ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Улаанбаатар хотын утааг 70-80 хувь бууруулах шинэ технологитой танилцлаа

Д.Тулга / Орон нутаг

-ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ ОРЛОХ НАНО ТЕХНОЛОГИОР БОЛОВСРУУЛСАН ЭКО НҮҮРС-

Нийслэлчүүд бид зуны гурван сард утаагаа мартаж, найр наадам хэсэж явсаар нэг л мэдэхэд сэрүү орж, утааны эрин үе эхэлдэг Энэ мэт байдлаар олон арван жилийн нүүр үзлээ. 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын тогтоол гарсан. Улаанбаатар хотын утааг 2020 он гэхэд 50 хувь бууруулах зорилтыг одоогийн Засгийн газар тавьсан билээ. Тэгэхээр дахиад хоёр жил нүүрснийхээ өмхий хар утаанд угаартах нь ээ.

Өнгөрсөн намар манай сайт Улаанбаатар хотын утааг 70-80 хувь буруулах шинэ технологийг Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Монхимо” ХХК БНСУ-ын Ёмин институттэй хамтран нэвтрүүлж буй талаар мэдээлэл хүргэж байсан. Тухайн үед уг мэдээлэлд олон хүн эргэлзэж байсан юм. Тус компани нүүрсийг нано технологиор утаагүй болгох загвар туршилтын үйлдвэрийн технологийг олон нийтэд танилцуулсныг сурвалжиллаа.

“БНСУ-ын Ёмин технологийн институт, “Leephysics” компанийн зохион бүтээсэн “Эко-цэвэр нүүрс” үйлдвэрлэх, үйлдвэрийн загвар шугамын үзүүлэх сургалт, технологийн танилцуулгыг “Монхимо” компанийн байранд таван өдөр нээлттэй үзүүллээ. Технологийн үзэсгэлэнг нүүрсний салбарын мэргэжилтнүүд, утаа бууруулах чиглэлээр ажилладаг байгууллагуудад ихээхэн сонирхож байлаа.

Эко нүүрс гарган авах энэхүү технологи нь урьд өмнө нь байгаагүй БНСУ-ын шинэ технологи юм. Чулуун нүүрсийг хоёр төрлийн байгалийн гаралтай нано композит био органик материалаар шүршин нүүрсний бүтцийг өөрчилдөг байна. Ингэснээр нүүрс шатах үед агаарт дэгддэг хорт хий, утааны гол асуудал болоод буй РМ 2.5 дээш хэмжээтэй тоосонцрыг үнсэнд барьж үлддэг онцлогтой аж.

Ийнхүү боловсруулсан нүүрс харагдах байдлаараа түүхий нүүрстэй адилхан боловч маш их илчлэгтэй. Мөн агаарт ялгарах хорт хий, утааны хэмжээ 70-80 хувь багасна, түлш зарцуулалтыг 30 хувь хэмнэнэ. Эко түлш зах зээлд түүхий нүүрстэй ижил үнээр борлуулагдах аж. Өөрөөр хэлбэл тонн тутам нь ойролцоогоор 130 мянган төгрөгийн үнэтэй байна гэдгийг судалгааны багийнхан хэлсэн.

-ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРВОЛ ӨДӨРТ 1000 ТОНН НҮҮРСИЙГ
НАНО ТЕХНОЛОГИОР БОЛОВСРУУЛНА-

Бид үзүүлэх сургалт зохион байгуулагчид болон оролцогч нартай “Утаагүй-Эко нүүрс” боловсруулах туршилтын талаар ярилцлаа. Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Монхимо” компанийн ерөнхий захирал М.Ариунаа ийн ярьж байна.

-Танай байгууллага хэдэн оноос “Эко цэвэр нүүрс үйлдвэрлэх” шинэ технологийг судалж эхэлсэн бэ?

-Манай компани нано, биотехнологийн чиглэлээр судалгаа, үйлдвэрлэл явуулдаг байгууллагын хувьд нийслэлчүүдийн өмнө тулгараад буй утааны гамшгаас гарахад хувь нэмрээ оруулахаар энэ технологийг Монголд нэвтрүүлэх, технологи дамжуулах зорилготой ажиллаж байна. Бид Солонгосын эрдэмтэд, судлаачдын гарган авсан “Эко цэвэр нүүрс үйлдвэрлэх” шинэ технологийг дамжуулах, нутагшуулах төслийг 2015 оноос эхэлсэн. Энэ хугацаанд есөн удаа хамтарсан туршилт судалгааг явуулаад байна. Төслийн судалгааны явцад Багануур, Шарын голын уурхайн нүүрсэнд энэ технологиор боловсруулалт хийсэн “Эко нүүрс”-ний дээжид манай улсын болон Өмнөд Солонгосын агаарын чанарын хяналтын лабораториудад шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний үр дүнд үндэслэж, утаагүй нүүрс боловсруулах үйлдвэрийн технологийн танилцуулга-үзүүлэх сургалтыг өнгөрсөн намраас зохион байгуулж эхэлсэн.

-Танай компани цаашид энэ технологиор нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах уу?

-Үгүй. Манай компанийн хувьд технологи дамжуулах, нэвтрүүлэх ажлыг санаачлан хийж байгаа. Энэ технологийн танилцуулга, үзүүлэх сургалтын үр дүнг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзвэл “Эко цэвэр нүүрс” боловсруулах үйлдвэрийг Багануур, Шивээ-Овоо, Шарын голын нүүрсний уурхайг түшиглэн байгуулах нь зүйтэй юм.

-ЭКО ТҮЛШИЙГ БЭЛТГЭХДЭЭ ТУСАД НЬ НУНТАГЛАНА, ШАХНА ГЭСЭН
ҮЙЛДВЭРИЙН ДАМЖЛАГА БАЙХГҮЙ-

“Монхимо” ЭШТТөвийн захирал, химийн ухааны доктор Д.Дэмбэрэлнямбатай ярилцлаа.

-Та бидэнд эхлээд нүүрсийг нано технологиор утаагүй болгох туршилтын үйлдвэрийнхээ шат дамжлагын талаар танилцуулахгүй юу?

-Нүүрс түлэх үед гарах утааг багасгах, агаарт дэгдэж буй тоосонцрыг үнсэнд нь барьж үлдээх зориулалтай технологи юм. Энэ технологид Солонгосын эрдэмтдийн гарган авсан ургамлын гаралтай хоёр төрлийн нано композит био органик бодис орж байна. Энэ тусгай зориулалтын бодис, шингэнийг урвалд оруулдаг реактораар идэвхжүүлж нүүрс дамжуулах шугамд технологийн хоёр дамжлагатайгаар цацна. Эко нүүрс боловсруулах үйлдвэрийн шугамын төхөөрөмжид анх ямар хэмжээ, жинтэй орсон яг тэр хэмжээгээрээ өөрчлөлтгүй гарч ирнэ. Хорогдол байхгүй гэсэн үг. Эко түлшийг бэлтгэхдээ тусад нь нунтаглана, шахна гэсэн үйлдвэрийн дамжлага байхгүй нь брикет түлш үйлдвэрлэх технологиос ялгаатай.

-Одоогоор нано технологиор баяжуулсан нүүрсийг хатаах үйл явц байгалийн нар, салхинд хатаах аргад түшиглэсэн юм шиг байна?

-Энэ тоног төхөөрөмж бол туршилтын загвар. Тиймээс одоо зуны цаг учраас боловсруулсан түлшээ байгалийн аргаар хатааж байна. Үйлдвэр хүйтний улиралд ажиллах учраас тусгай зориулалтын хатаагч шугамын дамжлагатай байх юм. Жишээлбэл, боловсруулалт эхлэхийн өмнө хөлдүү нүүрсийг гэсгээдэг, боловсруулалтын төгсгөлд хатаадаг дамжлага байна.

-Үйлдвэр ашиглалтад орохоороо өдөрт хичнээн тонн нүүрс боловсруулах вэ?

-Өдөрт 1000 тонн нүүрсийг боловсруулах хүчин чадалтай үйлдвэрт бол сард 30 мянган тонн нүүрс боловсруулах боломжтой. Нэг шугам дангаараа бүтэн жил ажиллахад 300-400 мянган тонн нүүрсийг боловсруулна. Улаанбаатарын хэмжээнд нам даралтын зуухыг оруулаад 1.2 мянган тонн нүүрсийг хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг. Үүнийг хангахын тулд 5-6 шугам ажиллаж байж нийслэл хотын нүүрсний хэрэглээг ямар нэгэн доголдолгүйгээр бүрэн хангана. Нэг шугамын өртөг нь 4.5 сая ам.доллар. 24-25 сая ам.доллар байхад Улаанбаатар хот утаагүй болох боломж байна. Үйлдвэрийн дамжлагын явцад нүүрс маань утаагүй, агуулагдаж буй хор бохирдлыг массаар нь тооцоод үзэхэд 70-80 хувиар буурч байгаа юм. Багануурын уурхайн нүүрс 3000-3300 ккал байдаг. Эко нүүрс үйлдвэрлэхэд нано композит био органик бодисыг ашиглан боловсруулалт хийснээр 4000-4500 ккал болтлоо өсч байна. Ичлэг нь нэмэгдэхээр нүүрсний хэрэглээ багасна гэсэн үг. Нэг өрх жилд 5 тонн нүүрс түлдэг байсан бол 3.5 тонн нүүрс түлнэ. Иргэдэд эдийн засгийн хувьд хэмнэлттэй.

-Боловсруулсан “Эко цэвэр” нүүрсээ зах зээлд хэдэн төгрөгөөр борлуулах вэ?

-Бид бол энэ технологиор өөрсдөө үйлдвэр байгуулан ажиллах гэж байгаа юм биш ээ. Зөвхөн нийслэл болон хот суурин газрын утааг бууруулахад эрдэм шинжилгээний байгууллагын хувьд оролцож, цоо шинэ дэвшилтэт энэ технологийг эх орондоо нутагшуулах, технологи дамжуулах үүргийг гүйцэтгэж байна. Нүүрсний салбарын мэргэжлийн байгууллагууд энэ технологийг хэрэгтэй гэж үзвэл практикт нэвтрүүлэх байх гэж бодож байна. Манай төслийн багийн судалгааны дүнд үндэслэн эхний байдлаар техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, тооцож үзэхэд нэг тонн “Эко нүүрс” 130 орчим мянган төгрөг байхад боловсруулах үйлдвэр хэвийн хэмжээнд ажиллаад явах боломжтой. Энэ үйлдвэрийг нүүрсний уурхайтай компаниуд дэргэдээ байгуулах нь хамгийн зөв шийдэл. Манай компанийн зүгээс шинэ технологийг зааж өгөх үүрэгтэй л оролцох юм. Мөн “Эко нүүрс” боловсруулах гол ноу-хау болох солонгос эрдэмтдийн гарган авсан нано композит био органик бэлдмэлийг үйлдвэрлэж, хангаж өгч болох юм.

-Танай компанийн нэвтрүүлж буй шинэ технологийг яам, агентлагууд нэлээд их сонирхож байх шиг байна. Яриа хэлцэл үйлдвэр байгуулагдах хэмжээнд хүртэл яригдаж байна уу?

-Технологийн танилцуулгаа өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш идэвхжүүлсэн. Багануур дүүрэгт өнгөрсөн жилийн намар анхны үзүүлэх сургалтыг явуулж, манай компани болон Багануур дүүргийн захиргаа, Багануурын уурхай, Солонгосын Ёмин Институт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн төв талбайд нийллийн захиргаанаас зохион байгуулсан “Агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт технологийн үзэсгэлэнд оролцож, гурван өдрийн турш энгийн хоёр зууханд Багануурын түүхий нүүрс, “Эко-цэвэр нүүрс”-ийг зэрэгцүүлэн түлж, утааны гаралт, нүүрсний илчлэг, боловсруулсан нүүрсний гадаад шинж чанар зэрэг үзүүлэлтийг олон нийтэд танилцуулсан. Одоо энэ үзүүлэх сургалтаар туршилтын үйлдвэрийн загвар шугамыг агаарын бохирдлыг бууруулах үндсэн чиг үүрэгтэй яам, агентлаг, нүүрсний уурхай болон холбогдох газрын төлөөлөлд нь үзүүлж, танилцуулж байна. Нано композит био органик бэлдмэлээр боловсруулсан нүүрснээс утаа гардаггүй гэдгийг цаасаар биш нүдээр үзүүлж, эргэлзээг нь тайлах зорилготойгоор технологийн танилцуулгыг хийлээ. Манай компанийн зүгээс “Эко нүүрс” боловсруулах үйлдвэрийн технологийг сонирхож буй нүүрсний уурхайнууд, холбогдох яам тамгын газар, агентлагууд, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаа шүү.

-Нэг тонн нүүрс боловсруулахад хэдэн литр бодис ордог вэ?

-Энэ бодис бол нано композит био органик бэлдмэл юм. Нэг тонн нүүрсийг боловсруулахад гурван литр шингэн бодис ордог. Үйлдвэрийн процессийн үед тусгай генераторын тусламжтайгаар баяжуулж ашигладаг юм.

-ГЭРИЙН ЭНГИЙН ЗУУХАНД ГАНЦ ХУТГУУР ЭКО ТҮЛШЭЭР ГАЛЛАХАД
4-5 ЦАГИЙН ТУРШ ДУЛААНАА ХАДГАЛДАГ-

Нано түлшний туршилтын үйлдвэрийг танилцуулахад хөндлөнгийн ажиглагчаар оролцож байсан иргэн Б.Отгонбаяр эко түлшийг илчлэг өндөртэйг нь, үнс бага гардгийг нь онцолж байв. Тэрбээр Сэлэнгэ аймгийн төмөр замын барилга орон сууцны төвийн уурын зуухны галчаар ажиллаж байсан болохоор түүхий нүүрс яаж шатдаг, ямар хэмжээний илчлэгтэйг андахгүй сайн мэднэ.

-Эко нүүрс болон түүхий нүүрсний шаталт хэр ялгаатай вэ?

-Эко түлшээр галласан зуухны тагийг газарт тавиад гараа ээж үзэхэд элч нь ойролцоогоор 70 см-ийн цаанаас төөнөж байна. Харин Багануурын түүхий нүүрсээр галласан зуухны тагыг газарт тавиад гараа ээхэд 25-30 см-ийн зайнд төөнөж байна.Түүхий нүүрс хурдан шаталттай, утаа тортог, үнэр ихтэй. Яндангийн халалтыг нь харахад дундаасаа дээш цэнхэртээд, дулаанаа дээш нь сороод гараад явчихдаг. Эко түлшний хувьд тулаанаа дээш нь сорохгүй, яндангийн доод хэсэгтээ халуунаа барьж байна. Мөн утаа тортог гарахгүй, шаталт маш удаан. Түүхий нүүрс түлсэн зуухны илч нэг алхмын зайнаас төөнөж байхад эко түлшээр галласан зуухны нь илч хоёр алхмын зайнаас халуун илч нь төөнөдөг.

-Хоёр зуух руу ижил хэмжээний нүүрс хийхэд ойролцоогоор хэдэн цаг асаж дулаанаа хадгалж байна вэ?

-Түүхий нүүрсийг хоёр хутгуур хийхэд хоёр цаг хиртэй асаж байхад эко түлшийг ганц хутгуур хийхэд 4-5 цагийн турш дулаанаа хадгалдаг. Багануурын 50 кг шуудайтай нүүрсийг 3000 мянган төгрөгөөр авахад нэг хоног, хагас өдөр түлдэг. Өнгөрсөн өвөл би төслийн зууханд эко түлшийг түлж үзэхэд гурван өдөрт түлсэн өөрчлөлт ажиглагдаж байсан. Төслийн зууханд түлэхэд үнсний гарцын хувьд “Эко нүүрс” нь бүрэн шаталттай байсан бөгөөд түүхий нүүрснийх бужигнасан цагаан юм ихтэй хар өнгөтэй, очтой байдаг бол эко нүүрснээс гарсан үнс пургилт багатай шаргал өнгөтэй байна.

-ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДСАНААР ОЛОН АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ
БОЛЖ АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРАЛ БУУРНА-

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү: “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үйлдвэржилт 21:100” гэсэн үндэсний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд орон нутагт 100-н үйлдвэрийг байгуулна. Эдгээр үйлдвэрүүд импортыг орлох экспортын чиг хандлагатай байх юм. Бид өнөөдөр эко нүүрсний туршилтын загвар дээр ажиллаж байна. Энэ төсөл олон талын үр ашигтай төсөл юм. Улаанбаатар хотын утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн.

Орон нутагт ч гэсэн аймгийн төвүүд утаатай байдаг болсон. Энэ асуудлыг шийдэх боломж өнөөдрийн хийгдэж буй туршилтаас харагдаж байна. Тийм учраас бид “Үйлдвэржилт 21:100” гэсэн үндэсний хөтөлбөрт БНСУ-ын Ёмин технологийн институт, “Монхимо” ХХК хамтран байгалийн композит нийлмэл бодисоор нүүрсийг шүршиж бүтцийг нь өөрчилдөг технологийг монголд байгуулахаар ажиллаж байна. Энэ туршилт судалгааны ажил гурван жилийн турш үргэлжилсэн. Нано түвшинд боловсруулалт хийсэн нүүрс ичлэг маш өндөр, хэрэглэх түвшин багатай.

Түүхий нүүрс түлж буй айлуудаас 30-40 хувиар бага хэмжээний нүүрс түлнэ. Нэгж илчлэгээр нь үзэх юм бол 1000 орчим ккал-р дулааныг ялгаруулах болно гэж судалгааны багийнхан мэдэгдэж байгаа. Энэ үйлдвэрийг том том уурхайнуудын дэргэд байрлуулах боломжтой. Үйлдвэр байгуулагдсанаар олон ажлын байр шинээр бий болж ажилгүйдэл, ядуурал буурах нөхцөл бүрдэнэ. Мөн Улаанбаатар хот утаанаас ангижрах боломж харагдаж байна” гэлээ.

-ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЯГ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР
ЭХЛЭЭГҮЙ БАЙНА-

БОАЖЯ-ны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдавааг нүүрсийг нано технологиор утаагүй болгох туршилтын үйлдвэртэй танилцаж байх үеэр шахмал түлш болон утааг бууруулахад яам нь ямар ажил хийж байгааг тодрууллаа.

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд БОАЖЯ-наас энэ зун ямар ажил хийж байгаа вэ?

-Яам төдийгүй, Орчин бохирдлыг бууруулах үндэсний хорооны шугамаар олон төрлийн арга хэмжээг хийж байна. Утааг бууруулна гэдэг асуудал ганцхан яамны хийх ажил ерөөсөө биш. Олон талын шалтгаанаас утаа бий болж байна. Тэр бүх шалтгааныг тодруулаад тэрэнд хамааралтай бүх яамнууд, агентлагууд оролцож байна. Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Монгол Улсын ерөнхий сайд ахалдаг, БОАЖЯ-ны сайд орлогч дарга нь, хоёр нарийн бичгийн даргатай нэг нь миний бие, нөгөө нарийн бичгийн дарга нь Улаанбаатар хотын байгаль орчны асуудлыг хариуцсан орлогч байдаг юм. Манай яамнаас эхний ээлжид ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу түүхий нүүрснээс болж утаа гарч буй учраас, түүхий нүүрсгүй болгох бүхий л боломжийг бүрдүүлэх ажиллагаа хийж байна. Үүний тулд эхлээд нүүрсийг боловсруулах шат руу явж байна. Нийслэлд 202 мянган өрхийг гал түлэхгүйгээр өвөлжүүлэх боломжгүй. Тиймээс нүүрсийг яаж түүхий биш болгох вэ гэдэг дээр л гол анхаарлаа хандуулж байна.

-Ирэх өвөл түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу оруулахгүй байх шийдвэр гарсан. Гэр хорооллын айлуудыг шахмал түлшээр хангаж чадах уу?

-Ирэх жилийн таван сар болтол түүхий нүүрс түлэхгүй байх бүхий л нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ингэхийн тулд энэ зуны турш шахмал түлшийг аравдугаар сарын 01-н хүртэл 200 мянган тонн шахмал түлшийг бэлтгэх зорилго тавиад ажиллаж байна. 2019 оны таван сар хүртэл хугацаа байна. Би сая маш бага тоо хэлсэн. Шахмал түлшийг үйлдвэрлэхэд маш их ажил хийх хэрэгтэй, хөрөнгө төсөв маш их хэрэгтэй байна. Эхний ээлжид Солонгос улсаас авах гэж буй 500 сая ам.долларын дэмжлэгийг энэ чиглэлд шийдүүлэхээр Солонгосын болон манай банкууд, Сангийн яам, БОАЖЯ, бусад яамнуудтай холбогдох арга хэмжээг авч, гэрээ хэлцэл байгуулах ажлуудаа хийж байна.

-Шахмал түлшээ үйлдвэрлэж эхэлсэн үү. Хэдэн үйлдвэр байна вэ?

-Шахмал түлшний үйлдвэрлэл яг өнөөдрийн байдлаар эхэлж амжаагүй байна. Бэлтгэл ажил хангагдаад явж байна. Яг одоо нарийн тооцоо алга байна.

М.АМАРЖАРГАЛ

Зураг: Түүхий нүүрс шатаж буй байдал

Зураг: Нано технологиор боловсруулсан эко нүүрсний шатаж буй байдал. Шаталт, илчлэг өндөртэй.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.