Жолоочийн цусан дахь спиртийг мэдэрч машиныг автоматаар унтраадаг төхөөрөмж бүтээжээ

Д.Тулга / Орон нутаг

Энэ удаа бид уншигч та бүхэндээ амьсгалаар дамжуулан цусан дахь спиртийн хэмжээг тогтоон, автомашиныг автоматаар унтраах төхөөрөмж бүтээсэн оюутан Э.Буяндэлгэрийг танилцуулж байна. Тэрээр ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн Цахилгаан холбооны дөрөвдүгээр дамжааны оюутан. Сургуулийнхаа төгсөлтийн ажилд зориулан бүтээсэн энэ төхөөрөмжөө тэрээр олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аварч чадна хэмээн итгэж байна.

Нийслэл хотын хэмжээнд дунджаар өдөрт 30-60 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгааг Замын цагдаагийн албанаас илрүүлдэг бөгөөд согтууруулах ундаа зардаггүй тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд 30 жолоочийг илрүүлж, үйлдэл дээр нь таслан зогсоосон мэдээ бий. Үүнээс үүдэн жолооч өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндэд ихээхэн хор хохирол учруулсаар байна.

Э.Буяндэлгэр:

-МЭДРЭГЧ 20-50 СМ-ИЙН ЗАЙ ДАХ АГААРЫН СПИРТИЙГ 95 ХУВЬ МЭДЭРНЭ-

-Та өөрийн бүтээсэн шинэ төхөөрөмжийн талаар танилцуулахгүй юу. Хэрхэн ажилладаг вэ?

-Ер нь энэ зохиомжийг хаана ч суулгах боломжтой бөгөөд яг одоо бол машины макетанд суулгачихсан байна. Төхөөрөмжийг машинд суулгаж, машиныхаа компьютерт мэдрэгчийнхээ программыг бичээд өгчихнө. Үүний дараа машиныхаа түлхүүрийг хийгээд асаахад тогоо дагаад мэдрэгч нь ажиллачихна гэсэн үг. Мэдрэгч өөрөө 20-50 см-ийн зай дахь агаарын спиртийг мэдрэнэ. Жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдсөн хэмжээ нь 0.02 хувь буюу 100-д 2мг спирт байна. Үүнээс хэтэрчих юм бол спирт хэрэглэсэн байна гэж төхөөрөмж заагаад л машин нь өөрөө автоматаар унтарна. Ахиад дарлаа ч асахгүй. Харин хэвийн хэмжээнд байвал машин асаалттай хэвээр үлдэнэ.

-Айраг уучихсан байхад ч мэдрэх үү?

-Тиймээ. Агаарын мэдрэгчийн гол давуу тал нь 95 хувийг мэдэрдэг. Тиймээс маш бага хэмжээний спиртийг ч мэдрэх боломжтой юм.

-Энэ макетыг яг л автомашинтай адил байдлаар шийдэж туршсан уу?

-Тиймээ. Жолооноос бусад нь яг л автомашинтай адил гэсэн үг.

-Агаараар мэдрээд автоматаар унтарна гэж байна. Энэ технологийг хэрхэн шийдсэн юм бэ?

-Астатчер дээр нь тог очихгүй гэсэн үг л дээ. Энгийнээр тайлбарлахад тог очуулахгүй гэдэг программыг бичээд оруулчихаж байгаа юм.

-Машин дотор сууж байгаа бусад хүмүүсийн спиртийн хэмжээг мэдрээд унтарчихгүй юу?

-20-50см ойр л бол мэдрэнэ. Зорчигч мэдрэгчийн хэсэг рүү албаар л дөхөж очихгүй бол ийм эрсдэл байхгүй. Үүнээс сэргийлэхийн тулд заавал агаараар биш гэрлийн дулаанаар мэдэрдэг мэдрэгч тавьж болно. Гэрлийн мэдрэгчийг жолоо юмуу, араан дээр байрлуулах бөгөөд тухайн хүн жолоо эсвэл араанаасаа барихад л цусан дахь спиртийн хэмжээг импра гэрлийн аргаар шараад шууд мэдрэх боломжтой гэсэн үг юм. Энэ нь 70 хувьтай буюу арай удаан мэдэрдэг, илүү их архи уучихсан үед мэдрэх боломжтой байдаг. Гэрлээр мэдрэгч нь өөр өнгөтэй гэрлийн туяагаар харагддаг юм. Улбар шар өнгөтэй туяа удаан үргэлжлэх юм бол архи хэрэглэсэн байна гэдэг нь мэдэгддэг.

-СПИРТ МЭДЭРЧ МАШИН УНТАРСАН БОЛ 20-25 МИНУТ АСАХГҮЙ-

-Хэр удаан хугацаанд хийсэн бэ?

-Би сургуулийнхаа төгсөлтийн ажилд зориулаад энэ нэгдүгээр сараас хойш ажиллаж байж гаргалаа.

-Яагаад ийм төхөөрөмж хийх болсон талаар тань сонирхъё?

-Надад хэд хэдэн санаа байсан. Тэдгээр санаануудаа туршиж, судлаж үзэж байгаад илүү боломжтой юм шиг санагдсан тул хийж эхэлсэн. Сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, түүнээс болж осол аваар ч их гарч, хүмүүс эрүүл мэнд болон эд хөрөнгөөрөө их хохирч байна шүү дээ. Үүнийг л багасгах зорилготойгоор хийсэн. Гэхдээ үүнийг зөвхөн автомашинд хэрэглэх бус гэртээ жижиг төхөөрөмж хэлбэрээр аваад тогонд залгаад өөрийнхөө спиртийн хэрэглээг ч мэдээд авах боломжтой юм. Хаана ч, хэзээ ч, хэн ч хэрэглэж болохоор хийж байгаа. Нөгөөтэйгүүр албан байгууллагууд ч хэрэглэж болно. Өглөө хүмүүс цагаа бүртгүүлж, хуруугаа дарахдаа үлээгээд л шалгуулаад орчихдог байж ч болно. Энэ бол зөвхөн машин дээр суулгачихсан байгаа загвар нь л юм.

-Хянах самбарт спиртийн хэмжээ харагдаж байх шиг байна?

-Тиймээ, дэлгэцэн дээр спиртийн хувь нь гарч ирж байна. Хэрэв спирт хэрэглэсэн байх юм бол “Алкохол хэрэглэсэн байна” гэсэн бичгийн хамт хувь нь гарч ирнэ. Ингээд спиртийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэсэн байх юм бол энэ төхөөрөмж хэвийн болох хүртэл 20-25 минутын хугацаанд машин асахгүй, унтарна. Ингэснээр тухайн хүн ядаж 20-25 минут машинаа ашиглах боломжгүй болж байгаа юм.

-Ухаалаг системтэй холбож өгсөн үү?

-Хэрэв хүсвэл гар утасны аппликейшн ашиглах боломжтой. Энэ нь GPS, GSM суулгаад спиртээс болж автомашин нь унтарвал тухайн гэр бүлийн хүн, цагдаа руу ч юмуу мессеж илгээж, тэр байршилд, ийм түвшний спирт хэрэглэчихээд машинаа асаалаа гэх мэдээлэл очих болно.

-УРЬДЧИЛСАН БАЙДЛААР 300-500 МЯНГАН ТӨГРӨГ БОЛОХ ТООЦОО БАЙНА-

-Цаашид хэрэглээнд нэвтрүүлэх тал дээр танд төлөвлөсөн зүйл бий юу?

-Одоохондоо би энэ ажлынхаа патентыг эзэмшихээр бичиг баримтаа бүрдүүлж өгчихөөд байгаа. Үүний дараа л хэрхэн хөгжүүлэхээ бодно доо. Зах зээлд гаргаж үзнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Өртөг нь хэр болсон бэ. Хэрэв хувь хүн тантай холбогдоод энэ төхөөрөмжийг тань суурилуулъя гэвэл болох уу?

-Одоохондоо туршилтын шатанд явж байгаа. Бүх машин дээр тавьж туршиж үзээгүй учраас эрт байгаа. Механик машинуудад харин туршилтуудаа хийгээд үзчихсэн учраас боломжтой болов уу. Гэхдээ яг ямар машин бэ гэдгээсээ шалтгаалаад үнэ нь өөр өөр гарна. Хаана нь суулгах вэ, яаж оруулж ирэх вэ гэдгээсээ шалтгаална гэсэн үг. Ер нь урьдчилсан тооцоогоор 300-500 мянган төгрөг л болно доо.

-Туршилтын явцад мэдрэгч нь ажиллахгүй байх тохиолдол байсан уу?

-Зарим үед коллекц үүсээд мэдрэгч нь шатах үе байсан. Гэхдээ үүнийг янзлаад асуудалгүй болчихсон байгаа.

-Хэрэглэгчдээс ямар санаа оноо гарч байна вэ?

-Анх үүнийг хийхдээ хүмүүсийг ингэж их дэмжинэ гэж бодоогүй. Гэтэл хийсний дараа хүмүүс үүнийг хэрэглээнд нэвтрүүлээрэй гээд л маш их дэмжиж байгаа.

-Багш нараасаа туслалцаа дэмжлэг авсан уу?

-Энэ ажлыг хийхэд мэдэхгүй, чадахгүй зүйл гарч ирсэн. Энэ төслийг маань дэмжиж байгаа н.Цэрэнлхам багш маань тусалж дэмжсэн. Бас сургуулийн минь бусад багш нар ч урам өгч, чадах мэдэх зүйлээрээ зөвөлгөө өгч байсан.

-Хэрэглээнд нэвтрүүлэхэд хамтран ажиллах санал ирсэн үү?

-Хамтарч ажиллая гэсэн саналтай хэд хэдэн хүмүүс холбоо барьсан. Гэхдээ яг машиндаа тавиулъя гэсэн санал одоогоор ирээгүй байна.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.