А.Баттамир: Дата хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болоод байна

Д.Тулга / Орон нутаг

1

Өнөөдөр шинжлэх ухаан технологийн санд хиймэл оюун ухааныг хөгжүүлэгч “Айтүүлс” компанийн удирдлагууд болон шинжлэх ухааны салбарын залуу судлаачдын хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлэг Монголын шинжлэх ухаан, технологийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцох, технологи дамжуулах, инноваци, шинэ мэдлэгт суурилсан эдийн засгийг тэлэх зорилготой аж.

Хэлэлцүүлэгт залуу эрдэмтдийн төлөөлөл болох “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг “Нано технологи Монголд”, “Айтүүлс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга залуу судлаач А.Баттамир “Дата бизнесийн үнэт суурь болох нь”, Японы "Кловер патент" фирмийн Монгол дахь салбар, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинбаяр “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах гарц”, ШУТИС-ийн шилдэг судлаач багш Х.Загарзүсэм “Хагас дамжуулагчийн судалгааны чиг хандлага” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьсан юм.

Энэ үеэр “Айтүүлс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга залуу судлаач А.Баттамираас зарим зүйлийг тодрууллаа.

-“Төр хувийн хэвшлийн түншлэл, аж үйлдвэрлэлийн инноваци оюуны өмч” сэдвийн хүрээнд өнөөдөр залуу судлаачид судалдаагааны ажлаа хэлэлцүүллээ. Танай компани ямар сэдвээр илтгэл тавьсан бэ?

-Өнөөдрийн энэхүү хэлэлцүүлэг инновацийг түлхүү нэвтрүүлэх, залуу судлаачдын бүтээлийг хэлэлцэх зорилготой юм. Манай компани “Дата бизнесийн үнэт суурь болох нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. “Хөрөнгө оруулалтын бүх өндгөө нэг сагсанд бүү хий” гэдэг алтан дүрэм байдаг. Товчхондоо бол бид хамгийн үнэтэй дата гэдэг “алтан өндөг”-үүдээ Улаанбаатар гэдэг нэг сагсанд хийчихээд байгаа байхгүй юу. Дата өнөөдөр аль ч нийгэмд хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болчихоод байна. Бизнесийн байгууллагууд дата ашиглан судалгаа хийж, яаж бага зардлаар их ашиг олох талаар ажиллаж байна.

-Датаг хуулийн дагуу хамгийн аюулгүй газар байрлуулах ёстой гэж үздэг. Дархан хотод байгуулах дата төвийн ажил хэдэн хувьтай явж байна вэ?

-Дарханы барилгын ажил 60 хувьтай явж байна. Ирэх наймдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Аюулгүй байдлын тухайд гэвэл Монголбанкнаас гаргасан нэг журам бий. Мэдээллийн технологийн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу банкуудад 200 км-ын зайд нууц дата төвтэй байх журам гарсан. Энэ хүрээнд манай компани банкнуудтай холбогдон санал өгч хэлэлцээр хийж байна.

-Дата боловсруулснаар бидэнд ямар боломжууд нээгдэх вэ?

-Дата төв байгуулснаар мэдээллийн аюулгүй байдал болон Монголд дата төв хөгжих гарц нээгдсэн гэж үзэж болно. Монгол Улсын хэмжээнд хоёрдугаар зэрэглэлийн сертификат авсан гурван дата төв байдаг. Бид гуравдугаар зэрэглэлийн дата төвтэй болсноор гадны томоохон компаниудын мэдээлэл технологийг нутагшуулах, дата төвийн үйл ажиллагааг сурталчлах, түүнээсээ ашиг хүртэх боломжтой юм.

-Дата бизнесийн үнэ цэнийг өсгөдөг гэж ойлгож болох уу?

-Дата гэдэг бизнесийн үнэ цэнийг хамгийн их бий болгодог болсон. Үүнтэй холбоотойгоор дата технологи, дата сайинс, бизнес интеллиженс, дата анализ гэх мэт маш олон нэршил гарч ирсэн. Энэ бүхэн нь цаанаа датагаа ашиглаж хэрхэн бага зардлаар бизнесээ илүү ашигтай болгох вэ гэсэн ганц л том зорилгын төлөө хөгжиж байгаа нэг зүйлийн олон нэршил гэж ойлгож болно. Харин үүнийг цааш нь хэрхэн хөгжүүлэх, үр дүнг нь нэмэгдүүлэх ямар боломж гарц байгаа зэрэг дээр бид ажиллаад явж байна.

Б.АЛТАНБАГАНА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.