Монголын “Мазаалай” хиймэл дагуулыг маргааш 05:50 цагт хөөргөнө

Д.Тулга / Орон нутаг

hiimel daguulЗургадугаар сарын 2-ны өдрийн 05:50 цагт АНУ-ын олон улсын сансар судлалын станц НАСА-гаас Монголын анхны “Мазаалай” хиймэл дагуулыг хөөргөж, тойрог замд оруулах юм байна. Энэхүү хиймэл дагуулыг МУИС-ийн дөрвөн залуу багш, эрдэмтэн Монголын анхны ”Мазаалай” хиймэл дагуулын гүйцэтгэх үүргийг тодорхойлохоос эхлээд техникийн шийдэл гаргах, туршин шалгах, гардан угсрах зэрэг бүх шатны үйл ажиллагааг Монгол хүний оюун ухаан, уран гараар бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлж байв.

Пуужин хөөргөхөд цаг агаарын байдлыг харгалзан үздэг бөгөөд цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүрт нь шуурхай мэдээлэх ажээ. Энэхүү түүхэн үйл ажиллагаанд оролцохоор Монгол улсын шадар сайдын ажлын алба, МУИС-ийн эрдэмтэн, багш нарыг төлөөлөн долоон хүн АНУ-д хүрэлцэн очоод байгаа аж.

Манай анхны хиймэл дагуул 400 км өндрөөр дэлхийг тойрон нисэх бөгөөд өдөрт 5-6 удаа Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч холбоо барих боломжтой юм байна. Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилт хийх аж. Үүнд, нисэж буй орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг тодорхойлох туршилт анх удаа хийгдэх нь. Мөн хиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлох туршилт ч анхных болох юм байна. Соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийгдэх бөгөөд 100 метрийн нарийвчлалтай зураг авч илгээх ажээ.

Энэхүү хиймэл дагуулын хамгийн чухал ач холбогдол нь Монгол улс сансарт өөрийн орон зайтай болж байгаагаар тусгаар тогтносон улсын баталгаа, билэг тэмдэг болж байгаа төдийгүй зөвхөн нэг дагуул хөөргөөд зогсохгүй удаа дараагийн тусгай зориулалтын хиймэл дагуул бүтээж хөөргөх мэргэжилтнээ тасралтгүй бэлтгэх эхлэл болж байна.

Хэрэв сансраас өндөр нарийвчлалтай мэдээлэл бодит хугацаанд авч чадвал ой хээрийн гал түймэр, эрэл хайгуул, цас зуд, аюулт шуурга, аянгат бороо, үер зэрэг байгалийн гамшгийн үед тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах тал дээр асар их үр ашигтай юм.

Мөн цөлжилт, ойн ургамлын өвчинөөс сэргийлэх, ургамлын гарц, хөрсний чийгшил зэрэг хөдөө аж ахуйд нэн үнэтэй мэдээллийг цаг хугацаанд нь авч дамжуулбал малчид, тариаланчдаас эхлэн шийдвэр гаргагчдад үнэтэй мониторингийн мэдээлэл болно. Эдгээр мэдээллийг өөрсдийн хүссэн хугацаандаа, хүссэн газар нутгийн хүрээнд авч чаддаг байх нь улс орны хувьд онцгой ач холбогдолтой юм.

Түүнээс гадна сонирхогчийн радио долгионы уртаар дуут дохио, мэдээлэл дамжуулах нь. 1970 онд Токиогийн ИС Япон улсын анхны хиймэл дагуулыг хөөргөж Японы сансарын технологийн эхийг тавьсан түүхтэй. Анхны нано хиймэл дагуулыг 1999 онд АНУ-ын Станфордын их сургууль болон Калифорний Политехникийн УИС хамтран бүтээж байсан түүхтэй ажээ.

ЮНЕСКО болон Япон улсын засгийн газар ивээл дор хэрэгжиж буй “BIRDS” буюу “Joint Global Multi-Nation Birds” (JGMNB) төсөл нь сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл бөгөөд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг улсын таван хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулахад ийнхүү бэлэн болжээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.