Нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаанд ашиглах хиймэл дагуул хөөргөхөөр ажиллаж байна

Д.Тулга / Орон нутаг

2017 онд долдугаар сарын дөрөвний өдөр Монголын анхны микро хиймэл дагуул болох “Мазаалай”-г Монгол Улсын их сургуулийн багш нар бүтээж, “Драгон” хэмээх сансрын хөлөгт тээвэрлэн хөөргөсөн. Орчин үеийн технологийг ашиглан бүтээсэн “Мазаалай” хиймэл дагуул нь гарт баригдах хэмжээтэй бөгөөд 400 км-ын холоос сигнал хүлээн авч мэдээллийг дамжуулдаг тухай бид өмнө нь мэдээлж байсан. Монгол Улсын их сургуулийн номын санд Монгол Улс зайнаас тандан судлалын жижиг оврын дараагийн хиймэл дагуулыг хөөргөх талаар холбогдох эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Монгол Улсын хувьд өргөн уудам нутагтай учраас сансрын орон зайнаас судалгаа хийх нь маш чухал ач холбогдолтой байдаг аж. Жишээлбэл, газар ашиглалт, хүрээлэн буй байгаль орчин, цэвдэг, цөлжилт, уул уурхайн асуудлуудыг судлах юм байна.

Монгол Улсын их сургуулийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн мэргэжилтэн Д.Эрдэнэбаатар: “Мазаалай” хиймэл дагуулын төслийн зорилго нь хөгжиж буй орнуудын хүний нөөцийг бэлтгэх, хиймэл дагуулыг хэрхэн хийхийг сурах байсан. Энэ зорилго маань ч амжилттай хэрэгжиж, сансарт ажиллаж байна. Дараагийн микро хиймэл дагуулын зорилго маань Монгол Улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд ашиглаж болохуйц хиймэл дагуулыг Японы эрдэмтэн, судлаачидтай хамтран хийж, хөөргөх тал дээр ажиллаж байна. Ингэхдээ Монгол Улсын их сургуулийн багш нар Японы Хоккайдо, Тохокү их сургуулийн эрдэмтэн багш нартай хамтарч, бусад төрийн байгууллагууд дэмжиж байгаа. Зардал өртгийн хувьд хиймэл дагуул хэмжээнээсээ хамаараад харилцан адилгүй. Жишээлбэл, холбооны хиймэл дагуул нь 300-500 сая ам.доллар, зайнаас тандан судлалын жирийн хиймэл дагуул нь 100 орчим сая ам.долларын өртөгтэй байдаг. Монголын “Мазаалай” микро хиймэл дагуул 100 орчим мянган ам.долларын өртөгтэй байсан. Энэ удаагийн хиймэл дагуулын хувьд 3-5 сая ам.долларын өртөгтэй байх болов уу. Одоогоор анхан шатны хэлэлцүүлгийг хийж байгаа учраас тодорхой мэдээлэл гараагүй байна” гэв.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.