ТАНИЛЦ: 2019 онд худалдаанд гарах цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд

Д.Тулга / Орон нутаг

Дэлхийн автомашин үйлдвэрлэгчид цахилгаан машины салбарт алдагдал хүлээсээр байгаа хэдий ч хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлж байна. Эрэлт бага, эд анги, түүхий эд нь үнэтэй, үйлдвэрлэлийн өртөг өндөр зэрэг шалтгааны улмаас цахилгаан машины үйлдвэрүүд ашиггүй ажилладаг.

Дэлхий нийтийн цахилгаан машины хэрэглээ 2021 оноос эхлэн эрчимжиж, энэ салбарын ашиг орлого эрс нэмэгдэнэ гэж Америкийн компаниуд үзэж байна. Tesla, General Motors, Volkswagen болон Toyota Motor тэргүүтэй цөөн компани энэ салбарт 2030 он хүртэл 100 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн.

2040 он гэхэд цахилгаан машин нь нийт автомашины зах зээлийн 50 хувийг эзэлнэ гэж тооцоолжээ. General Motors болон Tesla компани 2026 он гэхэд цахилгаан машины жилийн борлуулалтаа нэг саяд хүргэнэ гэж тус тус төлөвлөсөн. Volkswagen, Toyota Motor компани 2025 онд тус бүр гурван сая цахилгаан машин үйлдвэрлэсэн байх болно гэж мэдэгдээд байгаа билээ.

Тиймээс гарах цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудыг танилцуулж байна. Ирэх оноос эхлэн “Volvo” компани бүх автомашинаа цахилгаан болон гибрид хөдөлгүүртэй болгоно гэдгээ мэдэгдсэн. Ингэснээр тус компани уламжлалт хөдөлгүүрээс татгалзсан дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч болж буй юм.

-ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТТЭЙ NISSAN LEAF-

Бензин биш цахилгаанаар ажиллах тул манайх шиг ам.доллар төгрөгийн ханш нь дэндүү өндөр зөрүүтэй нефть импортлогч улсад шатахууны зардлыг жинхэнэ хэмнэнэ. Моторын тосгүй тул жилдээ хоёр удаа тос солих, ОЧЛУУР буюу свечэ байхгүй тул мөн л 20-40 мян.км тутамд свечэ солих, свечэ муудсанаас болж шатахуун зарцуулалт ихэслээ гэсэн толгойн өвчнөөр таныг зовоохгүй.

Дээр нь хөдөлгүүрийн агаар шүүгч байхгүй тул энэ мэт хугацаат техник үйлчилгээний зардал гарахгүй гэсэн үг. Агаар, бензиний холимгоор тэсэрч, дулааны энергийг механик энергид хувирган нүүрстөрөгчийн исэл, хар тугалга гэх мэт төрөл бүрийн утаа тортог, нагар ялгаруулахгүй тул байгальд ээлтэй хамгийн ЭКО автомашин худалдаанд аль хэдийнэ гарсан.

-AUDI КОМПАНИЙН АНХНЫ БҮРЭН ЦАХИЛГААН АВТОМАШИН SUV-

Audi компани өөрийн анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй SUV загварын e-tron автомашиныг есдүгээр сарын дундуур танилцуулж, захиалгын сувгаа нээсэн билээ. Шинэ автомашин 2019 оны хоёрдугаар улиралд АНУ-ын зах зээлд түрүүлж гарах аж. Таван суудалтай, хос хөдөлгүүртэй, дөрвөн дугуй хөтлөгчтэй e-tron нь бүрэн цэнэглэлтээр 400 км зам туулах үзүүлэлтийг Европ стандартын шалгуураар харуулжээ.

Одоогоор АНУ-ын стандарт шалгуураар ороогүй байгаа аж. Үүнээс гадна Audi e-tron дээд тал нь 200 км/цаг хүртэл хурдлах, 5.5 секундэд 0-ээс 96 км/цаг хүртэл хурд авах чадалтай бол DC ангиллын түргэн цэнэглэгчээр 30 минутын хугацаанд 80 хувь хүртэл цэнэглэгддэг 95 кВатт/цаг багтаамжтай баттерейг агуулжээ. Салонд байрлах хурууны даралт мэдрэгчтэй хоёр дэлгэцээр бараг бүх зүйлсийг удирдаж болохоос гадна Amazon Alexa дуу хоолойгоор удирдагдах ухаалаг туслагчийг суулгаж өгсөн байна.

-ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТЭЙ G-CLASS-

Дэлхийд анх удаагаа бидний сайн мэдэх Жи Класс загварыг “Крэйсэл” компани цахилгаан хөдөлгүүртэй болгон танилцуулсан. Арнольд Шварценеггер хамгийн анх туршиж үзсэн бөгөөд “Миний мөрөөдөл биеллээ, ийм хурдан машин цахилгаан хөдөлгүүртэй байх боломжтой гэж үү” хэмээн дуу алдсан байна. Үндсэн суурь нь “G350d” загвар, цахилгаан хөдөлгүүртэй болгосноор 300 км зайг бүтэн цэнэгээр туулах боломжтой болсон аж.

Батарейн хувьд 80 кВатт/ц чадалтай. Нийт жин нь 510 кг юм байна. Батарэйг хоёр хувааж байршуулсан ба нэгийг нь капот доор, нөгөөг нь хойд дугуйн хооронд хуучин бензин бакны оронд байршуулсан байна. Ингэснээр тав тух, оффроад чадвар нь огт алдагдаагүйг зохион бүтээгчид цохон тэмдэглэжээ. Хэд хэдэн цахилгаан мотор, жижигрүүлсэн араа зэргийн тусаар 490 м.хүчийг гаргаж 183 км/ц хурдлах боломжтой болсон байна. Харин 100 км/ц хурдыг 5.6 секундэд авч ердөө 25 минутын дотор батарэйн 80 хувийг цэнэглэгдэх боломжтой болжээ.

-МЕРСЕДЕС БЕНЗИЙН АНХНЫ БҮРЭН ЦАХИЛГААН АВТОМАШИН 2019 ОНД
ҮЙЛДВЭРЭЭС ГАРНА-

Германы автомашин үйлдвэрлэгч Мерседес Бенз анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй машинаа есдүгээр сарын 04-ны өдөр Шведэд болсон арга хэмжээний үеэр танилцуулжээ. Энэ нь SUV ангиллын Mercedes-Benz EQC400 4MATIC загварын автомашин юм. Анх концепт загварыг нь хоёр жилийн өмнө Парисын Мотор Шоуны үеэр үзүүлж байжээ. Дөрвөн дугуй нь хөтлөгчтэй, бүрэн цэнэглэлтээр 320 км зам туулах, 402 морины хүчтэй хос цахилгаан хөдөлгүүртэй уг автомашиныг 2019 оноос үйлдвэрлэж эхлэх ажээ. Одоогоор үнэ нь тодорхой болоогүй байна. Түүний 80kWh баттерейг түргэн цэнэглэгчээр 10 хувиас 80 хувь хүртэл нь 40 минутын хугацаанд цэнэглэх боломжтой юм байна.

-“RENAULT” КОМПАНИ ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТЭЙ “K-ZE” АВТОМАШИН-

“Renault” компани энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Парисын авто шоуны үеэр цахилгаан хөдөлгүүртэй шинэ автомашинаа танилцууллаа. “K-Ze” нэртэй энэхүү автомашиныг хамгийн түрүүнд БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх аж. “Renault-Nissan Alliance” компанийн Гүйцэтгэх захирал Карлос Госн -БНХАУ-ыг цахилгаан автомашины хамгийн том зах зээл” хэмээн онцлоод “Тус улсын Засгийн газрыг энэ төрлийн автомашиныг дэмжихэд хамгийн их анхаарч байгаа” гэж сайшаажээ. “Renault” компани дизель хөдөлгүүртэй автомашиныхаа үйлдвэрлэлийг 50 хувиар бууруулж байгаа бол “Nissan” компани цаашид энэ төрлийн автомашинаас бүрэн татгалзахыг зорьж байгаа.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.