Монгол оюутнуудыг анагаахын нарийн мэргэжлээр Японд тэтгэлгээр суралцуулна

Д.Тулга / Боловсрол

yamӨнөөдөр БСШУСЯ болон Япон улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль монгол оюутнуудад тус сургуулийн тэтгэлэг олгох харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такагитэй уулзахдаа манай улсын эрүүл мэндийн салбарт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд Японы талаас дэмжлэг үзүүлэх саналыг албан ёсоор тавьсан юм.

Уг хүсэлтийн дагуу ирэх таван жилийн хугацаанд Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгээр монгол оюутнуудыг хүлээн авч, суралцуулах болсноо мэдэгдсэн билээ.

Японы талтай хийсэн энэхүү тохиролцоог ажил хэрэг болгох, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Хөгжингүй орнуудад суралцах суралцагчдын тоог хоёр дахин нэмэгдүүлэх” зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурснаар анагаахын нарийн мэргэжлийн чиглэлээр монгол оюутнууд Японд тэтгэлгээр суралцах үүд хаалга нээгдэж байна.

Санамж бичгийг байгуулснаар сувилахуй, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, хэл, сонсгол, хараа зүй, эм зүй зэрэг 9 мэргэжлийн чиглэлээр ирэх таван жилийн хугацаанд жил бүр 10 хүртэл монгол оюутныг Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуульд суралцуулах боломж бүрдэх юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Энэ сургалтад хамрагдах оюутнуудыг хэрхэн сонгон шалгаруулах талаар бид гэрээ байгуулсан талтайгаа хамтарсан ажлын хэсэг байгуулж, журам боловсруулж яамны сайтад нээлттэй тавина. Тиймээс өнөөдөр суралцагчид дунд сургуульд суралцаж байхдаа япон хэлний мэдлэгээ дээшлүүлэх, хичээлийн хажуугаар бие дааж суралцахын зэрэгцээ Япон улсад суралцах энэ том боломжийг олж авах нь хүн бүрт нээлттэй” хэмээн онцлов.

yamЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, “Анагаах ухаан нийгмийн халамжийн олон улсын их сургууль нь 2003 онд анх Монгол оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулснаас хойш олон үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаа ирэх 5 жилийн хугацаанд хамгийн ихдээ 50 монгол оюутныг 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрийг шинээр нээсэн явдалд чин сэтгэлээсээ талархаж байна. Япон, Монгол хоёр улсын боловсролын салбарт хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа билээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай өнгөрсөн долоо хоногт боловсролын салбарт хэрэгжиж буй олон төсөл хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцоод удаагүй байгаа бөгөөд Японд боловсрол эзэмшсэн Монгол оюутнууд төгсөөд эх орондоо ирэн олон салбарт амжилттай ажиллан, Монгол Улсын хүний нөөцийг чадавхижуулахад Япон улс хувь нэмрээ оруулж байгаад таатай байна.

Эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй төслийн хувьд ялангуяа Япон, Монголын сургалтын эмнэлгийн барилгын ажил ирэх жилд дуусахыг мэдээлэхийн ялдамд энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцсан Монгол оюутнууд Монголынхоо нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монгол оюутнуудын тухайн сургуульд суралцах сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг Японы тал бүрэн хариуцах бөгөөд суралцах чиглэлээс хамааран нэг оюутны зардалд 9.720.000 иенээс 18.300.000 иенийг /220.644.000-415.410.000 төгрөг/ зарцуулах юм. Таван жил хэрэгжих уг тэтгэлэгт хөтөлбөрийг Монголын тал бүрэн ашиглаж жил бүр 10 оюутныг илгээнэ гэж тооцвол тэтгэлгийг хэрэгжүүлэхэд Японы талаас нийтдээ 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ажээ.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.