ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины төлөө зэрэг цохилж буй 49 зүрх

Д.Тулга / Боловсрол

-БЯЦХАН БИЕДЭЭ БАЙМГҮЙ ИХ ЗОРИГ ТЭВЧЭЭР ГАРГАЖ БУЙ О.УНДРАЛ-

Энэ удаагийнхаа өдрийн сурвалжлагаа Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 7е ангиас бэлтгэн хүргэж байна. Биднийг ангийнхан нь үүдэндээ ирэхэд “Сурвалжлагч ирлээ. Багшийг дуудаад ир. Бүгдээрээ хийсэн зүйлсээ үзүүлье” хэмээн дор бүрнээ ийш тийшээ гүйлдэх зуураа “Ундрал хаана байна, өнөөдөр ээлжтэй хүүхдүүд нь сайн хараарай” гэж нэгэндээ захина. 7е ангийн бүх хүүхдийн хайраар өлгийдүүлж анхаарал халамжинд нь байдаг сурагчийг О.Ундрал гэдэг. Түүний төрсөн ээж төрөхийн хүндрэлээр бурхан болоход эмч нар охиныг нь амьдруулахын тулд хиймэл амьсгал хийсэн байна. Харамсалтай нь, тухайн үеийн эмч нар хиймэл амьсгалыг буруу хийсний улмаас хавирга нь цөмөрч, зүрх, уушги нь дарагдаж, нурууны гэмтэлтэй болжээ.

Бяцхан биедээ баймгүй зориг тэвчээр гаргаж, өвдөлт зовиурыг тэсч яваа бяцхан охинд одоо ганц л том даваа үлдээд байгаа аж. Энэ хагалгааг Монголд арай хямд зардлаар хийх боломжтой ч О.Ундралын зүрх муу болохоор эмч нар нь шийдтэй хариу өгөөгүй. Харин Солонгост хагалгаа хийлгэвэл зардал нь 100 сая төгрөг болох учраас ангийнх нь багш Г.Пүрэвбаяр гар урлалын зүйлс хийж, эмчилгээний зардалд нэмэрлэх санал гаргасан байна. Түүний саналыг 7е ангийн сурагчид бүгдээрээ дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, есдүгээр сарын 1-нээс хойш 49 сэтгэл нэг зүгт харж, 49 зүрх нэгэн зэрэг цохилж буй юм. Тэд гарын доорхи материалаар өөрсдийнхөө хийж чадах бүтээлүүдээ сэтгэл шингээн урлаж, сайхан сэтгэлт хүмүүст өглөг болгон өгч байгаа нь энэ аж.

-ӨӨРСДИЙНХӨӨ ХҮЧЭЭР АЛИВАА ЗҮЙЛИЙГ ХИЙЖ БҮТЭЭЖ БОЛДОГ ГЭДГИЙГ
ХҮҮХДҮҮДДЭЭ ОЙЛГУУЛАХЫН ТУЛД ЭНЭ ХАНДИВЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛСЭН-

Энэ талаар ангийнхан нь багш Г.Пүрэвбаяраас тодруулахад “О.Ундрал маань хамгийн сүүлийнхээ том хагалгаанд орох гэж байгаа юм байна. Бүгдээрээ дэмжээд эмчилгээнийх нь зардалд бага ч гэсэн нэмэр болъё гээд ангийнхаа цаг дээр үсний боолт, үсний даруулга, саван, энгэрийн тэмдэг, ээмэг зүүлт, үзэгний сав гэх мэтээр маш олон зүйлийг хийсэн байгаа. Намраас хойш долоо хоногт нэг удаа гар урлалынхаа бүтээлүүдийг хийж байна. Энэ амралтын өдрүүдээр манай ангийн хүүхдүүдэд гар урлалын сургалт зохион байгуулах саналыг хүмүүс тавьсан байгаа. Энэ сургалтад хүүхдүүд маань сууснаар нэг хүүхэд 5-6 төрлийн гар урлалын зүйл хийж сурах юм.

Эцэг, эхчүүдийн зүгээс ч гэсэн маш сайхнаар дэмжиж гар урлалын зүйлс хийх материал авахад их туслалцаа үзүүлж байна. Сүүлийн үед манай ангийн хүүхдүүдийн талаарх мэдээлэл зурагтаар гарснаас хойш маш олон хүн тусалъя гэж хандаж байна. “Гүрэн” дээд сургууль сая төгрөгийн худалдан авалт хийсэн, 33 сургуулийн бусад сурагчид ч гэсэн хүүхдүүдийн маань хийсэн зүйлсээс худалдан авч байгаа. Яагаад ийм хандивын аяныг санаачилсан бэ гэхээр хүүхдүүддээ бэлэнчлэх сэтгэлгээг халж, өөрсдийнхөө хүчээр аливаа зүйлийг бүтээж, босгож чаддаг юм байна шүү гэдгийг л ойлгуулахыг хүссэн.

Мөн ангийнхаа хүүхдүүдийг өөрийн гэсэн зорилго, хүсэл тэмүүлэлтэй болгохыг зорьж хичээж байна. Хандивын үйл ажиллагаа олон нийтэд хүрснээс хойш О.Ундралын маань хагалгааны зардал 100 сая төгрөг цугларч магадгүй гэсэн итгэл найдвар төрж байна. Яг одоо /өчигдөр 16:00 цагийн үед/ хандивын дансанд найман сая 500 мянган төгрөгийн хуримтлал үүсчээ.

Тун удахгүй сургуулийн захиргаа, эцэг эхчүүдтэйгээ нийлээд хүүхдүүдийнхээ авьяас чадвар дээр нь тулгуурлаад урлагийн тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Тоглолтод ороогүй хүүхдүүд маань гар урлалынхаа зүйлсийг тус өдөрлөгийн үеэр зарах юм. Хамгийн анх энэ хандивын аян сургууль, анги дотроо л өрнөж байсан. Гэтэл өнөөдөр улс орон даяараа мэдэж О.Ундралд маань маш олон хүн, байгууллага туслахыг хүсч байна. Охин маань хагалгаандаа ороод эрүүл саруул болж үеийнхээ найзуудтайгаа инээж, хөхрөөд гүйгээсэй л гэж хүсч байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Цовоо сэргэлэн алаг нүдтэй О.Ундрал охин үеийнхээ найзууд шиг гүйж харайж, унагаасан үзгээ тонгойгоод авч чадахгүй ч өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг ангийнхаа хүүхдүүдийн тус дэмээр өнөөдрийг хүртэл амжилттай сайн суралцаж байгаа аж. Нэгдүгээр ангиасаа эхлэн долоон жилийн турш нэг ангид суралцаж буй учраас тэд О.Ундралыгаа төв цэг болгон эрүүл саруул болгохын тулд өнөөдрийг хүртэл хамтдаа зүтгэцгээсэн. Уулзсан хүүхэд бүр “Ер нь манай ангийнхан О.Ундралдаа их хайртай. Нэгдүгээр ангид байх үеэсээ хойш л сургуулийн коридороор явахдаа голдоо оруулаад л хүүхдүүдээс хамгаалж явдаг байсан. О.Ундралыг сургуулийн коридорт явж байгаад гүйж буй хүүхдүүдэд мөргүүлээд гэмтчих вий гэдгээс маш их айдаг. Араас дандаа хараа хяналт тавихгүй тоглож буй О.Ундралыг маань харахгүй шүү дээ. Бид найзынхаа гутлыг нь өмсүүлж, цүнхийг нь үүрч явсаар өнөөдрийг хүрсэн. О.Ундрал маань биднийг амь нэгтэй болгосон. Зарим хүмүүс биднийг “Атгасан гар шиг” гэж хэлдэг. Бүгдээрээ хагалгаа нь амжилттай болоосой. Хурдан эдгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг” хэмээн 12-хон настай хирнээ тэд найзынхаа төлөө буурь сууж аль хэдийн хэрсүүжиж том хүн шиг болцгоожээ. Ингээд бид ангийнх нь найзуудын сэтгэгдэлийг сонссон юм.

-МАНАЙ АНГИЙНХАН НЭГ НЭГЭНДЭЭ ТУСАЛДАГ, НЭГ НЭГНЭЭ ГЭСЭН
НИНЖИН СЭТГЭЛТЭЙ-

Г.Аминхүслэн: “Энэ аяныг зохион байгуулах санааг ангийн маань багш гаргасан. Манай ангийнхан нэг нэгэндээ тусалдаг, нэг нэгнээ гэсэн нинжин сэтгэлтэй. Би нэгдүгээр ангиасаа хойш О.Ундралтай найзлаагүй ч гэсэн үеийнхээ найзад хэрэгтэй зүйлээр нь туслахыг маш их хүсдэг. Хамгийн анх О.Ундрал энэ хагалгаандаа орно гэдэгтээ итгэлгүй байсан. Хандивын үйл ажиллагаа эхэлснээс хойш өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж хагалгаандаа орохоор болсон. Ангиараа гар урлалынхаа зүйлсийг хийгээд суух хөгжилтэй, сонирхолтой байдаг. Түлхүүрийн оосор, бугуйвч хийх аргыг технологийн багш маань зааж өгсөн. Харин хийж чадахгүй зүйлс дээр эцэг, эхчүүд тусалж зааж зөвлөдөг. Манай ангийнхан хичээлийн завсарлагаагаар О.Ундралыг маань хүүхдүүд түлхээд бэртээчих вий дээ гэж байнга санаа зовдог. О.Ундрал маань бидэнтэй хамт гүйж харайх дуртай ч гэсэн даана ч болдоггүй. Ангийнхаа найзыг хурдан эдгэрээд бидэнтэй хамт гүйж, харайгаад тоглоосой гэж хүсдэг” хэмээн ярив.

-МАНАЙ АНГИЙНХАН ХҮНЭЭС ЗҮГЭЭР МӨНГӨ АВАХГҮЙ
ӨӨРСДӨӨ ХИЙЖ БҮТЭЭНЭ-

Д.Түвшинтөр: “Би өнгөрсөн жил О.Ундралынхаа ангид шилжиж ирсэн. Найз маань хагалгаа хийлгэвэл эрүүл болно. Ирээдүйд дэлхийд алдартай загвар зохион бүтээгч болох мөрөөдөл нь биелэх байхаа. Манай ангийнхан хүнээс зүгээр мөнгө авахгүй өөрсдөө хийж бүтээнэ. Удахгүй урлагийн тоглолт болох гэж байгаа. Энэ арга хэмжээнийхээ үеэр бид өөрсдийнхөө хийсэн гар урлалын зүйлсийг худалдана. Хүнд юм өгөхгүйгээр мөнгө гуйна гэдэг муухай, эвгүй шүү дээ. Хандивыг үйл ажиллагаа эхэлснээс хойш манай ангийнхан бие биедээ их хайртай болсон” гэж 12-хон настай хирнээ том хүн шиг хэвлүүхэн ярив.

-НАЙЗЫГАА ЭРҮҮЛ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ХИЧЭЭНЭ, ТА БҮХЭН Ч ГЭСЭН НЭГДЭЭРЭЙ-

Б.Батсайхан: “О.Ундралтайгаа өнгөрсөн жилээс нэг ангид суралцаж байна. Хамгийн анх ангидаа орж ирэхэд бие муутай хүүхэд шиг харагдаж байсан. Биеийн тамирын хичээлд О.Ундрал өөрөө орохыг хүсдэг ч гэсэн бид гүйж, дасгал хөдөлгөөн хийж байхдаа гэмтчихнэ гээд оруулдаггүй байсан. Саяхнаас биеийн тамирынхаа хичээлд орж өөртөө тохирсон дасгалыг хийж сурч байгаа. Найз маань хөдөлгөөнтэй байвал эрүүл чийрэг байна шүү дээ. Манай ангийнхан О.Ундралыгаа бэртчих вий дээ гэж их санаа зовдог, бүгд л анхаарлаа хандуулдаг. Удахгүй манай ангийнхан урлагийн зааланд тоглолт хийх гэж байгаа. Аав маань ирж бидэнд тусална гэж хэлэхэд их баярласан. Найзыгаа эрүүл болгохын төлөө хичээнэ. Та бүхэн бидэнтэй нэгдэж хандивын дансанд маань мөнгө нэмэрлэж, бидний хийсэн зүйлсээс худалдаж аваарай гэж уриалмаар байна” гэв.

-ӨМНӨ НЬ ТУСЛАХЫГ ХҮСДЭГ Ч БАГА АНГИД БАЙСАН УЧРААС ЧАДААГҮЙ,
ЭНЭ ЖИЛ ТУСЛАХ БОЛОМЖ ОЛДОЖ БАЙНА-

Б.Батнайрамдал: “Ангийнхаа найзын эмчилгээний зардлыг олохын тулд бүгдээрээ хичээж байгаа. Би О.Ундралтайгаа хамт нэгдүгээр ангиасаа хойш долоон жил нэг ангид суралцаж байна. Найзыгаа багаас нь мэднэ. Бие нь их муу, олон удаа хагалгаанд ордог, туслах юмсан гэж боддог ч бага ангид байсан болохоор тусалж чадаагүй. Жилд 1-2 удаа заавал хагалгаанд ордог байсан. Энэ жил долдугаар анги учраас найздаа туслах боломж олдож байна. Ийм аян өрнүүлэх санааг манай ангийн багш гаргаж манай ангийнхан цааш нь үргэлжлүүлээд аваад явж байгаа. Би О.Ундралдаа туслахын тулд шүрээр бугуйвч, зүүлт хийж сурсан. Бидний сайн үйлсийг аяныг дэмжээрэй, нэгдээрэй гэж хүсч байна” гэлээ.

-МУНДАГ ДИЗАЙНЕР БОЛБОЛ АСРАМЖИЙН ГАЗРЫН ХҮҮХДҮҮДИЙГ
БАЯРЛУУЛЖ ХУВЦАС ХИЙЖ ӨГНӨ-

Найзуудынхаа сэтгэгдэлийг сонссоны дараа О.Ундрал “Энэ аян ганцхан нөлөөлөөд зогсохгүй, ангийнхныг маань дотно болгож байгаа юм болов уу гэж бодож байгаа. Өнгөрсөн жил ж, е гэсэн хоёр анги нэгдэж арай дотно болж чадаагүй байсан. Одоо бүгдээрээ хоорондоо барьцалдсан. /инээв. сурв/ Хагалгаанд ороод эдгэрснийхээ дараа алдартай загвар зохион бүтээгч болохын төлөө хичээж гэр бүлийнхээ, ангийнхаа найзууд, надад тусалсан хүн бүрийг дулаахан хувцастай болгохын төлөө хичээнэ. Хүмүүсийг нимгэхэн хувцастай битгий яваасай гэж боддог. Надад маш том зорилго байдаг. Хэрвээ мундаг дизайнер болбол асрамжийн газрын хүүхдүүдийг баярлуулж хувцас хийж өгнө. Сургуулиа төгсөөд 10 жилийн дараах уулзалтдаа зориулан ангийнхаа бүх хүүхдүүдэд ижилхэн цамц оёж өгнө. Эрүүл болж ирчихээд хамгийн түрүүнд хичээлээ нөхөнө. Дараа нь найзуудтайгаа хамт хөөцөлдөж тоглохыг хүсч байна. Ангийнхан маань хамтдаа гадуур гарч кино үздэггүй. Яагаад гэвэл намайг гадуур явж байхдаа бэртчих вий гэдгээс айгаад гардаггүй. Би ойлгож байгаа. Тиймээс ангийнхан болон багшдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн бидний аяныг дэмжиж буй монголынхоо ард түмэнд баярлалаа” гэсэн юм.

7е ангийнхан атгасан гар эвтэй найртай нэгнээ гэсэн сэтгэлтэй болсон нь бага ангийнх нь багш н.Нандин-Эрдэнэтэй салшгүй холбоотой аж. Тэрбээр О.Ундралдаа туслах ёстой, хамгаалж халамжлах хэрэгтэй гэдгийг нэгдүгээр ангиас нь эхлэн өөрийн биеэр үлгэрлэн харуулж зааж сургасан гэдгийг шавь нараас нь дуулаад ангид нь очиж уулзсан юм.

-О.УНДРАЛ МААНЬ НЭГДҮГЭЭР АНГИДАА ИХ ТУРАНХАЙ БАЙСАН, ЯС НЬ ГЭМТЧИХ ВИЙ
ГЭЭД ӨВӨР ДЭЭРЭЭ СУУЛГААД ХИЧЭЭЛЭЭ ЗААДАГ БАЙЛАА-

Бага ангийн багш н.Нандин-Эрдэнэ: “Шавийн маань талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж хүмүүст ч гэсэн сайн хүрсэн бололтой дансанд нь хуримтлал үүсч байгааг хараад үнэхээр их баярлаж байна. Нэгдүгээр ангидаа О.Ундрал маань явж чаддаггүй. Цээж нь цааш цөмөрчихсөн, уушиг зүрх нь хажуу тийшээгээ орчихсон, баруун мөрөн дээрээ бөгтөртэй, туранхай хүүхэд байсан. Манай анги бага сургуулийн дөрвөн давхарт байдаг. Тэргэнцэрийг нь нэг давхарт үлдээчихээд бүтэн хоёр жилийн турш өдөр бүр охиноо тэврээд анги руугаа шат өгсөөд алхдаг байлаа. Ангийн маань 43 хүүхэд миний гаргаж буй үйлдэл, сэтгэлийг харсан учраас О.Ундралыгаа маш их хайраар бөөцийлж хүн болгосон байхгүй юу. Гуравдугаар ангиасаа явдаг болоод ирэхээр нь хоёр, хоёроороо ээлжлэн цүнхийг нь үүрч, унтаж бэртэхээс нь хамгаалсаар өдийг хүргэсэн. Манай ангийнхан О.Ундралдаа их хайртай, би ч гэсэн их хайртай. Тавдугаар анги төгсөхөд нь манай ангийг бусад ангиудад тараана гэдгийг дуулаад би чинь уйлж дээгүүр доогуур гүйгээд. Хэрэв манай анги тарчихвал О.Ундрал маань таньж мэдэхгүй хүүхдүүдтэй хамт суралцана. Ангийнх нь хүүхдүүд шиг охиныг маань халамжилж, анхаарал тавьж чадахгүй гэдгийг хэлсэн. Тэгээд сургалтын менежир сугалуулах аргаар энэ асуудлыг шийдэхээр болж. Аз болж манай анги тарахааргүй болсон. Миний хамгийн анх дааж авсан ангийн маань хүүхдүүд. Би шавь нарыгаа хүнлэг хүн болгож төлөвшүүлэхийн тулд бүх зүрх сэтгэлээ шингээсэн. Хүүхдүүд маань бие биенээ гэсэн сэтгэлтэй болж төлөвшсөнд үнэхээр их баярладаг. Миний хувьд бага ангийн багш нар хүүхдүүдийн суурь төлөвшлийг маш сайн тавих ёстой, өөрөө ч гэсэн зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой гэж боддог. Хэрвээ би О.Ундралыг “Ямар ядаргаатай, хэцүү юм бэ” гэж хэлдэг байсан бол хүүхдүүд маань найзыгаа нэг их тоохгүй шүү дээ. Охин маань нэгдүгээр ангидаа хэтэрхий туранхай, сандал дээр суулгавал яс нь гэмтчих гээд өвөр дээрээ суулгаж байгаад хичээлээ заадаг байлаа. Эсвэл өөрийнхөө гадуур хувцасыг сандал дээр нь зөөлөвч болгон тавьж өгнө. О.Ундралыгаа бэртээчихгүй, өвтгөхгүй хичээлд нь явуулахын тулд манай ангийн 43 хүүхэд бүгдээрээ зүтгэдэг байсан. Охин маань хагалгаандаа ороод эрүүл саруул болно гэдэгт итгэлтэй байгаа” гэж ярив.

Цээж нь цөмөрхий, нурууны хүнд гэмтэлтэй ч амьдралын эрч хүч, итгэл үнэмшлээ алдалгүй хүнд өвчинтэй тэмцэж буй О.Ундрал охин Дэлхийд Монголынхоо нэрийг гаргасан мундаг дизайнер болох мөрөөдөлийг нь биелүүлэхийн тулд монголчуудаа нэгдээрэй гэдгийг 12-хон настай хүүхдүүд уриалсан юм шүү.

”ХААН БАНК” 5134022211 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/

“ГОЛОМТ БАНК” 3615103738 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Г.ТҮШИГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.