С.Эрдэнэбал: Тал хээрийн түймэр унтраах төхөөрөмж маань 260 литр усаар дөрвөн цаг ажиллана

Д.Тулга / Орон нутаг

Шинийг санаачлагч, зохион бүтээгчдийг урамшуулах зорилгоор Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, БНСУ-ын Оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр “Инновацийн шийдэл-бидний амьдралд” уралдаант шалгаруулалтыг гурав дахь жилдээ зохион байгуулагдсан.

Бидний өдөр тутмын амьдралд тохиолдох бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх инноваци бүхий техникийн оновчтой шийдлийг олох, энэ үйл ажиллагаандаа патентын мэдээлэл ашиглахыг дэмжиж, урамшуулах зорилго бүхий тус уралдаанд 39 бүтээл ирснээс эхний шалгаруулалтад 10 бүтээл шалгарсны нэг нь зохион бүтээгч С.Эрдэнэбалын “Тал хээрийн түймэр унтраах автомеханикжсан төхөөрөмж” шийдэл байлаа. Бид энэ удаа зохион бүтээгч С.Эрдэнэбалтай уулзаж, түүний шинэ бүтээлийн талаар цөөн хором ярилцлаа.

-ТҮЙМРИЙН ГОЛОМТ РУУ ШУУД БУУДАХ ЗАМААР ТАСРАЛТГҮЙ АГШИН
ЗУУРЫН УНТРААЛТ ХИЙНЭ-

-Монгол Улс тал хээрийн түймэр унтраах ямар аргуудыг ашигладаг вэ?

-Тал хээрийн түймрийг унтраах тоног төхөөрөмж маш хангалтгүй байдаг гэж хэлж болно. Тухайлбал, ОХУ бол байлдааны техник юм уу, гинжит танкаар дайрч ороод, түймрийн голд нь эргэлдээд унтраадаг. Үүнийг манай онцгой байдлынхан авч хэрэгжүүлэх нь бий. Гэтэл энэ гинжит төхөөрөмжийг Ховд, Улиастай, Говь-Алтай гэх мэт холын аймгуудын талд гарсан түймэрт яаралтай, богино хугацаанд хүргэнэ гэдэг хэцүү шүү дээ. Мөн энэ түймэр унтраах арга технологи нь газрын хөрсний хамаг үржил шимтэй хэсгийг бусниулчихдаг. Ер нь газрын хөрсний хамаг л үржил шимтэй хэсэг нь дээд 20 см-т л байдаг. Тэр үржил шимтэй хэсгийг үнс нурамтай холиод суллачихаж байгаа юм. Тэр нь салхинд хийсэн цөлжилт үүсгэх суурь болдог. Хятадууд бага оврын сэнсээр үлээлгэж байна. Тэр нь хүчин чадал болоод нэг агшинд үйлчлэх хүрээ багатай. Тийм учраас олон хүн нэгэн зэрэг олон төхөөрөмж дээр ажиллаж байж унтраадаг учиртай. Мөн өндөр даралтын усаар шүрших машинууд байна. Тэр нь заавал 20 тонны багтаамж бүхий ёомкосттой байдаг учраас түймрийн голомтод очиход маш их цаг хугацаа шаарддаг, бензин шатахуун зарцуулдаг, очоод бас унтраах арга технологи нь их хоцрогдмол. Түймрийг хажуу талаас нь, араас нь хөөж унтраадаг учраас түймэр унтраалт удаан, газар их авдаг. Энэ бүхнийг бодоод би энэ төхөөрөмжийг хийхээр шийдсэн юм.

-Таны төхөөрөмж хэрхэн ажилладаг вэ?

-Тал хээрийн түймэр унтраах автомеханикжсан төхөөрөмж гэдэг сэдвээр сая уралдаанд оролцлоо. Энэ төхөөрөмж нь түймрийг ар, хажуунаас нь биш голомтод хүрч очоод, түймрийнхээ урд хэсгээс амдаж, зургаан метрийн зайнаас өмнүүр нь хөндлөн дайрах юм. Машин дунджаар 30 км явдал дундаа ингэж дайрна гэсэн үг л дээ. Ингэж унтраахдаа өндөр даралтын хий шүршинэ. Түймрийн голомт руу шууд буудах замаар тасралтгүй үргэлжлэх агшин зуурын унтраалт хийдэг онцлогтой.

-260 ЛИТР УСААР ДӨРВӨН ЦАГ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ-

-Ингэж унтраахад их олон давуу тал байдаг болов уу?

-Тийм ээ, есөн төрлийн давуу чанартай. Тухайлбал, усны зарцуулалтыг багасгахын тулд хий дамжуулах хоолойныхоо голоор нарийн гуурс оруулж, түүгээрээ усаа явуулж байна. Ингэснээр 32-ын диаметртэй хоолойгоор явж буй өндөр даралтын хий маань усаа задлаад хийлэг хий болж байгаа юм. Яг энэ системээр төхөөрөмж маань 260 литр усаар дөрвөн цаг ажиллах боломжтой болж байна. Усны зарцуулалт бага болохоор мэдээж машины ачаа хөнгөрнө. Тийм болохоор туулах чадвар сайтай, дурын жижиг оврын ачааны машин дээр үүнийг тоноглож болно.

-Инновацийн шилдэг бүтээлүүдийн нэг боллоо. Та хэрэглээнд хэрхэн нэвтрүүлж болох талаар судалсан уу?

-Тийм ээ. Уг нь дэмжвэл хөрөнгө мөнгө их хэмнэх боломжтой. Эхний ээлжинд би өөрөө тэтгэврийн зээлээ авч байгаад нэг бүтэн төхөөрөмж босгоно. Ер нь Монгол улсын галын аюулаас хамгаалах шинэчилсэн хуулиар суманд сайн дурын галын хэсэг байгуулж болно, үүнийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гээд заачихсан байгаа юм. Гэхдээ суманд тоног төхөөрөмж байхгүй учраас энэ хууль хэрэгждэггүй. Хятадаас тоног төхөөрөмж оруулж ирсэн л дээ. Өндөр даралтын тэр төхөөрөмж нь эдийн засгийн тусламжаар боловч 2.8 тэрбум төгрөгийн өртөгтэй. Харин манай энэ машин өртөг бага, нэг төхөөрөмжийн өртөг нь 55 сая төгрөг байна. Нэгэнт суман дээр сайн дурын хэсэг байгуулж болно гэсэн хууль байгаа учраас өртөг бага ч бүтээмж өндөр энэ шийдлийг зайлшгүй нэвтрүүлэх хэрэгтэй юм болов уу.

-Сумын иргэд одоо сайн дураараа хувцасаа бариад л гардаг?

-Тийм ээ, нэг цохиур олж аваад л гардаг. Би Сүхбаатар аймагт олон жил байсан хүн. Манайх Барилга угсралтын контор юм уу, авто баазаас шинээр ирж байгаа машиныг дайчилдаг байлаа. Тэгээд “Зил-130” машинаар дүүрэн хүн ачаад, олон хоногоор явна шүү дээ. 2015 оны судалгаагаар сүүлийн 80 сарын байдлаар улсын хэмжээнд нийтдээ 30 тэрбум төгрөгийн хохирол зөвхөн ой хээрийн түймрээс болж учирсан байгаа юм.

-ЦАГААНДАВААНЫ ХОГИЙН ЦЭГ ДЭЭР АВААЧИЖ ТУРШСАН-

-Төхөөрөмжийг хэдэн хүн ажиллуулах вэ?

-Таван хүний бүрэлдэхүүнтэй баг л ажиллана. Нэг жолооч, хоёр оператор, хоёр гал сөнөөгч. Операторын нэг нь түймэр унтраах хошуугаа хажуу тийш нь хөндлөн зүгт удирдана, нөгөө нь босоо зүгт дээш, доош удирдана. Ер нь энэ төхөөрөмж суман дээр очсоноороо зөвхөн тал хээрийн түймэр унтраагаад зогсохгүй бага зэргийн нэмэлт тоноглол хийж өгөөд, сумын объект шатсан тохиолдолд галын машин болгож ашиглах боломжтой юм.

-Та энэ судалгаагаа хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Би өнгөрсөн жилээс хийж эхэлсэн. 2015 онд улс орон даяар ихээхэн түймэр гарч, асар их хүнд хохирол амссан шүү дээ. Энэ судалгаануудаа хийж байгаад өөрийн хөрөнгөөр анхны загвараа хийе гэж бодсон.

-Анхны загвараа туршиж үзсэн үү?

-Яг тал хээрийн түймэр дээр туршиж үзээгүй. Харин дөрвөн шуудай модыг Цагаандавааны хогийн цэг дээр аваачиж байгаад дээр нь бензин асгаж шатаагаад, нилээд их хэмжээний гал гаргаад унтрааж үзсэн. Хормын дотор л унтраасан гэж хэлж болно.

-Аюулгүй байдлыг хэрхэн бодолцсон бэ?

-Нэгэнт түймрийн голомтоос зургаан метрийн өмнөөс унтрааж эхэлж байгаа, нөгөөтэйгүүр түймэр гарч буй талын дугуй нурмаас нэг метрээс доошгүй зайд явахаар зохиомжлогдсон учраас ажиллагааны хувьд аваар осол байхгүй. Түймэр гэдэг салхины хурд ихтэй байвал асар өндөр дээгүүр хаялна шүү дээ. Тэр галыг хажуу талаас нь зургаан метрийн наанаас унтраагаад явах учраас машинд ямар нэгэн аваар осол байхгүй. Машины дугуй нурман дээгүүр явахгүй.

-30 КМ ӨРГӨН ТҮЙМРИЙГ НЭГ ЦАГИЙН ДОТОР УНТРААНА-

-Энэ төхөөрөмжийн эд ангиудыг нэгбүрчлэн танилцуулж болох уу?

-Жижиг оврын ачааны машин дээр бүхээг хийж өгөөд, дотор нь дизель хөдөлгүүртэй суурин компрессор тавьсан. Мөн усны сав, машины урд талын гупер дээр босоо болон хөндлөн хосолсон хөдөлгөөнтэй суурь хийлээ. Үүнийхээ дээр хийн бууны гал унтраах хошуу байрлуулсан. Нийт дөрвөн метрийн урттай төмөр рам дээр 32-ын труба хоёрыг эгнүүлж хийгээд, хөндөл хуваарилагч труба дээр холбож өгсөн байгаа. Энэ хуваарилагчаасаа метрийн урттай 15 трубаг өөр хооронд нь 20 см-ийн урттайгаар эгнүүлэн хийж, олон салаа үзүүрүүд гаргасан. Ингээд яг үзүүрийг нь 10 см-аар 20 хэмийн налуу хийснээр галын голомт руу шууд үлээлгэж байгаа юм. Гарч байгаа хий маань улам хүчтэй, хэдэн тийшээ цацрах учраас үйлчлэх хүрээ нь нийтдээ 2.5-3 метрийн зайд нэг агшинд үйлчилж байна. Ер нь товчхондоо хэлэхэд 30 км өргөн түймрийг нэг цагийн дотор унтраана гэдэг одоогоор хаана ч гараагүй дээд амжилт юм, уг нь.

-Энэ төхөөрөмжийг 100 хувь Монголдоо хийх боломжтой юу?

-Бүрэн боломжтой. Монголд галын сайн дурын хэсгүүд байгуулах зайлшгүй шаардлагатай 60 гаруй сум байна. 2015 оны дөрөвдүгээр сарын судалгаанаас харахад 13 аймгийн 36 суманд түймэр гарч, асар их хохирол учруулсан байх юм. 210 га ой, 225.575 га хээрийн бүс шатсан, 128 адуу, 2 тэмээ, 950 хонь, 1250 ямаа, 59 үхэр нийтдээ 2425 мал гээд шатсан байна.

-Та өмнө нь юу хийж бүтээж явав аа? Өөрийнхөө талаар уншигчдад маань танилцуулахгүй юу?

-Би эрчим хүчний салбарт дөрвөн жил, барилгын салбарт 40 гаруй жил ажилласан. Тэтгэвэртээ гараад найман жил болсон ч барилгын салбартаа үргэлжлүүлээд ажиллаад явж байна. Үүнийхээ хажуугаар зохион бүтээх ажлаа хийнэ. Ер нь нийт 40 оновчтой санал, гурван шинэ бүтээл, зургаан шинэ бүтээгдэхүүний загвар гаргасан. Үүнээс ихэнх нь нэвтэрсэн. Зарим нэг нь мөнгө, санхүүгээс болоод зогсонги байдалд байна. Хоёр том шинэ бүтээл маань хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хүлээгдээд байгаа. Үүний хувьд харин ашигтай загвараар батлагдсан эд юм. Гэсэн ч зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс одоо шинэ бүтээлээ бүрэн дуусгаад түймэр гарсан газар руу яваад очно доо.

-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Баярлалаа. Монголын зохион бүтээгчид юм хийж, гаргаж байна аа. Улс оронд нэвтрүүлвэл зайлшгүй хэрэгцээтэй, үр ашгаа өгөх зүйлс ч их байна. Гэхдээ инновацийн эдгээр шийдлүүдийг ажил хэрэг болгох их хэцүү, хөрөнгө мөнгө, санхүүжилтийн асуудал юуны өмнө тулгардаг. Харин гадаад оронд байдаг шиг энэ бүтээлүүдийн патентыг барьцаалаад зээл олгодог болоосой. Уг нь манайд ийм хууль санаачилсан гэсэн, гэхдээ хэзээ гарах юм, бүү мэд. Тэгэх юм бол заавал мөнгө төгрөг хайх шаардлагагүй, нэгэнт нэвтрүүлчихвэл дараа нь асуудалгүй болчих юм шиг санагддаг.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.