Маргаашаас ихэнх нутгаар хүйтэрнэ

Д.Тулга / Технологи

tsas

Арваннэгдүгээр сарын 08-ний өдөр билгийн тооллоор өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож буй. Үүнтэй холбогдуулан энэ сард цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээг хүргэж байна.

-Арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт цаг агаар ямар байх вэ-

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 02-нд ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст цас, 04-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 02-нд ихэнх нутгаар, 03-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Баруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 2-7 градус, бусад нутгаар 9-13 градус хүйтэн буюу Завхан, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгийн өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтайн ихэнх нутгаар уур амьсналын дунджаас бага, Увсын зүүн хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Завханы хойд хэсгээр дунджаас бага зэрэг ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба Өвөрхангайн ихэнх нутаг, Хөвсгөлийн баруун, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байх төлөвтэй. Энэ сард Өвөрхангайн ихэнх, Архангайн өмнөд, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,5-1,0 градусаар хүйтэн байх төлөвтэй. Энэ сард Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй.

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байдаг ба ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн зүүн хэсэг, Дундговийн зүүн өмнөд хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, Өмнөговийн баруун хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.

-ЭНЭ САРД БАРУУН, ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАДАС ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС АХИУ БАЙНА-

Цаг уур, орчны шинжилгээний газрын ерөнхий технологич, инженер Ч.Сарантуяа хэдэхдээ, “Олон сарын өмнө гаргасан урьдчилсан барагцаагаар өвлийн 11, 12 сард баруун, төв, зүүн аймгуудынхаа зарим нутгаар хур тунадас олон жилийн дундаж утгаас арай ахуивтар байна. Алтайн өвөр тал болон Говийн бүсийн зарим газраар хур тунадас бага, бусад нутгаар дундаж орчим хур тунадастай байх төлөв гарсан. Температурын хувьд өвлийн ихэнх хугацаандаа баруун, төв, зүүн аймгууд дундаж орчим байх бол зүүн аймгуудын бүс нутаг бага зэрэг дулаан байна.

Олон жилийн дунджаар тогтвортой цасан бүрхүүл аравдугаар сарын дунд үеэс эхлэн уулархаг нутгаар тогтож эхэлдэг. Тал газарт арваннэгдүгээр сарын эхний хагаст тогтдог. Говийн бүс нутагт арванхоёрдугаар сарын эхээр тогтвортой цасан бүрхүүл тогтдог. Цас нэмэгдээд байвал өвлийнхөө дунд үеэс уур амьсгалын дундаж утгаас арай цас их орсон газраар хүйтэн байх магадлалтай" гэжээ.

П.УРНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.