийн өнцөг булан бүр, Улаанбаатар хотын мэдээ, мэдээллийг телевизээр авч байна. Гэтэл танай сум аймгаар сонин юу байна гэхээр мэдэхгүй, мэдээлэл авч чадахгүй байна. Малчдад орон нутгийн мэдээ хэрэгтэй. Малчдын төлөө юу хийж, сум захиргаа хэрхэн ажиллаж байгааг жинхэнэ эзэд нь мэдэхгүй байна. Тиймээс малчид сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлыг ч шууд сонсох боломжтой.

Мөн малчид цаг агаарын гэнэтийн аюулд байнга өртдөг. Урьдчилан сэргийлэх мэдээ сонссон хэрнээ, хэзээ тэр аюул орж ирэхийг мэддэггүй. Цаг агаарын прогноз маргааш гэж зарладаг ч маргааш нь болоход яг хэдэн цагт шуурга болох вэ гэдэг мэдээллийг авч чаддаггүй. Харин энэ төхөөрөмжийн тусламжтайгаар яг одоо шуурга орж ирэх гэж байна, хэдэн цагийн дараа шуурга болох гэж байна гэдэг мэдээллийг авдаг. Тиймээс малчид шуурганаас урьдчилан сэргийлээд, малаа хаших арга хэмжээ авна” гэсэн юм.

Тэрбээр 2008 онд 52 хүн 240 гаруй мянган малтайгаа сүйрсэн харамсалтай хэрэг гарсныг дурдаад “Тэр хүмүүс маргааш шуурга болохыг мэдэж байсан. Гэхдээ маргааш өглөө босоход тэнгэр хэвийн байсан ч үдээс хойш нь гэнэт шуурсан. Ингээд л аюулд орсон” тухай жишээ ярьсан юм. Хэрвээ энэ төхөөрөмж тухайн үед ашиглагдаж байсан бол малчид цаг агаарын мэдээг урьдчилан аваад, хэдэн цагийн орчимд шуурга энэ нутгаар дайрч өнгөрөхийг тооцоолох боломжтой байв.

-ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ ХААНААС ШУУРХАЙ АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ-

Баруун хойноосоо шуурга орж ирвэл Өвөрхангай Баянгол, Баян-Өндөр сумын цаг уурын ажилтнууд Эрдэнэдалай сумын станц руу яаралтай мэдээлэл өгдөг байна. Тухайлбал, танай бүсэд тэдэн цагийн дараа, тэдэн секундын хурдтай шуурга шуурах гэж байна гэх мэдээлэл өгснөөр Эрдэнэдалай сумын станцынхан мэдээллийг шуурхай хүлээж аваад, бусад малчиддаа гар утсаар шуурхай мэдээгээ өгдөг аж. Ингэснээр цаг агаарын аюултай нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх боломжтой юм. Өвөрхангай аймгийн хил залгаа сумдын цаг уурын ажилчид мэдээллийг шуурхай өгөх үүрэгтэй бөгөөд газрын даргын захирамжаар ажилладаг аж.

Радио станц нь гурван газарт байрладаг. Говь-Угтаал суманд байрлах станц нь зүүн талын зургаан сумын малчдад, аймгийн төвийн станц нь төвийн зургаан сумын малчдад, Эрдэнэдалай сумын станц баруун гурван сумын малчдад мэдээлэл хүргэдэг байна. Дундговь аймгийн 15 сумын малчид энэ гурван станцын тусламжтайгаар холбогдох боломжтой юм. Тухайлбал, аймгийн төвд болсон уулзалтыг төвийн зургаан сумын малчид шууд сонсоод, харилцан ярилцах боломжтой. Харин тэрхүү бичлэгийг бусад сумын станц руу илгээж болох аж. Малчид тус илгээсэн бичлэгийг сонсох боломжтой ч харилцан ярилцах боломжгүй юм байна.

-ХҮЛЭЭН АВАГЧИЙН ТУСЛАМЖААР НЭГ Ч МАЛЫН ХОРОГДОЛГҮЙ ШУУРГЫГ
ДАВЖ ЧАДЖЭЭ-

Өнгөрсөн хавар олон аймгийг хамарсан том шуурга болсон. Хүний амь нас эрсдэж, олон мянган мал үрэгдсэн тус шуургад Дундговь аймгийн Эрдэнэдалай сум радио станцын тусламжтайгаар малын хорогдолгүй гарчээ. Гэтэл хажуугийн хил залгаа сумд нь 20-иод мянган мал үхүүлсэн байна.

Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон албаны хүмүүс газар дээр нь очиж, малчидтай алсын зайн хүлээн авагчаар онлайнаар ярилцжээ. Малчид ч энэ төхөөрөмжийн тусламжтайгаар шуурга хэдэн цагт болохыг мэдээд, бүх малаа хашсан аж.

Мэдээж цаг агаарын прогноз мэдээ телевиз, радиогоор явж, малчдын гар утсанд мессэж ирсэн нь тодорхой. Гэхдээ яг одоо шуурах гэж байна шүү гэдэг мэдээллийг алсын зайн хүлээн авагчаараа хүлээж аваад, нэг ч малын хорогдолгүй шуургыг давсан нь том үр дүн гэдгийг санаачлагчид нь хэлж байлаа.

Тиймээс энэ төхөөрөмжийг бусад аймгуудын малчдад хэрэглүүлэх нь зөв юм байна гэдгийг сайд болон албаныхан нь онцолсон байна.

Одоогоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт уг ажлыг тусгасан байгаа аж. Юун түрүүнд говь, хээрийн бүсэд аюулаас сэрэмжлүүлэн анхааруулах /АСА/ цогцолбор байгуулъя гэсэн санал тавьж байна. Учир нь цаг агаарын эрсдэл ихтэй нутаг нь говь хээрийн бүс байдаг. Тиймээс энэ төхөөрөмжийг малчид түлхүү хэрэглэх нь чухал ач холбогдолтой юм.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.