”ЯЛЗАРДАГГҮЙ” хаягдал гялгар уутаар цэцгийн сав, нүхэн жорлонгийн доторлогоо зэрэг 10 төрлийн бүтээгдэхүүн хийж байна

Д.Тулга / Орон нутаг

hayagdal uut

-“БОХИРДЛООР БОХИРДЛЫГ ШИЙДЬЕ”-

Дэлхий нийтээр гялгар уутнаас татгалзаж байгаа энэ үед манай улсад нийлэг материалтай, гялгар уутны хэрэглээ буурахгүй байна. Нийслэлийн иргэд ганцхан өдөр 660 тонн гялгар уут хог дээр хаядаг. Харамсалтай нь, түүний ердөө 40-50 хувийг л ангилж ялган, дахин боловсруулж, хоёрдогч түүхий эд хэлбэрээр ашиглаж байна. Үлдсэн хувь нь хур хог болж хөрсний бохирдол үүсгэдэг. Сүүлийн гурван жилд монголчууд 10 цэцэрлэг байгуулах хэмжээний мөнгийг гялгар уутанд зарцуулжээ. Тодруулбал,

-2015 онд 1.8 сая ам.доллар буюу 4 тэрбум 410 сая

-2016 онд 2,9 сая ам.доллар буюу 7 тэрбум 311 сая

-2017 оны эхний есөн сарын байдлаар 1,9 сая ам.доллар буюу 4 тэрбум 655 сая төгрөгөөр гялгар уут худалдаж аваад хог дээр хаяжээ.

Манай улсад хаягдал хог дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цөөхөн аж ахуйн нэгж байдаг. Энэ удаагийнхаа өдрийн сурвалжлагаар зөөлөн хаягдал гялгар уутыг хайлуулж, цэцгийн сав, модны суурь сав, сандал, шилэн кабелийн тэмдэглэгээ, нүхэн жорлонгийн доторлогоо, траншейны таг үйлдвэрлэдэг “Пластик центр” ХХК-ийг онцолж байна. Тус компанийг онцолж буй учир шалтгаан нь нийслэл хотын хөрсний бохирдлыг шийдэх нүхэн жорлонгийн доторлогоог дан гялгар уут ашиглан үйлдвэрлэсэн нь анхаарал татсан.

Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган өрхийн 94,8 хувь нь нүхэн жорлон хэрэглэдэг. Энэ хэмжээгээрээ бохир нь хөрсөндөө шингэж, нийслэлийн хөрсний бохирол 80 гаруй хувьд хүрсэн. Тиймээс нүхэн жорлонгуудыг нэн даруй доторлох шаардлага тулгарч буй юм. Гялгар уут хөрсөнд шингэхгүй 100-500 жил болдог. Тэгэхээр хаягдал гялгар уутаар хийсэн бүтээгдэхүүн ийм хэмжээний урт настай, эдийн засагт ч гэсэн хэмнэлтэй гэсэн үг.

“Пластик центр” компаний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг холоос харахад ширмэн төмрийг боронз өнгөөр будсан мэт харагддаг. Гялгар уутыг хайлуудаг болохоор ямар ч өнгийн будганд оруулж хэвэнд цутгах боломжтой гэдгийг компанийн ажилчид хэлж байлаа. Тус компанийн үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний хэвийг ажилчид нь өөрсдөө хийсэн гэдгээрээ онцлог байсан.

hayagdal uut

hayagdal uut

“Пластик центр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Цэвэгсүрэнтэй ярилцлаа.

-МОНГОЛЧУУД ХОГОО АНГИЛЖ ХАЯДАГГҮЙ УЧРААС ҮЙЛДВЭР
ТҮҮХИЙ ЭДИЙН ДУТАГДАЛД ОРДОГ-

-“Пластик центр” ХХК үйлдвэр хэдэн онд байгуулагдав. Хаягдал гялгар уутаар хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-Манай үйлдвэр 2016 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогоор хаягдал гялгар уутыг дахин боловсруулж, 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Монгол Улсад хаягдал гялгар уутыг дахин боловсруулдаг 2-3 үйлдвэр байдаг. Эдгээр үйлдвэрүүдээс манайх бохирын сав, цэцгийн мандлын сав үйлдвэрлэж буйгаараа онцлог гэж боддог. Манай үйлдвэр “Бохирдлоор бохирдлыг шийдье” гэсэн уриатайгаар ажилладаг. Хаягдлаар үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг 20 гаруй байгууллага “Монголын үндэсний хог хаягдлыг дахин боловсруулах” холбоонд харъяалагддаг.

-Танай үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш хичнээн тонн хаягдал зөөлөн гялгар уутыг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгосон бэ?

-2016 онд 100 гаруй тонн, 2017 онд 180 тонн хаягдал гялгар уутыг дахин боловсруулсан. Энэ жил 300 гаруй тонныг дахин боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Өнөөдөр Монголд ахуйн хэрэглээндээ гялгар уут хэрэглэдэггүй айл бараг л байхгүй. Тиймээс түүхий эдийн олдоц арвин байлгүй дээ?

-Түүхийн эдийн олдоц муу. Яагаад гэвэл Монголд хог хаягдлыг ангилан ялгах үйлдвэр байдаггүй, айл өрхүүд ч гэсэн хогоо ангилж хаядаггүй. Хогийн цэг дээрээс түүсэн хаягдал гялгар уутыг үйлдвэр рүүгээ татдаг болохоор хүндрэл үүсдэг. Манайх одоогоор хаягдал гялгар уутаар цэцгийн сав, модны суурь сав. сандал, шилэн кабелийн тэмдэглэгээ, нүхэн жорлонгийн доторлогоо, траншейны таг үйлдвэрлэж байна.

-Цаашид танай үйлдвэр ямар зорилго тавьж байна. Зөөлөн гялгар уутаар өөр ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой вэ?

-Одоогоор манай үйлдвэр бүтээгдэхүүнийхээ онцлогоос шалтгаалан хаягдал зөөлөн гялгар уутыг дахин боловсруулж байна. Хуванцар материал Монгол Улсад 20 гаруй нэр төрөл байдаг. Цаашид үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг сайжруулж өрөгжүүлснийхээ дараа хуванцар материалын 6-7 төрлийг дахин боловсруулдаг үйлдвэртэй болно гэсэн зорилго тавин ажиллаж байна даа. Хаягдал зөөлөн гялгар уутаар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Манай үйлдвэр одоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ улам сайжруулж, хэрэглэгчиддээ давуу тал үүсгэхүйц болгохоор ажиллаж байна.

-Монголчууд хогоо ангилж хаядаггүй нь хог хаягдлыг дахин боловсруулахад хамгийн том бэрхшээл үүсгэдэг юм байна. Өөр ямар асуудал тулгардаг вэ?

-Тийм, монгол айл өрхүүд хогоо ангилж хаядаггүй учраас түүхий эдийн дутагдалд ордог. Түүхий эд бэлтгэдэг ажиллах хүчин бага байдаг. Хогийн цэг дээр ажилдаг хүмүүс гялгар уут жин бага дардаг учраас түүх сонирхол тун бага. Жин арай их дардаг хуванцар савыг түлхүү түүдэг. Хүн болгон л “Гялгар уут хаа сайгүй хийсээд Монголыг бүрчихээд байна. Танай үйлдвэр яагаад гялгар уутны дутагдалд ороод байдаг юм бэ” гэж ярьдаг. Гэвч хоёрдогч түүхий эдийг цуглуудаг хүмүүс маань хаягдал гялгар уутыг манай үйлдвэрт авчирч өгөхөд тээврийн зардал их гардаг. Иргэд гялгар уутан дотор хогоо хийж хаядаг учраас түүхий эд гэхээсээ илүү хог ачигдаад ирэх нь элбэг байдаг. Тиймээс үйлдвэрлэл шууд явуулах боломжгүй, хогноос нь салгаж цэвэрлэхээс авахуулаад ажиллагаа ихтэй.

hayagdal uut

hayagdal uut

-НҮХЭН ЖОРЛОНГОО СОЁЛЖУУЛЖ, ДОТОРЛОГООТОЙ БОЛГОХ НЬ
НЭН ТЭРГҮҮНД ХИЙХ ЁСТОЙ АЖИЛ -

-Түүхий эдийн олдоц муу учраас жилийн дөрвөн улирал ажиллаж чаддаггүй гэсэн үг үү?

-Манай үйлдвэр зуны үйл ажиллагаатай. Газар хөлдөж, хөрс шорооны ажил хийж болохоо байсан үед бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ зогсоож, зуныхаа үйл ажиллагаанд бэлтгэдэг. Хэрэв Монгол Улсад хог ангилан ялгах үйлдвэр бий болвол хаягдал материалыг дахин боловсруулдаг байгууллагуудад олон давуу тал үүсэж, түүхий эдийн дутагдалд орохгүй, бүтээгдэхүүний нэр төр олширч, түр зогсолт хийлгүй ажиллах боломж бүрдэнэ.

-Хог хаягдалыг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргаж борлуулахад хууль, төрийн байгууллагуудын уялдаа холбоо их чухал болов уу. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Татвар, НӨАТ-ын асуудал хог хаягдал дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагуудад хэцүү байдаг. Яагаад гэхээр НӨАТ, татвараа төлнө. Эргээд надад цугларч байгаа түүхий эд маань хог байдаг. Хог худалдаж авдаг учраас бидэнд баримт цугларахгүй. Тэгэхээр би гарсан зарлагаа хуулийн байгууллагад бүрэн нотолж чаддаггүй. Тиймээс ашигтай ажилласан юм шиг харагдаж манай үйлдвэрт бараг 20 хувийн НӨАТ, татвар шууд орж ирдэг.

-Та сая Монгол Улсад хог хаягдал дахин боловсруулдаг 20 гаруй үйлдвэр байдаг гэж ярьсан. Тэгэхээр цөөхөн хүн амтай улсад зах зээлээ булаацалддаг болов уу?

-Би үйлдвэрийнхээ нүхэн жорлонгийн доторлогоо дээр жишээ аван яръя л даа. Монгол Улсын хэмжээнд стандартад нийцсэн доторлогоотой нүхэн жорлон хэрэглэж буй айл өрх хэд билээ дээ. Гэтэл айл өрхүүдийн 90 гаруй хувь нь стандартад нийцээгүй нүхэн жорлон хэрэглэж байна. Тэгэхээр айл өрхүүд маань бохир орчинд аж төрж амьдарч байна гэсэн үг. Нүхэн жорлонгоо соёлжуулаад доторлогоотой болгочихвол бохир нь хөрсөнд шингэхээ болино. Ингээд ярихаар бид өөрсдөө бүтээгдэхүүнээ хийж чадвал Монголын зах зээл жижигхэн биш. Хүн хаана байна тэнд зах зээл байж л байдаг. Хог хаягдал дахин боловсруулдаг 20 гаруй үйлдвэр ганцхан гялгар уут боловсруулдаггүй. Цаас, ус ундааны сав, хуванцар сав, хаягдал дугуй гэх мэт зүйлсийг дахин боловсруулж байна.

-Нэг удаагийн улавч цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдээс хог болж их гардаг юм шиг ажиглагддаг. Танайх дээрх газруудаас түүхий эд бэлтгэнэ биз?

-Ирэх хичээлийн жилээс цэцэрлэгүүдээс нэг удаагийн улавчийг эрчимтэйгээр худалдаж авна гэж бодож байгаа. Нэг удаагийн улавчийг хог болохоос нь өмнө түүхий эд материал болгох аян зохиох гээд манай үйлдвэр судалгаа хийж байна. Өнгөрсөн жил 2-3 цэцэрлэгээс нэг удаагийн улавч авсан. Яармагийн нэг цэцэрлэгийн эрхлэгч намаржингаа хураалаа гээд цуглуулсан улавчаа манай үйлдвэр рүү явуулахад 120 кг болсон. Гялгар уут овор хэмжээ ихтэй хирнээ маш бага жинтэй. Тиймээс манайх цэцэрлэгүүдээс эхний ээлжинд сүлжээ маягаар татан авалт хийхгүй бол тээврийн зардал нь өндөр гарна. Тэгэхээр цэцэрлэгүүдийн гадна тусгай сав байршуулаад “200 кг болгоод биднийг дуудаарай” гэсэн менежментээр явахаар ярилцаж байна.

-2016 оноос хойш танай үйлдвэр хичнээн ажлын байрыг шинээр бий болгов. Хаягдал хог дахин боловсруулах үйлдвэрт хүмүүс ажиллах сонирхолгүй байдаг гэж сонссон?

-Манай үйлдвэр 2016 онд манайх 10-аад ажилчинтай байсан. 2017 онд 20, энэ зун 30 гаруй ажилчинтай болохоор төлөвлөж байгаа. Гэхдээ ажилчид олдохгүй байна. Жижиг дунд бизнес эрхлэж буй хүмүүстэй уулзахаар “Ажилчин болдохгүй байна” гээд л ярих юм байна шүү дээ. Ажлын байр хайж буй залуучууд олон мөртлөө үйлдвэрт хоёр хоног ажилаад л шантраад явчихдаг. Манай ажиллах орчин бусад үйлдвэрийн л адил, гялгар уут, хогтой ажиллаж буй учраас арай жаахан хүнд байж магадгүй. Цалингийн дундаж хэмжээ 800 мянга тэрнээс дээш байдаг.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut


Сэтгэгдэл

Norjoo [192.82.77.180] 2020-12-05 19:47:55

Gylgar uut avdag uu


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.