Б.Маргад-Эрдэнэ: “Петро Чайна Дачин Тамсаг” компани үндэсний компаниудад хаалттай байдаг

Д.Тулга / Орон нутаг

-МОНГОЛД АНХ УДАА ЦООНОГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАШИН ОРУУЛЖ ИРСЭН Ч ТАМСАГТ АЖИЛЛАХ БОЛОМЖ АЛГА-

“Геопетро инженеринг” үндэсний компани Монгол Улсад анх удаа нэг тэрбум 400 сая төгрөгийн өртөгтэй цооног үйлчилгээний машин оруулж ирсэн байна. Байгаль экологид ээлтэй тус машин нь газрын тосны талбайд зургаан төрлийн машины үйлдлийг ганцаараа хийх хүчин чадалтай аж. Жишээлбэл,

  • Цооногийг бүрэн цэвэрлэх чадалтай бөгөөд 350 градус хүртэл халах тул халууны үр ашиг өндөртэй, хурдан хугацаанд дамжуулах чадвартай төдийгүй өөртөө агуулах боломжтой юм
  • Тус төхөөрөмж нь хоолойн дотор талын тосыг цэвэрлэхээс гадна насосны хошуун дахь тос, мөн тухайн тосны насос, ус цутгалтын цооног дахь тос болон элс бохирдлыг цэвэрлэдэг ажээ.
  • Энэ нь уурын машин, халаах зуух, насос, цистерн, бодис шахах, цооног угаах, тос лагийг халуунаар цэвэрлэх гэх мэт олон төхөөрөмжийг нэг дор багтаасан байна.
  • Тос, усны болон хийн цооногт даралтын туршилт хийх, алдагдал шалгах, лаг цэвэрлэх, тросс цэвэрлэх, бөглөө гаргах, хужир цэвэрлэх, бодис шахах, цооног угаах зэрэг олон төрлийн ажил хийх боломжтой.
  • Энэ төхөөрөмжийг ВЕ1ВЕМ ТЕЦСК загварын тээврийн хэрэгслийн суурь дээр суурилуулжээ. Туулах чадвар өндөр, мотор кропны чадлыг сайжруулсан, автоматжуулагдсан, ажиллахад хялбар ойлгомжтой зэрэг давуу талуудыг өөртөө шингээсэн инноваци шингэсэн бүтээгдэхүүн юм байна. Монгол орны нөхцөлд цахилгаантай, цахилгаангүй орчинд ажиллах бүрэн боломжтой.

-ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ ҮНДЭСНИЙ КОМПАНИУД МЭРГЭЖЛИЙНХЭЭ АЖЛЫГ ХИЙДЭГГҮЙ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАР БОР АЖИЛ ХИЙДЭГ-

“Геопетро инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Маргад-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.

-Өндөр өртгөөр худалдаж авсан цооног үйлчилгээний авто машинаа Тамсагт ашиглаж чадахгүй байгаа гэлээ. Ямар асуудал үүсээд байна вэ?

-Цооногоос явуулын буюу шавхалтын аргаар нефть олборлодог ганцхан монгол компани байгаа. Цооног үйлчилгээний ажил дээр үндэсний компани байхгүй. Тамсагт орж ажиллах гэхээр Газрын тосны газар, бусад төрийн байгууллагаас дэмждэг ч гэсэн “Петро Чайна Дачин Тамсаг” компани үндэсний компаниудад хаалттай байдаг. Цооног үйлчилгээний ажил дээр ямар нэгэн тендер зарлагдаагүй, тендер нь зөвхөн олон улсын тээвэр дээр зарлагдсан байгаа. Тодорхой шалтгааны улмаас үндэсний компани орох боломж бүрдээгүй байна.

-Танай компанийн хувьд Тамсагт ажил гүйцэтгэх үүрэг авсан ч та бүхний ажлыг хийлгэхгүй БНХАУ-ын компанийг оруулсан гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Газрын тосны тээврийн хувьд карма оноо гэж байдаг. Ямар учиртай вэ гэхээр хамгийн багадаа 18 машин дээшилбэл 18-60, 61-99, 100-гаас дээш машинтай байх ёстой гэсэн ангилал гаргаад байгаа юм. Тэгэхээр 18-60 машинтай байхад нэг оноо, 99 хүртэл машинтай бол хоёр оноо, 100-гээс дээш машинтай бол кармандаа гурван оноотой болдог. Өнөөдөр үндэсний компаниудын хувьд 60 битгий хэл 18 машинтай компани ч байхгүй байна. Манай компанийн хувьд “Петро Чайна Дачин Тамсаг”-т 18 машин бүрдүүлээд орсон боловч карма оноо нэг байсан учраас олон машинтай хятад компаниудад цохигдсон. Үндэсний компаниудыг тэргүүн ээлжинд Тамсагт ажиллуулна гэдэг боловч бодит байдал дээр хэрэгждэггүй.

-Та бүхэн энэ асуудлаа Ашигт малтмал, газрын тосны газарт уламжилж үзсэн үү?

-Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн, хөгжлийн яам энэ асуудал дээр эерэг хандлага үзүүлж байгаа. “Петро Чайна Дачин Тамсаг” компанид удаа дараа шаардлага хүргүүлж, үндэсний компаниудаар ажил хийлгэе гэдэг санал тавьж байгаа. Газрын тосны салбарт жил бүр олон боловсон хүчин бэлтгэгдэн гардаг боловч ажлын байр, дадлага хийх газаргүй байна. Цооног үйлчилгээний төхөөрөмж Монгол Улсад орж ирснээр газрын тосны салбарт ажиллах үндэснийхээ мэргэжилтнийг дотооддоо бэлтгэх маш их нөөц бололцоо эхнээсээ үүсч байгаа юм.

-“Геопетро инженеринг” ХХК “Петро Чайна Дачин Тамсаг” компанид ямар хүсэлт тавьж байгаа вэ?

-Хүчин чадал өндөртэй цооног үйлчилгээний төхөөрөмжийг Монгол Улсад анх удаагаа үндэсний компани оруулж ирлээ. Манай улсын газрын тосны 90 хувийг “Петро Чайн Дачин Тамсаг” компани олборлож байна. Тиймээс энэ компанид тодорхой хэмжээгээр ажил олгооч ээ. Цооног үйлчилгээний энэ машиныг ашиглаж, дотоодынхоо төгсөгч нарыг дадлагажуулахыг хүсч байна. Тамсагийн газрын тосны талбайд үндэсний компанийн оролцоо гэж ерөөсөө байдаггүй. Манай үндэсний компаниуд элс хайрга зөөдөг, цемент зөөдөг, тогоо шанага барьдаг ажил л хийж байна. Өөрөөр хэлбэл үндэсний компаниуд газрын тосны салбарт мэргэжлийнхээ ажлыг хийдэггүй, үйлчилгээний хар бор ажил л хийж байна.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.